| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Алдарт Нил мөрний хөндийд анхны төрт улс байгуулагдсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Египет, Вавилон, Ром гэх мэтээр он цагийн түүчээгээр өртөөлөн явсаар МЭӨ-209 онд Төв Азийн элгэнд Хүннү гэх төрт улс байгуулагдсан нь өдгөө бидний өвөг дээдэс, төр улсын маань үндэс болсон юм.
Тэр цагаас хойш Төв Азийн уудам дэлгэр энэ нутагт олон төрт улсууд ээлжлэн төр барьсаар ирсэний дотор Түрэг гэх гадны үндэстэн 400 орчим жил ноёрхсон байдаг. Үүнээс нэлээдгүй хугацааны дараа буюу тодорхой хэлбэл XVIII зууны дунд үе болоход Монгол орон бүхэлдээ Манж Чин гүрний мэдэлд бүрэн орсон байлаа. Тэд мөн л Төв Азийн морьтон ардыг 270 орчим жил Бээжингийн хөх туйпуун хэрэмнээс удирдаж байсан түүхтэй.
Гэхдээ Монгол түмэн зүгээр нэг буугаад өгөөгүй гэдгийг түүх гэрчилдэг. Монгол нутгийн энд тэнд бослого үймээн гарган луут тугийн Манж хаадын санааг нэг ч хором тайван байлгаагүй цаг мөч байсны оргил үе нь 1755-1757 онд өрнөсөн зэвсэгт тэмцэл байсан юм.
Хэдий ард түмнээрээ Манжийн ноёрхолыг түлхэн унагахыг эрмэлзэж байсан боловчиг эрх чөлөө, эрх мэдэл, эд агуурс, амиа хоохойлох олон салаа бодлын бэлчирт тулж ирсэн олон ноёд, засгууд замын дундаас буцсан нь эрх чөлөөний төлөөх эрмэлзэл бодит биелэлээ олох нөхцлийг үгүй хийсэн билээ. Архивт энэ талаар олон сурвалж байдаг ч энэ удаад Хотогойдын шадар ван Чингүнжавыг барьсныг олон нийтэд зарлан, энэ хэрэгт хүчин зүтгэсэн ноёдыг шагнасан тухай түүхийн нэгэн хар толбыг сөхөн сануулъя.
Уг бичигт: “Цэргийн Журганд тушааж цөмийг ялган хэлэлцэж айлтгатугай. Ванбудорж /Хотогойдын нэгэн бага тайж / болвоос тэр урьд хэдий хулгайч Чингүнжавтай суусан боловч хойно харин ирж шургаж хулгайч Чингүнжавыг эрээр явсан нь түүний цаашаар зүтгэсний тулд хишиг хүртээж хэвээр урьд батласан зарлигийн ёсоор түүний өвөг эцгийн бэйлийн хэргэмийг Ванбудоржид залгамжилтугай.
Түүнийг жагсаж зүтгэсэн явдлыг жанжин Цэнгүнжавтан /Манжийн хаанд хүргэн орсон Эфү Цэрэнгийн 2 хөвгүүний том хүү. Дүү Цэвдэнжавтайгаа нийлэн Чингүнжав, Амарсанаа нарын удирдсан зэвсэгт бослогыг нухчин дарахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг/ байцааж хүрч ирсэн цагт мөн Журганд тушааж ялган хэлэлцүүлтүгэй. Түүний хувийн албатыг хэвээр түүнд олгуултугай.
Жич: Хулгайч Чингүнжавыг хүргэж ирэхэд Хадаханыг гаргахыг байгтун. Хадаханыг хэвээр миний урьд батласан зарлигийг дагаж чадахын чинадаар туршин явж яарч иртүгэй. Хулгайчийн эм, хөвгүүдийг цөм байцаан барьж Бээжинд хүргүүлсүгэй. Бас эдүгээ хулгайч Чингүнжавыг олж барьсаны тулд Наянтайг мөн Бээжинд хойш ирүүлтүгэй. Үүнийг жанжин Цэнгүнжавт захиж миний зарлигийг дагаж шийдтүгэй.
Хулгайч Чингүнжавыг барьсан явдлыг дөрвөн аймагт ухуулах зарлигийг мөн хамтаар захигтун. Жанжин Цэнгүнжав Монголоор орчуулж дөрвөн аймагт ухуулан зарлатугай хэмээснийг хичээн дагаж үүний тул засав хэмээн хүрч иржихүй. Түүний тул илгээв хэмээжүхүй. Иймийн тул таны жасааны газраас өөр өөрийн аймгийн олон засгуудад нийтээр ухуулан зарлагтун. Үүний тул тушаан илгээв хэмээжүхүй. Иймийн тул гуйх нь. Гүн таны газраас аймгуудын олон засгуудад зарлуулах ажаамуу. Үүний тул өргөв.
Тэнгэрийн Тэтгэсний хорин хоёрдугаар он, хаврын дунд сарын шинийн нэгнээ” гэжээ. Монголчууд түүхийн аль ч үедээ эв ёсыг сахиж чаддаггүйн уршгаар бусдын зууш болсоор ирсэн гашуун үнэний нэг илэрхийлэл энэ буюу.
Одоо ч өөрсдийг нь өөрсдийнх нь гараар боомилох улс төрийн далд санаа, явуулга явсаар байгаа гэдгийг ухааран санаж, сэрээсэй гэх үүднээс энэхүү түүхэн сурвалж бичгийг сийрүүлэн нийтэллээ. Үүнээс нэгийг эргэцүүлж, хоёрыг ухаарах буйзаа.
Монголын хөх тэнгэр тунгалаг, төр нь ариун байх болтугай.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих