Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> molor-н нийтлэлүүд

Хавчигдан гадуурхагдсан утга зохиол
2009-05-22 11:05:43 УБ
Хэн нэгэн багш биш уран зохиол л намайг хүмүүжүүлсэн гэж би боддог.

 Бага насны адал сонин явдлууд, хүсэл мөрөөдөл, ирээдүйдээ итгэх итгэл, өнөөдрийн цаг үетэйгээ зохицон амьдрах боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн уран зохиолын номнууддаа хөшөө босгосон ч багадам. Анна Каренина, Керри эгч, Монте Кристо гүн, Шадар гурван цэрэг, Онцгой эрх, Дөлгөөн дон, Болд хэрхэн хатаагдсан нь. Энэ бүхэн танд танил биш байна гэж үү? Бидний уншиж өссөн олон зуун номнууд хүн болох хөгжлийн шат болгонд маань урагшлах замыг гэрэлтүүлж, яг л гэрэлт цамхаг мэт бидний зүг чиг болж байсан билээ. Анзаараад байхад өнөөгийн хүүхдүүд дээр нэрлэсэн цөөн хэдхэн номыг бүтэн уншсантай би л хувьдаа таарч байсангүй. Ном тэвэрч яваа цөөхөн хэд нь зурагт хуудас бүхий комикс номын хорхойтнууд. Үүний буруутныг бид үргэлж балчир хүүхдээсээ эрдэг. “Одоогийн хүүхдүүд ном уншихгүй байна. Одоогийн залуус бүтэн роман байтугай тууж ч уншиж үзээгүй” хэмээн ам булаалдан ярих томчуудын толгойд зөвхөн буруутгах, жигших үзэл л нэвт шингэсэн мэт санагдана. “Номын сайн нөхөр” нэртэй урамшуулал хүртэл хүртэж байсан тэр гэгээн тунгалаг бага насаа үгүйлэн санах бүртээ балчир он жилүүдийнхээ гэрэлт цамхаг болсон роман тууж өгүүллэгүүдийг дахин дахин уншихдаа одоо ч уйддаггүй бид хэн бэ? Өөрсдийн цаг үеийнхээ эзэн нь байх эрхийг бидэнд хэн олгодог вэ? Эдгээр асуултыг тавьж байхдаа таныг өнгөрсөн цаг хугацаагаа, өнгөрүүлсэн он жилүүдээ эргэн нэг санаасай гэж хүссэн билээ. Бидний бага насыг цэцэглүүлж, урам зоригтойгоор амьдрах арга боломжийг эрж хайж, тэрхүү ухаанаа номын их өв сантайгаа өвлүүлэн үлдээхийг чармайж байсан ахмад үеэ хүндэтгэн дурсахын ялдамд талархан мэхийе.
Сүүлийн жилүүдэд дунд сургуулийн хичээлийн цагаас уран зохиолын төрлийн хичээлийн цаг хасагдан ховордож, номын ид хорхойтон болох насан дээрээ бидний хүүхдүүд PC хэмээх гайт хар нүх рүү гүйлдэж байна. Номын амтанд шунан дурлах насан дээрээ тэд маань хятадын өнгө будганд дүрэн гаргасан хатаамал чихэрт татагдаж байна. Ном худалдан авах учиртай мөнгөөрөө хөлдөөсөн сүү авч долоосоор гүйлдэж байна. Энэ бүхний буруутан нь өнөөдөр мянга мянган дүрэм журам боловсруулж, боловсролын бодлого, “оюунлаг иргэн бэлтгэх” нэрийн доор хоосон толгойтнуудыг үйлдвэрлэж байгаа өнөөгийн та бид биш гэж үү? Уран зохиолын хичээл нь уйтгартай он сар, хуучирсан нэр томъёо цээжилж суух гунигтай 40 минутаар хязгаарлагдаж байгаад ном бүтээгч миний бие харамсан халаглахаас яалтай. “Ном бол ертөнцийг харах цонх” гэсэн ганган үгийг цээжилсэн боргошуухан тархи толгойтнууд бидний хүүхдүүдийг уран зохиолоос мохоон зугтаалгах арга боломж бүхнийг эрж хайх мэт боловсролын системд хайнга хүйтнээр хандаж байгаа нь дэндүү гунигтай санагдлаа. 2009 онд эдийн засгийн хямрал нэрийн доор төсвөөс хараат үйл ажиллагаа явуулдаг номын сангууд маань номын фондоо баяжуулах, сэлгээн сэргээх нэг ч төгрөг авахгүй гэсэн хатуу журамд толгой гудайн сууж байна. Хүн төрөлхтөн ямар ч дайн, ямар ч хямралын үед уран зохиолоо шимтэн уншиж, түүгээрээ зүрх сэтгэлээ зэвсэглэн даван гарч байсан төдийгүй тэр цаг үеийнхээ тухай номонд бичин үлдээж ирсэн түүхтэй. Номны зорилго нь энэ. Гэтэл манайд бол энэ тал дээр цагийн салхи арай л зэврүүн үлээгээд байх мэт. Өнөөдөр бидний нэг хэсэг нь ном эрж хайн, хуучин номын зах хэсэн, урагдаж салмарсан номонд үнэ хаялцан зогсож байхад нөгөө хэсэг нь тэдгээрийг ялгадас арчих цаасны үйлдвэрт нийлүүлэхээр улайран гүйлдэж байгааг харж болно. Ийм нэгэн түүх өгүүлье. 1971 оноос хойш хэвлэгдсэн Монголын уран зохиолын ховор хуучин номнууд Хятадын хилээр даван гарах гэж байхтай таарсан гаалийнхан маань шалгалт хийгээд тэдгээрийг хураан хадгалжээ. Харин хожим тэдгээр номыг хэрэгтэй хүнд нь хүргэе гэсэн сэтгэлтэй хэсэг залуус дээрх номнуудыг худалдан авснаар өнөөдөр өнгөө хувирган бидний ариун цэврийн өрөөний суултуурны дэргэд өлгөгдөх учиртай байсан уран зохиолын номнууд айл гэр бүхний номын санд чимэг болон үлдэх хувьтай золголоо. Энэ түүхийг сонссон номын хорхойтон бүр тэдгээр залуусыг бахдан дэмжиж, чадах хэрээрээ өөрийн гэрт ном хураан хадгалахыг эрмэлзэж байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань эх орныхоо зүгээс чимээ чагнаж, эндхийн уран зохиол, оюуны өсөлт хөгжил бүхний сургийг чих тавин хүлээдэг. Тэдний сэтгэл зүрхэнд хамгийн ойр дөт зам бол уран зохиолын номнууд. Тийм уншигчдын маань хүсэлтээр “Диваажингийн хоригдлууд” нэртэй миний ганцхан ширхэг ном дэлхийг тойрон аялж байна. Тэр ном сар хүрэхгүй хугацааны өмнө Америкийн Чикаго хотод газардсан бол одоо Герман улс руу нисэж яваа. Энэ бүхэн уншигчдын хүсэл сонирхлын дагуу явагдаж байгаа.
“Book kafe” нэртэй нэгэн сайхан газрыг саяханаас уншигчид сайн мэддэг болсон. Өөрсдийн санал санаачилгаар эх орондоо оюунлаг хувь нэмэрээ оруулахыг хүссэн есөн залуу Хан-Уул дүүрэгт ийм нэгэн газрыг байгуулсан нь өнөөдөр залуусын тухлан сууж, хичээлээ давтаж, өөр хоорондоо танилцаж, эрж хайсан ховор хуучин номоо олж унших боломжийг олгож байна. Тэднийх байнгын үйлчлүүлэгч олонтой байх бөгөөд эрж сурсан хүмүүсийн саатах дуртай газар болсон.
Өнөөдөр уншигчид цахим ертөнцөөр аялж, ховор хуучин ном, зохиолын эрэлд гарч, бие биенээсээ уран зохиолын номыг үнэ хаялцан худалдан авч байна. Тэр ч бүү хэл саяхан анхны номын кибер дуудлага худалдаа цахим ертөнцөд өрнөж ялагч нь дуртай номоо 200 мянган төгрөгөөр худалдан авсан. Энэ бүхэн миний мэдэх номын хорхойтнууд, номын ертөнцийг тойрсон мэдээллийг багахаан хэсэг нь.
Та хайртай хүүгийнхээ дэлгэн унших дуртай “Наруто” хэмээх зурагт номыг нэг удаа ч болов нээж үзсэн үү? Тэр ном юуны тухай хүүхдүүдэд маань хэлж сануулдагийг хэрвээ огт сонирхоогүй бол яг одоо дэлгээд хараарай. Бидний хүүхэд хараал зүхэл, уур бухимдал, алах устгах арга барилд суралцаж байна. Бидний хүүхэд бидний уншдаг байсан сайн сайхан төгсгөлтэй номнуудыг унших азгүй хүмүүс учраас л өнөөдөр ийм тааруухан агуулга, санаа зорилготой номыг тэвэрч явдаг болсон хэрэг үү? Хүүхэд хожим хэн ч болон хүмүүжсэн бай хүнээрээ л үлдэх ёстой. Тэднийг хүн төрхтэй, хүн сэтгэлтэй нь үлдээхэд тус дэм болох учиртай уран зохиолоо хавчин гадуурхдаг үзэгдэл гагц Монголд л газар авч байна. Зохиолч нь номын дэлгүүрийн нягтлангийн өмнө бөхөлзөж, гэм хийсэн мэт хулмаганаж зогсдог этгээд гажуудал хэр удаан үргэлжлэх юм бэ? Ур ухаан, амьдралаа зориулан бүтээсэн цөөхөн номоо хүмүүст хүргэх гэж өнөөгийн монгол зохиолчид гуйлга гуйн, бадар барих дөхөж байна. Энэ бодит байдлаараа доог хийх мэт амтай болгон л “Оюуны хөгжил” гэсэн хоосон цэцэрхэлийг шүлсээрээ зууран донгодох ажээ. 
Залуус ном уншихыг маш их хүсдэгийг миний бие олон жишээгээр хэлж чадах байна. Харамсалтай нь тэдний гарт очих ёстой уран зохиолын мэдлэг, мэдэгдэхүүн өгдөг хичээлийнх нь цаг дэндүү хомс бөгөөд энэ талын хөгжилд томчуул бид ч хайнга түүхий хандаж байгааг зориуд сануулан хэлмээр санагдлаа. Оюуны хөгжил гэдэг нь үнэндээ баахан таних танихгүй улсын нэр, үхсэн сэхсэн он цагийг цээжлэн толгойгоо гашилгаж, тоо бодож, бүхнийг зоосны нүхээр хардаг гашуудам цаг үе болон хувирч байна. Хүмүүс тооны хэлбэрт хувирч, амьдрал тэр чигээрээ томъёоны талбар болон өөрчлөгсдөнөөр цэцэглэн хөгжих алхам болно гэж таамаглаж суугаа бодлого боловсруулагчдаас нэгэн асуулт асууя. Утга зохиол танд ямар гэм хийсэн юм бэ? 

Зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ



Сэтгэгдэлүүд

1. bubee | 2009-05-22 20:57:42
Уран зохиол нээрээ хүнийг төлөвшүүлж, ертөнцийг үзэх үзлийг нээж өгдөг шүү дээ. 
2. bubee | 2009-05-22 20:59:37
Ном уншихыг хүсдэг хүмүүс ч байгаа, хараад залхуурдаг залуус ч бас олон байгаа. Тэднийг одоо яалтай ч билээ. 

Гэхдээ бид том жижиггүй, их багагүй, хөгшин залуугүй бүгдээрээ оюуны соёл бүтээлээ хамгаалж хүндэтгэлтэй хандах учиртай.
3. oldoshaksli | 2009-05-24 21:40:21
tiim shuu.
ingej helehiig bi gar gara atgaltsahtai ijilhen gej sanadag.
4. himaa | 2009-05-27 03:47:58
homdoon bi hairtai.Daanch suuliin ued homontsor bichigchid olshirood ner hundiig hi ungaad bna daa.nom bicheegui UIH gishuun barag l baihgui dee.
5. misheel_anudari | 2009-11-14 21:22:50
уншихаа боливол сэтгэхээ волидог гэдэг дэ,хүмүүс уншихгүй болсон болохоор аливааг дандаа хараар будаж харж,сэтгэж байгаа нь дэндүү харамсалтай,ном,хөгжим,уран зураг байхгүй бол хүний амьдрал араатны түвшинд очно шүү дэ
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: