Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> GreatKhanaa-н нийтлэлүүд

Пэлжидийн Гэндэн буюу "Чингисийн гөлөг"нүүд
2009-05-25 10:20:58 УБ
1934 оны 11 сарын 24-ний үдэш Москва дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн байранд нэгэн зоог болжээ. Зоогонд И.Сталин, К.Е.Ворошилов, В.М.Молотов тэргүүтэй ЗХУ-ын удирдагчид, Монголын талаас П.Гэндэн тэргүүтэй хүмүүс оролцож.

Зоог дээр И.Сталин, П.Гэндэн нар харилцан бие биенийхээ эрүүл мэнд болон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хундага өргөжээ. И.Сталин хундага өргөхдөө “... хэрэв та нар унтах юм бол Япон та нарыг бут цохино. Монголын ван, ноёд Японыг эсэргүүцэж байна. Гэхдээ энэ эсэргүүцэл нь сул байна. Ван, ноёдын тийм сул эсэргүүцэл ашиг өгөхгүй. Бид энэ хундагыг эсэргүүцэж чадах, тэмцэж чадах тийм Монголчуудын төлөө хундага өргөе.

Яг энэ мөчид П.Гэндэн “Ура” хэмээн хашхирчээ. Тэгэхэд нь И.Сталин “Ура” хашхирах амархан, ажил хэрэг дээрээ Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгтэй... энэ хундагыг эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол орны төлөө өргөе” гэжээ. Хариуд нь Гэндэн түрүүнд өөрийнх нь төлөө нэгэнт хундага өргөчихсөн учраас И.Сталинг алгасаад В.М.Молотов, К.Е.Ворошилов, Г.Я.Сокольников болон бусад хүмүүсийн төлөө хундага өргөснөө, 100 мянган рублийг тооцооноос хасаж өөрөөр хэлбэл ЗХУ-д төлөх Монголын өрийг устгахыг санаачлагч, угсаа нэгтэн бөгөөд шинэ эргэлтийн бодлогыг үндэслэгч Ж.З.Элиавагийн* төлөө хэмээн онцлон хундагатайгаа тогтоожээ.

Тэгмэгц И.Сталин инээмсэглэж “Чингис хааны цэргийн жанжин Зэв Гүрж нутгаар өнгөрөхдөө гүрж айлын гэрт буугаад мордсоноос хойш үлдсэн Элиава гэдэг овог бол одоо Элиавдун** болжээ. Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг”1 хэмээн хэлэв.

Энэ хундага өргөлтийн ар дахь далд утгатай үгсийн учрыг тайлбарлах нэг их шаардлагагүй болов уу. Чухам эндээс Гэндэнгийн Сталинтай тэрсэлдэж эхэлсэн тухай бидний үед хүрч ирсэн домог эхэлдэг юм. Сталиныг ингэж хэлмэгц П.Гэндэн “Гүрж Сталин Оросын хаан болж байхад, Монгол Гэндэн яагаад Монголын хаан болж болдоггүй юм” гэж хэлсэн гэдэг. Харамсалтай нь энэ үг хамт байсан хүмүүсийн дурсамж ярианд л яригддаг болохоос биш, албан ёсны уулзалтын протоколд үлдсэнгүй.

Дараа нь тэд “Чапаев” кино үзжээ. Киноны үеэр И.Сталин, П.Гэндэнд Чапаев нойрноос болж ялагдсан тухай хэлээд өнөөгийн монголын байдал, тусгаар тогтнолтой холбон ярьж монголчууд олсон амжилтдаа тайвширч болохгүй, Хэрэв та нар унтах юм бол Япон мэт хүчирхэг дайсантай хийх тэмцэлд зайлшгүй ялагдана . . . танай арми нэг дивизээс хэтрэхгүй байна. Япончууд нэг морин дивизийг мото механикжсан хэсэг, нисэх онгоцоор дэмжүүлэн илгээхэд Улаанбаатарыг эзлээд авна. Үүн дээр нэмж хэлэхэд танай цэрэг дайн туулаагүй. Танай цэргийн хагас нь Япончуудад сайн дураар бууж өгч магадгүй. Хэдэн хувь нь урвагчид байх бол?!” хэмээн асуужээ. “Хэдэн хувь нь” энд би дахин онцлоё. “Хэдэн хувь нь урвагчид байх бол?! Гэндэн урвагчид гарахгүй гэхэд О.Дашчирав* маш бага хувь гарна” хэмээн үг алдахад Я.В.Щеко**- “Командын бүрэлдэхүүнээс сайн дураараа бууж өгөх хүмүүс бий” хэмээн бас нэг үг алдав.

Энэ яриа цаашлаад Монголд үзүүлэх ЗХУ-ын техник, хүн хүчний тусламжийн тухай яриа болон өрнөж эцэстээ “Олон улсын харилцаа харилцан туслалцах гэрээ хэмээх зүйл байдаг. Түүний дагуу гэрээ байгуулсан улсууд гадны довтолгооны үед бие биедээ тусалдаг юм. Тийм баримт ЗСБНХУ ба Францын хооронд байж болох юм. Хэрэв Герман Францад довтолбол ЗХУ Францад туслана. Герман ЗХУ-д довтолбол Франц ЗХУ-д туслана. Хэрэв тусламж хүсэж байвал тодорхой тохиролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол хожимдоно” гэсэн И.Сталины үгээр өндөрлөжээ.

П.Гэндэн чухам энэ үеэс л өөрийгөө ЗХУ-ын удирдлагын өмнө хувь хүний хувьд хэн болох, монгол улсын удирдагчийн хувьд хэн болохоо улс төрч хүний хувьд ойлгон ухаарч эхэлсэн боловуу гэж хожмын өрнөсөн үйл явдлуудтай уялдуулан дүгнэж үзэхэд өөрийн эрхгүй бодогддог юм. Ганц өдөр хүний үзэл бодол, үйл хөдлөл, ер юм бүхэн 100 хувь өөрчлөхгүй л дээ. /үргэлжлэл бий/



Сэтгэгдэлүүд

1. Drejo | 2009-05-25 17:57:17
Сонин түүх байнаа
2. aagıı | 2009-05-25 21:47:12
urgeljlelig ni hurdan
3. roman_bizyanorov | 2009-05-31 12:52:15
sonin yumaa
4. hunn | 2009-09-08 05:10:30
sonirholtoi tuuh baina, orosuud shunaltai huuramch zantai, neg odor tuslamj heregtei baihad doli doli hiine, harin hariug n oorsoddoo heregtei bol l ogno shuu dee!
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: