Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> Geronimo-н нийтлэлүүд

Намус
2009-08-30 20:05:13 УБ

Лалын шашинт орнуудад Намус гэсэн ойлголт байдаг.

http://en.wikipedia.org/wiki/Namus

Википедид

Namus is an ethical category, a virtue, in Middle Eastern Muslim patriarchal character. It is a strongly gender-specific category of relations within a family described in terms of honor, attention, respect/respectability, and modesty. The term is often translated as "honor".

гэж тодорхойлжээ.

Монголчилж ойлговол Ойрхи Дорнодын эцгийн эрх давамгайлсан Лалын нийгэмд ёс суртахууны нэгэн хэлбэр юм. Энэ нь ялангуяа эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хоорондын харилцаанаас аль нэг талын гэр бүлийн нэр хүнд Лалын шашны хэм хэмжүүрээр сэвтэх буюу сэвтэхгүй байхтай холбоотой ухагдахуун юм.  Монгол болон бусад өөр шашинт улсуудад энэ ойлголт байдаггүй тул яг нэг үгээр тодорхойлоход хэцүү.

Ялангуяа феодал маягийн овгийн зохион байгуултаа одоо болтол хадгалсаар байдаг Арабын орнууд, Афганистан, Пакистан зэрэг орнуудад намусаа цэвэр авч явах, хамгаалах асуудал хувь хүний болон гэр бүл, цаашлаад овог аймгийн хувьд туйлаас эрхэмд тооцогддог. Намус сэвтэнэ гэдэг нь яг тогтсон хатуу ойлголт биш бөгөөд яг ямар тохиолдолд намус сэвтчихлээ гэж үзэх вэ гэдэг нь тухайн хүн болон түүний ахан дүүсийн үзэмжээс хамаардаг ойлголт юм. Нэг гэр бүлийн хувьд тэвчишгүй, намусыг нь сэвтүүлсэн явдал өөр нэг гэр бүлийн хувьд хэвийн явдал байж болно.

Намус сэвтлээ гэж үздэг зарим жишээ дурдвал:

  • Эмэгтэй хүн задгай, эрчүүдийн анхаарал татам хувцаслах
  • Хүчиндүүлэх
  • Бусдад богтлогдон очоод оргон зайлсан эмэгтэйчүүд
  • Эмэгтэй хүн гэр бүл болохоосоо өмнө бэлгийн харьцаанд орох
  • Гэр бүлгүй эмэгтэй хүн эрэгтэйчүүдтэй болзох
  • Эцэг эхийн зөвшөөрөөгүй хэн нэг эр хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоох
  • Согтууруулах ундаа зардаг баар, цэнгээний газар ажиллах

гэх мэт.

Хэрэв ямар нэг байдлаар намус нь сэвтлээ гэж үзсэн тохиолдолд үүнийг цэвэрлэх асуудал гарч ирдэг. Энэ нь ихэнхи тохиолдолд намусыг сэвтүүлэгч этгээд болон намус нь сэвтсэн этгээдийн аль алиныг нь намус нь сэвтсэн хүний ах дүүс алснаар намус цэвэрлэгдлээ гэж үздэг. Мөн намус нь сэвтсэн хүн гэр бүлийн шахалтаар амиа егүүтгэж намусаа цэвэрлэх тохиолдол ч байдаг. Зарим тохиолдолд намус нь сэвтсэн хүн өөрийн намусыг сэвтүүлсэн этгээдийг алвал ах дүүс нь түүнийг намусаа цэвэрлэлээ гэж хүлээн зөвшөөрөх нь ч бий. Намус хэрхэн цэвэрлэх асуудлыг овгийн буюу гэр бүлийн хурлаар хэлэлцэн төлөвлөгөө зохион байгуулалттай гүйцэтгэдэг. Ихэнхи тохиолдолд насанд хүрээгүй хүүхдээр гүйцэтгүүлдэг. Учир нь ингэснээр цаазаар авах ял авахгүй, цөөхөн жилээр хорих ял авдаг. Пакистан зэрэг олон оронд хүн амины хэргийн шалтгаан нь намусаа цэвэрлэхээс үүдэлтэй гэж үзвэл ялыг нь хөнгөлдөг. Үүнээс үүдэн бусад олон шалтгаанаар хэн нэгнийг алсан хэрэгтнүүд хэргийнхээ шалтгааныг намусаас болсон мэтээр үзүүлэхийг хичээдэг. НҮБ-ийн Хүн Амын Сангаас гаргасан мэдээгээр жилд 5000 хүн энэ шалтгаанаар алуулдаг байна.

Одоо намустай холбоотой зарим жишээ дурдья.

1.                  Иорданд нэгэн залуу найзынхаа гар утсанд өөрийн нөхрөөсөө салсан эгчийн зураг байхыг хараад эгчийгээ алсан байна.

2.                  Нэгэн залуу 31 настай ээжийнхээ толгой руу 2 удаа буудаж алчихаад цагдаад өөрөө очиж “Гэр бүлийнхээ намусыг цэвэрлэлээ” гэж хэлсэн байна. Иорданы хуулиар энэ залуу үнэхээр намусаас үүдэн ээжийгээ алсан нь тогтоогдвол дээд тал нь нэг жилийн ял авах ажээ.

(Энд нэг тайлбар хийх нь зүйтэй болов уу. Лалын шашинт орнуудад 13-14 насны охидуудыг богтлон өгөх явдал хэвийнд тооцогддог. Тиймээс 31 настай эмэгтэй насанд хүрсэн хүүтэй байх нь гайхмаар явдал биш юм)

Дээрхи жишээнүүдийг  http://cuanas.blogspot.com/2005/04/what-is-honor-killing-from-little.html хаягаар орж үзэж болно.

Мөн эх сурвалжийг нь сайн санахгүй байгаа 2 жишээг санаж байна.

3.                  Түркэд ердөө 13 настай банди ээжийгээ унтаж байхад нь хоолойг нь хэрчээд толгой руу нь хийн баллоноор цохиж алаад зугтсан байна. Цагдаагийнхны мэдээгээр  тэр золгүй бүсгүй нөхөр нь нас барсны дараа хүүхдүүдээ тэжээхийн үүднээс нэгэн бааранд ажилладаг байжээ. Боловсролгүй эмэгтэй хүнд өөр ажил олдоогүй юм байж. Энэ явдалд түүний ээж, ах хоёр дургүйцэж гэр бүлийн нэр төр сэвтлээ гэж үзжээ. Тэгээд тэд эмэгтэйн том хүүг гэр бүлийн намусыг цэвэрлэ гэж байнга шахдаг байснаас энэ хэрэг гарчээ.

4.                  Бас л Түркэд нэгэн залуу бүсгүй өөрийн үеийн нэгэн залууд хайр сэтгэлтэй болж гэр бүлээс далдуур уулздаг болжээ. Тэдний үерхэл гүнзгийрээгүй зүгээр л уулзах төдий байжээ. Гэтэл бүсгүйн гэр бүл энэ талаар мэджээ. Нэг өдөр бүсгүй өөрийн ажилладаг радиогийн офист залуутай цуг байж байхад нь аав ах хоёр нь гэнэт орж иржээ. Тэгээд залууг шууд буудаж алсан байгаа юм. Бүсгүй амиа аврахын тулд 6 давхраас үсэрч хөлөө хугалаад золоор амьд үлджээ. Гэтэл гэмт этгээдүүд түүнийг зүгээр орхисонгүй. Амбулансын хойноос дагаж явсаар эмнэлгийн үүдэнд буух үед нь дамнуурга дээр байсан бүсгүйг 5 удаа хутгалсан байна. Энэ бүсгүй цаашдаа яасныг нь би мэдэхгүй юм.

Өнөөдөр нэгэн үе цэвэр ичимтгий журамтайгаараа гайхагдаж байсан Монгол бүсгүйчүүд маань дэлхийгээр нэг бэлчиж явна. Эцэг эх нь юмны буруу зөрүүг ялгах насанд хүрээгүй жаахан охидоо гадагшаа яваад эрдэм сураад ир гээд явуулдаг. Гадаад л бол хаашаа явах нь хамаагүй. Нөгөө охидууд нь хүний газар очоод дутуу гуцуу байдалд орохоороо эцэг эхээсээ тэр бүр тусламж авч чадахгүй мөнгө олох гэж яваад буруу зөрүү замаар орох нь элбэг. Хэн хаана хэнтэйгээ юугаа хийнэ хүний эрх гээд өнгөрч болох ч тэр болгоны тоогоор эх орны маань нэр гарч чих халууцуулах нь хэцүү.

Гадаадын иргэдтэй жилийн жилд мянга мянган Монгол бүсгүйчүүд ураг барилдан хилийн чанадад одсоор. Үлдсэн амьдралаа тэр чигээр нь өнгөрөөхөөр явж байгаа улс орныхоо талаар огт судлалгүй харанхуй агуй руу нүдээ боолгоод орж байгаа нь ч цөөнгүй. Аз таарч сайн яваа нэг хэсэг нь ганцхан өөрийнхөө жишээн дээр бүх гадаад эрчүүд түүний нөхөр мэтээр сэтгэн найз нөхөд, эгч дүүсээ гадны бэр болгохоор уриалан дуудацгаана.

Энэ хорвоод хүн болж төрснийх сайхан амьдрах гэдэг хүн болгоны мөрөөдөл. Гэхдээ энэ сайхан амьдралыг хүн өөрөө хөдөлмөрлөж байж цогцлоох нь зүйтэй болов уу. Амар хялбар аргаар олдсон хоол хэзээ ч амттай байдаггүй. Зарим тохиолдолд өөртөө байгаа зүйлсийн үнэ цэнийг мэдэрч, түүнээсээ сэтгэлийн ханамж авч сурах хэрэгтэй мэт санагддаг. Монгол орон маань ядуу, Монгол эрчүүд маань архичин байж болно. Гэхдээ энэ орныг хөгжүүлэх, энэ эрчүүдийг өөд нь татах хүмүүс бол өөр хэн ч биш Монгол бүсгүйчүүд минь өөрсдөө билээ. Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж өвөг дээдэс маань хоосон хэлээгүй болов уу.

Зарим нэг бүсгүйчүүдэд амьдралынхаа хамгийн чухал байж болох шийдвэр гаргахынхаа өмнө бодож үзээсэй гэсэндээ энэхүү нийтлэлийг бичив.



Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: