Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> az_byambadorj-н нийтлэлүүд

Долоон жил
2009-09-05 22:40:30 УБ

Долоон жил

Онгоц нь аль хэдийн буусан хэдий ч тэр гарч ирээгүй л байна. Ачаагаа авна, гаалиар орно гээд удаж байгаа л даа. Түүний гарч ирэхийг хүлээх зуур өнгөрсөн долоон жилийн амьдрал тодхон санагдана.

 

-         Ажаа Хүслэн ах явчихсан гэж байна шүү дээ. Та мэдсэн үү?

-          Хаашаа явчихсан гэж?

-          Шинэ Зеланд руу өглөө явчихсан гэж байна шүү дээ.

-         Яах гэж явсан гэж байна, хэр удах юм бэ? Чи яаж мэдсийн?

-       Сурах гээд явчихсан гэнээ. Лав л гурван жил болно гэсэн. Гэрэлээтэй ярьсан чинь тэгж байнаа. – гэхийг сонсоод дотор хоосон болчих шиг. Муу худалч надаар тоглодгоороо л тоглож байгаа биз, худлаа биз гэж бодоод хичээлдээ явлаа. Тоглож байгаадаа гэж бодсон хэдий ч явчихсан байвал яанаа гэх айдас төрөөд тайван байж чадахгүй байсаар хичээл тарж, ум хумгүй Хүслэнгийнх рүү яаран такси бариад явлаа.

 

Яваагүй, яваагүй байгаа, зүгээр л надаар тоглож байгаа, очиж байгаад чамайг даа гэж зам зуур өөрийгөө тайвшруулав ч онцгүй совин татаад байлаа. Хүслэнгийнд очтол Гэрэлээ хаалга тайлж өгөөд өөдөөс “Сайн уу Хэрлэн аниа. Та яагаад амьсгаадчихсан юм бэ? Уралдсан юм уу?” гэж инээмсэглээд гэртээ орууллаа. Аз болж гэрт Өлзий, Хуягаа  хоёр байсангүй. Шууд л Хүслэнгийн өрөө рүү орлоо.

 

Хүслэнгийн өрөөнд ороход нөгөө л цэмцгэр, зөөлөн дасал болсон үнэр нь үнэртэж байлаа. Өрөө нь нэг л хоосон оргиод байв. Ширээн дээр нь байнга байдаг Хэрлэнгийн бэлэглэсэн бэлэг, хамтдаа авахуулсан зургууд нь байхгүй байгааг анзаарч харлаа. Нуруугаар нь хүйт оргиж, үгүй дээ гээд хувцасны шүүгээг нь онгойлготол төмөр өлгүүрүүд шажигнаж, захад нь өвлийн ганц хоёр хувцаснаас өөр зүйл байсангүй. Өлгүүрнүүд хоорондоо хавиралдан жингэнэн  дуугарч, үнэр нь л үлдсэн хоосон шүүгээ сэтгэл дотрыг нь ч хоослоод хаячих шиг боллоо. Хэрлэн тэр дороо сөхрөн суулаа. Сүүлийн хэдэн сарын явдлаа бодож, Хүслэнгийн араас сэтгэл нь гансрахгүй гэж буруу бодож явснаа ухаарав. Хүслэнг үгүйлэх, санах, хайрлах сэтгэл нь дэндүү хүчтэй оргилж, дэргэд минь байхад нь тэвэрч байхгүй яавдаа, гараас нь ч атугаа хөтөлж байхгүй яавдаа, 3 жил, бүхэл бүтэн гурвын гурван жил шүү дээ гэж бодоод ганцаардлын ганц доголон нулимс хацрыг нь даган урсахад Гэрэлээ дэргэд нь ирлээ.

-          Аниа та яасан бэ? Хүслэн ах дээр ирсэн юм уу? Миний агаа өглөө онгоцонд суугаад намайг орхиод яваад өгсөн шдээ. Өөдгүй агаа гээд гомдсон аястай эрхлэнгүй Хэрлэнд хэллээ.

-          Хүслэн агаа нь чамд явахдаа юм хэлснүү? Аниадаа хэлээч, аниад нь юм хэлээгүй юу? гэж хоолой нь зангиран байж асуухад

-          Агаа намайг өндөөр, хөөрхөн охин болохоор ирнэ гэсэн. Агаа явахаасаа өмнө таньд явах гэж байгааг нь хэлүүл надтай муудна гээд байсан. Таньд юм хэлээгүй ээ. Өө тийм. Танд агаа захиа үлдээсэн. Би яваад аваад ирье. Та битгий яваарай байж байгаарай за. Тэгэхгүй бол агаа байхгүй би ганцаараа уйдаад байнаа. Та надтай үлдээрэй за гэж хэлээд цаашаа гүйлээ.

Явахаасаа өмнө битгий хэлээрэй гэсэн Хүслэнгийн үгэнд Хэрлэн гомдох шиг болж, нүдэнд нь нулимс цийлэгнэн юу юугүй л уйлчих гээд байлаа. Өөртэй нь уулзалгүй, ядаж явлаа ч гээд хэлчилгүй явсныг нь бодохоор барьж ядаж байсан нулимсыг хорьж дийлэхгүй урсчих гээд байлаа. Захиаг нь бодоод арай гэж нулимсаа барьж байлаа. Гэрэлээ гүйж ирээд захиаг өглөө. Анх танилцахдаа л жижигхэн, чамин бэлгэ өгдөг байсан Хүслэн энэ удаад ч жижигхээн, усан цэнхэр өнгийн дугтуйтай, ягаан өнгийн нарийн туузаар эвлэгхэн боосон захиаг үлдээсэн байлаа. Хэрлэн дугтуйг задлан, голоор нь нэг нугалсан захиаг дэлгэтэл  ...

 

Цаасны голд нөгөө л муухай бичгээрээ “Чамдаа хайртай” гэснээс өөр зүйл бичээгүй байлаа. Энэ хоёрхон үгийг уншаад Хэрлэнгйин барьж байсан нулимс хацрыг нь даган урслаа. Үдэш унтахдаа зөөлөн үнсээд хэлдэг байсэн энэ хоёрхон үг, өөрт нь хайргүй болсоон гэж хэлээд гэрээсээ хөөх шахан гаргахад хаалганд толгойгоо хавчуулчих шахан завсраар нь хэлж амждаг байсан энэ хоёрхон үг, өөр залуу сугадаад гудамжинд явахыг нь харсан хэрнээ өвчин тусаад эмнэлэгт хэвтэхэд нь эргэж ирээд юу ч дуугаралгүй зогссоор гарахдаа хэлдэг байсан энэ хоёрхон үг Хэрлэнд ийм хүчтэй тусна чинээ санаагүй явжээ. Хэрлэнгийн уйлахыг харж зогссон Гэрэлээ аниа та битгий уйл л даа, тэхүү. Таныг уйлаад байхаар чинь би бас дагаж уйлах гээд байна шд ээ. Агаагаа санаад байнаа гээд тэсэлгүй Хэрлэнг тэвэрч аваад алсад нисэн одсон Хүслэнгийн араас тэд уйлцгаалаа.

Тэгж байтал хаалга онгойх чимээ сонстлоо...

 

Хэрлэн нүүрээ арчиж амжаагүй байтал Гэрэлээ үүд рүү гүйлээ. Өлзийгийн дуу гарч Гэрэлээг "Миний охин яагаад уйлчихаав? Айгаа юу?" гэхэд нь Гэрэлээ "Агаагаа санаад Хэрэлээ аниа бид хоёр уйлж байгаамаа ээжээ. Та ч гэсэн бид хоёртой цуг уйлах уу?" гээд хэлчихлээ. Хэрлэн сандраад ойрын хэдэн сар үзэгдээгүй байж ирэхдээ нулимстайгаа холилдчихоод байж байх гэж бодоод нүүрээ арчих гэснээ бүлцийсэн нүдээ нууж чадах бишдээ гэж бодоод болилоо. Хуягаа араас нь орж ирэхэд Хэрлэн яах учраа олохгүй сандарлаа. Энэ байдлыг нь гадарлаж байсан Өлзий "Хөгшөөн чи гараад хажуугийн дэлгүүрээс сүү аваад ир,  орж ирээд охиныг хичээлд нь хүргэж өгөхгүй бол хоцрох нь, хань нь хувцасыг нь өмсгөөдхий" гэтэл Хуягаа "Өчигдөр сүү авчихсан биздээ?" гэлээ. Өлзий " Тэр чинь гашилчихсан сүү байна лээ, он сарыг нь сайн харж аваарай" гээд Хуягааг гаргачихлаа. Үнэндээ сүү гашлаагүй  байсан юм.  Өлзий хэзээнээсээ л Хэрлэнг өөрийн төрсөн охин шигээ бодож, төрүүлсэн эхээс нь дутахааргүй хайрладаг болохоор арга сүвэгчилж, Хэрлэнг эвгүй байдалд орохоос аварсан нь энэ байлаа.  Хэрлэн Өлзийтэй мэндлэхээр амьхандаа л нүүрээ арччихаад очоод "Сайн байна уу та?" гэтэл "Сайн сайн, ийм хөөрхөн охин чинь уйлаад будаг нь урсаад муухай  болчихож, миний охин нүүр гараа угаачих, хоёулаа тухтай ярилцнаа" гээд өхөөрдөх хэрнээ халуун дулаан халамжийг мэдрүүллээ. Шулга Гэрэлээ шулганаад л "Ээжээ надын нүднээс будаг урссан байна уу, би ч бас хөөрхөн охин тийм ээ, та хоёр юу ярих гэж байгаам бэ? Намайг орой ирэхээр ярьчих тэхүү, би ч гэсэн сонсы л доо" гээд гаран гартлаа шулганасаар байгаад хичээлдээ явлаа. Хуягаа ч сүүгээ оруулж ирээд Хэрлэнг ирсэн эсэхийг мэдэлгүй, үүднээс буцаад гарлаа. Шулга Гэрэлээ сургууль руугаа явах замдаа л бүгдийг нэг амьсгаагаар хэлчихнэ дээ гэж Хэрлэн дотроо бодож суулаа.
            Гэрэлээ ч явж, Хэрлэн нүүр гараа угааж зочны өрөөний буйдан дээр сууж, Өлзий тэр хооронд нь хөнгөхөн унд бэлдэж тэр хоёр ярилцахад юу ч саад болохооргүй болсон байлаа. Өлзий Хэрлэнд цай хийж өгөөд " За охин минь юу болсон, надад чамд ч хэлэх зүйл бий" гээд сүүлийн хэдэн сар болоогүй, элгэмсэг, дотно яриа эхлэлээ тавилаа ...

 

Өлзийг ингэж хэлэхэд нь ойрд уулзаагүй Хэрлэн юу хэлэхээ мэдэхгүй цайгаа ууж, хэсэг чимээгүй суулаа. Тэгж байтал Өлзий “Аав ээж нь сайн уу? Дүү нь хичээлдээ явж байна уу?” гэж яриаг эхлүүллээ. Хэрлэн “Аав ээж сайн байгаа. Ажилаа хийцгээгээд л. Тунгаа төгсөх гээд хичээл, шалгалт, давтлага гээд завгүй л хүн гүйгээд байгаа” гэлээ. Өлзий хэсэг чимээгүй сууж байснаа “Эгч нь та хоёрын хооронд юу болсныг өчигдөр орой л Хүслэнгээс нь сонссон. Бидэнтэй ч юм ярихаа болиод, гэртээ ирэхээрээ өрөөнөөсөө гарахаа больчихсон байснаа нэг орой гэнэт л гадаад явна, хэнд ч битгий хэлээрэй, бүтэхээ байчихна гээд муу дүүгээ хүртэл хүнд хэлбэл найзлахгүй гэж амыг нь аваад, маргаашнаас нь хэлний курст сууж 8 сар сураад ингээд өглөө яваад өглөө дөө. Өглөө явахдаа ааваараа л хүргүүлсэн. Ямар шагнал энэ тэр авах гэж явж байгаа биш. Олон хүнээр гаргуулахгүй. Чимээгүй яваад, сүртэй ирнээ гээд аавтайгаа хоёулхнаа л явсан” гээд төрүүлж өсгөөд дэргэдээсээ ийм удаан хугацаагаар холдуулж үзээгүй хүүгээ онгоцны буудал дээр гаргаж өгөөгүй дээ өр нь өвдөж, дуу нь намсаад чимээгүй боллоо. Өрөөнд хэсэг нам гүм болж Өлзий зөөлөн дуугаар “Хүслэн нь өчигдөр ээжээ хүү нь Хэрлэнгээ гомдоочихсоон. Зөндөө их гомдоочихсон. Хэрлэнгээ санаад хэцүү байна. Хүү нь Хэрлэндээ хайртай шдээ ээжээ гээд нулимс дуслуулаад, та хоёрын хооронд юу болсныг бүгдийг нь ярьсан. Эвийдээ миний муу хоёр хүүхэд”  гээд нулимс дуслуулж суусан Хэрлэнг хараад энгэртээ наан тэвэрч аргадлаа. Сүүлийн хэдэн сарын хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь дотроо нуугаад хайрлаад явсан Хүслэнд нь  яаж тусч, яаж шаналж, яасан их тэвчиж түүнийгээ зовоож байснаа бодох тусам харамсаж, өөрт нь ч хэлэлгүй явахад хүргэснийг Өлзийгийн хэлсэн хэдхэн үгнээс дэндүү сайн ойлгож, арай гэж л нулимсаа барих гэж оролдож байлаа.

Хүслэнг явсаны дараах сар гаруйн хугацаанд Хэрлэн хагас ухаантай юм шиг л байв. Ядаж байхад тэрнээс захиа ч ирэхгүй, бичсэн захианд нь ч хариу ирэхгүй байлаа. Гэтэл нэг өдөр Хүслэнгийнд байж байтал Хүслэн Хуягаа, Өлзий хоёр луу залгаж таарлаа. Одоо л ярих нь дээ гэж Хэрлэн хүлээж суулаа ...

 

 “ За товхинож байна уу? Хичээл нь хүнд байна уу?” гэх мэтийн ойр зуурын зүйл яриад Хуягаа удалгүй Өлзийд утсаа өглөө. Өлзийг утас авахтай зэрэгцээд Гэрэлээ “Би агаатай ярина шүү, намайг заавал яриулаарай” гээд шөвгөнөж гарлаа. Утсаар ярих Хүслэнгийн дуу сулхан хэдий ч өрөөнд суугаа бүх хүнд сонстохоор сонсогдож байлаа. Гэрэлээ утас шүүрч аваад “Агаа дүү нь таньдаа хайртай шдээ. Та гэртээ хурдан ирээ тэх үү. Би таныг явах гэж байгаа гээд хэнд ч хэлээгүй юм чинь та надтай муудаагүй тээ. Агаадаа хайртай, хурдан ирээрэй” гээд ээждээ утсаа өглөө. Өлзий өмнө нь утсаар ярихдаа хүний газар хүүгээ яаж байгаа бол гэж санаа нь зовохдоо хэдэн удаа нулимс дуслуулаад авсан. Энэ удаад арай гайгүй болсон ч хоолой нь чичигнээд жоохон зүйл ярьж дуусаад” Хэрлэн нь энд байна” гэж хэлж дуусаагүй  байтал “За ээж миний карт дуусч байна. Баяртай, дараа ярья” гэж хэлээд утас тасарч “дүүд дүүд дүүд” гэх дуу Хэрлэнгийн утсаар ярих горьдлогыг тас татан хаялаа. Надтай ярьсангүй гэх бодол дотор нь эргэлдэж хагас галзуу ухаантай яваад арай гайгүй болж байсан Хэрлэнгийн гунигийн цогийг дахин өрдөж угаалгын өрөө лүү ороход хүргэлээ.

Энэ явдал үүгээр дууссангүй. Хоёр ч удаа Хүслэнг гадаадаас залгахтай таарсан Хэрлэн нэг удаад нь бүр өөрөө эхэлж харилцуур дуугарахад аваад “Байна” гэж хэлвүү гүй юу харилцуурын дүүд дүүд дүүд гэх чимээг сонсоод үлдсэн. Олон удаа давтагдаж Хүслэнг өөртэй нь ярихыг хүсэхгүй байгааг мэдэрсэн Хэрлэн захиа хүлээж, утсаар ярих гэж горьдох нь багасчээ. Гэсэн ч битүүхэндээ хүлээгээд байдаг байв.

 

Цагийн зүү эргэж, хавар, зун, намар, өвөл хоёронтоо солигдож Хэрлэн төгсөх курсийн оюутан боллоо. Сургууль төгсөх гээд дипломийн ажил, төгсөлтийн баяр гээд хаврын сайхныг мэдэх сөхөөгүй л явна. Шулга Гэрэлээ дунд ангийн сурагч болоод шулга дээрээ бүр хэл ам сугалчих шахсан сэргэлэн охин болж, Тунгаа Япон руу суралцахаар яваад жил гаруй хугацаа өнгөрч амралтаараа ирэх дөхчихсөн, аав ээжүүд ажилаа хийцгээгээд амьдрал үргэлжилсээр байлаа.

Тунгааг явснаас хойш гэртээ үлдсэн Хэрлэн, шулга Гэрэлээ хоёр цагийг хамтдаа өнгөрөөх нь ихэсчээ. Тэр хоёр хамт байхад шулга Гэрэлээ Хэрлэнгийн хэл амыг сугалчих шахан, нүүр улайтал хариулж чадахааргүй асуултууд асууна. Урьд шөнө зүүдэлсэн зүүднээсээ авахуулаад Хэрлэнтэй уулзах хүртэл хийсэн бүх зүйлээ тайлан тавьж байгаа аятай уулзах болгондоо шулга ярина. Хүслэнтэй явснаас нь хойш холбоо бариагүй өдийг хүрэхдээ дийлэнхи мэдээллийг шулгын амнаас л сонсоно. Шулгын ярианаас хамгийн сонирхолтой хэсэг нь Хүслэнгийн талаархи мэдээлэл. Хамгийн сүүлд шулгаас авсан мэдээлэл нь “Хүслэн агаа оюутны байрнаасаа гараад хар, шар, цагаан гээд өнгөт арьстны цуглуулга болсон хүмүүстэй байр хөлсөлж амьдарч байгаа гэсэн. Аав ээж хоёрыг явуулах мөнгөө багасгаж тэр мөнгөөрөө намайг тэтгэ, өөрөө хичээлийнхээ хажуугаар ажиллаад цалин авдаг болсон гэж байлээ” гэсэн мэдээлэл. Цагаан сараар Хуягаа, Өлзий хоёртой золгохоор очихдоо явуулсан зургийг нь үзэхэд үл ялиг таргалж, цайраад жижигхэн харааны шил зүүх болсон нь буурьтай харагдуулж байлаа. Хүслэн Монголд байхдаа л биеэ даачихсан байсан ч хүний газар эхний жил хөлөө олохгүй сандарч тэвдсэн тухай нь Өлзий ярьсан билээ.

 Хэрлэн Хүслэн хоёрын анх танилцаж байсныг найзууд нь ярих болгондоо татаж унатлаа инээлддэг юм. 5 дугаар сарын нартай өдөр автобусны буудлын ойролцоо Хэрлэн найз охиноо хүлээгээд зогсож байлаа. Дулаараад, гадаа халуун болохоор нь углааш, богино юбкатай явж байв. Нүдэнд дулаахан, тэгшхэн хөлтэй, хэн ч харсан өөлөхөөргүй угийн хөөрхөн Хэрлэнг зөрж өнгөрөх залуу болгон л шохоорхон харж байв. Гэтэл гэнэт өгзөгнөөс нь бариад авахад цочоод эргээд хартал өөрөөс нь жоохон өндөр залуу “Гоё өгзөг байна даа” гээд зогсож байв. Сэжиг нь хүрч хамаг бие нь арзганаад, дүрс гээд уурласан ч  гарыг нь авч хаяад олон ч үг хэлсэнгүй зайдуухан очиж зогсов. Болсон явдлыг бодохоос уур нь хүрээд, олигтойхон хэдэн үг хэлээд авдаг байж гэж бодоод бухимдаж байлаа. Тэгсэн нөгөө тэнэг залуу явахгүй өөдөөс нь ирмээд, инээгээд зогсоод байлаа. Тэнэг гэж бодчихоод өөр тийшээ харан зогслоо. Ойр хавьд нь байсан хүмүүс ч болдог юм болж байгаа юм шиг л харчихаад зүгээр зогсоцгоож байлаа.

Нөгөө залуу ард нь ирээд зогсчихсон яг өгзөг рүү нь гар нь явж байгаа сүүдэр нь харагдав. Хэрлэн баруун гарын савх шиг урт цагаан хуруунуудаа байдгаар нь тэнийлгээд, гараа далайлган, уур бухимдал, хамаг хүчээ гартаа төвлөрүүлж үсээ хаялан огцом эргэж “Ингээд тэнэгт” гээд гудамжинд байсан хүмүүст сонсогдтол “тас” хийтэл алгадаад авлаа. Байгаа оноод, алгадсан чимээ нь урамтай гэгч нь сонсогдож дотор нь онгойгоод гараа цааш явуулаад нөгөө залуугийн царайг хартал шаал өөр хүн алгадчихсан байв. Гар нь доошоо буух хооронд ууртай царай нь сандарч, мэгдсэн царайгаар солигдож, яанаа уучлаарай гэх үг бушуухан амнаас нь гарлаа. Тэр алгадалтыг сонссон зарим хүмүүс гайхан харж, зарим нь элэг нь татчихвуу гэлтээ инээлдэцгээж байлаа. Тэгтэл сонин зарж байсан жоохон охин ирээд эгчээ наад ах чинь биш тэр замаар гараад явж байгаа ах таны араас барьсан шдээ гэж хэллээ. Алгадуулсан залуу, айсан, гайхсан том алаг нүдээр юу болоод өнгөрснийг ч сөхөөрөлгүй өөдөөс нь хараад зогсож байлаа. Зүүн хацраа гараараа дарсан ч завсраар нь минчийсэн улаан юм харагдаж байлаа. Хүчтэй алгадалтанд залуугийн толгойд нь байсан нүдний шил шидэгдэж хагарчээ. Намайг ёстой уучлаарай, би хүн андуурчихлаа гээд Хэрлэнг хэлэхэд тэр залуу Зүгээрээ өвдөөгүй гээд минчийсэн хацраа гараараа дарсан хэвээр уурласан шинжгүй инээмсэглээд зогсож байлаа.

Найзууд нь бололтой хоёр залуу ард нь Хүслээн наашраа, дахиад алгадуулахгээ юу гээд шоолоод байж ядацгааж байлаа. Хэрлэн хагарсан шилийг газраас аваад би танд төлж өгнөө, ёстой уучлаарай, та надад утасны дугаараа өгчих би танд өөр шил аваад өгий гэж хэлээд Хүслэнтэй танилцаж байлаа. Тэрнээс хойш хэдэн өдрийн дараа Хэрлэн Хүслэнг дуудан дэлгүүрээр явж шинэ нүдний шил авч өгч тэдний болзоо эхэлсэн юм. Хүслэнтэй танилцаж байхад Хэрлэнгээс толгой өндөр, цагаан царайтай, нүдээрээ инээсэн, цэвэрхэн, инээхээрээ зүүн хацар нь хонхойдог, том алаг нүдтэй, нүдийг нь чимэх гэсэн юм шиг тод хар зассан юм шиг жигд хөмсөгтэй, сэргэлэн, хөгжилтэй яриатай байсан нь Хэрлэнд таалагдаж, аажмаар бие биедээ татагдацгааж дурласан билээ.

Тэр хоёр уулздаг болоод багагүй хугацаа өнгөрч зуны хамгийн урт өдрийн шөнө Хүслэн хөгжим гаргаж ирээд Andy Williams –ийн Moon River дууг тавьж, захидлаар ороосон Edelwiss цэцгэнд бөгж углаад өгч байсан юм. Бөгжнөөс цэцгийг сугалж, захиаг уншихад:

“Дурласан сэтгэлээ захианд буулгаж, хатаж гандахгүй цагаан уул цэцгээр билэгдэж, бэлэг болсон бөгжинд хийж саран авхайн гэрэлд эгдүүтэй чамд өглөө. Цэцэг таалагдвал үсэндээ, бөгж таалагдвал хуруундаа, сэтгэл минь таалагдвал зүрхэндээ аваарай. Сарны гэрэлд, намуухан хөгжмийн аянд надтай бүжиглээч, найз залуу чинь би болъё” гэсэн үгтэй байсан юм. Хэрлэн үсэндээ цэцэгтэй, хуруундаа бөгжтэй, зүрхэндээ дурлалтай, алгадсан залуутайгаа сарны гэрэлд чухмаас чухмаар, дэндүүгээс дэндүү романтикаар бүжиглэж байсан юм. Яаж мартахавдээ. Бодох бүрт нүүрэнд нь инээмсэглэл тодорч, зүрх нь хүчтэй цохилж, дахин тэр үедээ очсон юм шиг болдог аргагүй нандин дурсамж нь юм чинь. Хүслэнгийн жижигхэн хэрнээ чамин, энгийн хэрнээ романтик бэлэг өгдөг зан Хэрлэнг олон удаа баярлуулж байсан билээ.

 

(Хөөе зохиолоосоо жоохон гар. Та нар ер нь энэ хүртэл уншиж байгаам бол уу? Би энэ хэсгийг бичих гэж их бодож, төсөөлсөн шүү. Бараг өөрөө үерхэх гэж байгаа юм шиг л бодоод л, төсөөлөөд байлаа. Алгаддаг хэсгийг зохиох гэж ёстой өрөөгөө хэдэн удаа тойрч алхав аа. Хэ хэ. Төсөөлөөд бодсон чинь өөрөө инээгээд, гэнэт өрөөндөө ганцаараа байжийж галзуурч байгаам биш байгаа гэж бодсон шд. Гэхдээ л нүдний шилийг нь үсэртэл хүн андуураад алгадчихсан гээд төсөөлсөн чинь инээд хүрж үхэх гэж байсан. Бас дандаа уйлаад байж болохгүй шд. За зохиолдоо ор дөө. Аа тийм. Хүслэн, Хэрлэн хоёрыг бага ч болов дүрслэлээ. Зурж чаддаг хүн байвал өөрийнхөөрөө буулгаад надруу явуулбал би их баярлах байна)

 

Хэрлэн сургуулиа төгсч нэг үеэ бодвол тайван болжээ. Хүслэнг ярихыг, тэрнээс захиа ирэхийг хүлээхээ больж энэ байдалтай эвлэрсэн байлаа. Зуны хамгийн урт өдөр болох бүрт нандин дурсамжаа боддог билээ. Сургуулиа төгсч, амьдралд хөл тавих болж, амар тайван байх мөчид зуны урт өдөр таарч байгаа болохоор дурсамжаа эргэн санахад сайхан байлаа. Хэрлэн зуны саруудыг Энэтхэгт хэл сурч өнгөрөөхөөр болов. Онгоцны буудал дээр ирэхэд тийм ч таатай санагдаагүй ч явж байгаа хүн болохоор 2 жилийн өмнөх явдлыг нэг их бодохгүйг хичээн өөдрөг үзэл тээн нисэн одлоо. Хүний газар, холын нутагт цаг хугацаа зугаатай, таатай, үр өгөөжтэй сайхан өнгөрч байлаа. Зун ч дуусч, Монголдоо ирэх болж, явахдаа анкетаа өгсөн байгууллага нь ч ажилдаа ор гэж дууджээ. Нисэх онгоцны буудал дээр буухад нь Шулга Гэрэлээ, Тунгаа, Мягмар, Минжүүр(Хэрлэн, Тунгаа хоёрын аав ээж) дөрөв тосч авав.

Шулга Хэрлэнг хармагцаа л очоод зууралдаад авлаа. Та өнгө орчиж, дахиад таныг явуулахгүй ээ, ингээд зүүгдээд яваад байна, яасан удаан явдаг юм гээд нөгөө л шулга зангаараа шулганаж гарлаа. Тунгаатай уулзаж чадалгүй зөрөөд явсан болохоор дүүтэйгээ уулзахад сайхан байлаа. Аав ээжийгээ ч их санасан байжээ. Гэрлүүгээ явах замд машинд Гэрэлээ байж ядаад, нүд нь тогтохгүй, сонин содон юм дуулгах гээд байх шиг байлаа. Хол явсан хүн гэртээ ирээд сая л нэг жоохон амсхийж өрөөндөө ганцаараа сууж байтал шулга өрөөнд орж ирээд, хаалга хааж нүдээ том болгож, чухал царай гарган дэргэд нь суугаад “Бурхан гэж байдаг бол баруун гараа хоёр хөлтэйгээ оролцуулж байгаад хэд сайн балбах юмсан” гэв. Хэрлэнгийн инээд хүрч зуны амралтаараа зусланд амрахад нь л адал явдал болж гэж бодож байтал Шулга Гэрэлээ “Агаа ирээд явсан. Та хоёр зөрчихсөн” гэлээ.

Гэнэт сонин боллоо. Тэгээд юм асууж ч амжаагүй байхад шулга “Та ёстой азгүй юмаа, Агаа ирэх жил ирэхээ больчихсон, ирж визээ сунгуулаад дахиад 5 жил тэндээ байхаар болчихсон. Энд наадам үзэж, аав ээж бид дөрөв хөдөө явчихаад 10-аад хоногийн өмнө яваад өгсөн” гэлээ. Шулгатай хамт байхад асууя гэж бодсон юмыг нь асуултгүй шулга өөрөө бүгдийг нь ярьчихдаг болохоор Хэрлэн зүгээр л анхааралтай сонсож байхад болдог байв. Энэ удаад ч асуумаар олон зүйл байсан ч Шулга бүгдийг нь 32 цагаан лонх тоолж байгаа аятай амьсгаа авахгүй шахуу дуржигнуулж гарлаа. Хэрлэнгийн дотор юу болж байгаа нь мэдээж тодорхой байв. Яах гэж Энэтхэг явбаа, яагаад ирнэ гэж хэлээгүй юм болоо, 5 жил гээд л хөмөрсөн тогоо шиг дотор нь ямар ч эмх цэгцгүй болчихов.

Багтахгүй байна. Үргэлжлэлийг тасалж тавив.



az_byambadorj-н сүүлийн 3 нийтлэл

- Долоон жил

Сэтгэгдэлүүд

1. Baatarzul | 2009-09-12 12:25:52
Харин ингээд урт бичлэгүүд тасраад байгаа юм аа. Банжигийнхаан... та нар нэг юм бодооч... Уг нь нэг нийтлэлийг нэг л бичлэгээр оруулчихмаар байна л даа.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: