| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Өнөөдрийн мэдээгээр халдвар авсан хүний тоо 38-д хүрсэн байна. Харин "Маск аян"-д гар сэтгэл нийлсэн бүрэлдэхүүн маань хүрэх ёстой хүмүүстээ маскаа хүргээд ирлээ. Бид үдийн 13 цагт болзсон газраа цуглаад нийт 530 ширхэг маск цуглуулав. Энэхүү арга хэмжээнд оролцохоор нэрсээ өгсөн андууд маань ярилцаад юуны өмнө 29 дүгээр тусгай дунд сургуулиар орж сургалтын менежер Энхтуяатай уулзан зорилгоо хэлсэн юм. Бидний санаачилгыг халуун сэтгэлээр хүлээн авч, бүх анги, танхимаар орж хүүхдүүдийн гар дээр амны хаалт түгээх боломж олгосноор тус сургуулийн 300-гаад хүүхэд амны хаалт болон гахайн ханиад гэх амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагын гаргасан санамжийг гар дээрээ авлаа.
Энэхүү урьдчилсан зөвлөгөөг Бялзуух маань өөрийн санаачилгаар 300 ширхэг хэвлүүлэн ирснийг дуулгах нь зүйтэй байх. Банжигийн блоггерууд болох Монголбой, Фриймэн, Ариумаа, Цацаа, Цасхан Молор, Э.Сарнай /9 настай блогчин/, Бялзуух, Өсөхөөч, Нэрээ нуусан хүн, Танилбн, Заяа 04, Эмжи2 болон Бизнэтворкийн андууд болох Б.Оюу, Ц.Төрболд нар өөрийн биеэр хүрэлцэн ирсэн билээ. Та бүхэндээ баярлалаа. Өөрсдөө ирж амжаагүй ч хүнээр маскаа илгээсэн Өөлхөнөө, Эминэнт, Цэц, Туяанаа нартаа бас гялайлаа.
Бид дараагийн түгээлтээ МУИС-ийн оюутнуудад хүргэсэн юм. "Оюутан гэдэг бол амьжиргааны хамгийн доод төвшний хүмүүс" гэсэн Монголбойгийн саналаар оюутнууддаа ч бас маскаа зүүлгээд, санамжаа тараагаад авав. Үнэхээр маск зүүсэн оюутан тун ховор таарч байсныг хэлэх хэрэгтэй. Үүдний жижүүр, өлгүүрийн ажилтнуудаас өгсүүлээд багш, оюутан гээд бидний гар хүрсэн газар бүрт хүмүүс цагаан масктай үлдэж байгаад сэтгэл дүүрэн байснаа нуух юун. Харин удаах түгээлтээ бид гудамжинд үргэлжлүүлсэн юм. Гудамжаар явж байгаа хүмүүсийн 10 хүн тутмын гурав нь л маск зүүсэн байлаа. Тиймээс бидний түгээсэн үнэгүй маскийг тэд ч дуртайяа авч зүүж байв. /Зарим нь жоохон даварч гэр бүл, найз нөхдийнхөө тоогоор авах гэж зүтгэснийг эс тооцвол ч, хэхэхэ.../ Бид өөрсдийгөө рекламдах гээгүй тул зураг хөрөг авч, сүржигнэхийг хүссэнгүй ээ. Нэг ч гэсэн хүн гадаад ертөнцөөс гэртээ очихдоо хамгаалагдаж чадсан бол болох нь тэр.
Заа ингээд тус багаддаггүй гэдэгчлэн та бүхний сэтгэлийн хандив өнөөдрийн уулзсан бүх хүнд нэгийг сануулж, хоёрыг бодуулсан гэдэгт итгэлтэй байна. Харин та бүхэндээ амласан бэлгээ өгөхөө мартаад явчихсан байснаа сүүлд анзаарч хэд гурван хүнд бэлгийг нь очиж өгсөн билээ. Авч амжаагүй хүмүүс надтай холбогдоод дуртай цагтаа миний өчүүхэн гарын бэлгийг аваарай гэж сануулах байна. Мөн Японоос мөнгө шилжүүлэх Энхээ болон аргагүй шалтгаанаар ирж амжаагүй Снөв нартаа урьдчилан талархаад маргааш цаг товлон уулзахаар болсоноо дуулгая.
Хүн хүнээ хайрлахад хэлбэр чухал биш. Хүн хүнээ ойлгоход араншин чухал биш. Хүн хүндээ туслахад хэмжээ чухал биш. Хүн хүнээрээ үлдэхэд сэтгэл л чухал гэж бодож байна. Ингээд надтай нэгдэж, санаачилгыг маань дэмжиж, сайхан сэтгэлээр гар сунгаж чадсан эрхэм андууддаа, блогчин нөхөддөө дахин талархмаар байна. Маргааш гэж байгаа цагт сайхан сэтгэлийн ундарга дуусахгүй биз ээ.
Та бүхнийг хүндэтгэсэн зохиолч Х.Болор-Эрдэнэ
Жич: Энэ мэдээллийг нэлээд дээр үед хийсэн тул анхны тоо алдаатай харагдаж байгаа байх. Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 736-д, нас барсан хүний тоо долоо болчихоод л явж байна.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих