| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Тэгэхээр ийм байнаа хампаануудаа. Би яг энэ талаар өмнө нь өгүүллэг биш юмаа гэхэд өгүүлбэр хэлж л байсан санагдана. Ердөөсөө муу үе гэж байхгүй шүү. Бүх үед л сайн удирдагч, сайхан ажилчид, муухан баагийнууд байж л байна. Харин түүхийн явцад яг тэр сайн, муу нөхдүүд нь хамтарч чадсан тэр үеийнхэн нь АЛТАН ҮСГЭЭР бичигдчихээд байх шиг байгаа юм.
Өнөөдөр жишээлбэл миний эргэн тойронд ямар олон сайхан залуучууд байна вэ? Эзэн Чингэсийн үед төрсөн бол Их Монголыг байгуулахаар, Эйнштэйний үед төрсөн бол Ий тэнцүү ЭМ СИ кавдраатыг олчихмоор, Жанжин сүхийн үед бол Хүрээг эзлэж байхаар залуус мөн ч олон байна даа. Тиймээ бидний яг одоо байгаа үе үнэхээр хүчтэй үе шүү. Би л хувьдаа ингэж боддог юм.
Тэгэхдээ харин бид хамтарч, хүчээ нэгтгэх тал дээрээ жаахан учир дутагдалтай л байгаад байх шиг байна. Дэлхий даяар залуучууд хамтран ажилладаг, мэдээлэл, чадамжаа солилцдог олон аргууд байна. JCI, Лион клуб, Ротракт гэх мэт. Бүүр томхон нь бол YMCA, YWCA гэх мэт нь байна. Уг нь бол манай Залуучуудын холбоо л энийг уриалаад, манлайлаад, тугыг нь бариад явж байх ёстой байх. Гэтэл таг шүү.
Үнэндээ манай төрийн бус байгууллагуудад чадалтай, чансаатай, туршлагатай, туйлбартай нөхдүүд олон байна. Гэтэл мөнгө алга. Мөнгө өгөх газарууд нь заавал өөрийн санаанд таарсан юм хийлгэхийг хүсэхээс манай эх орны ирээдүйн хөгжил цэцэглэлт, үндэстний онцлогыг тоох ч үгүй юм.
Гэтэл бас мөнгөтэй, мөнгөтэй газарт ажилладаг залуус нэг талд нь байж байна шүү дээ. Тэдний нэгтэй өчигдөр хэсэг хугацаанд ярилцаж үзлээ. Бид хоёрын яриа эхлэхдээ эв хав муутай, энхэл донхол ихтэй байсан бол эцэстэй эвийн цавуугаар наасан мэт эргээ даган урссан юм. Тэр хүн "ирээдүйтэй, зөв, тодорхой" төслүүдийг санхүүжүүлэх талаас нь дэмжих мөнгөтэй газарын том толгой нарт нөлөөлчих хүмүүс олон байгааг дурдлаа. Би ч хөөрлөө.
Мэдээж томхон зүйлийг хийхэд томхон хүний нөөц хэрэгтэй. Тэгвэл бас хүний нөөцийн хувьд асуудалгүй байгууллагуудыг мөн л залуучууд бид л удирдаж байна шүү дээ.
Туршлага. Бид ёстой нөгөө "3 төрийн нүүр үзсэн" гэдэг шиг бүх нийгмийг дамжсан, бүх төрлийн олон нийтийн хэрэгцээ шаардлага, хүлээлт хүсэмж, алдаа оноо бүрийг мэддэг болжээ. Мөн хөл доорхоо харж бус хүүхдээ том болох хүртлэх хугацааг анзаардаг болж. Хөнжлийнхөө хэмжээнд бус хөрөстийн хэмжээнд сэтгэдэг болж.
Залуучууд минээ өнөө маргаашын үмх хоолны төлөө бус өсөх ирээдүйн сайхан Монгол орны төлөө хамтарч ажиллацгаая. Бараан саарал голдууг нь өнгөрсөн үеэс шүүрдэж шүүмжлэхийн оронд байгаа ирээдүйгээ гэрэлтэй болгох талаар тунгаая л даа.
Бид нэгдэж л чадвал нэгэнд нь санаа, нөгөөд нь туршлага, үлдсэнд нь мөнгө байгаа шүү дээ.

Бид нэг л завь дээр байгаа шүү дээ.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих