| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Фотог Золья
ТӨГСӨӨГҮЙ
1947 оны үед ёолк гэдэг зүйл их ховор байлаа. Таван настай цэцэрлэгийн жаал байхдаа хөвөнгийн өөдсөөр сахал наачихаад өвлийн өвгөн болж үеийнхээ хүүхдүүдэд бэлэг тараадаг байсансан. Харин 16 наснаасаа Цэргийн Үлээвэр найрал хөгжмийн сайн дурын сурагч болсон юм. Ингэж л урлагт зүтгэж эхэлсэн дээ.
Анх Хүүхэд залуучуудын театрт жүжигчин шалгаруулах сургаар очоод тэнцсэн юм. Удалгүй киноны дуу оруулагч боллоо. “Тулаанд зөвхөн хашрууд ниснэ” гэх нисгэгчдийн тухай кинонд анх удаа дуу оруулж байв. Тэр үед “ам барьдаг” байлаа шүү дээ. “Ийм нэгэн явдал” киног хэрхэн дуу оруулдаг билээ, яг түүн шиг. 60 гаруй кинонд дуу оруулжээ.
Найруулагч нарын нүдэнд өртсөн юм байлгүй. Ж.Бунтар гуай намайг кино жүжигчин болгосон. Тэрхүү анхны дүр нь хэн байсан гээч. Нэг онигоо бий дээ. “Энд үхээд хэвтэж байгаа дөрвөн хүний гурав дахь нь би” гэдэг шиг л...
Монголын кино урлагтай амьдралаа холбосноос хойш “Их замын тоос”, “Наймдугаар богд Жавзандамба”, “Цагаан дуганы гэгээ”, “Төрийн сүлд өршөө”, “Дайчин чин ван Ханддорж”, “Говь хянганд тулалдсан нь”, “Бид мартахгүй” зэрэг 20 гаруй кинонд тогложээ. Анхны гол дүр минь “Их замын тоос”-ын Сугар жолооч байлаа. Энэ дүрээр ард түмний танил болсон гэж болно. Хөдөө явж байхад дайралдсан хүмүүс “Сугар жолооч оо сайн байна уу, машин нь зүгээр үү” гэж асуудаг байсан.
Богдыг тууштай эсэргүүцэгч байсны хувьд түүний дүрийг сайн бүтээсэн юм болов уу. Хэрхэн дүр бүтээх эсэхээ цаанаасаа л мэдрээд байсан юм даг.
Амьдрал үргэлжилсээр. Ингэж байтал 1986 онд тухайн үеийн Монгол телевизэд туслах найруулагчаар ажиллах боллоо. Найруулагч болсон минь Б.Жаргал багшийн ач. Гэхдээ надаас насаар дүү хүн л дээ. Бодох нь ээ, телевизэд 300 гаруй нэвтрүүлэг найруулан тавьжээ. Дурдвал, хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Эцсийн тушаал” жүжиг МҮОНРТВ-ийн “Алтан фонд”-д байдаг. Санаж байна уу хүүхээ? Б.Нармандах сайхан дуулдаг шүү дээ /тэрээр ийнхүү дууллаа/
Хүлгийн сайныг унасан юмсан
Хүний дээдээр явсан юмсан
Хүүгээ хүлээж амжаагүй юмсан
Хүслээ гүйцээж чадаагүй юмсан
Ээжийн, аавын энхрий юмсан
Эгэлхэн, зөөлхөн зантай юмсан
Эргэн уулзахаар болзсон юмсан
Эргээд ирэхэд нь учирна гэсэнсэн
Наран зүгээс чамайгаа ирнэ ээ гээд
Насаа бартал хүлээж сууна аа
Хайранд мөнхөрсөн хань минь дээ
УЙЛАНХАЙ ӨВӨӨ
Би их уйланхай болж. Хуучны кинонуудаа хараад асгартлаа уйлдаг болсон. Жүжигчин хүн уярам, хүнлэг сэтгэлтэй болдог юм байна. Нэг зорилгоор явсан андууд минь тэнгэрт хальсанд харамсан гашуудах юм /тэрээр ийн ярихдаа нулимс дуслуулж суулаа/
Саяхан би том хүү Ц.Хүсэлбаатарынхаа бүтээж буй Монголын Авто тээврийн 85 жилийн ойд зориулсан киноны зураг авалтад яваад ирлээ. Тэнд дурсамжаа сэргээн бодтол анд нөхдөөсөө ганц би л үлдсэн байх юм. Аймшигтай, харамсмаар. Амьдралын замд олон сайхан нөхрөө гээдэг юм байна. Тавилаан гэж.
Би “Жүжигчин” кино зохиол бичиж байгаа. Алт шиг насны дурсамжийг үлдээсэн нөхдөдөө зориулсан юм.
ХЭЛЭХ ҮГ БАЙНА
Хүн амьдралдаа алдана, ононо. Гэхдээ, зорьсон зорилгодоо зүтгэж, тэмцэж, хүрэх хэрэгтэй байгаа юм даа. Алдаа гаргасны дараа “за би ч өнгөрлөө, ингээд больсон нь дээр бололтой” гэвэл үр дүнг нь хэзээ ч үзэхгүй гэж залуустаа хэлье. Иймэрхүү зүйл их ажиглагдаж байна. Мөн Уйгаржин монгол бичгээ сурч үндэсний өв соёлоо хадгалж үлдэх эрдэм ухаанд төгс боловсроосой. Гэсэн ч өнөөгийн залуу жүжигчдийг нулимж чадахгүй. Дуулж, хөгжимддөг, урлагт биеэ бүрэн зориулж чаддаг болтлоо хичээгээсэй билээ. Би “Парисын дарь эхийн сүм”-д мөргөж, сөгдсөн. Жүжигчний урлагийг туйлд нь хүргэж чадаж байна лээ шүү. Залуу үеийнхэнд ирээдүй байна.
ХӨӨРХИЙ ТЕАТР МИНЬ
Монголын урлагт бүхэл бүтэн хэдэн үеийг хүмүүжүүлсэн “Хүүхэд залуучуудын театр” одоо байхгүй. Байсан газар нь “Хаан” банк баригдсан. Хэдийгээр театр минь коммунизмыг сурталчилж байсан ч үл тоож даанч болохгүйсэн. Театр татан буугдаагүй юм. Албан ёсоор Засгийн газрын тогтоол гарч театрыг тараасан зүйл байхгүй, харин байгуулсан тогтоол нь бидэнд байна. Монголын алдарт, зууны манлай жүжигчин Цагааны Цэгмид гуай “Хүүхэд залуучуудын театр”-ыг үндэслэсэн юм шүү дээ. Энэ тухай би нарийн ухаж, төнхөөгүй байгаа. Энэ асуудал гарах болсон шалтгаан нь төрийн анхааралгүй байдлаас болов уу, яав. Гэхдээ төр үүнийг огт анзаарахгүй гэсэн гэж би дуулаагүй. Театрынхаа төлөө тэмцэлд би идэвхитэй оролцоно. Нэгэн үе Драмын театрын “мөрийг гишгин” явсан театр минь үгүй болсонд харамсаж байна. Төр засаг минь харах л байгаа даа.
“ГАВЪЯАТ”-ЫН ҮНЭ ЦЭНЭ
Орос, Хятад хөрш орнуудаа хараач! Жүжигчдээ гомдоохооргүй шагнаж, цалинжуулдаг. Алдартнуудаа хэнээс ч гуйж амьдрахааргүй болтол хөдөлмөрийг нь үнэлж байна. Гэтэл бидэнд юу байгаа юм бэ. Үнэмлэх, тэмдэг хоёроо аваад ерөнхийлөгчтэйгээ зургаа даруулж төрийн ордноос гарч байна. Нэг ч төгрөг дагаж ирдэггүй юм. Харин 60 наснаас эхлээд хуульд заасны дагуу сар бүр 150 мянган төгрөгийн цалин өгдөг. Би 60 гаруй настай учраас авч л байна. Харин залуу “гавьяат”-ууд 60 нас хүртлээ цалингаа хүлээнэ. Би “гавъяат” болсон гэж онгирч байгаа үг биш шүү. Амьдралын үнэн ийм л байна. Надад ард түмэн энэ алдрыг өглөө, дараа нь төр засаг минь өглөө. Үүнд баярлалаа гэж хэлэлгүй яахав. Гэхдээ мөнгө алга гээд ээрч муураад зогсож байх хэмжээнд л бид амьдарч байгааг бодитоор нь хэлье гэж саналаа. Би энэ тухай ярьж байгаагүй. Төрдөө дуулгамаар байна. Биднийг өдөр бүр кинонд дүр бүтээхийг урьж, зар сурталчилгаанд тоглуулдаггүй юм. Энэ хөх нүүрээ өгч байж хэдэн төгрөг олох юм даа. Ай даа, амьдрал хэзээ мөнхийн байлаа.
Сэтгэгдэлүүд
талархаж байгаа Анжигай ах аа.
хийгээрэй...амжилт
ogson shig ogoh heregtei.
Сэтгэгдэл бичих