| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Х.Болор-Эрдэнэ сэтгэлгээний богино өгүүллэгийн төрлөөр бие даасан гурван ном хэвлүүлж уншигчдын хүсэн хүлээдэг нэгэн болоод амжсан юм. Бас түүний нууц нэрээр хэвлүүлдэг үргэлжилсэн өгүүллэгийн номууд ч эрэлт хэрэгцээ, хүлээлт ихтэй байдаг аж.
Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед сэтгэлгээний зохиол гэдэг үг хэллэг гараад байгаа. Та ч бас энэ чиглэлээр маш их өгүүллэг бичиж хэвлүүлсэн. Сэтгэлгээний гэж тодотгосны учрыг хэлж өгөөч?
Үгийн бүтцийн хувьд задлаад үзсэн ч гэсэн энэ бол тархиа ажиллуулах л гэсэн үг. Ийм зохиолыг уншиж байгаа нь ч, бичиж байгаа нь ч толгойгоо нэлээд ажиллуулах хэрэгтэй болно.
Тэгэхээр одоо та ийм зохиолыг уншихаар өмнөө дэлгэн тавьсан бол юуны өмнө ямар ч бэлэн баатар, бэлэн өрнөл, тайлал, төгсгөлийг хүлээхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр зохиолыг удирдагч нь та. Хэрвээ та баян хүн муу сэтгэлтэй, ядуу хүн сайн сэтгэлтэй, хохирч байгааг нь өрөвдөх ёстой, хожиж байгааг нь буруутгах ёстой гэж үзэж дассан бол одоо яг бидний мэддэг энэ чимэг хачиргүй амьдралыг, бидний үйлдэл бүхний хариуд бидэнд үлддэг мөн чанарын тухай ойлголтыг хүлээж авахад биеэ бэлтгэ гэж хэлмээр байна. Бүр тодруулбал өөрийгөө чагнаад уншаарай л гэмээр байна даа.
Та өөрийнхөө зохиолыг яагаад заавал энгийн өгүүллэгээс өөрөөр бичдэг юм бэ?
Би хэнийг ч давтаагүй. Давтах ч үгүй. Хэрвээ давтмаар санагдаад болохгүй бол бичихээ болино. Миний нүүрэн дээр чиний хамрыг авчираад наачихвал тэрнийг би үргэлж чинийх л гэж бодож явах болно шүү дээ. Яг тэр утгаар нь ойлгож болно.
Зарим өгүүллэгийг чинь уншаад таныг амьдралд нэлээд гутардаг байсан юм уу гэж санагддаг? Жишээлбэл “Хоёр сэтгэл” нэртэй өгүүллэг чинь байна.
Хүн л юм болсон хойно хэзээ ч гэдэг үгийг хэрэглэмээргүй байна. Мэдээж гутарч гуних үе байлгүй яахав. Гэхдээ тэр өгүүллэгийн тухайд бол хайр сэтгэл ихэнхдээ тийм байдалд ороод байна гэсэн санааг гаргахыг хичээсэн. Яг үнэндээ бол тийм байхыг хүсэхгүй байна гэдэг санаа л даа.
Тэгээд таны гэр бүлийн амьдралд яг тэр өгүүллэгт чинь гардаг шиг тийм хөндий хүйтэн байдал гардаггүй гэж үү?
Гол санаа нь эхнэр нөхөр хоёр нэг байшинд зөвхөн хуримын бөгж, хүүхэд хоёрт хүлүүлсэн хүйтэн цэвдэг сэтгэлээр бие биенээ арай гэж тэвчиж амьдардаг байдал бидний дунд олон байх юм гэсэн л утгатай шүү дээ. Биднийг бөгж, хүүхэд хоёроос өөр олон зүйл холбодог болохоор тэсэж тэвчихэд бэрхтэй байдалд одоохондоо хүрчихээгүй байна. Ер нь бол би гэр бүлийнхээ тухай яриад байх дургүй л дээ, уучлаарай. Гэр бүл гэдэг бол ариун дагшин газар. Тэнд ямар ч муу сэтгэл, хүнийрхүү хувиа бодсон явдал шургалах ёсгүй гэж би үздэг.
Таны өгүүллэгүүдийг уншаад таныг харьцангуй ахимаг насны хүн байх болов уу гэж бодож байлаа. Тэгсэн чинь...?
Залуу бас эмэгтэй хүн юм байна гэж үү? Тийм ээ, тэгж хэлдэг хүн олон байдаг. Өөрөөр хэлбэл намайг чи их хөгшин сэтгэхүйтэй юм гэж хэлэх хүн ч таардаг. Зүгээр ээ, ухаарал заавал хөгширсөн хойно ирдэг гэж бид бодож дассанаас л болж байгаа байх. Тэрнээс биш бид чинь хором бүхэнд нэг мэдлэг, нэг ухаарал хүртэж байхаар заяагдсан амьтад шүү дээ. Харин тэрнийгээ баялаг гэдгийг л ухамсарлах хэрэгтэй.
Та бичиж байгаа зохиолуудаа бодит явдлаас сэдэвлэдэг үү?
Хүмүүс ингэж асуух нь бас элбэг байдаг. Гэхдээ би “ихэнх нь биш ээ” гэж хариулмаар байна.
Мэдээж та сэтгүүлчийн ажлыг олон жил хийсэн юм чинь сэдэв авах явдал зөндөө л таарсан биз дээ?
Магадгүй л юм.
Гадаадад гарч ажиллаж амьдарч байгаа залуус их байна. Та өөрийнхөө бүтээлүүдийг аваад гадаадад гарч амьдрах тухай бодож байсан уу? Магадгүй тэнд таныг илүү ойлгох байх.
Монгол хүмүүс дутуу ойлгоод байна гэж үү? Ёстой үгүй. Гадаадад амьдрах тухайд ч тийм бодол төрж байсангүй. Миний ойр дотныхон маань намайг гадагшаа гарч хараар ажиллахыг эсэргүүцэгч нэгэн гэдгийг гэрчилнэ. Мэдээж номоо гадаад хэл дээр орчуулж, хэвлүүлж бололгүй яахав. Гэхдээ би л хувьдаа гадаадад гарч, гэр орноосоо хөндийрч, 33 жилийн туршид чимх чимхээр нь бүтээсэн зовлон жаргалаа хаяад явж чадахгүй.
Монголын өнөөгийн утга зохиолын өнгө төрх, хөгжил яг ямар төвшинд явж байна гэж та бодож байна?
Энэ тал дээр дуугарах эрхийг би одоохондоо өөртөө өгөөгүй байна. Хэдхэн ном хэвлүүлчихээд л өмнөх үеэ гар буугаар буудаад байж таарахгүй байх аа. Би бол залуу хүн. Өмнөх үеэ үгүйсгэх нь залууст үргэлж хортой байсаар ирсэн. Цаашдаа ч тийм байх болно. Яагаад гэвэл бид бүгд л тэднээс суралцаж, тэднийг даган дуурайсаар хөгждөг шүү дээ. Уран зохиол надад маш их аз жаргал, түшиг тулгуур болдог байсан. Миний эмээ, өвөө хоёр бас амьдралыг маань утга учиртай болгодог хүмүүс байсан. Тиймээс би өвгөдөө дорд үзэх, доромжлохыг тэвчиж чаддаггүй. Тэд хэдийгээр энэ ертөнцөд байхгүй болсон ч гэсэн сургаалиа хайрлаж, замыг маань засаж тэгшилсээр л байдаг. Ер нь манай эцэг өвгөдийн ам дамжуулан хэлж ирсэн хэлц үг, сургаалиуд хичнээн гүн утгатай, хичнээн том шалгарал байдгийг саяхнаас л нэг юм ойлгож эхэлж байна. Хүн үгийг зүгээр нэг хэлдэггүй гэдгийг санаж явах л хэрэгтэй.
Та гүн ухаан философийг нэлээд судалдаг бололтой. Бүх өгүүллэгүүд чинь тиймэрхүү өнгө аястай байх юм?
Үгүй дээ, дунд, дээд сургуульд зааж өгсөн мэдлэгээс нэг их хэтрээгүй. Гэхдээ мэдлэг хэзээ ч багаддаггүй юм байна гэж боддог болоод байгаа. Харин өгүүллэгүүдийн тухайд бол тэгж хүндрүүлэх хэрэггүй ээ. Би хүний боддогийг л боддог. Харин бодсоноо хэн нэгэнд хүргэхгүй бол тайван сууж чаддаггүй. Тиймээс л бичдэг байх.
Блог ертөнцөөр таны өгүүллэгүүдийг залуус гар дамжуулан унших нь их байдаг. Харин номын худалдаанд таны ном ховор харагддаг. Номоо цөөхөн хувь хэвлэдэг үү?
Хэр хэмжээндээ л хэвлэдэг. Цөөхөн ч гэлээ өөрийн гэсэн уншигчтай болохоор цөөхөн хувь ном маань дороо л алга болдог. Гайхуулж байгаа юм биш шүү. Харин нэг хэвлэсэн номоо давтаж хэвлэдэггүй.
Яагаад?
Мэдэхгүй ээ, зүгээр л тийм баймаар санагддаг. Амьд хөгжмийг бид нэг л удаа сонсдог шиг тэр номноос олж авах мэдрэмж бас давтагдашгүй байгаасай гэж хүсдэг. Би өөрөө ч амьд хөгжимд дуртай.
Монголын зохиолчид эмэгтэй уран бүтээлчдээ дэмждэггүй гэж дуулсан. Та ч бас ийм байдалд орж байна уу?
Энэ талаар би ямар нэгэн хов жив яримааргүй байна. Миний тархин доторхийг хэн ч булааж явч чадахгүй учраас бусадтай хоосон яс булаалдаад хэмлэлдээд байх сонирхол алга. Харин утга зохиол, яруу найргийг идэж уух, ашиг завшаан олох, алдарших бас баяжих арга хэрэгсэл болгож байгаа хэнийг ч болов хүндэтгэхийг хүсэхгүй.
Монголын утга зохиол гэхээр өнөөх л мэддэг хэдэн хүний нэр дуулддаг. Миний мэдэхээр сүүлийн жилүүдэд энэ салбарт шинэ залуус огт гарч ирэхгүй байх шиг?
Номын тухай ярьдаг хүмүүс нь өөрсдөө номоо огт уншихаа больчихсон шүү дээ. 10 жилийн өмнө нэг найзынхаа гарын үсэг зураад бэлэглэсэн номны талаар баахан магтаалын үгтэй уран яруу зохион бичлэг хэвлүүлж, эргээд тэднээсээ мөнгө татаж, түүнийгээ өнөөгийн утга зохиолын шүүмж гэж нэрлэчихээд л яваад байдаг. Дэлгүүрээс ном худалдаж авна гэсэн ойлголт бараг байдаггүй байх гэж боддог. Бараг танихгүй, мэндийн зөрөөтэй явдаг хэрнээ “Чи одоо шинэ номноосоо өгөхгүй юм уу?” гэж дал мөр алгадаад гоморхох хүн цөөнгүй тааралддаг. Би ч гайхас гээд л өнгөрнө. Өөрсдөө номыг үнэлэхгүй байж номын үнэ цэнэ яриад залуусаа ном уншихгүй байгааг л гайхаад байна. Харин ч манай залуус ном маш их уншдаг болсон. Бараг тэр том том цол гуншинтай, докторуудаас ч илүү ихийг уншсан байж мэднэ. Аа харин, зарим нэг нь өөрсдийн эзэгнэсэн энэ цаг үеэ алдахгүй гэхдээ мэдсэн ч мэдээгүй юм шиг, уншсан ч уншаагүй юм шиг чимээгүйхэн дарж байгаад авгай хүүхдээ алдар нэртэй болгохыг илүүд үздэгийг би анзаарсан. Өчигдөр гайхан биширч, дуу алдаж зогссон зохиолч, яруу найрагч гуай өнөөдөр нь хэдэн зохиолыг маань хэвлүүлэх гэж байгаа сургаар үйлдвэр дээр нь шөнө дөлөөр оччихсон гар бичмэлийг нь хуулан бичээд сууж байхтай таарч л байсан. Сонирхолтой нь тэр хүн яг маргааш нь хэвлэгдэх номондоо дуураймал хүүхдүүдээ шахах гэж тэр шүү дээ.
Таны хувьд хамгийн том шагнал юу вэ?
Надад өөрийн гэсэн үнэ цэнийн хэмжүүр бий. Гэхдээ тэрнийгээ олон нийтэд зарламааргүй байна.
Хүмүүс номыг чинь гар дамжуулан уншиж, энгийнээр хэлбэл аман зохиол гэдэг шиг болчихоод байхад яагаад дуугүй л байгаад байдаг хэрэг вэ? Менежмент хийхгүй бол таныг хэн ч мэдэхгүй шүү дээ?
Би олон зүйлд итгэдэг. Үнэ цэнэ, үйлийн үр, нүгэл буян, хар, цагаан хэл ам, цаг нь болохоор цай ч өөрөө буцалдаг гэх мэт. Хэн шалгаруулаад байгаа нь мэдэгдэхгүй бестэллэр номын жагсаалт, хэн нэгний эрх ашгийн төлөө худалдаалж байгаа шагналууд, дуураймал шүлгүүд, хэлбэрдэгч товхимолуудад миний нэр орохгүй байгаад сэмхэн зальбирч суудаг шүү. Хойно минь маш урт цаг хугацаа хүлээж байгаа. Олон боломжууд байгаа. Яарах хэрэггүй биз дээ.
Гэхдээ л менежмент хийх хэрэгтэй шүү дээ. Цаг үе гэдэг нүд ирмэхийн зуургүй л шуурч алга болоод байхад?
Би бол бичдэг л хүн. Надад наймаа арилжааны ухаан, явган заль, бусдыг өөртөө татаж ховсдох ер бусын чадвар байхгүй. Зурагтаар гараад байхаар сайхан зүс царай ч байхгүй. Тиймээс бүх эмэгтэйчүүд мисс байх ёстой гэсэн ойлголттой хүмүүсийн хувьд сонирхолгүй санагдах байх. Яагаад би заавал зурагтаар гарч байж хүмүүст зохиолоо хүргэх ёстойгоо сайн ойлгохгүй байгаа болохоор энэ талаар надад зөвлөөд дэмий байх аа.
Олон сайт дээр таны өгүүллэгүүд тавигддаг. Уншигчидтайгаа яаж холбогддог вэ?
Ихэнхдээ онлайнаар. Хэрэгтэй гээд ирж байгааг нь хүлээгээд л авдаг. Сайхан найзууд болоод л үлддэг. Бас banjig.net, blogmn.net дээр блогууд хөтөлдөг. Сүүлийн хэдэн жил уншигчид маань тэр замаар л холбогдож байгаа.
Ярилцсан Б.Шижиртуяа
Сэтгэгдэлүүд
yumuu haashaa yum
ажиллахыг эсэргүүцэгч нэгэн гэдгийг гэрчилнэ.
гэдэг
чинь буруу шүү. Монголчууд ухаалаг юмаа гэж магтуулан
улсыхаа нэрийг гаргаж олон монголчууд гадаадад
мэргэжлээрээ ажиллаж байна. Гэр бүлтэйгээ хараар биш
эзэмшсэн мэргэжлээрээ хөгжилтэй орны иргэдтэй хамт
ажиллаж туршлага хуримтлуулж байна.
Одоо хараар
ажиллаж байгаа хүн цөөрсөн байх шүү. гадаадад л байгаа
бол хараар гэсэн үе аль дээр өнгөрчсөн
yumdaa zailuul
yaj iim sonirholgui yum bichij baij zohiolch boloh geed yadraad bgan
blog -uud ruu shagaij yavaad halit blog ruu ni yavaad orchihov , unendee bichleguudiig ni bugdiig
unshij chadaagui ch gesen ene hunii tarhin dahi medleg mani metiin humuusees tes ццr , uneheer
gaihaltai baharhmaar sanagdsan tiim ch uchraas Bolor-erdene -n buh bichsen zohioluudiig bas bus
nomuudtai zahialchihsan bgaa ..
Сэтгэгдэл бичих