С.Дамдинсүрэн: Нэг амьтны амийг нөгөөгөөр сольж болохгүй
2006-08-19 10:05:57 УБ
Амьтан хамгаалах сан 2001 онд байгуулагдсанаасаа хойш хүний гар дээр очин зугаа цэнгэл, ашиг хонжооны золиос болж байсан 20 орчим зэрлэг амьтныг эх байгальд нь буцаан тавиулжээ. Сонин хэвлэлээр гарсан зарын араас мөшгих нь тэдний нэг ажил. Уг сан амьтны эсрэг хүнлэг бус ажиллагаа, тэдгээрийн арьс үс, эд эрхтнийг гоёл чимэглэлийн зүйлд ашиглах, зугаа цэнгээний зорилгоор тамлах, агнахын эсрэг тэмцдэг. Тус сангийн тэргүүн С.Дамдинсүрэнтэй ярилцлаа.
- Танайх мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийж, хэдэн зэрлэг амьтныг суллана гэж байсан. Хаана, хэчнээн амьтан хүмүүсийн зугаа цэнгээний золиос болоод байна вэ?
- Бид хэвлэлд гарсан хэд хэдэн зарын мөрөөр мэргэжлийн хяналтынхантай хамтарч шалгалт хийх хүсэлт тавьсан. Харамсалтай нь холбогдох ажилтнууд нь амарчихаад олдсонгүй. Иймэрхүү зар “Зар мэдээ”, “Шуурхай зар” зэрэг зарын төрөлжсөн сонинд илүү олон гардаг юм. Бидэнд мэдэгдсэнээр Амгалан, “Гурван найзын агуй”, “XIII зуун” жуулчны бааз зэрэг газарт чоно, бүргэд гэх мэт хэд хэдэн амьтан ашиг орлогын золиос болж байна. “Гурван найзын агуй”-д бүргэдтэй хамт зураг авах бизнес хийдэг. Манай сангаас Сүхбаатарын талбайд ийм хэлбэрээр ашиглаж байсан янзага, бүргэдийг байгальд нь сулласан.
Мөн одоо хоморголсон ан зохион байгуулдаг байгууллага хүртэл бий боллоо. “Дэлгэр тур” компаниас өвлийн чонын ав зохион байгуулж байгаа нь амьтдын эсрэг явуулж буй хүнлэг бус үйл ажиллагааны тод жишээ болж байна. Тэд 5000 ам.доллар хүртэлх бооцоотойгоор ан хийлгэдэг юм билээ. Ингэж амьтны амиар ид бах, зугаа хийж байгаа нь буруу. Yүнийг нь манай урлаг соёл, улс төр, спортынхон их дэмждэг нь харамсалтай. Дэлхийн одод үүнийг эсэргүүцэн, ан амьтныг хамгаалдаг болсон.
Тухайлбал, жүжигчин Бриджит Бардо байна. Түүний байгуулсан амьтан хамгаалах сан дэлхийн 44 оронд салбартай. Бид энэ чиглэлээр ажилладаг дэлхийн байгууллагуудыг дэмждэг. Гэтэл манайхны эл үйлдлийг телевизээр хүртэл сурталчлах юм. Хүүхнүүд нь булга зэрэг амьтдын арьсаар дээл хийж, гоёж байна. Нэг дээл хийхэд 15-20 булга ордог юм шүү дээ.
- Манай аялал жуулчлалын салбарт ан, амьтны арьс, үсээр гоёл чимэглэл хийх, амьд амьтдыг зугаа цэнгээнд ашиглах явдал нэмэгдэж байх шиг?
- Энэ үнэн. Улсын их дэлгүүрт үнэг, чонын арьс олноор нь худалддаг. Одоо говийн гүрвэлийг хатаагаад бэлэг дурсгал болгож байна. Гүрвэлийн дотор эрхтнийг тариураар соруулаад, модон дээр тэлээд хатаачихдаг. Ингээд л амьд юм шиг “бэлэг дурсгал” болно. Байгалийн түүхийн музейн хажууд ийм гүрвэл зардаг дэлгүүр бий. Тэд шаардлага өгөхөөр далд хийчихээд удалгүй гаргаад тавьчихдаг.
Ер нь манай орон ан, амьтдын арьс үсээр хувцас, гоёл чимэглэл хийх тал дээр дэлхийд тэргүүлдэг.
Бид энэ талаар судалгаа хийсэн. Yүнийг батлах хамгийн сүүлийн жишээ хэлье. Сая өвлийн олимпоор манай тамирчид үнэгний арьсан малгай өмслөө шүү дээ. Гэтэл тухайн үед матрын арьсан гуталтай нэг тамирчныг тус орны хэвлэлд шүүмжилсэн байсан. Харин манайхныг тоогоогүй бололтой. Зүүн өмнөд Азид бас энэ явдал түгээмэл байна.
- Ямар амьтад энэ төрлийн бизнест их өртөж байна вэ?
-Ан, амьтдыг нэн ховор, ховор, элбэг гэж гурав ангилдаг. Гаднын байгууллагуудаас хандив өгдөг ч энэ нь нэн ховор амьтан болох мазаалай, тахь, ирвэс гэсэн цөөн тооны амьтан хамгаалахад төвлөрөөд элбэг нь анхаарлаас гадуур үлдээд байна. Тиймээс элбэг ан, амьтад илүү өртдөг. Дорго, хойлог зарна гэсэн зар их байна. Нарийнтсан хүнд доргоны цус уулгавал эдгэдэг гэдэг үүднээс энэ амьтны эрэлт их байдаг биз. Нэг амийг нөгөөгөөр сольж болохгүй шүү дээ.
- Танайх нэг төв байгуулна гэсэн байх аа. Ямар үйл ажиллагаа явуулах юм бэ?
“Амьд ертөнц” нэртэй гэрийн тэжээмэл болон зэрлэг ан, амьтдыг хамгаалах төв байгуулах гэж байна. Манайд гэрийн тэжээмэл амьтдыг эмчилдэг ганцхан л эмнэлэг бий. Тиймээс энэ төв эмнэлэг, лаборатори, хоол тэжээл үйлдвэрлэх цех бүхий цогцолбор болох юм. Тэнд хүний хүнлэг бус үйл ажиллагаанд өртсөн зэрлэг амьтдыг байгальд дасан зохицоход нь сургах болно. Уг төвийг байгуулахад 25 мянган ам.доллар шаардлагатай байгаа.
- Амьтдыг байгалийн дасан зохицолд нь сургана гэлээ. Яг ямар аргаар хэрхэн сургах юм бол?
- Бид төвийнхөө загварыг гаргасан л даа. Хотын захад байрлах уг төвд байгалийн жижигрүүлсэн хувилбар бүхий талбай бий. Энд зэрлэг амьтдаа байлгаж, хоол тэжээлийг бага багаар байгалийнханд нь ойртуулж дасгах юм. Тухайн амьтныг байгалийн дасан зохицолд сургахад хэдий хугацаа шаардагдахыг манай биологичид тогтооно.
- Тэгвэл махан тэжээлт амьтад амьтан барих арга барилаа яаж сурах юм. Та нар эсвэл амьд амьтан тавьж өгөх юм уу?
- Ингэх боломжгүй, дахин нэг амьтны амь сүйднэ. Хэдийгээр хүний гар дээр байсан ч амьтдын төрлөхийн дадал зуршил хэвээр үлддэг. Бид сулласан амьтдаа байгальд нь эргүүлэн тавьдаг. “Амрита” бааранд ашиглаж байсан Мишка гэх баавгайгаар чихмэл хийхийг бид эсэргүүцэж, дэлхийн 13 орны зоо паркад хүлээн авах хүсэлт тавьсан. Хэрэв тэднээс олигтой хариу ирэхгүй бол суллахаас өөр замгүй.
Байгаль хамгаалах чиглэлээр Нидерландын Вант улсаас манай улсад таван сая ам.доллар хандивласан юм. БОЯ үүнийг Нээлттэй нийгэм форумд дамжуулж, тэд гурван саяаар нь хоёр удаа байгаль хамгаалах семинар зохион байгуулсан. Yлдсэн мөнгөөр нь тендер зарлаж, 62 төсөл оролцсон ч ан, амьтантай холбоотой төсөл байсангүй. Бид төслөө өгсөн ч сүүлийн шатанд шалгарч чадсангүй. Манай урлаг, соёл спортынхон элдэв хандивын тоглолт их хийдэг. Гэвч тэднээс ан, амьтдыг хамгаалах ажлыг дэмжиж, үүнд зориулсан хандивын тоглолт хийсэн нэг ч тохиолдол байхгүй.
- Ан, амьтныг хамгаалахад зориулж хандив өглөө гэж бодье. Энэ мөнгө ан, амьтдыг хамгаалахад зориулагдаж байгаа эсэхийг хэн хянах юм бэ. Бас л нэгнийх нь гараар ороод дуусах биш үү?
- Хэрэв хандив өгөх юм бол бид дэмжин ажиллаж, хийсэн ажлаа хэвлэл мэдээллээр ил тод зарлах болно. Ингэвэл ард түмэн үүнд хяналт тавих боломжтой.
Хэрэв хөрөнгө оруулагчаа олчихвол удахгүй баригдах эл төв гэрийн тэжээмэл болон зэрлэг ан, амьтдын эрх ашгийг хамгаалах анхны цогцолбор газар болох бололтой. Тус төвд гэрийн тэжээмэл амьтнаа түр хугацаагаар орхиж, асруулах үйлчилгээ ч бас байх гэнэ.
Сэдэв:
Ярилцлага
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих