Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Г.Эрдэнэтунгалаг: Будаг эмэгтэй хүний өнгийг сэргээх төдий л...
2005-04-30 21:18:52 УБ
Эрдэнэтунгалаг
Эрдэнэтунгалаг
Удахгүй Ялалтын баярын 60 жилд зориулж бие даасан тоглолтоо хийхээр зав муутай гүйж яваа дуучин бүсгүйтэй уулзаж цөөн хором ярилцсанаа толилуулъя.

Өөрөө гадаад явж суралцана гэж ярьж байсан, энэ талаараа ярихгүй юу?
Залуу хүний хувьд бодож байгаа зүйл их л байна, ямар ч байсан явж суралцана аа. Энд нэг зүйл хэлэхэд бид нар мэргэжлийн сургууль төгсчихөөд мэргэжлээрээ дуулахгүй орчин нийгэмээ дагаад ч гэх үү зохиолын дуу дуулаад байгаа нь буруу л даа. Миний хувьд ямар ч байсан мэргэжлээ гадаадад дээшлүүлж ирээд эх орондоо сонгодог урлагт өөрийн дуу хоолойгоо гаргана л гэж боддог шүү.

Дуучин болоогүй бол мэдээж хуулчийн ажлаа хийгээд явж байх байсан уу?
Тиймээ, энэ мэргэжлээрээ төрийн албан хаагч хийгээд явж байх байсан болов уу.

Яагаад заавал төрийн албан хаагч гэж?
Хуульч гэдэг бол нийгмийг эрүүлжүүлж, цэвэршүүлэгч мэргэжил тийм болохоор төрийн албан хаагч гэсэн хэрэг.

Гэр бүлтэй болж амжаагүй явна уу? Ер нь эр хүнийг та ямар байгаасай гэж боддог вэ, ойрын үед гэр бүлтэй болох уу?
Болох л байх даа, гэхдээ миний хувьд яарахгүй байна. Ганц олдох насанд өөрийн гэсэн хийсэн зүйлтэй болох юм сан л гэж боддог. Эр хүн ер нь ухаалаг, уужуу сэтгэлтэй байвал зүгээрээ. Хамгийн гол нь ухаалаг байвал амьдарлын ноён нурууг зөв авч явж чадах болно.

Сонгууль ойртож байна. Иргэн хүний хувьд сонгуульдаа хэр бэлтгэлтэй байна, хэний төлөө саналаа өгөх вэ?
УИХ-ын дарга Энхбаяр гуайг сонгуульд ялчих болов уу гэж найдаж байна. Би Энхбаяр гуайг чин сэтгэлээсээ 100 хувь дэмждэг.

Яагаад дэмждэг гэж?
Шудрага үнэнч, бусдын итгэлийг даах чадвартай өөрийн төлөө биш нийгэм улсын төлөө оюунаа бүрэн дайчилж чадах чадвартай хүн гэж боддог доо.

Одоохондоо амарч байгаа гэсэн, өдрийг хэрхэн яаж өнгөрөөж байна даа?
Өглөө долоон цагт гараад фитнестээ явдаг ажилтай, дараа нь сургууль дээрээ очиж хоолойныхоо дасгалыг хийдэг. Ер уран бүтээлч болсоноос хойш цаг зав их бага гардаг болсон. Тавдугаар сарын долоонд мэргэжлийн чиглэлээрээ Ялалтын баярын 60 жилд зориулж СТӨ-нд тоглолтоо хийхээр зэхэж байгаа. Энд би дан орос Ари, романсуудыг мэргэжлийн түвшинд дуулах болно, тэгээд түүнийхээ бэлтгэл ажилд орчихоод явж байна даа.

Чөлөөт цаг гарвал юунд зарцуулж байна вэ?
Уран бүтээлч болсоноос хойш чөлөөт цаг гарах л юм бол унтаж амрахыг хичээдэг болсон.

Танайх чинь ам бүл хэдүүлээ билээ?
Одоогоор хоёр дүүтэйгээ, аав ээжтэйгээ ам бүл тавуулаа нэгдүгээр хороололд амьдарч байна.

Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
Мэдээж эмэгтэй хүн болохоор гоо сайхандаа анхааралгүй яахав, зав л гарвал гоо сайханд орж массаж хийлгэдэг ч юм уу аль болох чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хичээдэг. Би урьд нь буддаггүй байсан. Ер нь нүүр будалтын хувьд Сувдаа багш маань оюутан байхад хэлж байсан юм аа. Будаг бол тайзан дээр зайлшгүй хэрэгтэй ч амьдрал дээр эмэгтэй хүний өнгийг сэргээх төдий л байх ёстой гэж.

Хаанахын косметик хэрэглэдэг вэ?
Францын Ив рошегийн бүтэгдэхүүнийг хэрэглэдэг.

Ямар салоноор үйлчлүүлдэг вэ, сард хэдэн удаа орж байна вэ?
Долоо хоногт хоёр удаа гоо сайханд ордог. Залуус салоны байнгын үйлчлүүлэгч.

Тэгвэл эрүүл мэнддээ хэр анхаардаг вэ?
Эрүүл мэнддээ үнэнийг хэлэхэд хараахан анхаарал тавьж чаддагүй юм аа. Би чинь зөрүүд, дураараа зантай хүн шүү дээ, өвдсөн тохиолдолд эм уудаггүй. Аль болох эсрэгээр нь эмчилчихдэг юм. Жишээ нь хоолой өвдлөө гэхэд зайрмаг идээд, хүйтэн ус уугаад, хүйтэн усанд хөлөө дүрээд л эмчилчихдэг дээ.

Саяхан бөхийн өргөөнд дуучин Батсайхан та хоёр "Ханьсахын жаргал" CD-нийхээ баярыг хийсэн. Их бөвөрмөц сайхан болж өнгөрсөн гэж сонссон?
Бид хоёр анхны цомгоо гаргалаа. Дуучин болсоны хувьд анхны цомгын баяраа тэмдэглэе, тэмдэглэхдээ тоглолт бус баяр гэсэн утгыг илүү гаргахыг хичээсэн. Хамгийн их тусалж дэмжсэн хүмүүс гэвэл Алтай халиуны Гэрэлээ ах, Болд найруулагч гээд олон хүнийг нэрлэж болох байна. Залуу хүмүүсийн хувьд аль болох шинэлэг, эрэлхийлэгч байхыг хүсдэг, тоглолтын хувьд олон хүний сэтгэлд хүрсэн болов уу гэж найдаж байна. Нийтийн дуучид дотроос анх удаа шоу хэлбэрээр тоглолтоо хийсэн маань хүмүүст хүрч гэмээнэ бид хоёр түүнээс маш их урам зориг авах болно.

Залуу хүмүүсийн хувьд шинийг эрэлхийлдэг гэлээ, тэгвэл дуунууд чинь арай залуу стильд тохирохгүй юм шиг?
Энэ тал дээр би өөртэй чинь санал нийлэхгүй байна. Яагаад 60,70-аад оны дуунуудыг залуучууд сонирхоод байгаа юм бэ. Тэр тусмаа бид хоёрт Монголын радиогийн алтан фондод байгаа дуунаас дуулах санал ирж байна шүү дээ. Үнэхээр аялгууны хувьд тансаг, үгийн хувьд гүн гүнзгий утга агуулгатай хойч үеийг хүмүүжүүлэхэд нөлөөтэй сайхан дуу 30, 40 жил гараагүй учир бид хоёр тийм дуунаас цаашид ч дуулна. Аливаа зүйлийн чанартай нь л үлддэг шүү дээ.

Ерөөс дуу гэж таныхаар юу вэ?
Хамгийн урт настай урлагын бүтээл.

Ярилцсанд баярлалаа.

Т.Идэрээ /Banjig.Net/



Сэдэв: Ярилцлага

Шинэ ярилцлагууд

Би Монгол
Мөнхнасангийн ярилцлага/Чулууг чулуу биш ус л дийлдэг/
КУЛА гийн ярилцлага
Д.Пүрэвсүрэн: Би бодлынхоо боол болж амьдармааргvй байна
П.Баярмагнай: МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг BBC гээс эхлээд Аль Жазера хүртэл мэдээлж байсан
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд