М.Энхсайханы гэргий Э.Шүрэнцэцэг: Нөхрийнхөө тас тас инээсэн, хөгжилтэй ярианд нь татагдсан
М.Энхсайхан эхнэр Э.Шүрэнцэцэгийн хамтаар
|
Тун удахгүй бид Монгол улсын эв нэгдлийг илэрхийлэгч, ерөнхийлөгчөө сонгоно. Тиймээс энэ өдрүүдэд нэр дэвшигчдийн сурталчилгаа хүчтэй явагдаж байна. Гэхдээ хэн нь ямар хүн бэ, юу хийж чадах, ямар чадвартай, үзэл бодолтой, ерөнхийлөгчид тохирох хүн мөн бишийг зөвхөн сонгогчид л өөр өөрийнхөө оюун ухаанд шүүн тунгааж сонголтоо хийх бизээ. Тиймээс та бүхний сонголтонд нэмэр болох үүднээс МУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан Намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн М.Энхсайханы гэргий хатагтай Э.Шүрэнцэцэгийн амьдралынхаа тухай хөөрөлдсөн яриаг хүргэж байна.
Таныг 8-р Богд Жавзандамба хутагтын зээ охин гэдэг. Та өөрийнхөө удам судрын талаар сонирхуулахгүй юу?
Миний эцэг Т.Эрэнжавын тухай сэтгүүлч агсан Д.Сүрэнжав гуай “Т.Эрэнжав хорьдугаар зууны төр засгийн нэгнийх нь эцэг ёсны хайр ивээлийн доор өсөн бойжиж, нөгөөгийнх нь төрт ёсны итгэлийг хүлээн алба хашиж, гурав дахиар нь тэргүүнээ түшүүлж өөд болно гэдэг тун ч их буянтай хүний хувь тавилан дээд тэнгэрийн ариун хишиг мөн” хэмээн дурдаж бичсэн байдаг. Би үүнийг уншаад яг л үнэнийг дурсаж дээ гэж боддог. Миний эцэг Т.Эрэнжав Наймдугаар Богдын асрамжинд бага насаа өнгөрүүлсэн. Идэр насандаа цэргийн алба хааж, дараа нь 1944 оноос 1981 он хүртэл МАХН-ын Хянан шалгах хороонд зааварлагч, нууцын эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Аав маань 1996 онд Энхээг Ерөнхий сайд болсны дараах өвөл нь өвчний улмаас хорвоог орхиж Ерөнхий сайдын өргөөнөөс хөдөөлүүлсэн. Аавыгаа өнгөрөхөд Энхээ бид хоёр дэргэд нь байсан. Ийм л буянтай хүн байсан юм даа. Миний ээж Ж.Ичинхорлоо гэж хүн байсан. Ээж маань Төв аймгийн Баянцагаан сумын хүн. Ээжийн эцгийг Жамбаа тойн гэдэг байсан. Тойн гэдэг нь ноёны хүүхэд лам болохоор тэгж нэрлэдэг байсан юм гэнэ лээ. Миний ээжийн ээж Намсрай нь Манзушир отгын Багаажав зайсангийн гуравдугаар охин байжээ. Ээж маань Улсын төв банканд олон жил ажиллаж байгаад намайг нэг настай байхад өвчний улмаас нас барсан. Аав маань намайг ганцаараа өсгөж торниулсан юм.
Хүнд аав ээж эрхэм байдаг ч тэднийгээ үгүйд орлох хань ижил гэдэг хамгийн чухал байдаг. Ханьтайгаа танилцаж байсан үеэ дурсаач.
Бид хоёр Киевийн их сургуульд хамт суралцаж төгссөн юм. Оюутан байхдаа гэр бүл болоод амьдралын гал голомтоо хамт асаасан үе маань хамгийн сайхан үе байлаа. Намайг оюутан болоод анх очиход Энхээ маань гуравдугаар курсийн оюутан байсан. Мэдээж шинэ ирсэн оюутнуудтай дээд ангийнхан танилцах гээд үдэшлэг, уулзалт зэрэг янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг шүү дээ.Тэр үеэр л анх удаа бие биенээ олж харсан байх даа.Тэгээд хамтдаа кино үзэх, хотоор зугаалах гээд л залуучууд яаж болздог билээ тийм л байдлаар танилцсан. Киев их сайхан үзэсгэлэнтэй ногоон хот. Манай оюутны хотхон их сайхан цэцэрлэг дунд оршдог байлаа. Бид танилцсанаасаа хойш жил гаруйн дараа гэр бүл болцгоосон.
Та ханийнхаа ямар зан чанарыг хүндэлдэг вэ? Анх танилцахад юу нь таны сэтгэлийг хөдөлгөсөн бол?
Би нөхрийнхөө эмэгтэй хүнийг хүндэтгэн, хайрлаж чаддаг зөөлөн өгөөмөр сэтгэл, бас эр хүний гүдэс чанга, холч ухааныг хүндэлдэг. Анх танилцахад түүний тас тас инээсэн, хөгжилтэй яриа, боловсон харьцаанд нь татагдсан.
Ер нь хүн гэрлэхдээ удам судрыг нь харах хэрэгтэй гэж ярьдаг. Та нөхрийнхөө удам судрыг хэр сайн мэдэх вэ?
Бид хоёр хайр сэтгэлээрээ гэрлэсэн. Биднийг залуу байхад “овог” гэж мэддэггүй байсан цаад удам судрыг нь харна гэж бараг байдаггүй байлаа. Гэр бүл болсныхоо дараа бол удмыг нь мэддэг болсон. Миний нөхөр таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүү нь, аав Мэндсайхан нь Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурын хүн. Ээж Алтанцэцэг нь Сүхбаатар аймгийн Дарьганга нутгийн хүн. Хадам аав ээж маань багаасаа хотод орж ирж сургууль соёлын мөр хөөсөн. Хадам аав маань тэр үеийн Гэгээрлийн яамны орлогч сайд, Дээд Боловсролын Улсын Хорооны орлогч дарга зэрэг төр засгийн өндөр албыг хашиж явсан. Ээж Улсын Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хүүхдийн эмчээр 20 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт суусан. Миний нөхөр Улсын төв архиваас овгоо хайлгахад “элэнц эцэг нь Содном, өвөг эцэг Ням, эцэг Гомбонэрэн, нэр Мэндсайхан “ гэсэн аавынх нь тухай баримт байдаг. Ингэж архиваас хайн Шувуучин гэсэн овогтой гэдгээ мэдсэн.
Танай гэрийнхэн таны хийсэн ямар хоолонд дуртай вэ? Нөхрийнхөө ажлын ядаргааг тайлахын тулд гараа гаргаад л хоол цай хийнэ биз?
Миний хийдэг бүх хоолонд дуртай. Ямар ч дайллага хүлээн авалтын дараа эхнэрийнхээ хоолыг идмээр байна гээд л орж ирдэг. Би ер нь дажгүй амттай хоол цай хийдэг шүү. Миний аав их сайхан амттай хоол цай хийдэг хүн байсан. Ялангуяа Энхээ маань ядарсан үедээ миний хийсэн будаатай цайнд дуртай.
Төрийн түшээ хүний гэргий байна гэдэг амаргүй байх, гэртээ байх нь ховор биз?
Төрийн түшээ хүний гэргий байх нэг талаар сайхан бахархалтай боловч нөгөө талаас олны анхаарлын төвд байх нь хэцүү. Сонин хэвлэлээр ор үндэсгүй худлаа зүйл их л бичих юм. Гэхдээ нэг их тоодоггүй юм аа.Олны анхаарлын төвд байдаг хүн бүрийг л тэгж бичдэг юм шиг байна лээ. Манай нөхөр их гэрсэг хүн л дээ. Зав л гарвал гэртээ зээгээ эрхлүүлэх, телевизээр шинэ сонин мэдээлэл үзэж суух дуртай.
Энхсайхан гишүүн хэр халамжтай нөхөр вэ?
Дажгүй шүү. Залуу байхад халуун хайр дурлал дүүрэн байдаг бол нас ахиад ирэхээр халамж хайр илүү болдог юм байна.
Нөхөр тань хүүхдүүддээ хэр их цаг гаргадаг вэ?
Бидний 2 хүүхэд насанд хүрч тус тусын амьдрал ахуйтай болсон ч тэднийгээ үргэлж анхаарч дээр нь бас зээ нарыгаа харж халамжлах гээд эх эцгийн хайр цаг хугацаагүй шүү дээ. Амралтын өдрүүдээрээ нөхөр маань хүүхдүүдтэйгээ хамт байх дуртай. Том зээгээ гарснаас хойш амрахаараа л зээ охинтойгоо хамт зурагт үзэж, хоорондоо их зүйл ярилцдаг юм. Бид хамтдаа салхинд гарах дэлгүүр хоршоогоор явах дуртай. Мэдээж хүүхэд болсон хойно эмээ өвөөгөөрөө дуртай зүйлээ авахуулж дөнгөнө шүү. Том зээ Соёнгоо маань бид хоёрын “амины” хүүхэд байгаа юм.
Гэр бүлийн хүмүүс нэг нэгнийгээ янз бүрээр энхрийлж дууддаг. Та хоёр нэг нэгнийгээ юу гэж дууддаг вэ?
Бид хоёр танилцсан цагаасаа л бие биенийгээ Энхээ, Шүрээ л гэж дуудсаар өдий хүрч байна. Энэ нь энхрийлэл хүнд-лэлийн аль алиныг агуулсан гэж боддог. Тэгээд ч бидний үед бие биенээ янз бүрээр дуудах нь ховор байсан. Харин одоогийн залуус бие биеэ “миний хайраа” гэх мэтээр энхрийлж дуудах нь сайхан сонсогддог.
Эх хүн болж үр хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг эмэгтэй хүнд хамгийн хүнд ачаа. Нас залуу хүүхдүүд нялх байхад хэцүү зүйлүүд тохиолдож л байсан байх?
Өө зөндөө. Тэр үеийн хэцүү бэрхшээлтэй зүйлүүд одоо санахад хамгийн дурсамжтай сайхан үе санагддаг. Би охиноо төгсөх курсэд орох жилээ гаргасан болохоор 3 сартайд нь аавд нь орхиод хичээл номоо үргэлжлүүлэхээр Киев рүү сургуульдаа явсан. Энхээ маань надаас хоёр курсийн дээр байсан болохоор сургуулиа төгсчихсөн Монголд охиноо аваад үлдсэн юм. Энхээ маань охиныгоо угжинд оруулах гэж 2 хоног уйлуулж арай гэж оруулсан гэдэг. Аав нь охиноо маш сайн асарч өсгөж байсан. Ер нь эрчүүд хүүхдээ нялхад нь асарч өсгөх нь ховор байдаг шиг байгаа юм. Манай хүн хүүхдүүдээ нялхаас нь асардаг байсан болохоор зээ нараа хүртэл асрахдаа сайн шүү. Халамжтай өвөө гэвэл манай Энхээг л хэлнэ дээ. Дараа нь миний хүүгийн төрсөн жил Энхээ аспиран-турт яваад би 1 сартай хүү, 5 настай охинтойгоо үлдэж билээ. Бид гурав яаж том болно доо гэж бодсоор үлдэхэд хэцүү байсан шүү.Тэр үед аав минь амьд сэрүүн байсан болохоор их тус нэмэртэй байж билээ.
Хань ижлийн түшиг тулгуур юун дээр ямар үед хэрэгтэй гэж боддог вэ? Гэр бүлийн бат бөх амьдрал юун дээр тогтдог вэ?
Мэдээж хайр халамж, итгэл хүндэтгэл дээр гэр бүл бат оршдог. Эмэгтэй хүн нөхөрт гарна гэдэг уул шиг түшигтэй аавын гэрээс гарч хангай шиг түшигтэй ханийн халамжинд ордог гэж би боддог. Би ханийнхаа түшиг тулгуурыг ямагт мэдэрч явдаг. Энхээ маань хэчнээн их ажилтай ч гэсэн намайг болон үр хүүхдүүддээ халамж тавихаа хэзээ ч орхигдуулж байгаагүй.
Зээ нараа асарч хүмүүжүүлнэ гээд эмээгийн ажил барагдахгүй л байгаа байх. Үр хүүхэд гараас гараад амсхийх нь гэтэл ач зээ нар залгаад л... Гэхдээ амьдралын утга учир үүнд л байдаг байх аа?
Тийм шүү. Эх эцгийн сэтгэл амсхийх гэж байдаггүй байх.Том болсон ч гэсэн үргэлж л санаа зовж байдаг. Бидний анхны зээ охин маань мэндэлж бид хоёрыг эмээ өвөө болгож манай гэр бүл баяр баясгалан, аз жаргалаар дүүрсэн. Саяхан хоёр дахь зээ охин маань мэндэлж улам өнөр өтгөн жаргалтай айл болоод байна. Анхны зээ маань бид хоёрын гар дээр 6 нас хүртлээ өссөн болохоор бид түүндээ хүүхдүүдээсээ илүү хайртай. Эмээ өвөө нар ийм л байдаг хорвоогийн жам юм даа. Үүнд л амьдралын утга оршдог биз ээ. Би ч зээгээ дэндүү эрхлүүлдэг гэдэг зэм хүртээд байгаа.
Энэ хүний эхнэр болсондоо бахархах үе зөндөө гарна биз?
Би нөхрийнхөө бүтээлч, өвөрмөц сэтгэлгээ, үргэлж шинийг хайж, урагш тэмүүлж байдаг зан чанарыг нь биширч, шулуун шударга, ноён нуруутай, үзэл бодолдоо үнэнч байдгаар нь үргэлж бахархаж явдаг.
Би гадаад худалдааны эдийн засгийн мэргэжлээр сургуулиа төгсөж ирээд гадаад худалдааны байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн. Үүнээс хойш 20 гаруй жил энэ салбартаа ажилласан. Англид ажилласан жилүүд маань миний мэргэжлийн оргил үе байсан. Англид суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамны Худалдаа Эдийн засгийн атташегээр гурван жил ажиллаж байхад Энхээ маань хэдий хол байгаа ч гэсэн дэргэд минь байгаа юм шиг халамжилж байсан. Үргэлж утсаар ярьж сэтгэлээр унасан, өвдөж зовсон үед түшиг тулгуур болж, сэтгэлийн дэм хайрладаг байсан. Харин ч хүний хайр халамж холдох тусам улам нэмэгддэг юм билээ. Энэ хугацаанд бид хоёрыг салсан сарнисан гэж хэвлэлүүдээр их сенсаци тарьдаг байлаа. Хүний гэр бүлийг хэвлэлээр салгаж нийлүүлдэг болсонд би их эмзэглэж явдаг. Сонины ашгаас гадна хүмүүсийн хувь заяа, амьдрал байдгийг бодмоор юм.
Сайхан амьдрахын тулд, гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд эмэгтэй хүн юуг хичээх хэрэгтэй вэ? Залуухан сүйт бүсгүй, шинэхэн бэрүүдэд зөвлөөч.
Ер нь гэр бүл сайхан амьдрахын тулд эмэгтэй хүн мэдлэг боловсролоо үргэлж нэмэгдүүлж, шинэ санаа, шинэ мэдээллийг ахуй амьдралдаа хэрэглэж сурах нь маш чухал гэж боддог. Энэ нь гэр орноо сайхан авч явах, нөхөр хүүхдээ эрүүл зөв хооллож, өв тэгш өсгөж хүмүүжүүлэхэд тус нэмэр болсноор, нөхрийнхөө хайр хүндэтгэлийг хүлээж гэр бүлээ аз жаргалаар дүүрэн байлгадаг. Би ингэж л охиндоо зөвлөдөг. Мэдээж бас гэр орноо сайхан тохи-жуулах, цэвэр цэмцгэр байлгах нь гэрийн эзэгтэйн үүрэг. Гэр орон тохилог сайхан байвал нөхөр хүүхдүүд маань аятай тухтай байдаг. Би интерьер дизайныг их сонирхдог. Манай нөхөр намайг муугүй “дизайнер” шүү гэж хөөргөдөг юм.
Та өөрийн хүссэн амьдралаараа амьдарч чадаж байна уу? Цаашдаа ямар хүсэл мөрөөдөлтэй байгааг чинь сонирхож болох уу?
Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүй шүү дээ. Миний үр хүүхдүүд зээ нар цаашилбал монголын хүүхдүүдээс ирээдүйн Билл Гейтс, Жулиа Робертс төрөөсэй гэж хүсэж мөрөөд-дөг. Дэлхийд гайхагдах ирээдүйн монгол хүмүүсийг бэлдэх орчныг бүрдүүлэхэд эх эцэг бидний хүчин зүтгэл хэрэгтэй байх гэж бодож явдаг.
www.enkhsaikhan2005.mn
Сэтгэгдэлүүд