|
Дэлхийн дулаарлыг дайнтай зүйрлэв
Шинэчлэгдсэн: 2007-11-16 12:39:15 УБ Дэлхийд дайн эхэлжээ. Гэхдээ энэ удаа эрчүүд минь гэр орноо орхин эх орноо хамгаалахаар буу үүрэн мордохгүй. Энэ бактерлогийн, цөмийн дайн ч биш юм.
Хүн төрөлхтөн хэт тансаг хэрэглээнээсээ татгалзаж, амьдралынхаа хэв маягт өөрчлөлт оруулахгүй бол байгалийн гамшиг, өөрсдийнхөө эхүүлсэн дайны өмнө хоёр гараа өргөн бууж өгөөд зогсохгүй бөмбөрцөг дэлхий орших уу, эс орших уу гэдэгтээ тулаад байна.
“Энэ дайнд хэн ч ялагч болохгүй, бүгд хохирол амсах ялагчгүй дайн юм” гэж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын /IPCC/ дарга, Нобелийн энхтайвны 2007 оны шагналт Р.К.Пачури хэлсэн юм.
Дэлхийн газрын гадарга орчмын агаарын температурыг 1850 оноос хойш хэмжиж, зун, өвлийн жирийн нэгэн өдөр хэдэн градустай байгааг тэнгэрийн зурхайчид хэлж эхэлжээ. Үүнээс хойш 1995-2006 онд хамгийн дулаан 12 жил тохиолоо гэж цаг уурчид мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн агаарын температур 0.74 градусаар нэмэгдэж, уул нуруудын цас мөс хайлж, бүс нутгийн хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхлэв. Арктикийн сүүлийн хагас зууны агаарын температурыг 1300 жилийн өмнөхтэй харьцуулахад ер бусын их өөрчлөлттэй байгаа гэнэ.
Өмнөд мөсөн далай ч мөн хайлж эхэлжээ. Дэлхийн цэнгэг усны нөөц ийн хайлж, далайн давстай устай “хоршиж” эхэлсэнд мэргэжилтнүүдийн сэтгэл зовниж, Антарктидыг судлах улс орны тоо нэмэгдэж… 2007-2008 оныг туйл судлалын жилээр зарлаж, ертөнц мөсөн далайд анхаарлаа хандуулав. Мөсөн тивийн цаг уурын өөрчлөлт энэ хэвээр үргэлжилбэл 2070-2100 онд Антарктидын агаарын температур найман градусаар дулаарна гэж тооцоолсон. Мөсөн дээр эрхэлдэг оцон шувууд газар нутгаа алдаж, үгүй болохоо зөн совингоороо мэдэрч одоо ч тэндээ нүүдэллэн амьдардаг болсон гэх.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэдхэн хоногийн өмнө 2.5 км зузаан мөсөн дээр газардсан тухай манай сонин мэдээлсэн. Энэ эрхмийн аялал дэлхийд харанга дэлдээд буй өөрчлөлтөд НҮБ анхаарч буйн том илрэл юм.
Азовын тэнгист болон Хар далайд шуурганы үеэр таван усан онгоц живж, дөрвөн хөлөг хайргаджээ.
Хойд тэнгис дэх далайн эрэг орчмын нутгуудад үерийн аюул нүүрлээд байна.
Долоо хоног цутгасан аадрын улмаас Мексикийн Табаско мужийн 80 хувь нь үерт автлаа. Хоёр сая хүн амтай тус мужийн бараг тавин хувь нь үерийн гамшиг амслаа. Тэнд цэвэр ус, хүнсний нөөц дутагдалтай байна. Халдварт өвчин, ялангуяа булчин задрах тахал, шар, арьсны халдварт өвчин тархах эрсдэл бий боллоо.
Далайн усны түвшин дахин 1.8 см-аар нэмэгдвэл Бангладеш улсын 20 хувь нь усан доогуур орох нь.
Аляскийн мөс хайлснаас далайн усны түвшин 0.3 мм-ээр нэмэгдлээ.
Австрид сүүлийн 30 жил ороогүй их цас уналаа.
Энэчлэн байгалийн эрхшээлд хүн төрөлхтөн дээрэлхүүлсээр байна. Эл Нино, Санта… ийм нэртэй олон шуурга, аадрын хор уршиг дэлхийн өнцөг булан бүрт гай тарьж, “тэд” хүмүүсийн танил болсоор байна. Байгаль дэлхий хүмүүн төрөлхтөнтэй хариуцлага тооцож эхэлсний тод жишээ энэ мэт олон.
Энэтхэгийн Ражистан мужийн Кундай тосгоныхон бороо ороосой, ган гачиг тайлагдаасай хэмээсэн утга бүхий сүлд дуутай болсон. 1970-аад оноос хойш энэ бүс нутагт гантай байгаа гэнэ.
Хөдөө аж ахуй голлон эрхэлдэг нутгийн ардууд байгалийн эрхшээлд орон ядуу зүдүүхэн амьдарч байна. 5-6 ам бүлтэй зарим өрх хоёр, магадгүй гурван ам.доллараар долоо хоногийн турш өл залгах хүнсээ базаадаг гэнэ. “Борооны улиралд ч тунадас орохоо больсон” хэмээн нутгийн ардууд гомдоллов. Настнуудын өгүүлж буйгаар энэ нутаг түүхийнхээ туршид гундуухан байгаагүй. 30-аад жилийн өмнөөс ийм байдалд хүрчээ. Мэргэжилтнүүд цаг агаарын энэхүү хүнд байдлыг дэлхийн дулаарлын тод жишээ хэмээж буй юм.
Өндөр хөгжил, химийн том үйлдвэрүүдийн утаа, дуу чимээ зэргээс дэлхийн дулаарал үүдэлтэй. Ядуу буурай эдэн шиг сая сая хүн тэгэхээр хөгжлийн золиос болж байна. Дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоож чадахгүй. Үүнд дасан зохицох хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй нутгийн иргэдэд баян цатгалан, хөгжилтэй орон тусалж эхэлсэн юм байна. Үүний нэг тод жишээ нь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс ганд нэрвэгдсэн Кундай тосгонд хэрэгжүүлж буй төсөл. Төслийн хүрээнд зөвхөн энэ тосгонд л гэхэд 20 орчим худаг гаргаж өгчээ. Дэлхийн дулаарлын тод жишээ болсон энэ нутгийнхны амьдралыг улам дордуулахгүй байхыг НҮБ хичээж байна.
Дэлхийг уур амьсгалын дайнд дуудсан агаарын найрлага дахь нүүрс хүчлийн хий, намгийн хий, азотын дутуу исэл зэрэг “хүлэмжийн үзэгдэл” үзүүлдэг агаар дахь агууламж өсч байгаагаас бидэнд ийм аюул тулгарч буй. Сүүлийн 50 жилд дэлхийн дулаарал эрчимжиж буй нь ерөөсөө үүнтэй холбоотой. 1975 оноос хойш, 30 гаруйхан жилийн дотор дэлхий даяар хүлэмжийн хий 70 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо байна. Ямар нэг арга хэмжээ авахгүй, нүүрс хүчил, метан, хүхэр зэрэг олон төрлийн хий энэ чигээрээ ялгарсаар байвал 10 жил тутамд агаарын температур 0.2 градусаар дулаарна гэсэн судалгааг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комисс гаргаад байгаа юм.
Америк, Австрали, Нидерланд, Герман, Англи зэрэг орон хий “үйлдвэрлэлтээрээ” тэргүүлдэг. Үүний хор уршгийг ядуу буурай орны хөгжлийн үнэр ч аваагүй борчууд түрүүлэн амсч буй нь хамгийн харамсалтай. Тиймээс зарим мэргэжилтэн эдгээр улс орон байгалийн эрхшээлд орсон, золиос болж буй хүмүүст нэн тэргүүнд гар сунган туслах учиртай гэж үзэж байгаа юм.
Дулаарал Монголд ашигтай юм биш үү
Дэлхий ерөнхийдөө дулаарч байгаа нь манайх шиг эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай оронд нээрэн ашигтай юм биш үү. Уур амьсгал зөөлөрч, амьдрах орчны хувьд аятай таатай байх нь.
Далайд гарцтай гэж илүүрхээд байсан усан мандалд ойрхон орнууд энэ өөрчлөлтөд нэн түрүүнд өртөх аюултай. Хуурай газрын манайх шиг орон тэсээд үлдэх юм байна аа. Далайн түвшинтэйгээ бараг зэрэгцээ улс орнууд хэцүүдэх нь. 1500 метрт өргөгдсөн эх газрын монголчууд биднээс энэ аюул холуур өнгөрөх биш үү.
Арваннэгдүгээр сарын 7-нд улаан, цэнхэр туг далбаа мандуулан жанжны талбайд жагсдаг байснаа ахмад, дунд үеийнхэн дурсах дуртай. “Ай, тэгэхэд ч аатай хүйтэн байсан шүү. Сээгий малгайныхаа чихийг буулгачихаад л цан татуулан зогсдог байж билээ. Октябрийн баярын жагсаалын тухай өгүүлж буй хэрнээ эрчүүд баярласнаа биш дааран дааран зогсдог байснаа, жаахан дулаацаж дотроо халаах гэж ганц шил “юм”-аа өвлийн драпан пальтоныхоо халаасанд хийчихээд сэм сэмхэн балгадаг байснаа илүүтэй ярьдаг нь Монголын өвөл эрт эхэлж, аргагүй л тачигнадаг байсныг гэрчлэх. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ үеэр таарч хичээлд ороход аав, ээжүүд хүүхдээ пэндийтэл дулаалаад сургуульд нь гүйлгэдэг байлаа. Гэтэл өнөөдөр намрын нар ээгээд л… тааламжтай.
Зууханд хийх түлээ багасч… Зарим хүн үнэ ихтэй зузаан нэхий дээлнээс түвэгшээх болсон. Энэчлэн түрийвч дэх хэдэн бор цаасаа хэмнээд буй биш гэж үү. Зарим талаар магадгүй л, ямартай ч ор үндэсгүй ч зүйл биш байх аа. Монголын цаг уурчид энэ асуултад “Дэлхий бүхэлдээ өөрчлөлтөд орж байгаа тул уур амьсгал дулаараад зогсохгүй түүний чийг дулааны горим, агаар мандал дахь бодисын эргэлт, тэнцвэр, цаг агаарын үзэгдлийн явцад ноцтой өөрчлөлт гарна. Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн таатай нөлөөллөөс илүү сөрөг нөлөөлөл давамгайлж болзошгүй” гэсэн юм. Гэхдээ тэд огт ашиггүй гээгүй. “Аятай таатай нөхцөлийг аль болох бүрэн ашиглах, учруулж болох сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарах ёстой. Бид чинь нэг л дэлхийтэй” гэсэн билээ.
Монголын агаарын дундаж температур сүүлийн 60 гаруй жилд 1.9 градусаар нэмэгдсэн. Өвлийн улиралд 3.6, хавар, намартаа 1.3-1.8, зундаа 0.5-аар тус тус дулаарчээ. Үүний уршгаар Хангай, Хөвсгөлийн уулсаас эх авсан голуудын усны түвшин 20-40 см-ээр доошилсон. 2003 онд явуулсан тооллогоор 680 гол, 760 нуур, усны 3000 эх үүсвэр хатаж ширгэсэн гэсэн эмгэнэлтэй мэдээг цаг уурчид өглөө. Ийм хуурайшилтаас бороо, цас ховордож, нүүр нүдгүй шавхуурдсан хүчтэй салхи, шороон шуургатай өдрийн тоо нэмэгджээ. Монгол оронд болж байгаа байгалийн аюултай үзэгдлийн 41 хувийг салхи, шуурга эзэлж байна. Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан хохирлын мэдээнд 1999-2003 онд хүчтэй салхи шуурганд 77 мянга гаруй хүн нэрвэгдэж, 59 хүн нас барж, 150 мянган мал хорогдож, 2000 орчим гэр, байшин эвдэрч сүйджээ гэсэн нь “Дулаарал Монголд ашигтай юм биш үү”хэмээн хэнэггүйтсэн асуултад минь эмзэглэмээр хариулт боллоо.
Дулаарал манайд илүүтэй мэдрэгдэж байна. Дэлхийн агаарын температур 0.74 градусаар нэмэгдсэн байхад манайд энэхүү өөрчлөлтийг илэрхийлэх тоо 1.9 байна. 0.74 дэлхийг сандаргаж, НҮБ-ын дарга Антарктид, Өмнөд Африкийн уур амьсгалын өөрчлөлттэй танилцаж, ирэх долоо хоногт дэлхий даяар нэгэн зэрэг зарлах “Дэлхийн хүний хөгжлийн илтгэл-2007”-гийн гол сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт болж… Нэгэнт бодит байдал болсон дулааралтай хэрхэн тэмцэхээ шийдэж, дэлхийн хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг сандралдаж байхад 1.9 градус гэсэн том тоотой Монгол Улс нам гүм байж болохгүй болов.
Нобелийн шагналт эрдэмтэн “Улстөрчид уур амьсгалд өөрчлөлт орж мэдэгдсэн зүйл алга. Хэвлэлийнхэн л сүр бадруулаад байна гэдэг байсан. Өнөөдөр ийм үг хэлэх хүн цөөрчээ. Тэд дэлхий дулаарч байна гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлж байна” гэсэн юм. Манай төрийн түшээд “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг ширээнийхээ шургуулганаас гаргаж, эргэн харж, хэрэгжүүлэхэд анхаарах цаг ирлээ.
“2020-2080 онд манай орны уур амьсгал 1.37-4.88 градусаар дулаарна” гэсэн баримтыг дэлгэрүүлэн тэнгэрийн зурхайчдаасаа тодруулаарай. Аагим халуун, шороон шуургатай өдрийн тоо олширч, мал аж ахуй голлосон улс оронд минь аюул учирч мэдэх нь.
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтлоос малын амьдын жин дөрвөн кг орчмоор буурч, ашиг шим нь багасч байна. Тухайлбал, нэг ямаанаас авах ноолуурын гарц 4.1 граммаар буурчээ. Үүнийг улсын хэмжээгээр авч үзвэл манайх жилд авдаг ноолуурынхаа 20 гаруй тн-ыг цаг уурын дулааралд алддаг болж.
Галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэдэг шиг дэлхийн дулаарлыг зогсоох боломж хүн төрөлхтөнд харамсалтай нь үгүй ажээ. Дулаарал монголчууд биднээс хамааралгүйгээр хэдэн зуун жил тасралтгүй үргэлжилнэ. Дээр өгүүлсэн өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийгээ багасгахгүй бол ядуу орны иргэд бид золиос болно. Дэлхийн саятнууд өрхийн гишүүдийнхээ тоогоор машин унахаа болихыг, өрөөний агааржуулагчаа хэрэгцээндээ тохируулан ашигладаг болохыг хүлээгээд нэмэргүй. Тиймээс энэ дулааралтай дасан зохицож, ард иргэддээ анхаарал тавих цаг боллоо. Бэлчээр хомсдож буй тул суурин мал ахуйд шилжих бэлтгэлийг яаралтай хангах хэрэгтэй байгаа талаар мэргэжилтнүүд бас зөвлөв.
Азийн зарим оронд, тухайлбал, Энэтхэгт дунд сургуулийнхаа хөтөлбөрт дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гэсэн хичээл оруулсан байна. Байгалийн эрхшээлд дарлуулахаа мэдсэн улс орнууд энэ дайны утаанд дасан зохицох аргаа ийн хайж эхэлжээ.
Өнөөдөр /2007.11.16/
|