|
Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008 Чингэлтэй дүүргийн тойргууд
Шинэчлэгдсэн: 2007-11-27 11:15:49 УБ 2008 оны УИХ-ын сонгууль хаяанд иржээ. Төр түшилцэх эрхмээ ард түмэн та бид хэрхэн сонгохоос бидний амьдрал, цаашлаад улс орны хувь заяанд ихээхэн хамааралтай нь дамжиггүй билээ. Таны сонголтонд нэмэр болох үүднээс бид УИХ-ын тойргуудад хэн гэгч ямар эрхэм нэр дэвшихээр зэхээд байгааг дугаар бүртээ мэдээлэх болно.
Таны сонголт мэргэн байг.
“УРВАГЧ”-ДЫН ТОЙРОГТ АН-ЫН ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ ХҮЧ ҮЗНЭ
Өнгөрсөн сонгуулиар энэ тойрогт өнөөх 76 тойргийн 71, 72, 73-р тойрог багтаж байсан юм. Харин энэ удаа эдгээр гурван тойрог нэгдэж гурван мандаттай нэг том тойрог болох юм. 2004 оны сонгуулиар гол өрсөлдөөн МАХН, “Эх орон-Ардчилал” эвслийн хооронд болж “ах” намын Н.Содномдорж (Хөдөлмөрийн ДС-ийн захирал) 71-р тойрогт АН-ын молекул Б.Батбаяртай хүч үзсэн бол 72-р тойрогт МАСЭХ-ны тэргүүн Д.Алтай Эх орон МАШСН-ын дарга Б.Эрдэнэбатын туслах байсан Р.Эрдэнэбүрэнтэй өрсөлдсөн. Харин Эх орон МАШСН-аас нэр дэвшсэн Ц.Батаатай МЭХ-ны ерөнхийлөгч н.Эрдэнэчимэг өрсөлдсөн юм. 2004 оны сонгуулийн дүн гарахад эдгээр тойрогт Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшсэн Ц.Батаа, Р.Эрдэнэбүрэн, Батж.Батбаяр нар ялалт байгуулж УИХ-ын гишүүний тангараг өргөсөн юм. 2004 оны сонгуулийн үеэр Р.Эрдэнэбүрэн тойргоо сольсон МАХН-ын гишүүн Н.Содномдоржийн алдаан дээр тоглож амжилт олсон гэдэг. Мөн Симба Ц.Батаагийн хувьд өсөж төрсөн гэр хороолол Хайлааст хавийнхаа иргэдийн эрх ашгийг дээдлэнэ гэсэн уриатайгаар парламентын гишүүн болж байсан билээ.
Гэвч энэ гурваас өдгөө хоёр нь “урвагч” цолтой болжээ. Тухайлбал Эх орон МАШСНамын УИХ дахь төлөөлөл болж байсан Ц.Батаа Элбэгдоржийн засгийн газрыг унагах үед МАХН-д урвасан бол, удалгүй тус намын гишүүн Р.Эрдэнэбүрэн Женко Х.Баттулгын фракцид нэгдэж АН-ын “хүүхэд” болсон гэдэг. Энэ гурван гишүүний хувьд сонгогдсоноосоо хойш (Батж.Батбаяр цагаан сараар ахмадуудтайгаа уулзсныг эс тооцвол) тойрогтоо тэр бүр үзэгдээгүй гэнэ лээ. Зарим нь энэ гурвыг хүүхэд бүрт 10000 төгрөг өгнө гэсэн том амлалтын буянаар Парламентад хөл тавих аз тохиосон ч гэлцдэг юм. Харин тэр “аз”-аа өөр юманд ашиглаж үнэг хөөн улсын үнэтэй цайтай нисдэг тэрэг эвдсэн нөхөр ч энэ гурвын дунд бий. Бас болоогүй Ц.Батаа гишүүн өөрийгөө хохирогч болсон учраас тушаалыг нь биелүүлсэн нисгэгчдээс хохирлоо нэхэж “шогтсон” явдал ч гарсан. Энэ мэт явдал лав Ц.Батааг тойрогтоо нэр дэвшихэд нь саад болох байх. Харин Чингэлтэйн гуравын нэг болох Батж.Батбаяр хүүгээ НИТХ-ын нөхөн сонгуулиар “сойж” намынхаа эсрэг илгээж байсан гэмтэй билээ. Одоо энэ гурван гишүүнээс УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, молекул Батбаяр хоёр дахин нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэх бөгөөд тэдний хажуугаар намынх нь дарга Ц.Элбэгдорж нэр дэвшихээр болсон нь тэдэнд том цохилт болоод байгаа аж. Өнгөрсөн зун осолд орж азаар амьд үлдсэнийхээ дараа Ц.Элбэгдорж энэ тойрогт нэр дэвшихээ албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн билээ.
МАХН-ын хувьд энэ тойрогт Ц.Элбэгдоржийн эсрэг хүчтэй өрсөлдөгч тавих нь мэдээж. Зарим улс төр сонирхогчдын яриагаар МАХН энэ тойрогт намын нэр нөлөө бүхий хүн нэр дэвшүүлэх байх гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. Ингэснээр гурван мандатын нэгийг нь салгахгүй бол 2008 онд дахин ардчилалын гурван хүн эндээс ялагчаар тодрох магадтай.Тэгээд ч Чингэлтэй дүүрэгт Ху намаас олонд танил болсон хүн нэр дэвшиж байгаагүй бөгөөд гурван суудал сул алдах эмзэглэл бий. Хоёр ч байгууллагын санал асуулгаар АН-ын рейтинг МАХН-аас 110 гаруй хувиар илүү байгаа болохоор Ху намынхан хүчээ зөв хувиарлах нь тодорхой. Батж.Батбаярын хувьд “тойргийн сонгогчдынхоо итгэлийг алдахаараа өөр тойрогруу шилрэн зугатдаг, тойргоо сольдог арчаагүй занг “үзэн яддаг” гэдгээрээ хуучин бууриндаа нэр дэвших нь ойлгомжтой. Харин Р.Эрдэнэбүрэнгийн хувьд байдал тун бүрхэг байна. УИХ-ын архаг гишүүдийн адил тойрогтоо юм төдийлөн хөрөнгө салгаж чадаагүй түүний хувьд АН-ынхаа хоёр “акул” МАХН-аас нэр дэвших бас
нэг “алдартан” гурвын өрсөлдөөнд хэрчүүлэх “айдас” түүнийг дагах болно. МАХН-аас энэ тойрогт нэр дэвших хамгийн магад¬лалтай хүн бол МЭХ-ны тэргүүн н.Эрдэнэчимэг.
Түүний хувьд намаасаа тэнд өрсөлдөх босоо эрхтэй нэгэн билээ. Тэгээд ч эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд түлхүү оруулахын төлөө УИХ-ын сонгуулийн хуульд нэр дэвшигчдын 25 хувь нь эмэгтэй байна гэж чадах чинээгээрээ “хашгирсан” хүн бол Эрдэнэчимэг юм. Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэдэг утгаараа тойргийн эмэгтэй сонгогчдынхоо “эмзэг цэг”-ийг олж чадна гэж нам нь түүнийг үнэлдэг гэнэ лээ. МАХН дотроо аль нэг фракц энэ тэрд хуваарилагдаж сүйд болдоггүй, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарч чадах хүн гэдгээрээ түүнийг Ц.Элбэгдоржийн эсрэг ч зогсч чадах хүн гэж түүнийг намынхан нь үнэлдэг аж. Харин түүнийг дахин азгүйтэлд хүргэж болох нэг нэр дэвшигч бол гудамжны тэмцлээс намын төрхөнд ороод байгаа Иргэний хөдөлгөөний намын М.Ичинноров байх гэнэ. ИХ намын залуусын хувьд ирэх сонгуулиар Нийслэлийн төвийн зургаан тойрогт олонд танил болсон лидерүүдээ тавих болсны нэг илрэл нь ч М.Ичинноров ЧД-т нэр дэвших таамаглал гэнэ. Энэ тойрогт М.Ичинноровоос гадна ИХ намын Батбаяр, МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар, ИЗН-ын Лхагвадулам зэрэг дэл сул нөхдүүд нэр дэвших тандалт хийж байгаа аж.
Өглөө орой /2007.11.27/
|