|
Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008
Шинэчлэгдсэн: 2007-11-30 12:06:05 УБ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТОЙРОГ 2008 оны УИХ-ын сонгууль хаяанд иржээ. Төр түшилцэх эрхмээ ард түмэн та бид хэрхэн сонгохоос бидний амьдрал, цаашлаад улс орны хувь заяанд ихээхэн хамааралтай нь дамжиггүй билээ.
Таны сонголтонд нэмэр болох үүднээс бид УИХ-ын тойргуудад хэн гэгч ямар эрхэм нэр дэвшихээр зэхээд байгааг дугаар бүртээ мэдээлэх болно. Таны сонголт мэргэн байг. УИХ-ЫН ДАРГА Д.ИДЭВХТЭНГИЙН ӨӨДӨӨС О.МАГНАЙ ИЛГЭЭЖЭЭ Өмнө нь энэ дүүрэгт УИХ-ын сонгуулийн 61, 62-р тойргууд багтаж байсан. Тэр үүднээсээ ирэх сонгуулиар энд нэр дэвшсэн хүмүүс хоёр мандатад нэр дэвших болж байна. 2004 онд Хан-уул дүүргийн 62-р тойрогт МАХН-аас одоогийн УИХ-ын дарга Д.Идэвхтэн, “Эх орон-Ардчилал” эвслээс Эх орон МАШСН-ын Н.Чулуунбаатар нарын хооронд ширүүн өрсөлдөөн болж байсан юм. Үнэндээ МАХН болон Эх орон МАШСН-ын хоёр нарийн бичгийн даргын өрсөлдөөн болж байв Тэр хоёрын хэн нь ч ялалт байгуулах магадлалтай байсан бөгөөд хүмүүс хүүхдийн мөнгөний ачаар Б.Эрдэнэбатын намын нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатарыг сонгогдох байх гэж таамаглаж байсан ч сонгуулийн дүн гарах агшинд тухайн үедээ Ху намын генсек хэдхэн хүний саналаар парламентэд орох эрхээ авч байлаа.
Улстөрчид энэ хоёрыг сонгуулийн дараа ч тэмцэлдсээр байсан тухай ярьж байсан тухайлбал Ц.Элбэгдоржийн засгийн газрыг унаган МАХН-ынхан Эх орон намтай нийлж засаг байгуулах үед Н.Чулуунбаатар сайд болохоор нэр дэвшиж орж ирсэн ч МАХН-ынхан түүнд сөрөг кноп дарж байсан билээ. Тухайн үед Д.Идэвхтэнтэй өрсөлдөж хонь чоно болсныхоо горийг амссан ч гэдэг. Мөн Д.Идэвхтэн намынхандаа Н.Чулуунбаатарын эсрэг санал өгөхийг сануулсан гэх яриа ч явж байв. Харин үүнийх нь хариуд Н.Чулуунбаатар Д.Идэвхтэнг нүдний булай болгох өнөөх алдартай лицензийн тухай яриаг гаргасан гэж харддаг. Д.Идэвхтэн энэ тухай ёстой л барьц алдаж “амьдаа маань ийм юм хийсэн юм байгаа биз, би лав биш” гэж мэлзэж үзсэнээ сүүлдээ УИХ-ын гишүүн миний нэрийг ашиглаад Хөвсгөлд лиценз авсан байна гэж бүр онигоо болж байсан нь өнөөдөр түүх болон үлджээ. УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт нэр дэвшсэн хоёрын өрсөлдөөн ийн удаан үргэлжилсэн бол 62-р тойрогт нэр дэвшсэн хоёр ч мөн ширүүн тэмцэл өрнүүлж байсан юм.
2004 онд тэнд “Эх орон-Ардчилал” эвслээс төмөр хатагтай нэрээрээ олонд танигдсан Н.Дэлгэрмаа, МАХН-аас Увсад нэр дэвших нүүргүй болоод байсан нэр дэвшигч Н.Баяртсайхан нарын хооронд гол өрсөлдөөн болсон юм. Энэ хоёр өмнө нь энэ тойрогт нэр дэвшиж байгаагүй бөгөөд өөрсдийгөө таниулахын тулд хар, цагаан бүх Пи-Арыг хийсэн гэдэг. Н.Баяртсайханы хувьд энд ялалт байгуулж од шүүрээд зогсохгүй Сангийн сайд болж дэвшсэн азтай залуу билээ. Харин өдгөө тэрээр улсын мөнгийг үрэлгэн төсөвөөр цацахаар “Олдсон мөнгийг сайхан үрээд дуусагх хэрэгтэй” ухааны юм яриад явж байгаа аж. Түүний хувьд Хан-Уул дүүргийн засаг даргад ирэх сонгуулиар зайгаа тавьж өгөх сурагтай намын анхан шатны гишүүд нь ч Н.Баяртсайханы оронд Д.Загджавыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаа ч гэлцэнэ. Ирэх сонгуулиар томсгосон тойрогт энэ дөрвөөс хавьгүй илүү хүчтэй өрсөлдөгчид нэмэгдэж ирсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хан-Уул дүүрэгт МАХН-аас УИХ-ын дарга Д.Идэвхтэн, дүүргийн засаг дарга Д.Загджав, АН-аас Л.Дэлгэрмаа, П.Цагаан, ИЗН-аас ХЭГ-ын дарга О.Магнай (Түүний хувьд иргэний хөдөлгөөнөөс төрсөн залуу, зоригтой боловсон хүчин гэсэн имиджээ гол болгож байгаа гэсэн), Хүчитбаатар, Эх орон намаас Н.Чулуунбаатар, Батсуурь нар нэр дэвшихээр болоод байгаа гэнэ.
Харин сүүлийн үед рейтинг нь өссөөр байгаа Иргэний хөдөлгөөний намынхан бас нэг лидер болох Чимэдсүрэнгээ нэр дэвшүүлэх гэж байсан ч О.Магнайдаа “шавар хаах”-аас болгоомжилж сонгуулийн ажлыг нь зогсоосон сурагтай. Хан-Уул дүүргийн хувьд нэг онцлог байдаг нь хотоос100 гаруй км алслагдсан Багахангай дүүрэг харьяалагддаг болохоор хотод нэр дэвшсэн хүмүүсээс илүү зардал гаргадаг гэсэн судалгаа ч гарсан байдаг. Тэр ч үүднээсээ Багахангай дүүргийнхэнд танил болох гэсээр байтал сонгууль дуусчихдаг гэж өмнө нь 61-р тойрогт нэр дэвшиж байсан нэгэн өгүүлж байсан санагдана. Ямартай ч энэ тойрогт өмнөхөөс ширүүн тэмцэл өрнөхөөр “үнэртэж” байна.
Өглөө орой /2007.11.30/
|