|
Ирэх жилийн сонгуулийг 76 мандаттай нэг тойргоор явуулна
Шинэчлэгдсэн: 2007-12-04 12:37:07 УБ УИХ-д суудалтай намууд зөвшилцөн байж хоёр хүрэхгүй жилийн өмнө Парламентын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталж байв.
УИХ-ын 2008 оны сонгууль болоход долоо хүрэхгүй сар үлдээд буй. Тэгвэл энэ хууль дээлээ дахин солих бололтой. Хүнээр бол төрөл арилжжээ гэхэд болно. МАХН-ын дарга С.Баяр өнгөрөгч баасан гаригт АН-ын зөвлөлийн хуралд оролцохдоо сонгуулийн системийг ийн шуудруулжээ.
Сөрөг хүчин ч пропорциональ системийг сонгох МАХН-ын даргын саналыг уухайн тас шүүрэн авсан аж. Сонгуулийн хэлбэрийг үндсээр нь өөрчлөхийг ИЗН, ҮШН-ын төлөөлөл ч дэмжжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэнд төсөл санаачлагчид өчигдөр өргөн барилаа. Төсөл батлагдвал Монгол Улс 76 мандаттай нэг тойрог болно. Гадаадад байгаа монголчууд ч саналаа өгөх боломж бүрдэнэ.
Бие даагчид гурваас доошгүй аймаг, нийслэлийн 801 дэмжигчийн гарын үсэг цуглуулж чадвал өрсөлдөх эрхтэй, нийт сонгогчдын таваас дээш хувийн санал авсан нам УИХ-д суудалтай болох зэргээр сонгуулийн хуулийн гол агуулга өөрчлөгдөхөөр байна. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг томилсоны дараагаар Сонгуулийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлнэ гэж эх сурвалж өгүүлэв. Төсөл санаачлагчийн нэг, УИХ-ын гишүүн, доктор А.Цанжидтай ярилцлаа.
-Хоёр хүрэхгүй жилийн өмнө энэ хуульд өөрчлөлт оруулсан. Парламентын дараагийн сонгууль болоход долоо орчим сар дутуу байна. Гэнэтийн ийм алхам хийхэд хүргэсэн хүчин зүйл юу байв?
-Хүн бүр өөрсдийн тайлбарыг хэлэхийг үгүйсгэхгүй. Монголд явуулж байсан сонгуулийн тогтолцоо гажуудалтай байсаар ирсэн. Нэр дэвшихийн тулд нам болон тойрогт ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулдаг, зөвхөн нэр дэвшихийн тулд ажилладаг, төсвийн хөрөнгөөр баригдах барилга, байгууламжийг өөрийн хөрөнгөөр босгож байгаа мэтээр шав тавьдаг, тууз хайчилдаг байдал нэг хэсэгтээ хавтгайрсан. Ийм маягаар сонгууль хийсээр байх юм бол зөвхөн мөнгөтэй, шударга бус хүн сонгуульд ялдаг байдал бий болох сөрөг талтай байлаа. Ийм байдал үргэлжилсээр байвал төрийн хэрэгт асар их хортой. Үүнээс сэргийлэхийн тулд пропорциональ системийг сонгох нь зүйтэй гэсэн яриа хэдэн жилийн өмнөөс гарч байсан юм. Улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзээд, сонгуулийн одоогийн тогтолцоог зоригтой өөрчилъе гэснээр Парламентад суудалтай намууд тохиролцоонд хүрсэн. Шалтгаан нь ердөө энэ.
-Монгол Улсын ашигт малтмалын баялаг үндэстэн дамнасан хөрөнгөтнүүдийн сонирхлыг их татаж буй. Тэд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд Монголын сонгуулийн мажоритар системийн сул талыг ашиглахаар зэхэж байгаа тухай, хүсвэл тэд сонгуулийн нэг тойрогт 10 сая доллар хаяхад л Монголын төрийг худалдаж авах бололцоотой тухай зарим гишүүний ярихыг сонссон. Үүнээс сэргийлэхийн тулд л намууд пропорциональ хувилбараар тохирч чадсан. Ийм эрх ашгийн төлөө нэгдэхийг МАХН-ын дарга С.Баяр санал болгосон гэж сонссон юм байна.
-Пропорциональ системээр сонгууль явуулснаар ард түмний санал парламентын суудлын хуваарилалтад тусгалаа олдог. Энэ чанараараа үндэсний бодлогын асуудлаа тодорхойлох сайн талтай. Нэгэнт бодлогоо зөв тодорхойлсон байхад цаашдаа тогтвортой хэрэгжүүлэх магадлал өндөртэй. Төрийн машиныг гацаадаг өнөөгийн байдлыг хумихад тустай хувилбар юм.
Зарим улстөрчийн болгоомжлуулаад байгаа тэр зүйлийг бүрэн хаачихаж чадахгүй байх гэж бодож байна. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс нам байгуулаад тэр нь таван хувийн босго давахад л Парламентад суудал авах боломжтой.
-Сонгогчдын хувьд цоо шинэ тогтолцоог санал болгож байгаа аж. Ямар хэлбэрээр яаж санал өгөхийг эртнээс тайлбарлаж өгөх нь зөв байх?
-Пропорциональ системийн төрөл бүрийн хувилбараар европын ихэнх орон Парламентын сонгуулиа явуулдаг. Монгол Улс нэг тойрог болно. Аль нэг нам 100 хувийн санал авсан тохиолдолд УИХ-ын бүх суудлыг эзэлнэ. 50 хувийн дэмжлэгтэй байхад 76 суудлын 38-ыг авна гэсэн үг.
Нэр дэвшүүлж байгаа нам 76 хүнийхээ нэрийн жагсаалтыг гаргана. Өргөн барьсан төслөөр намын төлөө санал өгнө. Тухайн нам 50 хувийн санал авлаа гэхэд жагсаалтын эхэнд буй 38 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэсэн үг юм.
-Сонгогчдын саналыг гээдэггүй гэдгээрээ пропорциональ систем давуу талтай. Гэсэн хэдий ч Монголын улс төрийн намууд төлөвшиж, цэвэршиж чадаагүй. Ийм тохиолдолд нам 76 нэр дэвшигчийг жагсаах буюу санал болгох нь хэр оновчтой байх вэ. Нийгмийн өнөөгийн үнэлэмжээр намууд хамгийн бохир байгууллага болчихоод байдаг?
-Нам жагсаалтаа санал болгоно. Тийм учраас намд мөнгө хандивлагчид, удирдлагын тойрон хүрээлэгчид сонгогдох магадлалтайг би хувьдаа үгүйсгэхгүй байна.
Аливаа нам сонгуульд ялахын төлөө байдаг. Тэгэхээр намууд зөв бодлогын үүднээс нэр цэвэр, боломжтой гэсэн хүмүүсээ санал болгохыг эрмэлзэх байх. Пропорциональ системээр сонгууль явуулдаг зарим оронд залуучууд, эмэгтэйчүүд, үндэстний цөөнхөөсөө нэрсийн жагсаалтад оруулдаг тал бий. Энэ жишиг рүү намууд явах байх.
-Гадаадад байгаа монголчууд сонгуульд оролцох боломж илүү бүрдэнэ гэж үзжээ. Тэдэнд ямар давуу тал санал болгож байна вэ?
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд сонгуулийн аль тойрогт хамаарах вэ гэдэг нь одоогийн мөрдөж байгаа хуулиар тодорхойгүй байгаа. Улс нэг тойрог болохоор хаа байгаа газраасаа дэмжиж байгаа намынхаа төлөө саналаа өгөхөд л хангалттай. Үүгээрээ гадаадад байгаа монголчуудын саналаа өгөх боломж харьцангуй нээлтэй болох юм.
-Сонгогчдын таваас дээш хувийн санал авсан нам УИХ-д суудалтай болох нь. Хуулийн төслийг зөвхөн МАХН, АН-д зориуллаа гэсэн хардлага бий. Таван хувийн босгыг хэр олон нам давж чадах бол?
-Таван хувийн босго гэдэг бол нэг сая 200 мянган сонгогчийн 60 орчим мянган хүний саналтай тэнцэхээр байгаа. Нэг аймгийн л хүн амын тоотой тэнцүү байгаа биз. Ийм хэмжээний санал авч чадаагүй намыг бүх ард түмний төлөөлөл гэж үзэхэд хэцүү. Пропорциональ системээр сонгууль явуулдаг орнуудад 2-10 хувийн босго тогтоосон байдаг.
Сонгуулийн системийн хамгийн гол үр дүн нь түүний эцэст бий болсон парламент нь сонгогчдын хэдэн хувийг төлөөлж байна вэ гэдэг асуудал юм. УИХ-ын 1992 оны сонгуулиас хойших ээлжит сонгуулиудын дүнгээр сонгогчдын санал, парламентад авсан намуудын суудлын хооронд асар их зөрүү гардаг байсан нь олон нийт, судлаачдын гайхлыг төрүүлсээр ирсэн.
УИХ-д өчигдөр өргөн барьсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр 1992, 1996, 2000 оны сонгуулийг явуулсан бол ямар үр дүн гарах байсан талаарх судалгааны баримт байдаг юм байна. Дүнг графикаар үзүүлъе. Пропорциональ системээр сонгуулийг явуулж байсан бол сонгогчдоос хэдэн хувийн санал авсан нам УИХ-д хэдэн суудалтай байх байж вэ гэдэг зүй ёсоор сонирхол татна. Өргөн барьсан төсөл батлагдвал сонгуулийн үр дүнг графикт үзүүлэх аргачлалаар цаашид тооцох юм. УИХ-ын 1992 оны сонгуульд МАХН сонгогчдын 56.9 хувийн саналыг авсан ч Парламентын 76 суудлын 70-ыг нь буюу 92.1 хувийг дангаараа бүрдүүлж байжээ. Тухайн үед сонгуулийг /одоогийн өргөн барьсан төслөөр гэсэн үг/ пропорциональ системээр явуулсан бол МАХН УИХ-д 52 суудал л авах байв.
Өнөөдөр /2007.12.04/
|