|
Орос ном эргэн ирлээ
Шинэчлэгдсэн: 2007-12-07 11:30:52 УБ Хөгшин залуугүй нүдэнд нь шуналын гал бадарсан хүмүүсийн дунд байх тун таатай байлаа. Тэд орос номын үзэсгэлэнг сонирхон, эрдэмд шунаглаж буй нь тэр.
Оросын соёл шинжлэх ухааны төвд орос номын үзэсгэлэн гарч, сонирхсон хүмүүсийн хөл тасрахгүй байлаа. Энэ сарын 9 хүртэл үргэлжлэх эл арга хэмжээнд “Азбука”, “Олма-Пресс”, “Дрофа” зэрэг Оросын 10 гаруй хэвлэлийн компани оролцсон аж.
Тэд сүүлийн таван жилд хэвлэсэн урлаг, уран зохиол, шинжлэх ухаан, гэр ахуй, загвар, лавлах, хэл шинжлэл, танин мэдэхүй зэрэг бүхий л салбарыг хамарсан 4000 номоо дэлгэсэн байлаа. Зохион байгуулагчид “Энэ номын худалдаа биш зөвхөн үзэсгэлэн” хэмээн тайлбарлаж байв. Үзэсгэлэнгийн дараа эдгээр номыг манай боловсролын салбарт хандив болгон өгөх юм байна.
Орос номын үзэсгэлэн сүүлийн 20 жилд манайд гараагүй бөгөөд зохион байгуулагчид “Номоор дамжуулан хоёр улсын соёл, эдийн засгийн харилцаа тодорхой шатаар ахих боломжтой. Энэ нь соёлын салбарын цаашдын хамтын ажиллагааны эхлэл. Монголд орос номын худалдааг өргөжүүлэх талаар олон ажил хийх болно” хэмээн онцоллоо.
Дашрамд сонирхуулахад үзэсгэлэнг угтаад “Оросын сан”-гаас орос хэлний хэрэглээний түвшинг тодорхойлох судалгаа явуулжээ. Судалгааг 280 өрхөөс авсан гэнэ. Тэдний 13 хувь нь орос хэлийг бүрэн эзэмшсэн, 28 хувь нь огт мэдэхгүй, 21 хувь нь харилцааны түвшинд эзэмшсэн, үлдсэн 38 хувь нь муухан мэднэ гэж хариулсан байна.
Өнөөдөр /2007.12.07/
|