|
“Эрүүл мэнд ЭКСПО-2007” нээгдлээ
Шинэчлэгдсэн: 2007-12-08 14:42:53 УБ Мэдээлэл, технологийн үндэсний паркт “Эрин ЭКСПО” групп, эрүүл мэндийн портал сайт www.E-health.mn –тэй хамтран өчигдөр “Эрүүл мэнд экспо-2008” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Гуравдахь жилдээ болж буй үзэсгэлэнд эм үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг 20-иод байгууллага оролцсон.
Өмнөх жилийн үзэсгэлэнтэй харьцуулахад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл, шүд, чих сонсголын аппарат, нөхөн сэргээх эмчилгээний багаж төхөөрөмж нийлүүлдэг аж ахуйн нэгж, тарилгын шингэн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд идэвхтэй хамрагдав.
Үзэсгэлэнгийн зарим бүтээгдэхүүнээс сонирхуулахад, “Мед Биг Бен” ХХК-ийн жирэмсэн эхчүүдэд зориулсан төрөлтийн нэг удаагийн иж бүрдэл, “Гано эксель Монгол” компанийн Малайзаас оруулж ирсэн хорт бодис гадагшлуулах чадвартай ганодерма, лисюдиум мөөгний орцтой эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, хоёр литрээр савласан “Зулын тос”, “Вакцин” ХХК-ийн халдварт шар, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх вакцин тавигдсан байв.
Тус компани эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин он гаргаад оруулж ирэх юм байна. “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн энэ арга хэмжээнд иргэдийн хэрэглээнд нэвтрээд чанар нь танигдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортолдог байгууллага оролцож байгаа. Тийм болохоор бид эрүүл ахуйн талаас санаа зовохгүй байна” хэмээн зохион байгуулагчид хэлсэн. Үзэсгэлэн, худалдаа энэ сарын 6-нд өндөрлөнө.
Өнөөдөр /2007.12.08/
|