|
2007 онд дэлхийг цочоосон дуулиант 10 хэрэг
Шинэчлэгдсэн: 2007-12-28 13:31:13 УБ “TIMЕ” сэтгүүлээс жил бүрийн содон, дуулиант үйл явдлуудыг толилуулдаг уламжлалтай. Энэ удаа тэд оны хамгийн дуулиант 10 хэргийг ийн нэрлэснийг толилуулж байна.
1. Виржиниагийн Техникийн их сургуульд гарсан аллага
АНУ-ын Виржиниагийн Техникийн их сургууль дээр буун дуу гарч 32 оюутан амь үрэгдсэн билээ. Аймшигт аллагыг үйлдэгч нь солонгос үндэстэн Чо Сонг Ху гэгч байлаа. Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тэрбээр урьдчилан товлосон ёсоор галт зэвсэг хэрэглэн энэхүү зэрлэг хэргийг үйлдсэнээрээ Америк орныг түгшүүрт автуулж, галт зэвсэг эзэмших хуульд өөрчлөлт оруулах хэмжээнд хүргэв.
2. “Жена-6”-гийн хэрэг
АНУ-ын Жена хэмээх ахлах сургуулийн хар арьст зургаан сурагч нийлж цагаан арьст нэгэн хөвгүүнийг хүчирхийлэн зодсон явдал “Жена-6” хэмээх дуулиант хэргийн эхийг тавьсан юм. Тэдгээр залууст шүүхээс оноосон ялыг АНУ даяар арьс өнгөөр ялгаварласан явдал гэж үзээд эсэргүүцлийн марш өрнөсөн билээ. Цагаан арьст шүүгчид тэдгээр насанд хүрээгүй хүүхдүүдийг яллахдаа насанд хүрэгчидтэй адилтгасан нь орон даяар дуулиан тарьж, эцэст нь ялаа өөрчлөх шийдвэрт хүргэсэн юм.
3. Мадалейн Маккайн хаачив
Английн жуулчин Жерри Маккайн эхнэр Кэйт, гурван хүүхдийн хамт Португалийн амралт сувиллын газарт амарч байлаа. Тавдугаар сарын 3-ны шөнө, эхнэр, нөхөр хоёр хүүхдүүдээсээ түр хөндийрч хооллоод ирэх хооронд гурван настай Мадалейн охин нь алга болсон байсан юм. Охины алга болсны нууцыг одоо ч цагдаагийнхны тайлж чадаагүй байна. Дэвид Бэкхэм тэргүүтэй цуутай хүмүүс ч охиныг эрэхэд туслах хөдөлгөөн өрнүүлж эцэст нь олон улс дамнасан зэвсэгт дээрэмчид хулгайлсан байх гэсэн таамагт тулаад байлаа. Гэвч охиноо алга болсноос хойш нэлээд хэд хоногийн дараа эцэг, эх Маккейны түрээсэлж байсан машин дотроос алга болсон охины ул мөрийг мөрдөгчид олж чаджээ. Тэд одоо охины аав, ээжийг сэжигтнээр шалгаж эхэллээ.
4. Глазкоу хотын нисэх буудал руу хийсэн дайралт
Глазкоу хотын нисэх онгоцны буудал руу жийп машин хөлөглөсөн хоёр этгээд халдан бөмбөг дэлбэлэхийг завдсан юм. Тэдний нэг нь түлэгдэлтээс болж нас барсан агаад нөгөөх нь Англид төрсөн араб гаралтай доктор хүн байжээ. Тэд Лондон хотын төвд машинд суурилуулсан бөмбөг дэлбэлэхээр төлөвлөсөн байсан гэдэг. Өрнөдөд исламын уур хилэнг мэдрүүлэх гэж энэ хэргийг үйлдсэн хэмээн мэргэжилтнүүд тайлбарласан.
5. Ирак дахь авлигын хэрэг
Америкийн армийн хошууч Жон Кокерхам Иракийн дайны дараа 9.6 сая ам.долларын авлига авсан гэх дуулиан гарч ирлээ. Тэрбээр арабын хууль бус бүлэглэлүүдтэй их хэмжээний мөнгө угаах гэрээг дээрх авлигыг авснаар Кувейтэд хийсэн гэдэг. Түүний эхнэр, дүү нарыг ч мөн хэрэгт хамаатай хэмээн АНУ-ын засаг захиргаа буруутган шалгасаар байна.
6. Хятад дахь боолчлол
Өнгөрсөн зургадугаар сард Хойт Хятадын бүсэд боолын хөдөлмөр эрхэлж байсан олон зуун хүнийг илрүүлж чөлөөлжээ. Тэднийг хулгайлах, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх замаар, хууль бус үйл ажиллагаа явуулдаг тоосгон зуухны хүнд хөдөлмөрт нухалж байсан байна. Маш хэрцгий аргаар албадан хөдөлмөрлүүлж байснаас хэдэн арван хүн нас барж, зодуур даалгүй өөд болсон хүн ч гарчээ. Ийн боолчилж байсан гол хүнийг орон нутгийн коммунист намын томоохон албан тушаалтан байсан гэдгийг чөлөөлөгдсөн боолчууд шүүхэд мэдүүлжээ.
7. Нью-Жерсигийн цааз
Нью-Жерси мужийн Нью-Уоркийн их сургуульд салдаггүй дөрвөн найзын гурав нь элсэн оржээ. Үлдсэн найз нь ойрын хугацаанд тэдэнтэйгээ нийлэхээр төлөвлөсөн нь ёсоор болж тус сургуульд тэдний бүлэг бүрджээ. Ингээд тэдний хүчирхийлэл эхэлсэн агаад өөрсдийн цуврал цаазын ялыг хэрэгжүүлэхээ зарлаж нэг оюутныг буудан алсан юм.
Энэ нь хотын захирагч Кори Боокерын гэмт хэргийг бууруулна гэсэн сонгуулийн амлалттай нь тэрсэлж, хотыг айдаст автуулсан билээ.
8. Хүчтэний хилэн
Дэлхийн мэргэжлийн бөхийн од болсон тамирчин Крис Венойт саяхан өөрийн эхнэр болон долоон настай хүүдээ тайвшруулах эмийг хэт их дозоор өгснийхөө дараа хоолойг нь боож хөнөөгөөд өөрийгөө дүүжилсэн билээ. Түүний цогцост хийсэн шинжилгээгээр Крис Венойт мансууруулах бодис хэт их хэрэглэсэн байсныг тогтоосон юм.
9. О.J Дахиад баривчлагдлаа
Үнэн гэж үү! O.J дахиад баривчлагдлаа. Америкчуудын бахархал байсан энэ од өмнө нь эхнэрээ хөнөөсөн хэрэгт мөн сэжиглэгдэж байсан билээ. Гэтэл тэр нийгмийг замбараагүй байдалд өдөөн турхирсан гэх үндэслэлээр дахин баривчлагдлаа. Түүнийг дээрэм, хүний хулгай болон зэвсгийн наймаанд буруутгаж байгаа юм.
10. Хүүгийнхээ өвийг булаагч
Нью-Йорк хотын хүндтэй иргэн Брүүк Астор алцейгемерийн өвчнөөр энэ онд 105 насандаа таалал төгссөн билээ. Түүний дараахан газар дээрх ганц хүү Антони Маршаллыг нь ээжийнхээ өв хөрөнгийг хуурамч материал бүрдүүлж хулгай хийж, луйвардах замаар өөрийн болгосон гэсэн зэмд унагасан нь Америкт дуулиан тарилаа. Уг нь Астор өөрийн ачхүүд хөрөнгөө гэрээсэлсэн байжээ.
Өнөөдөр /2007.12.28/
|