|
Хонгорын дуулианаар айдаст автсан өдрүүд
Шинэчлэгдсэн: 2007-12-29 15:42:33 УБ Эрүүл мэндийн салбарт энэ жил 160 орчим тэрбум төгрөг зарцуулсан нь урьд өмнө байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт болов. Энэ нь өнгөрсөн оныхоос 3.2 дахин өссөн үзүүлэлт юм. П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийг түшиглэн орчин үеийн иж бүрэн Эмчилгээ, оношлогооны төв байгууллаа.
Бүх төрлийн дүрс оношлогоо, рентген, бактериологийн шинжилгээ хийх чадалтай энэ лабораторийг нээж ардын эмч Ж.Хайрулла “Хөлнөөс нь толгой хүртэл оношилдог боллоо” гэж хэлснийг он солигдох мөчид онцолъё. Ингэснээр оношлогоо хийлгэх гэж хилийн дээс алхдаг байсан их нүүдлийг хязгаарлах, үүнд жилд зарцуулж байсан 50 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдлээ.
Мөн Хавдар судлал болон Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг клиникийн эмнэлгийн эмчилгээ, оношлогооны зарим тоног төхөөрөмжийг шинэчилснийг санаж байна. Энэ ажилд дөрвөн тэрбум орчим төгрөг зарцуулжээ.
Улаанбаатар хот улирч буй онд ололт амжилт, алдаа дутагдлаар дүүрэн байв. Нийслэлийг хог новшноос нь салгахаар олон ажил хийсний хамгийн үр дүнтэй нь дүүрэг бүрт байгуулсан Хог хаягдлын сан. Өр, ширтэй бий болсон энэ байгууллагыг хөл дээр нь босгох гэж нэлээд тэмцсэний дүнд одоо төвийн зургаан дүүргийн Хог хаягдлын сан өрнөөсөө бүрэн ангижирчээ.
Амгалан тайван орчинд амьдрахад гэрэл гэгээ юунаас ч чухал. 2007 оныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэрэлтүүлэгтэй болох жил болгон зарласнаар 6000 гаруй байсан гэрэлтүүлэг 15000 орчимд хүрчээ. Түүнчлэн урьд өмнө байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж Улаанбаатар хотын замыг шинэчлэв. Мөн БНСУ-ын хөрөнгө оруулалтаар IV цахилгаан станцаас дутахааргүй Дулааны цахилгаан станц барихаар боллоо. Засгийн газраас Ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан шинээр 50 мянган орчим ажлын байр бий болгож, 40 мянган гаруй хүнийг ажлаар хангажээ. Тэдний дийлэнх нь нийгмийн даатгалд хамрагдаж чадсан байна. 40 мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээлийг ирэх оны нэгдүгээр сараас олгож эхлэхээр болов.
Агаарын бохирдлыг бууруулахаар энэ онд дөрөв орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр агаарын бохирдлыг 30 орчим хувь бууруулна гэсэн ч бодит үнэнээс хол зөрөв. Өдрөөс өдөрт өтгөрч буй утаан дунд улаанбаатарчууд өлмийгөө ч харж чадахааргүй болсон. Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөгөөр 24 тэрбум төгрөг зарцуулбал Улаанбаатар цэвэрших ёстой гэсэн судалгаа бий. Энэ жилийн улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөг төсөвлөжээ. 2008 онд цэвэр агаараар нийслэлчүүд амьсгалах найдвар төрж буй.
Түүнчлэн ирэх онд Улаанбаатар хотын төсөв 120 гаруй тэрбум төгрөгт хүрч өслөө.
2007 он өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал жагсаал цуглаан харьцангуй бага, нийгмийн бухимдалыг төр, засгаас намжаахыг эрмэлзсэн жил байлаа. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод хохирлын тал хувийг нь олгох арга хэмжээ хэрэгжиж эхлэв. Цалин, тэтгэврийг хоёронтоо нэмэв. Харин химийн хорт бодисын аюул заналд монголчууд өртөхөд ойрхон болсон SOS-ын жил байлаа. Хонгор сумын дуулиан энэ оны хамгийн шуугиант үйл явдал. Экологийн сүйрлийн дуудлага энэ мэтээр цаашид ч нийгмийг цочроох бололтой.
Өнөөдөр /2007.12.29/
|