|
Спиртийн хууль бус үйлдвэр илрүүлэв
Шинэчлэгдсэн: 2008-01-07 12:55:12 УБ Гэрэл цахилгаангүй, халаалтгүй, шороо тоос бужигнасан, балгас болсон байшинд спиртийн хууль бус үйлдвэрлэл эрхэлж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд өчигдөр илрүүлэв.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, “Өнчин цагаан” гэж нэрлэдэг байшингийн зүүн талын том хашаанд байх хаягдмал гэмээр хоёр давхар байранд дээрх үйлдвэрийг ажиллуулж байжээ.
Энэ байшинг “Уураг Алтай” компанийн үйлдвэр гэж цагдаагийнхан хэлэв. Спирт үйлдвэрлэдэг байсан тус компанийн үйл ажиллагааг хоёр жилийн өмнө зогсоосон юм байна. Үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж нь хэвээр үлдсэн аж. Түүнийг ашиглан тус компанид ажиллаж байсан хүмүүс хууль бус үйлдвэрлэл эрхэлж байжээ. Биднийг 14.00 цагийн үед очиход цагдаагийнхан тэдний үйлдвэрлэсэн спиртийг олсон байв. Манаачийн байрны доод давхарт худалдахад бэлтгэсэн 200 литрийн хуванцар савтай спирт байжээ. Хүн ойртохын аргагүй үнэртэй юм.
Байшингийн гадна 10-25 литрийн хуванцар савнуудад спирт савласан, хажууд нь архины шилний бөглөө, шошго шуудай дүүрэн харагдав. 14 хүний амь насанд хүрээд байгаа “Азийн чоно” компанитай нэр холбогдсон “Морьт хангай” архины шошго ч байсан. Спиртийн наймаачдын мөрөөр явсаар энэ үйлдвэрийг илрүүлсэн тухайгаа цагдаагийнхан өгүүлэв. Спирт нэрдэг байсан байшин, тогоо энэ тэрийг үзэхэд эрүүл ахуйн талаар ярих ч юм биш. Удаан зогсвол үнэрт нь мансуурч толгой эргэж мэдэхээр юм билээ. Энэ үйлдвэрийг ямар хүмүүс эрхэлж байсан талаар цагдаагийнхан тодорхой мэдээлэхээс татгалзав.
Гурван хүний биеийн байдал хүнд байна
Хордлогын яаралтай тусламжийн төвд метилийн спиртэд хордсон 23 хүн эмчлүүлж байна. Эдний гурвынх нь бие хүнд байгаа гэнэ. Багануурт байдал намжсан тухай тус дүүрэгт ажиллаад ирсэн С.Юндэн эмч өгүүлэв. Тэрбээр “Хөнгөн өвчтөнөө үлдээгээд хүндийг нь Хордлогын яаралтай тусламжийн төвд авчирсан. Хотод эмчлүүлж байгаа хүмүүсийг үзээд гайгүйг нь өнөөдрөөс гаргана. Хордлого тайлах эмчилгээнээс гадна гурван хүнд диализийн эмчилгээ хийлээ” гэв.
“Азийн чоно”-ын архи Увсад хүрчээ
Увс аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар 100 литр спирт, 51429 шил архи худалдаалахыг түр хориглон битүүмжилжээ. Түүнээс гадна улсын хилээр хууль бусаар хятад спирт, шар айраг оруулж ирсэн гурван иргэнийг саатуулсан аж. Цагдаагийн ажилтнуудын хураасан 2574 шил архинаас “Азийн чоно” компанид үйлдвэрлэсэн “Тансаг”, “Улаанбаатар сархад”, “Морьт хангай”, “Нүнжиг” зэрэг архи 891 шил илэрчээ.
Өнөөдөр /2008.01.07/
|