|
Ирак руу IX ээлжийн алба хаагчид мордоно
Шинэчлэгдсэн: 2008-01-07 13:12:14 УБ Ирак дахь дайны дараах гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах олон улсын хүмүүнлэгийн үйлсэд манай улс оролцсноос хойш эдүгээ найман ээлжээр 800 гаруй хүн оролцуулаад байгаа.
Манай улсын цэргийн багийнхан өнгөрсөн хугацаанд “Чарли” болон “Эко” хэмээх олон улсын цэргийн хоёр ч баазын харуул хамгаалалтыг хариуцан үүргээ амжилттай биелүүлж амиа золиослогчдын халдлага дайралтыг таслан зогсоож байсан.
Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн жилийн дундуур VIII ээлжийн цэргийн багийг илгээхгүй гэж байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш хүсэлт тавьснаар өнгөрсөн долдугаар сард тус ээлжийг илгээсэн билээ. Түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч дараачийн ээлжийн асуудал яригдаж эхэлсэн өнгөрсөн оны сүүлчээр Ж.Буш дахин хүсэлт тавьж манай улсын ҮАБЗ, Засгийн газарт зөвшилцсөний үндсэн дээр Иракт IX ээлжийг илгээх болсон юм.
Энэ удаа цэргийн 100 алба хаагч өмнө нь тус улсад V ээлжийн цэргийн багийг захиран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Р.Эрдэнэбилэгийн удирдлага дор үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордож буй юм. Тэд өнгөрсөн бямба гаригт жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв. Манай цэргийн багт хилийн цэрэг, дотоодын цэрэг, тагнуул, Зэвсэгт хүчний зэрэг 30 анги салбараас цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд 42.5 хувь нь өмнө нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд туршлагатай 60 гаруй хувь нь англи хэлний мэдлэгтэй залуус байгаа юм.
АНУ энэ оны наймдугаар сараас Иракаас цэргийн багаа гаргана гэсэн мэдээлэл байгаа бөгөөд манай улс ч X ээлжийг илгээхгүй байх гэсэн яриа энэ үеэр Батлан хамгаалах яам, ЗХЖШ хавиас дуулдаж байсан.
IX ээлжийн цэргийн багийнхан өнөөдөр эх орноосоо мордоно.
Өнөөдөр /2008.01.07/
|