|
УИХ-ын дарга асан Нямдорж, Дэд бүтцийн сайд асан Жигжид нар амьдаар дуулж архигүй найрыг хөгжөөлөө
Шинэчлэгдсэн: 2008-01-09 12:24:19 УБ Сангийн сайдын алба хашиж байгаа хэнийг ч болов монгол улсын эрдэнэсийн сангийн даамал эрх мэдэлтэй нэгэн гэсэн ойлголт хаант засгаас өдгөө хүртэл хэдэн үеийг дамжин хуучрахгүй явсаар ирсэн.
Нэгэнтээ зах зээлийн ороо бусгаа үед Монгол улсын эл том яамыг толгойлж явсан Сангийн сайд асан Э.Бямбажавыг хүн бүхэн ялангуяа монголын санхүүчид бүр сайн мэдэх. Жасрай агсны засгийн газарт энэ албыг хашиж явсан түүнийг ОХУ-д төлех их өрийн асуудлыг тэглэх их ажлын гарааг эхлүүлж байсны дээр Монгол улсын газар шорооноос, газрын баялгаас татвар авах тухай хэний ч толгойд ороогүй. байсныг анхлан Э.Бямбажав сайдаар ахлуулсан ажлын хэсэг эхлэн сэдэж улмаар 1991оноос эхлэн Эрдэнэт хэмээх их айлын газрын баялагаас олсон ашгаасаа улсад татвар төлдөг болгосноор өдгөө Монгол улсын нийт төсвийн 80 хувийг бүрдүүлдэг болсон, Итали улсад Монгол улсаас төлөх өрийг ч гэсэн тэглэх их ажлыг хийсэн тэрээр Монгол улсын санхүүгийн их тогоонд, эдийн засгийн хегжилд хийсэн ажилтай гишгэх мөртэй нэгэн.
Тэрээр оны өмнөхөн Монгол улсын гавьяат эдийн засагч хэмээх хүндтэй цол хүртсэн бөгөөд өчигдөрхөн цолны хүндэтгэлийн найраа “Зүчи палас”-т хийлээ. Хаа сайгүй үргэлж болж байдаг олон найр наадмаас ангид гэмээр найрын хамгийн онцлог зүйл нь Монголд анх удаа архигүй найр болж байгаад байв. Учир нь хоёр оны зааг дээр цагтаа идээний дээж хэмээн хүндлэн дээж болгон хүртдэг байсан сархад гээчийн сайнгүй араншингаас болж олон хүм амь насаа алдан хордон өдгөө бүр гамшигийн хэмжээнд хүрч тэр ч бүү хэл дэлхий даяар мэдээлэл цацагдаж хэн хүний сэтгэл сэртхийлгэсэн явдлаас үүдэлтэй. Гэхдээ юм л бол архи сархад сөгнөн үүнгүй бол бүх ажил бүтэхгүй бараг л дэлхий хөмөрчих юм шиг санан сүүлдээ сархдандаа живж эхлээд байсан монголчуудад энэ удаагийн архигүй найр үнэхээр сюрприз болж чадлаа.
Монгол улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн Э.Бямбажавын эл цолны мялаалгын найранд Монгол улсын Засгийн газрын үе үеийн төлөөлөл, банк санхүүгийн талын бүхий л үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөллүүд нутаг усны ах дүү хамаатан садан анд нөхдийн гээд маш олон зочидтой байсан бөгөөд бараг монголын бүхий л салбарын санхүүг авч явсных нь хүндэтгэл гэмээр баярлаж талархсан сэтгэлийн үг мэндчилгээ бэлэг дурсгалын цуваа найрын ихэнх цагийг эзэлсэн нь яах аргагүй гавьяатай гавьяат гэдгийг нь үнэлсэн үнэлэлт байлаа. Үг хэлсэн хүн бүхэн архигүй найрын сайхныг магтан хойшид ч үүнийг уламжлал болгон бүр Засгийн газрын хуралдаанд хүртэл архигүй найр хийх тухай санал оруулна гэсэн хошин амлалтууд ч төрийн их түшээдийн амнаас алдуурч байсан. “Нэгэнтээ төрийг удирдаж байсан их удирдагч Ю.Цэдэнбалын тегссөн Иркутск хотын улс ардын аж ахуйн их сургуулийг дүүргэсэн хэн боловч монголын санхүүгийн их үйлсэд том хувь нэмэр оруулдаг түүгээр үл барам санхүүгийн сайд ч болох боломжтой.
Энэ сургуулиас Монгол улсын есөн сайд төрсөн. Сангийн сайд асан Э.Бямбажав, Баяртсайхан одоо эл ажлыг хийж байгаа би хүртэл тэр сургуулийг төгссөн юм шүү хэмээн хальтхан сургууль бас өөрийгөө рекламдаад авсан Улаан сайдын үгийг зочид их л хөгжин хүлээн авсан юм. Энэ найрын бас нэгэн сюрприз нь Дэд бүтцийн сайд асан Жигжид, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар бие биенээсээ өрсөлдөн хэр сайн дуучин болохоо харуула.ад авсан. Жигжид гуай шинэ оны өмнөхөн “Амьдралаа гэж” нэртэй хуучин цагийн мартагдсан сайхан дуунуудыг дуулан СD хүртэл гаргаснаа зарлан ямар ч гавьяат дуучнаас дутахгүй дуулан бүр дахиулж байсныг энд дурдах нь зүйн хэрэг. Ажилдаа ч, амандаа ч баргийн хүнд мөчөө өгдөггүй УИХ-ын дарга асан Ц.Нямдорж ч гэсэн Жийгээ сайдаас юугаараа дутах юм бэ, би ч гэсэн тусгайлан ая бичүүлэн дуулахаар ирлээ хэмээн өөрөө зарлан Дуурийн дуучин Ганбат агсны “Аав минь” дуугаар ая барьж дажгүй дуучин гэдгээ батлаад авлаа.
Харин хаа ч очсон “Хөөрхөн борлог”-оо дуулдаг Баянаа аварга “Чонын авд яваад ханиадтай л ирсэн. Түүнээс биш “Хөөрхөн борлог”-оо дуулмаар л байна. Гэхдээ улс төрчдөес дутах юун Дэжинбээтэйгээ дуулна” гэсээр “Зүрхний уяа” дууг хослон дуулж Жавхлан Баясгалан хоёрыг ажилгүй болгохоо шахав. Энэ мэтчилэн Увс нутгийнхны дуун түрлэг архийг орлон олныг хөгжөөсен энэ найран дээр Увсчууд аргагүй хүчирхэг нутгархаг гэдгээ харуулж чадлаа. Дуутай хууртай хөлтэй хөөртэй эл найр архигүйгээрээ монголын улаан номд орсон ч төрийн түшээдийн амласан ёсоор уламжлал болох эсэх нь юу л бол.
Монголчуудын амьдрал /2008.01.09/
|