|
Билл Клинтон: Хиллари агуу Ерөнхийлөгч болно
Шинэчлэгдсэн: 2008-01-14 10:55:37 УБ АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаа явагдаж байна. Өнгөрсөн пүрэв гаригийг экс Ерөнхийлөгч Билл Клинтон Айовад өнгөрүүлсэн.
Тус мужид болсон санал асуулгаар Хиллари олны дэмжлэгийг авч чадаагүй тул Биллийн царай ихэд баргар байжээ. Харин уржигдар Нью-Хэмпширт болсон санал асуулгын дүн гарсны дараа ихэд баяртай байжээ. Тэрбээр инээмсэглэж олон түмэнтэй мэндчилж, хүмүүсийн тавьсан асуулт болгонд хариулж байв. “Ноён Ерөнхийлөгч өө, Айова нь Нью-Хэмпширээс ямар ялгаатай байв?” гэсэн асуултад “Хиллари огт өөр байсан. Тэр үнэхээр гайхалтай байлаа. Айовагийн дараа тэр зөв шийдвэр гаргасан” хэмээн хариулав. Ингээд түүний “Corriere della Sierra”-д өгсөн ярилцлагыг сонирхуулъя.
-Айова мужид Хиллари ялагдал хүлээсэн шалтгааны талаар ямар бодолтой байна?
-Бид үнэхээр сэтгэл их зовж байжээ. Энэ алдааг засах цаг хугацаа байхгүй гэж бодож байлаа. Хэвлэл мэдээлэл тэр орой хүчний тэнцвэртэй байдлыг харгалзан үзэлгүйгээр өрсөлдөгчийг нь илүү дэмжиж байсан тухай би одоо энд яримааргүй байна. Хиллариг дөрвөн саналаар илүү байхад телевизийнхэн өрсөлдөгчдийн санал тэнцүү байна хэмээн ярьж байсныг та анзаарсан уу? Биднийг Нью-Хэмпширт ирэнгүүт уур амьсгал огт өөр байна гэдэг мэдрэгдсэн. Авсан саналын дүн бодит байдалтай нийцэхгүй байгаа нь ч мэдрэгдсэн л дээ. Сүүлийн хоёр хоногт Хилларитай уулзахаар хичнээн их хүн ирснийг та төсөөлж ч чадахгүй. Бүгд л бууж өгч болохгүй, урагш давших хэрэгтэй гэж байсан. Нью-Йорк, Арканзас, Калифорниос биднийг дэмжихээр ирсэн найз нарт маань ер бусын зүйл тохиолдсон.
-Өнгөрсөн бямба гаригт болсон халз мэтгэлцээн бол маш чухал үйл явдал байсан л даа?
-Энэ бол шийдвэрлэх мөч байсан. Хиллари үнэхээр мундаг байж, тулгамдаж буй бодит асуудлыг хөндөж түүнээс гарах тодорхой хөтөлбөр, арга замыг санал болгосон. Тиймээс ч хүмүүс нэр дэвшигчдийг илүү сайн судалж, хүнд асуулт тавьж, сэтгэлийн хөөрөлд авталгүйгээр дүгнэлт хийлээ. 1992 онд надад яг ийм явдал тохиолдсон. Нью-Кэмпшир бол ер бусын газар. Би эндхийн хүмүүст дуртай. Баярлалаа.
-Таны эхнэрийн Нью-Кэмпширт байгуулсан ялалтыг “underdog” гэдэг. Өөрөөр хэлэх юм бол ард хоцорч байснаа гэнэт урагшилж, ялалт байгуулдаг. Та энэ байдлыг ашигласан уу?
-Би танд нэг л зүйлийг хэлье. Энэ өдрүүдэд Нью-Хэмпширийн олон эмэгтэйчүүд , Америкийн бүх бүсгүйн адил өөрсдийгөө ялагч гэдгээ мэдэрсэн. Хилларигийн тухай янз бүрийн тайлбар хийсний дараа ялсан шүү дээ. Эмэгтэйчүүдийн 46 хувь нь Хилларигийн төлөө саналаа өгснийг та харсан. Энэ бол үнэхээр гайхалтай. Айова мужид энэ үзүүлэлт 30:35-ын харьцаатай байсан. Эмэгтэйчүүдийн 35 хувь Обамагийн төлөө саналаа өгсөн.
-Эхнэр тань “Би дахин хүч орлоо” гэсэн шүү дээ...
-Тиймээ, тэр тэмцэх хүч чадалтай болсон. Энэ бол Ерөнхийлөгч болж буй үйл явц юм. Та надад итгээрэй, Хиллари агуу Ерөнхийлөгч болно.
|