|
“Эрдэнэт” үйлдвэрийн 200-гаад ажилчинд сонсголын дижитал аппарат олгохоор болжээ
Шинэчлэгдсэн: 2008-01-15 11:37:57 УБ Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын энэ оны урьдчилан сэргийлэх үзлэг саяхан болжээ.
Уг үзлэгээр 200-гаад хүн “сонсголын бууралттай” хэмээх оношоор эмчийн хяналтад бүртгэгдсэн байна.
Иймээс “Эрдэнэт” үйлдвэрийн Эмнэлэг, сувиллын албанаас үйлдвэрийн болон ахуйн нөхцөлөөс шалтгаалж сонсголын бэрхшээлтэй болсон ажилчдын эхний 27 хүнд Дани улсын “WIDEX” фирмийн сонсголын хамгийн сүүлийн үеийн дижитал аппарат олгожээ. “Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа, “Мон-Анир” компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу олгож байгаа 640-800 мянган төгрөгийн үнэ бүхий эл аппаратыг “ГОК” үйлдвэр 70-80 хувийн хөнгөлөлттэйгөөр олгож байгаа гэнэ.
Үнийн дүнгийн үлдэх хувийг сар бүрийн цалингаас нь хагас жилийн хугацаанд суутгах юм байна. Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад уул, уурхай, хүнд үйлдвэрт ажиллагсдад зориулсан тусгай зориулалтын тохируулга, дуу намсгуур бүхий чихэвч байдаг хэмээдэг. Харин “Эрдэнэт” үйлдвэрт үүнийг ашигладаг эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй юм. Монгол Улсын жилийн төсвийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг зургаан мянга гаруй ажилтан, ажиллагсадтай “Эрдэнэт” үйлдвэрийн гол баялаг нь зэс молибден, оюу мөн боловч эрдэнэт хүний эрүүл мэндийг муутгаж байгаа үйлдвэрийн их дуу чимээнээс урьдчилан сэргийлэх нь юунаас ч чухал биз ээ. Өндөр цалинтай ажил алба хашдаг ч насан туршийн гэмтэл согогтой болчихвол иргэдэд ч бэрхшээлтэй байх нь ойлгомжтой.
Л.Батцэнгэл
/2007.01.15
|