|
Асашёорюү өвдөг шороодлоо
Шинэчлэгдсэн: 2008-01-15 13:04:10 УБ Мэргэжлийн сумогийн Хацү башё хоёр дахь өдрийн барилдаанаар үргэлжлэв. Энэ өдөр их аварга Асашёорюү Д.Дагвадорж өвдөг шороодож, үзэгчдээс олбогны амт авлаа.
Тэрбээр залуу бөх Кисэносатод окуритаоши мэхээр дийлдсэн. Золгоон дээрээс хараахан барьц авч чадаагүй их аварга толгойг нь уургалах гэсэн боловч барьцаа алдан зүүн жигүүрийн тэргүүн сумочийг ардаа гаргасан юм. Ийнхүү ямар ч хариу үйлдэл хийж чадалгүй дэвжээнээ түлхэгдэн гарч, эхний ялагдлаа хүлээлээ. Хоёр башё барилдаагүй тэрбээр унасан ч их л хүлцэнгүй үзэгчид дундаас гарч одов. Харин Кисэносато бооцооны мөнгөө атган бууж харагдасан.
Түүний өмнө мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал дэвжээнээ гарч барилдсан юм. Хакухо аваргын хувьд нутгийн сумоч Токитэнкү А.Хүчитбаатартай оноолт таарч, хялбархан даваа авав. Ингэснээр залуу аварга хоёр даваатай тэмцээнээ үргэлжлүүлэх боллоо. Түүнчлэн энэ өдрийн барилдаанд Монголын сумочдоос гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням Солонгосын бөх Касугаог унагаж, хоёр дахь ялалтаа байгуулсан бол Какүрюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням нар мөн л өрсөлдөгчдөө өвдөг шороодуулсан юм. Харин сэкивакэ цолтой зодоглож буй Ама Д.Бямбадорж Гоэйдотой хийсэн эхний барилдаанд хайнцан ахин өрсөлдөхөд, илүүрхэн шидсэн. Ингээд арслан цолны төлөө хүч үзэж буй Ама Хацү башёгийн эхний даваагаа авсан юм.
Дээд зиндаанд барилдаж байгаа эдгээр бөхчүүдээс гадна жүрёод зодоглож байгаа монгол залуус амжилттай барилдаж байна. Өчигдрийн тэмцээнд жүрёо зиндааны тэргүүн бөх Корюү Э.Мөнх-Оргил, энэ зиндааны хоёрт эрэмбэлэгдсэн Рюүо Э.Санчирболдтой оноолт тааран барилдаж, туршлагатай сумоч Рюүогийн ялалтаар өндөрлөжээ. Дээд зиндаанд зодоглож үзсэн Э.Санчирболдын хувьд Хацү башёд амжилттай барилдаж чадвал ахин макүүчид орох боломж бий. Мөн Хошихикари Д.Лхагва, Хакуба А.Өнөржаргал нар учраа бөхчүүдээ давсан бол Моконами Г.Базарсад нэг ялагдалтай явж байна.
Башёгийн гурав дахь өдөр буюу өнөөдрийн барилдаанд Кёкүтэнхо-Вакакирин, Какүрюү-Ваканохо, Асасэкирюү-Баруто, Ама-Котоошюү, Асашёорюү-Токитэнкү, Хакухо-Тоёоношима нар барилдахаар оноолт таарчээ.
/2008.01.15/
|