|
Н.Саркози Карлагаа, С.Баяр хэнийгээ дагуулж явах вэ?
Шинэчлэгдсэн: 2008-01-16 11:09:01 УБ Засаглалын тэргүүн хүний хувьд сайн удирдагч, шилдэг менежер байхаас гадна дагуулаад явах эхнэртэй байх ёстой.
Тэр эхнэр нь өндөр гуалиг байна уу, ухаалаг мэдлэгтэй байна уу эсвэл жин нэмж яваа, боловсролтой эсэх нь огтхон ч хамаагүй. Ямар ч байсан тэргүүн хатагтай гэсэн нэрийг зүүж явах үүрэгтэйгээ мэдсэн л байх хэрэгтэй. Тэргүүн хатагтай нарын хувьд Хиллари Клинтон шиг улс орныхоо үйл хэрэгт оролцож, улмаар нөхрийнхөө бүрэн эрхийн хугацаа дуусмагц өөрийнхийгөө эхэлж болно. Эсвэл Лора Буш шиг эгэл даруухан амьдарч ч болно. Мөн тэргүүн хатагтай А.Оюунбилэг шиг тод өнгөөр хувцаслан нөхөртөө чимэг болж, эсвэл УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийн гэргий Долгормаа шиг нам гүмхэн атлаа хатуу байр суурийг нь илэрхийлэлцэн дагалдаад явж болно. Түүнээс гадна Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн эхнэр шиг хэвлэлийнхэнтэй шар айраг ууж, тамхилаад сууж болох юм. Ер нь хэн ямар царайтай, ямар зан авиртай байх нь хамаагүйгээр тэргүүн хатагтайн нэрийг зүүгээд улс орныхоо нэрийн хуудасны нэгэн илэрхийлэл болон явж байх ёстой аж.
Энэ бол олон улсын жишигт тогтсон хатуу дэг жаяг. Хэн нэгэн хуульчилж тогтоогоогүй ч уламжлагдсан ёс журам. Тийм ч учраас улс төрд шат шатаар ахин орж ирж байгаа хэнбугай ч байсан эхнэр хүүхэдтэйгээ хамт авахуулсан аз жаргалтай зургаа мөрийн хөтөлбөр бүхий сонин, сэтгүүлдээ заавал багтаадаг билээ. Улс орныг гэр бүл гэж үзвэл тэр их айлыг авч явах хүний ар гэр хэн байх нь хүмүүст шууд хамааралтай нь ойлгомжтой. Төр, засгийн тэргүүнүүдийг гадаад гүрэнд айлчлал хийхэд тэргүүн хатагтайд зориулсан хөтөлбөрийг ч тусгайлан зохиодог дипломат ёсон нэгэнт буй. Хэдийгээр тэргүүн хатагтай гэсэн албан тушаалд хэн нэгнийг сонгож, томилдоггүй ч нөхөрт нь өгсөн үнэлэмжид гэргий нь багтаж, нөхрийг нь сонгох шалгуурт эхнэр нь нөлөөлсний энгийн баримт нь энэ болно. Харин дуулиан шуугиантайгаар Ерөнхийлөгчийн сэнтийд сууж, улмаар шийдвэрлэж байгаа бодлогуудаасаа илүү уламжлалт бус гэр бүлийн байдлаараа хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байгаа Францын Ерөнхийлөгч Николя Саркози олон улсын тавцанд тогтож ирсэн дипломат хэв маягт өөрчлөлт гаргаж амжсаныг хэвлэлүүд бичиж байна.
Францын Ерөнхийлөгч эхнэрээсээ салсан гэдэгт, түүний шинэ найз бүсгүй нь олон алдартай эрчүүдтэй холбогдож явсан загвар өмсөгч гэсэн мэдээлэлд хүмүүс цочирдохоо байжээ. Ерөнхийлөгч ч гэсэн хүн, тэр тусмаа чөлөөтэй байдлаараа алдартай франц үндэстэн гэсэн үүднээс хүмүүс аажим аажмаар болж буй байдалд дассан. Харин Николя Саркози Энэтхэгт албан ёсны айлчлал хийх болсноор тогтсон дипломат дэг жаягт хүндрэл гарав. Урьд өмнийн жишигт тэргүүн хатагтай айлчлан ирж байснаас найз бүсгүй гэсэн орон тоон дээр хэн нэгэн хүн дагалдан явж байгаагүй учраас хэрхэхээ энэтхэгчүүд мэдэхгүй байлаа. Ёс заншлаараа хатуу Энэтхэг байтугай орнууд энэ тохиолдолд яах байсныгаа эргэцүүлээд авсан биз ээ. Ерөнхийлөгчийг найз бүсгүйтэйгээ удахгүй гэрлэнэ гэсэн үүднээс тэргүүн хатагтай шиг хүлээн авах уу, үгүй бол төрийн айлчлалыг дагалдан яваа айлчлалын бүрэлдэхүүнд багтаах уу. Тийм бол хүндэтгэлийн хүлээн авалтад тэр орох ёстой юу, орвол найз залуугийнхаа дэргэд суух уу, өөр газарт байх уу. Юутай ч энэтхэгчүүд энэ сарын 24-нд хийх Францын Ерөнхийлөгчийн айлчлалд багтах Карла Бруниг Францын тал ямар байр сууринаас хүлээн ав гэж хэлнэ түүгээр болоход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Үнэндээ, энэтхэгчүүдийн хувьд үүнээс өөрөөр ямар шийдвэр гаргах билээ. Өөрийн толгойн тэмээн чинээ харыг харахгүй байж, хүний толгой дээрх туулайн чинээ харыг харна гэгчээр Францын Ерөнхийлөгчийн асуудлыг баахан гайхширлаа.
Тэгвэл шинээр сонгогдсон Ерөнхий сайд маань удахгүй эртнээс элэгтэй ОХУ руу айлчлах гэж байгаа. Тэр хэнийг дагуулан явах вэ. Түүнийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хэвлэл мэдээллийн албанаас илгээсэн албан ёсны намтар дээр нь гэр бүлийн талаар нь ганц ч үг тавиагүй байсан. Мөн Засгийн газрын албан ёсны вэб хуудас дээр байх сайд нарын танилцуулгаас ч түүний гэр бүлийн талаар нэг ч үг олж харж чадахгүй. Уг нь Шадар сайд М.Энхболдыг ам бүл дөрөв, эхнэр, хүү, охины хамт амьдардаг гээд яг доод талд нь байх юм. Ер нь Шадар сайд ч гэлтгүй түүний кабинетын бүх гишүүдийн танилцуулга дээр нас, хүйс, үндэс угсаа, гэр бүлийн байдал гэж бий.
Харин Ерөнхий сайдынх дээр яг энэ хэсгийг нь орхин танилцуулжээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын тэргүүний гэр бүл гэж бид хэнийг танилцуулах ёстой юм бэ. Ерөнхий сайд С.Баярын анхны гэр бүлийн хүн нь боловсролтой, боломжийн айлын охин байсан. Тэд гурван охины эцэг, эх болсон гэдгийг хүмүүс ерөнхийдөө гадарлана.
Харин түүний дараагийн гэрлэлтийг Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. Монголын сүрхий эмэгтэй улстөрчийн нэг, дипломатчийн охин Х.Хулантай түүнийг гэрлэхэд багагүй л хэл ам гарч байсан. МАХН, АН хоёр нэг хөнжилд орлоо гэж хүртэл хэвлэлүүд бичиж байсан. Гэвч хэзээ ч эмээлийн хоёр бүүрэг шиг байсаар ирсэн МАХН, АН-ын төлөөлөл болсон тэдний гэр бүл ОХУ дахь ЭСЯ-ыг толгойлохоор хосоороо яваад цувраад хүрээд ирсэн билээ. Тэр цагаас хойш С.Баярын гэр бүлийн амьдрал нэг л нууцлагдмал байсаар ирэв. Үнэндээ хэн нэгэн хүний орон гэр рүү толгойгоо цухуйлгаж, хэрэгт дурлах тийм ч боловсон зан биш л дээ. Гэхдээ С.Баяр одоо төр, засгийн хүн болсон. Түүнд хувийн амьдрал, хувийн нууц гэж байхгүй болсон. Өөрөө ч Ерөнхий сайд болох эсэхийг нь хэлэлцэж байх үед УИХ дээр “Миний амьдралд нууж хаагаад байх юм байхгүй” гэж байсан билээ. Гэвч албан ёсны намтарт нь ч үл дурсагдсан гэр бүлийнх нь талаар хүмүүс мэдэхийг хүсч байна.
Ийм хүсэл нэгэнт төрчихөөд байх үед С.Баяр “Ерөнхий сайд яаж амьдардгийг хүмүүс мэдэхийг хүсч байгаа биз дээ” гэж өөрөө анхлан дуугарсан билээ. Ерөнхий сайд С.Баяр телевизүүдийн шилдгийг шалгаруулдаг “Алтан шонхор” наадам дээр “Танайд хоноё” нэвтрүүлгийн редактор Г.Алтантүрүүд шагнал гардуулахдаа түүнийг гэртээ урьсан. Тэр мэдээллийг сонссон хүмүүс ч Ерөнхий сайд нууцлаг амьдралаа ил болгох гэж байгаад талархсан. Үнэндээ өөрийнхөө амьдралд нууж хаагаад байх зүйл байхгүй гэж онцолж байсан Ерөнхий сайд С.Баярынд “Танайд хоноё” нэвтрүүлгийнхэн зочилжээ. Өнгөрсөн ням гаригт тэднийд хонож, даваа гаригийн өглөө Их тэнгэрийн аман дахь гэрээс нь явсан гэх.
Энэ нэвтрүүлгээ Цагаан сарын өмнөхөн гаргах гэж байгаа сурагтай. Гэвч харамсалтай нь С.Баяр энэ нэвтрүүлгийг хийх гэж багахан жүжиг тавьжээ. Хамт амьдардаг залуу бүсгүйгээ гадагшаа явуулчихаад, АНУ-аас хүүхдүүдээ авчирч гадаа гарч эр, гэрт орж эм болдог эцгийн дүрд тоглосон талаар хүмүүс жиг жуг гэлцэж байна. Хүмүүс үнэнд л дуртай болохоор байгаа зүйл байгаагаараа байсан бол дээр байсан. Тэгээд ч бэлтгэсэн энэ жүжиг нь нэвтрүүлэг болоод гараад ирэх юм бол гадаад орнуудад хийх албан ёсны айлчлалд найз хүүхэн гэсэн орон тоон дээр явах эмэгтэй байхгүйд олон хүн гонсойх байх даа. С.Баярыг гаднаа зарчимч, хийгүй хүн шиг харагдах ч хийдэл нь дандаа өөр байдаг гэлцдэг. Түүний гэр бүлийн амьдрал нь ч улс төрийн үйл шиг нь жүжиг гэж үү.
/2008.01.16/
|