|
Т.Цэрэнпүрэв: Нутгийн минь уулс тулж, гэр бүлийнхний маань заяа түшсэн байх
Шинэчлэгдсэн: 2008-01-25 11:22:15 УБ Түлш, эрчим хvчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Цэрэнпүрэвтэй уулзаж ярилцлаа. Түүнийг автомашины осолд орж бие нь муу байсныг уншигчид санаж байгаа байх.
Дундговиос хөдөлсөн хоёр машин зэрэг шахуу осолдож гурван хүн нас барж, дөрвөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн юм. Тэдний нэг Төрийн нарийн бичгийн дарга Т.Цэрэнпүрэвийн ярианд анхаарлаа хандуулъя. Тэрбээр сууж босох бүрийдээ хөдөлгөөн нь маш удаан өвчний зовиур байгаа нь илт харагдаж байв.
-Таны биеийн байдал яаж байна?
-Шинэ оны өмнө ажилдаа орсон. Биеийн байдал гайгүй сайн болж байгаа. Ажлын бүрэн цагаар ажиллах боломжтой ч гам барих, физик эмчилгээ хийлгэх зэргийг зохицуулаад хамт олныхоо дунд дажгүй.
-Тухайн үед та ямар ажил албаар хөдөө явж байв?
-Өмнөговь аймаг руу албан томилолттой. Тус аймгийн Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах, тэнд баригдаж байгаа эрчим хүчний шугамын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлтэй танилцах, хянах ажилтай явсан. Ээлжит томилолтоор явж байгаад ийм юманд орчихсон доо.
-Танай багт хичнээн хүмүүс явсан бэ?
-Жолоочтойгоо дөрвүүлээ явсан. Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн Балган, манай жолооч. “Өнөөдрийн монгол” сонины эрхлэгч С.Цэмбэлдорж маань явсан. Тэр залуу манай Дундговийнх. Харамсалтай нь тэр сайхан залуу нас барсан. Дундговьд болсон залуучуудын чуулга уулзалтад сэтгүүлчдийн багийг урьсан юм билээ.
Намайг машиндаа зай байвал хоёр сурвалжлагч аваад ирээрэй гэж захисны дагуу С.Цэмбэлдорж явсан. Нөгөө нэг сурвалжлагчийн утас нь холбогдоогүй учраас явж чадаагүй.
-Дундговиос хоёр тийш хөдөлсөн хоёр машин ойролцоо хугацаанд осолдсон нь олны гайхшралыг татсан?
-Тэр өдөр би өглөө Улаанбаатараас гараад замдаа Дундговиор орж залуучуудын уулзалтад оролцсон. Тэгэхэд тэнд Ж.Наранцацралт сайд ирчихсэн. Залуучуудтай сэтгэгдлээ хуваалцаж аймаг орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг яаж дээшлүүлэх, үнэлж цэгнэх вэ гэдэг талаар сэтгэгдэл тун өндөр байгаа нь харагдсан. Бид хамтдаа цай уучихаад үдийн хойно манай аймагт баригдсан цагдаагийн хяналт тавих кобаны шинэ байгууламжийг очиж үзсэн. Энэ нь аймагт шинэлэг зүйл болж, гэр хороолол цагдаагийн хэсгээс зайтай учраас зүйтэй юм болж гэж ярьцгааж байсан.
Иймэрхүү яриа өрнөсний дараа Ж.Наранцацралт сайд эртхэн хот буцна, суурин ажилтай. Найз Ганбатынхаараа орчихоод гарна даа гэж яриад тэндээс салцгаасан. Би хурлыг дуустал байж байгаад нэлээн орой цааш Өмнөговь руу гарсан. Харин сайдыг үдээс хойхно хот руу гарсан гэж ойлгож байсан.
-Та сайдыг эндсэн мэдээллийг хэзээ дуулав. Тухайн үед та шоконд орсон байх?
-Би Ж.Наранцацралт сайдыг осолд орсныг Гэмтлийн эмнэлэгт ирээд нэг хоносны дараа сонссон. Тухайн үед ослын талаар надад дэлгэрэнгүй яриагүй. Тийм осол болсон гэж бүрхэгдүү байдлаар хэлсэн нь намайг шоконд орох байх гэж сэрэмжилснийх. Тэр үед миний ухаан санаа орж гарсан, дэн дун. Миний бие овоо гайгүй болсны дараа би бүгдийг сонссон. Манай нутгаас гарсан төрийн зүтгэлтэн. Нийгэмд байр суурь эзэлсэн төрийн түшээ тэр сайн хүнээ алдсан нь маш их гарз, хохирол болсон. Мөн жолооч нь эндсэн нь харамсалтай.
-Таны сууж явсан машин юунаас болж осолдсоныг та мэдсэн үү?
-Арваннэгдүгээр сарын 12-ны шөнийн хоёр цагийн үед осолдсон. Манай Дундговийнхон та хоноод яв гэхэд нь ажил төлөвлөсөн тул явахгүй бол болохгүй гээд шөнө хөдөлсөн. Давхиж яваад Ханхонгор сум өнгөрөөд аймгийн төв дөхсөнийг мэдсэн. За ороод ирлээ гэж тайвшраад, дөнгөж зүүрмэглэсэн. Нэг сэрсэн чинь гадаа хэвтэж байсан. Хамаг бие янгинаж өвдөөд. Осол техник талаасаа болж гарсан гэж үзэж байгаа. Ховилтой зам дээр манай жолоочийн урд талын дугуй буудаад машин тэнцвэрээ алдсан. Машин хөрвөөгөөд годройтох агшинд би өөрийнхөө талын жижиг цонхоор шидэгдээд гарсан. Сурвалжлагч залуу нөгөө цонхоор. Бид хоёр ард талын цонхоор маш хүчтэй даралтаар шидэгдсэн. Энэ үед урд талын цонх хагараагүй байсан. Жолоочийн яриагаар би 40 гаруй минут ухаангүй байсан гэсэн. Нэг сэрэхэд Өмнөговь аймагт ирж байсан. Нэг мэдэхэд хотод гэх мэтээр ухаан орж гараад л.
-Та ямар гэмтэл авсан бэ?
-Миний арван хэдэн хавирга хугарсан. Дал, өвчүү хугараад. Хоёр уушиг руу хугархай хавирга хатгаж цус алдаад. Хоёр уушиг бүр шалчийчихсан.
-Та их хүнд иржээ?
-Хүнд байлгүй яахав. Намайг эхний тав хоногт сэхнэ гэж хэн ч баталгаатай хэлж чадахгүй байсан. Манай Гэмтлийн эмнэлгийнхэн ялангуяа сэхээний тасгийнхан үнэхээр хүнийг аварч чаддаг алтан гартай эмч нар юм билээ. Тэр хүмүүсийн ачаар би босоод одоо юм яриад сууж байна шүү дээ. Дараа нь солонгос явж эмчилгээ хийлгэсэн. Өмнөговьд осолдоход намайг нисдэг тэргээр хотод шуурхай авчирсан. Эмч нарын яриагаар хэрэв жаахан хугацаа алдсан бол асуудал өөрөөр эргэх байсан гэнэ лээ. Намайг ийм байдалд байхад аварсан алтан гарт эмнэлгийнхэн, төрийн түшээд, сэтгэлийн тэнхээ өгч байсан нутгийнхан, иргэд, эрчим хүчний салбарынхандаа их баярлалаа гэдгээ илэрхийлье. Нутгийн дүү С.Цэмбэлдорж амьдрал нь ид цэцэглэх сайхан залуу насандаа азгүй тохиол таарсанд их харамсдаг. Хоёр хүүхэдтэй гэсэн. Эхнэр, хүүхэд гэр бүлийнхэнд нь танай сониноор дамжуулан эмгэнэл илэрхийлье. Өнөөдөр бие маань бүрэн дүүрэн эдгээгүй. Овоо дээрдэж л байна. Удахгүй гэрт нь очиж уулзана гэж бодож яваа. Тэр хүнийг хүндэтгэж буян үйлдэх ёстой.
-Та гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийнхэн маань тухайн үед сэтгэл санааны хүнд байдалд байлаа. Интернэтээр намайг нас барчихсан гэж гарч байсан. Хүний амьдралд олон юм тохиолддог. Энэ бол зүгээр нэг тохиолдож болох явдлын нэг биш. Ийм осол дахин хэн нэгэнд битгий тохиогоосой билээ. Нутгийн минь уулс тулж, гэр бүлийнхний маань заяа түшсэн байх
-Давхацсан энэ хоёр осол танд яг юу гэж бодогддог вэ?
-Дундговиос хоёр тийшээ явсан зам яг ижил байдаг. Өмнөговь ороход 280 км. Улаанбаатар мөн 280 км. Осол болсон зай бас хоорондоо их төстэй адилхан. Би Өмнөговь аймгийн төвөөс 26 км-ийн зайд осолдсон юм билээ. Талийгаач сайд 30-аад км зайд. Тэр утгаараа ойролцоо давхацсан юм бий. Хүмүүс олон сэжиг таамаг дэвшүүлэн ярьдаг, би тэрийг мэдэхгүй.
-Одоо таны ажил алба хэр их байх шиг байна?
-Түлш, эрчим хүчний яам салбарлан тусгаарлаж 2004 онд шинээр байгуулагдсан. Тэр цагаас хойш ажиллаж байна. Яамыг яам шиг, төрийн албыг төрийн алба шиг байлгаж ажиллахаар зүтгэж ажиллаж байна гэж боддог. Цаг хугацааны явцад гурван сайдтай ч ажиллалаа. Төрийн ажил төрийнхөөр явах ёстой зарчмыг барихын тулд зарим нэг хүнтэй санал бодол зөрөлдөх явдал гарч байсан. Шинэ сайдтайгаа гар нийлэн сайхан ажиллана. Одоо гэхэд цаасанд даруулчихсан сууж байна.
-”Хадгаламж” банкны захирал асан С.Цэрэнпүрэв 14 тэрбум төгрөгийн хэрэгт нэр нь холбогдож байгаа мэдээлэл бий. Таны хувьд нэр нэгт гэдэг утгаараа андуурч ташаарч ойлгох явдал хэр гарах уу?
-Хоёр өөр хүн учраас эндүүрэх явдал гардаггүй. Миний хувьд “Хадгаламж” банкны хэргийн талаар огт мэдэхгүй. Завхан аймгийн Цэрэнпүрэв гэдэг залуу “Хадгаламж” банкны захирлаар ажиллаж байсан гэдгийг нь мэднэ. Дараа нь удирдлага нь солигдож Базар гэж хүн болсон гэх мэтээс өөр мэдээлэлгүй.
/2008.01.25/
|