|
Сампин цохиж сурснаа нягтлан болчихлоо гэж хөөрч явлаа
Шинэчлэгдсэн: 2008-01-28 10:40:22 УБ
Ахмад сэтгүүлч С.Ерөөлсүрэнтэй уулзаж ярилцлаа. Социализмын үед олон жил сэтгүүлч хийсэн тэрбээр уулзаж сурвалжилж явсан нэр алдартай хүмүүс, сонирхолтой тохиолдол зэргээ хүүрнэсэн юм.
-Та сэтгүүлч мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?
-Би уг нь мэргэжлийн сэтгүүлч биш. Эдийн засагч хүн. Санхүү эдийн засгийн техникум, дараа нь Эдийн засгийн дээд сургуулийг оройгоор төгссөн. Тэгэхдээ 1960 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. 32 жил ажиллаад 1992 онд тэтгэвэртээ гарсан хүн л дээ. Радиод эдийн засгийн редакцид, телевизэд мэдээллийн болон нийгэм, эдийн засгийн редакцид ч байсан. Би өөрөө юм бичих сонирхолтой байсан учраас радиод студи байгуулагдахад очсон юм. Дараа нь телевизэд очиж, тэнд ажиллаж байгаад л тэтгэвэртээ гарсан.
Түүнээс хойш зүгээр байгаагүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрыг түшиглээд “Амар байна уу” гэдэг сонин гаргаж үзлээ. Дараа нь үүнийгээ үргэлжлүүлэн “Даатгалын мэдээлэл” сонинг гаргасан. Бие гүйцэхгүй болохоор нь орхичихсон юм. Бие гайгүй болохоор нь “Газар ээж” гээд экологийн сонин гаргасан. Эрх нь одоо ч надад байгаа. Гар хүрч чадахгүй байна. Залуу цагийнх шигээ ажиллаж чадахгүй учраас өөрөө өөртөө гологдон, хий бухимдаад байх юм. Сая Байгаль орчны шинэ сайдад “ийм сонин байгаа, яам авч ашиглах юм биш үү” гэж дуулгасан. Өмнөх сайдуудад ч дуулгаж байсан.
-Та одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-1933 онд Хөвсгөлийн Рашаант суманд төрсөн. Би бага дунд сургуульд сураагүй. Багадаа уйгаржин бичиг хүнээр заалгаж сурсан. Крилл үсгийг болохоор өөрөө оролдсоор байгаад сурчихсан. Хүн бүлгүй байсан болохоор манайхан сургуульд оруулаагүй шиг байгаа юм. Таван настайгаагаа 13 хүртлээ хонь хариулаад, 18 хүртлээ адуунд явсан даа.
-Тэгээд гэнэт эдийн засгийн сургуульд орчихсон уу?
-Эдийн засгийн суруулийг сонгосон маань хөдөө байхдаа би сампин сурснаас үүдэлтэй юм. Тэр үед бичигтэй хүн ховор байлаа шүү дээ. 13 настайдаа багийн дарга болж байлаа. Яагаад гэхээр 1945 оны чөлөөлөх дайнд багийн дарга маань явчихгүй юу. 45 нас хүртэлх бүх эрэгтэй хүн явсан юм. Үлдэж байгаагаас бичиг үсэгтэй нь би байсан юм уу даа. Багийн дарга маань миний монгол бичгийн багш байсан юм. Өөрийнхөө оронд албан хэргээ надад үлдээгээд явж билээ. Тэр үед хүмүүс харж байгаад сампин сурсан юм. Хүмүүс тоо дуудахдаа уянгалуулаад их гоё дуудна. Тэрийг их харна.
-Тоо дуудна гэж яахыг хэлдэг юм бэ?
-Сампинд тоо хийхдээ нэг нь уянгалуулж дууддаг байсан юм. Тэрийг нөгөө нь сампиндаа хийнэ. Тэрийг сурчихаад өөрийгөө юм мэддэг лут том хүн гэж боддог боллоо. Тэгээд л нягтлан бодох болно гээд санхүүгийн сургуульд орсон. Нягтлан бодохын шинжлэх ухааны тухай огт мэдэхгүй. Сампин цохидог хүн л нягтлан бодох гэж ойлгодог байсан. Сургууль маань намайг сайхан хүмүүжүүлсээн. Анхандаа багш орж ирэхэд босч мэддэггүй хөдөөний хүү байлаа. Хүүхдүүд “Чи сургуульд сурч байгаагүй юм уу. Багш орж ирэхэд босдог юм шүү дээ” гэж байж билээ. Сургуульдаа харин их сайн сурсан. Төгсөөд Улсын төлөвлөгөөний комисст хуваарилагдсан юм. Энэ завсар бас нэгдлийн дарга болж үзсэн.
-Сургуулиа төгсөөд үү?
-Төлөвлөгөөний комисст таван жил ажиллаад дараа нь Хөвсгөлийн Тосонцэнгэлд нэгдлийн дарга боллоо. Жил гаруй болж байтал нэгдлүүдийг сум болгосон юм. Манай нэгдэл өөр нэгдэлтэй нийлэх болсон. Тухайн үед би ойлголт муу байсан ч юм уу, “Би нэгдлийн дарга хийх гэсэн болохоос сумын дарга хийхгүй” гээд больчихсон. Буцаж ирээд Нийслэлийн тээвэр, холбооны газар эвлэлийн ажил хийлээ. Тэгж байтал автобус баазын дарга хий гэлээ. М.Чимэддорж сайдын тушаал юм даа. Би “Энэ миний хийх ажил биш ээ. Та намайг дарга болгоё гэж байгаа бол I, II баазын аль нэгэнд хоёр жил энгийн ажиллуул. Амьдралыг нь мэдье” гэлээ. Сайд чигээрээ хүн л дээ. Зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь оргочихсон.
-Хаашаа?
-”Хөдөлмөр” сонинд очлоо. Авахад бэлэн гэж байна. Гэвч шийдэж чадахгүй байлаа. Дараа нь радиод очиход Ж.Зундуй гуай “Чимэддорж бид хоёр учраа ололцоно” гээд ажилд авлаа. Маргаашаас нь ажилдаа орлоо. Монгол-Зөвлөлтийн найрамдлын сар гээд лут ажил өрнөдөг байлаа. Тэр үеэр ЗХУ-аас манай тээвэр, холбооны салбарт үзүүлсэн тусламжийн талаар Чимэддорж сайд радиогоор ярих боллоо. Тэр алба надад ногдлоо. Цаг тулаад байдаг. Нэвтрүүлэг таслах учиргүй болохоор хэдий айж байвч урьж, бичлэг хийж авлаа. Сайд студиэс гарсны дараа намайг дагуулаад дарга дээр оров. “Би нэг оргодол алдсан байснаа оллоо” гэж байна. Тэр хоёр үе тэнгийн найзууд л даа. Тэгээд намайг үлдээсэн. Тэр утгаараа Чимэддорж гуайд их баярлаж явдаг. Ажил хаяад явсан гээд шийтгэвэл шийтгэх байсан. Тэгж л сэтгүүлчдийн армид орж ирсэн хүн дээ.
-Таныг ид ажиллаж байсан үед үзэл суртал гээд юм хатуу чанга байсан. Үүнээс болж шийтгүүлж байсан тохиолдол бий юү?
-Учиргүй шийтгүүлж арга хэмжээ авахуулж байсан нь гайгүй. Телевизэд байхдаа “Тоосго” гээд нэвтрүүлэг хийдэг юм. Барилгын материал хүрэлцэхгүй байхад тоосгоор хэрэм хашаа барьж байна гэж шүүмжлэхгүй юу. Одоогийн Энх тайван найрамдлын ордны хашааны зургийг манай оператор авчихаж. Нэвтрүүлэг гарсны дараа Энх тайвны хорооныхон заргалдаж эхэллээ. Очиж очиж энх тайвны байгууллагын хашааг гаргалаа гээд. Ингээд Төв Хорооноос анхааруулга авч байсан.
Өөр нэг тохиолдол байдаг юм. Намын их хурлын үеэр Ю.Цэдэнбал гуайгаас ярилцлага авлаа. Тэр тухай “Үнэн” сонинд нийтлэх гэтэл зургийн агуулга таарахгүй, би гол байр эзэлсэн учраас сонин хүчингүй болж, дахин хэвлэгдэх боллоо. Одоогийнх шиг компьютер энэ тэр байсан биш. Нэг зураг солиход бүх сонинг хөдөлгөнө. Ингээд сонин төлөх асуудал сөхөгдлөө. “Үнэн сонин” тэр үед 120 мянган хувь хэвлэгддэг байсан. Үнийг нь жилийн цалингаараа төлөөд барахгүй шүү дээ. Их хурлын үйл ажиллагааг сурвалжлах гээд бид Цэдэнбал даргын үүдэнд байж байтал дарга завтай ч байсан юм уу, манай камерны дуранг шагайгаад харж зогсоно. Тэгснээ “Хөөе, чи бид хоёрын ярилцлага догь болсон байна лээ” гэж байна. Би тэгэхээр нь “Тэр яах вэ. Сонин төлөх асуудал л яригдаж байна лээ. Зураг нь гологдсон юм байх” гэлээ. Цэдэнбал гуай туслахдаа “Чи тэр Намсрайд Намын их хурал дээр Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаас ярилцлага авсан хүн яахаараа сонин төлөх болдог байна” гэж намайг асууж байна гээд орхичихоорой гэж байна. Ингээд асуудал өөрөөр эргэж, сонин төлөх яриа дарагдаж билээ.
Коммунизм гэдэг чинь худлаа юм гэж хэлчихээд асуугдаж явлаа. “Хэзээ ч хэрэгцээнийхээ хэрээр авна гэдэг худлаа. Харин социализм бол байнаа” гээд хэлчихсэн юм.
-Ю.Цэдэнбал гуайтай ярилцлага хийж байсан гэлээ. Өөр ямар сонирхолтой хүмүүстэй уулзаж явав даа?
-Би голдуу ажилчин, малчин гээд хөдөлмөрийн хүмүүстэй уулзаж явсан даа. Хөдөлмөрийн баатар Самбуу-Ёндон гуай “Саятны бригад байгуулах гэж байгаа” гээд Архангайгаас надад захидал бичиж байсан. Намайг очих үед тэр хүн тээвэрт явсан байна. Би хөөцөлдөөд араас нь явж чаддаггүй. Бид хоёр захидлаар харилцсаар байгаад гурван жилийн дараа уулзаж байсан. Ерөөгийн сангийн аж ахуйд Хөдөлмөрийн баатар Алтангэрэл гээд жилд 4-5 намрын ажил хийчихдэг хүн байлаа. Талбай дээр зогсож байхад хажуугаар өнгөрөхдөө хаалгаа онгойлгон “Өвгөн чинь энэ намар 10 мянган цн будаа буулгаад хаячих санаатай байгаа. Баяртай” гээд уулзалгүй явчихаж байсан. Тухайн үед бүхий л хөдөлмөрийн баатруудтай уулзаж ярилцаж явсан даа. Отгонцагаан, Батлай гээд Налайхын ах, дүү хөдөлмөрийн баатрууд байна.
-Тэдгээрээс таны санаанд одоо ч тодхон байдаг нь хэн бол…
-Налайхын Орнагвай баатрын тухай хэдэн үг хэлмээр санагдаад байдаг юм. Их шулуухан, гүдэсхэн зантай. Уурхай руу дагаад явахад “Энэ золигоор ядгийн” гээд хорт утааны багаа аваад хаячихна. Ажилдаа гаршсан болохоороо тэгдэг байсан байх л даа. Данхар гээд жолооч байсан. Гэрт нь очих юм бол заавал хонуулна гэнэ. Шатар их сайхан тоглоно. Их олон хүүхэдтэй. Эхнэр нь Цэвэл гээд их айхтар ажилтай хүн. Данхар “Би гэрээ 20 жил нүүлгээгүй” гэдэг. Дандаа л тээвэрт явчихдаг, эхнэр нь л арын бүх ажлаа амжуулна.
Баянхонгорт Сүрэндулам гээд хүн байсан. Сүүлд гавьяат болсон л доо. 1961 онд баруун аймагт их цасан шуурга болсон юм. Тэр хүн 1400 төлөгтэйгөө Бахар Цэцэний ууланд гараад алга болчихсон. Нэлээн хэд хоноод, амьд уу, үхсэн үү гэдэг дээрээ тулаад байхад нэг ч төлөгний хорогдолгүй ирсэн. Бүр гурван хонь хургалаад, Сүрэндулам гуай битонд сүү саачихсан ирсэн гэдэг юм. Энэ тухай “Үнэн” сонин дээр зоригт эмэгтэй Сүрэндулам гээд гаргачихаж. Сургаар л биччихэж л дээ. Хэдэн жилийн дараа Баянхонгорт очоод Сүрэндулам гэдэг эмэгтэйтэй уулзъя гэхэд хүмүүс шоолоод байна. Очсон чинь надаас том биетэй эрэгтэй хүн сууж байдаг байгаа.
-Нэрээр нь эмэгтэй гээд ойлгоод байж л дээ…
-Тэгсэн байгаа юм. Би битгий хэл Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга байсан Лувсан гуай хүртэл андуурч байсан гэдэг. Сүхбаатарын одон гардуулах гээд тэднийд очиж л дээ. Сүрэндулам гуайн авгай нь Дамбажав гээд эрэгтэй нэртэй. Лувсан гуай очоод авгайг нь Сүрэндулам гээд л, Сүрэндуламыг болохоор Дамбажав гээд яриад байж. “Тэгээд залруулахгүй яасан юм” гэхэд “тэр том хүнийг чинь яаж ч болдоггүй юм билээ” гэж өөрөө надад ярьж байсан юм.
-Арай эхнэрт нь одонгоо өгчихөөгүй биз дээ?
-Яг одон гардуулах болж “Нөхөр Сүрэндулам таныг нийгмийн мал сүргийг байгалийн аюулаас хамгаалж гавьяа байгуулсныг үнэлж Сүхбаатарын одонгоор шагнасан” гээд уншихад эрэгтэй Сүрэндулам нь босч ирж авч таарнаа даа. Лувсан гуай нэг их гайхсан гэдэг. Дараа нь бөөн инээдэм болж л дээ.
Баянцогтын сангийн аж ахуйн дарга Дамдинсүрэн гээд их хор шартай хүн байсан юм. Сангийн аж ахуй хооронд теле дуудлага хийдэг байсан юм. Угтаал, Баянцогтын хооронд ургац хураалтаар теле дуудлага хийдэг байв. Нэг яваад очсон Баянцогт ургацаа хураагаад бараг л дууссан, нэг л өдрийн ажил үлдсэн байсан. Өглөө эртээ очсон, Дамдинсүрэн дарга талбай дээрээ зогсч байна. “Өө дуусаагүй юм уу. Ийм байгааг чинь мэдсэн бол Угтаалаас хэдэн комбайн аваад ирдэг байж. Угтаал дуусчихсан” гэхэд “Яана гэнээ. Дуучихсан гэнээ. Ямар ч байсан би Угтаалаас комбайн авахгүй. Телевизээр дуудаж дуудчихаад комбайн гуйгаад зогсч байлтай биш. Надад Жаргалантаас ч олдоно” гэж байж билээ. Ийм л шартай хүмүүстэй таарч явлаа.
-Одоогийн сэтгүүлзүйг та өөрийнхөө үетэй харьцуулдаг л биз. Ямархуу бодол төрөх юм?
-Ёс зүйтэй, үнэн юм бичиж байгаасай гэж боддог. Давслахын хувьд бид ч давсалдаг байсаан. Ганцхан тэр нь үнэн байгаасай гэж бодох юм.
-Та одоо юу хийж байна даа…
-”Буга урамдсан хангай” гээд дурсамжийн номоо гаргасан. Гавьяат нисгэгч Д.Гунгаа гуайн дурсамжийн хоёр ч номыг гаргаж өгсөн. Чадвал ирэх зун нутагтаа очиж хэдэн сар суух санаатай. 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд өртсөн нутгийнхныхаа тухай ном бичих санаатай байгаа юм. 1932 оны бослого яг манай сумаас эхэлсэн юм шүү дээ. Манай нутаг их түүхтэй газар. Баруун замын байлдаан манай нутагт дууссан.
1940-өөд онд болсон баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмадуудтай уулзан юм хийх санаа байна. Энэ мэт санаа их өндөр байгаа. Нас яваад л чадал мөхөс болоод байдаг. Баахан өртэй үхэх юм уу, бүү мэдээ.
Баруун хязгаарын тулгаралтын 60 жилийн ой энэ онд болно. Энэ бол манайд хамгийн сүүлд буун дуу гарсан үйл явдал. Байтагийн тулаанд оролцож явсан 300 хүн амьд сэрүүн байгаа гэсэн. 60 жилийн ойг өргөн тэмдэглээсэй гэж бодох юм. Ерөнхийлөгчид барьсан. Бусад холбогдох хүмүүст ч танилцуулсан.
-Тэтгэврийн зөрүүний талаар таныг Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандаж, шийдвэр гаргуулж байсан гэж сонссон юм. Яг юу болсон юм бэ?
-2006 оны наймдугаар сард Тэтгэврийн зөрүүг арилгах тухай Засгийн газрын 207 дугаар тогтоол гарсан юм. Энэ нь өндөр цалинтай байсан хүмүүсийн тэтгэврийг хязгаарласан бөгөөд яамны газрын дарга хийж байсан хүн мэргэжилтнээсээ бага тэтгэвэр авдаг болсон юм. Цалин бол тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, хийж байгаа ажлын үнэлгээний үзүүлэлт шүү дээ. Шударгаар ярих юм бол их ажилласан хүн бага тэтгэвэр авч, бага ажилласан нь их тэтгэвэр авч болохгүй биз. Өөрөөр хэлбэл, тухайн үед 800 төгрөгийн цалинтай хүн 300 төгрөгийн цалинтай хүнтэй адил тэтгэвэр авдаг болсон байсан.
Ингээд би Ерөнхий сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Ганди нарт захиа бичлээ. Асуудлыг шийдвэрлэ гээд тэд НХХЯ руу явуулсан гэдгээ хэллээ. Яамныхан тухайн үед шийднэ гэсэн боловч авч хэлэлцсэнгүй. Ингээд би Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл өгсөн юм. Энэ хооронд наашаа, цаашаа их явсаан. Бүр Бямбадорж даргатай уулзаж учраа хэллээ. Цэцээс яаманд шаардлага хүргүүлж, долоо хоногийн дараа дээрх шийдвэрийг хүчингүй болгосон юм. Ингэж нэг удаа ялсан юм.
Одоо санаа зовоож байгаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж асан ахмад настны тэтгэврийн тухай асуудлыг түргэн шийдээсэй хэмээн бодож сууна. Төсөл нь орсон ч хэлэлцэгдэхгүй удаад байна. Хэдэн хөгшчүүл нь яваад дуусна шүү дээ.
Д.Оюунтуяа
Өдрийн сонин
|