|
Англид хэрэг мандуулсан хүү Шадар сайдын хамаатан байв
Шинэчлэгдсэн: 2008-01-29 10:52:43 УБ Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад Монголын Элчин сайдын яамны ажилтны хүү хүчин, дээрмийн хэрэгт холбогдсон хар мэдээ олныг сэртхийлгэв.
Хэрэгт холбогдсон хүү Шадар сайд М.Энхболдын хамаатан аж. Шадар сайдын аав Г.Миеэгомбын төрсөн дүү Г.Гомбо-Очир гэдэг хүн байдаг аж. Төв аймгийн Баян сумын харьяат Г.Гомбо-Очир нь 11 хүүхэдтэй. Тэдний нэг нь Англи дахь Монголын Элчин сайдын яамны ажилтан жолооч Г.Гантөмөр.
Хэдийгээр гадны хэвлэлд хэрэгт холбогдсон 18 настай хүү Жавхланбаярыг түүний хүү гэж мэдээлсэн ч энэ нь ташаа байж. Учир нь нэг гэрт хамт амьдарч байсан болохоор тэгж яаран дүгнэсэн бололтой. Харин Жавхланбаяр нь Г.Гантөмөрийн төрсөн ахынх нь хүүхэд. Түүний эцэг Г.Ганбат нас баржээ. Эх нь Мааньтын хорих ангид ажилладаг аж. Г.Гантөмөр амихандаа нас барсан ахынхаа хүүхдийг өөр дээрээ татаж аваад байсан бололтой. Өөр эх сурвалжийн мэдээллээр Жавхланбаяр эндээс виз хүсч явахдаа Г.Гантөмөрийн хүү болж жүжиглэсэн гэнэ. Тэгээд ч Элчингийн ажилтан Г.Гантөмөр нь 26 орчим насны залуу юм билээ. Гарсан хэргийн тухайд товч дурдахад Жавхланбаяр нь 16 настай англи охиныг цэцэрлэгт хүчиндэж, гар утас, мөнгийг нь дээрэмдсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. Энэ талаар Шадар сайд М.Энхболдоос тодрууллаа.
-Хэрэгт холбогдоод байгаа хүү танай ямар хамаатан садан чинь вэ?
-Төрсөн эгчийнх нь хүүхэд гэх мэт ташаа мэдээллүүд дуулдаж байна лээ. Тийм зүйл байхгүй шүү. Манай аавын талын садан Гомбо-Очир гэдэг хүн бий. Түүний хүү болох Г.Гантөмөр нь Гадаад хэргийн яаманд дөрвөн жил гаруй ажиллаж байгаад хууль журмын дагуу тийш явсан. Харин хэрэгт холбогдсон гэж дуулдаад байгаа хүү Г.Гантөмөрийн нас барсан ахынх нь хүү бөгөөд дараа нь үрчилж авсан юм билээ. Тэр хүүг хууль бус үйлдэл гаргасан гэж яригдаж байгааг сонслоо.
-Англид сурдаг танай охин тэр айлд байрлаж байсан гэдэг үнэн үү?
-Манай охин тэднийд хааяа очиж байсан тал бий. Сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор янз янзын өөр, өөр мэдээллүүд ирж байгаа бололтой. Холбогдох газар нь шалгаж тогтооход үнэн учир олдох байлгүй дээ.
Өдрийн сонин /2008.01.29/
|