|
Архитай бус үйлдвэрлэлтэй тэмцэх тухай хууль гэдэг нь харагдаж байна
Шинэчлэгдсэн: 2008-01-30 11:45:08 УБ Үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашиг руу төр халдаж байна
УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр буюу мягмар гаригт хуралдлаа.Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүд сонссоны дараа завсарласан.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдоржоос гишүүд асуулт асууснаар нэгдсэн хуралдаан эхэлсэн юм.
Л.Гантөмөр: -Хэрэглэгчид, үйлдвэрлэгчид, худалдаалагчдын эрх ашгийг энэ хуульд яаж тусгасан бэ. Согтууруулах ундааг сумын төвд нэг, Улаанбаатарт 2000 хүн тутамд нэг гэхчилэн архи худалдаалдах цэгийг цөөлнө гэж уг хуульд тусгасан. Ингэснээр согтууруулах ундааг хэрэглэгчдийн тоо буурна гэдэг үндэслэлийг хэлнэ үү?
Ц.Шаравдорж: -Багануур дүүрэгт болсон эмгэнэлт үйл явдал монголчуудад нэгийг бодогдуулсан. Засгийн газар хуулийг санаачилж тодорхой шийдвэр гаргахыг хүссэн. Эрх ашгийн талаархи асуулт төсөл санаачлагчдад хамаарах асуудал. Энэ хуулийг гаргаснаар архидан согтууралт буурах ёстой.
С.Отгонбаяр: -Энэ хуулийн төсөлд архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх тухай тусгагдсан байх ёстой. Худалдан борлуулах цэгийг багасгах зэргийг хуульд тусгахдаа нийгэмд гарах сөрөг үр дагаврыг тооцсон уу. Архины үйлдвэрлэл, түгээн борлуулагчдад хүндрэл гарч байна. Албан тушаалтнууд өөрсдийнхөө харьяанд байдаг дэлгүүр хоршоонд түрүүлж зөвшөөрөл олгоод, танил талгүй хүмүүс үлдэж байна?
Ц.Шаравдорж: -Энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг гаргахаар бэлтгэж байгаа. Архи үйлдвэрлэх, худалдан борлуулах лиценцийг тендэр шалгаруулалтаар олгох гэх мэтэд гишүүд санал гаргаж, биечлэн ажил хэрэгч оролцооч. Шударга бус байдлаар хэн нэгэнд эрх өгч байгаа бол буруу.
Д.Ганхуяг: -Энэ хуулиас өмнө Тусгай зөвшөөрлийн тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн төсөлд үйлдвэрийн тоог дөрөв, борлуулах цэгийн тоог зургаа дахин бууруулахаар тусгагдсан. Багануурт болсон үйл явдал үйлдвэрлэлээс, бүр тодруулбал гаалиар орж ирсэн метилийн спиртээс үүдэлтэй. Энэ хууль хүний эрхэнд халдсан, хэлмэгдүүлсэн болжээ. Ийм байж болохгүй?
Ц.Шаравдорж: -Архидан согтуурахтай хийх тэмцлийг иж бүрнээр нь явуулах ёстой. Хууль гарлаа гаад санаа амарч болохгүй. Шат шатандаа анхаарч ажиллах ёстой. Энэ хууль гарснаар бүгдийг хэлмэгдүүлнэ гэдэгтэй санал нийлэхгүй байна. Сонгогчдыг төлөөлж ингэж ярьж болохгүй. Иргэдийн олонхи нь архи согтууруулах ундааг хавтгайруулж хэрэглэхийг эсэргүүцэж байгаа.
Б.Эрдэнэсүрэн: -Архины үйлдвэрийн хяналтыг чангатгаж, видео систем тавья. Хүнд итгээд хэрэггүй. Архины үнэ, чанар өснө. Хэт өндөр үнэтэй болбол хуурамч бүтээгдэхүүн гарч ирэх сөрөг талтай. Шар айраг, виног хязгаарлалтгүй худалдаж болохгүй юм уу?
Л.Гансүх: - Хууль хэрэгжүүлдэггүйгээс эмгэнэлт үйл явдал болсон. Энэ хуулийн төслийг харахад зорилго руугаа зөв явж байгаа юм уу гэдэг нь мэдэгдэхгүй байна. Дуудлага худалдаа гэхийн оронд үйлдвэрлэл стандарт хангах ёстой гэх мэтээр тусгаж болохгүй юу. 200 сая төгрөг төлөөд юу ч хийсэн болно гэж болохгүй. Үйлчилгээний цэгүүд 21-ээс доош насныханд үйлчлэхгүй байх ёстой. Хуульд хариуцлага, хяналтын талаар юу ч тусгагдаагүй байна?
Ц.Шаравдорж: -Гишүүдийн хэлж буй санал санаачилгыг хуульд тусгахын төлөө байнгын хороо ажиллана. Архидан согтуурахтай тэмцэх тэмцлийг хууль эрх зүйгээр хангах ёстой. Ерөнхий сайд С.Баяр Замын-Үүдэд ажиллахдаа “гаальтай машиныг ч зогсож шалга” гэдэг үүргийг өгсөн.
З.Энхболд: -Нийслэлд архи, согтууруулах ундааг худалдах цэгийг нээсэн мөртлөө орон нутагт эрхийг нь өгөөгүй. Хөдөөгийн иргэдээс “Сар шинэ удахгүй болно, хотын шагийн архийг авахад хүрч байна” гэсэн гомдол ирсэн.
Ц.Шаравдорж: -Улаанбаатарт нээлттэй, хөдөө хаалттай байна гэдэгтэй санал нэг байна. Хөдөөд архины үйлдвэртээ сайн хяналт тавьдаг юм билээ. Тэгш биш байдлыг арилгах ёстой.
Ц.Мөнх-Оргил: -Худалдааны цэгүүдийг нээх тал дээр нэгдмэл байр суурьтай байгаа. Шадар сайд аймгуудын Засаг дарга нарт чиглэл өгсөн. Шинэ хууль батлагдтал техник, стандартын шаардлага хангаж байгаа үйлдвэрт үйлдвэрлэл явуулах эрхийг өгч байгаа. Өгсөн чиглэл орон нутагт харилцан адил хэрэгжихгүй байгаа юм байна. Үйлдвэрлэгчид, борлуулагчдын тоог цөөлөх арга хэмжээ шат дараалан явагдаж байгаа.
С.Ламбаа: -Хуулийн төсөл үйлдвэрүүдийн тоог хоёр өөрөөр бичжээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашиг руу төр халдаж байна.
Ц.Шаравдорж: -Засгийн газраас хуулийг боловсронгуй болгохын төлөө хууль оруулж, байнгын хороо дэмжсэн. Хүн амын аюулгүй байдлыг бодож тоо цөөрүүлэх нь зөв бодлого.
Батж.Батбаяр: “Энэ хуулийг харахад архитай бус үйлдвэрлэгчидтэй нь тэмцсэн байна. Хүнсний аюулгүй байдлыг хангая гэвэл нэгтгэсэн нэг хуультай болох шаардлагатай” гэж хуулийн төслийг шүүмжилсэн бол А.Бакей гишүүн “Энэ хууль нэрнээсээ л архитай бус үйлдвэрлэлтэй тэмцэх тухай хууль гэдэг нь харагдаж байна. Хуулийг хэлэлцэх явцад өөрчлөх зүйл олон байна” гэв.
Тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Далд сурталЧилгаа Явуулсан тохиолдолд торгууль тӨлнӨ
Дараа нь Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг авч үзлээ. Гишүүд ажлын хэсэг болон байнгын хорооныхноос асуулт асуув.
Л.Одончимэд: -Энэ хуульд эмийн аюулгүй байдалтай холбогдсон зарим санааг тусгажээ. Ид шидтэй юм шиг эмийн сурталчилгаа их явж байна. Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхт бодис зэрэг эрүүл мэндэд харш сурталчилгааг явуулахыг хориглосон заалтыг тодорхой тусгаж болох уу?
Ц.Мөнх-Оргил: -Биологийн идэвхт бодис болон бусад бараа бүтээгдэхүүний талаар тусгаж болно.
А.Цанжид: -Далд сурталчилгааг хуулийн төсөлд яаж тусгасан бэ?
Ц.Мөнх-Оргил: -Нэгбүрчлэн дурдаж, “Үүнийг далд сурталчилгаа гэнэ” гэж оруулах боломжгүй. Далд сурталчилгааны талаархи тодорхой саналын томъёоллыг хүлээж авна, хэлэлцэнэ.
С.Ламбаа: -Эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүнийг энэ хуульд оруулах хэрэгтэй. Сэрэмжлүүлэг зар сурталчилгаа гэсэн нэр томъёо энэ хуульд байна. ОНРТ-ийн тухай хуульд мөн ийм заалт байдаг. Ийм төрлийн зар сурталчилгааг үнэ төлбөргүй түгээнэ гэжээ. Нийгмийн шинж чанартай сурталчилгааны хөрөнгийг улсын төсөвт тусгая.
Ц.Мөнх-Оргил: -Эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүнийг энэ хуульд оруулж болно. Нийгэмд онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд зохион байгуулалттайгаар үнэгүйгээр түгээх ёстой. Болж өгвөл цөөн явах байх гэж найдаж байна.
Х.Баттулга: -Далд сурталчилгааг хийсэн байгууллага торгуулах уу?
Ц.Мөнх-Оргил: -Хариуцлага хүлээнэ. Далд сурталчилгаа явуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлнө.
Асуулт хариулт дууссаны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Өдрийн сонин /2008.01.30/
|