Хятадын ЭСЯ-нд ажилладаг эхнэрийнхээ нэрийг барьж их хэмжээний мөнгө залилжээ
Шинэчлэгдсэн: 2008-02-04 11:02:54 УБ
Манай бизнес эрхлэгчид гадна дотны хүмүүст хууртагдаж мөнгөө алдах тохиолдол гардаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулсаар байтал ийм хэрэг давтагдсаар байна. Дорнод аймгийн Чойбалсан хотод амьдардаг Н.Төмөрчөдөр төмрийн наймаа эрхэлдэг нэгэн байжээ.
Дөрвөн жилийн өмнө Ли Жей гэгч хятад хүн түүнээс болон дүү нараас нь их хэмжээний түүхий эд залилан авсан байна. Н.Төмөрчөдөр өнгөрсөн хугацаанд шүүх цагдаагаар явсан боловч нааштай хариу нэг ч сонсоогүй, өөрөө өрөнд унажээ. Түүнтэй ярилцлаа.
-Та яаж байгаад энэ хүнд мөнгөө залилуулчихав. Танаас юу гэж хэлж авсан юм бэ?
-Хуучин Оросын цэргийн ангийн дулааны ган хоолойг 2004 онд дуудлага худалдаагаар зарахаар болсон. Тухайн үед би банкны зээлээр өнөөх ган хоолойг худалдаж авсан юм. Гэтэл өөрийгөө Монголд төрж, өссөн, Улаанбаатарт амьдардаг Ли Жей гэх хятад хүн ган хоолойг чинь худалдаж авъя гэдэг юм байна. Нэг тонныг нь 140 мянгад тохиролцоод 300 тоннын гэрээ хийсэн юм. Бас тэр хүн манай хоёр дүүгээс хар төмөр авсан. Нийт 40 сая төгрөг болсноос 11 саяыг нь урьдчилж өгөөд, үлдсэнийг нь Эрээнд очоод өгье гэсэн юм.
-Та түүнийг урьд нь таньдаг байсан юм уу?
-Манай эхнэр Улаанбаатарт сурдаг байсан юм. Гэтэл Ли Жей манай эхнэрийн утасны дугаарыг хаанаас олсныг нь бүү мэд залгаад ган хоолойг чинь худалдаж авъя гэж ярьсан байдаг. Эхнэр маань гайхаад надад хэлэхээр нь би түүнтэй ярьсан юм. Тэрээр Хишигбаяр гэгч монгол залуутай хамт ирээд бид гэрээ байгуулсан.
-Та тэр хятадыг хэн болохыг нь сайн таньж, мэдэлгүй гэрээ хийсэн хэрэг үү?
-Манайд ирэхдээ 2, 3 янзын том жийп хүлэглэж ирдэг байсан.
Бас хуруундаа дүүрэн алтан бөгжтэй. Намайг их хоргоосон. Би ч анхандаа итгэхгүй, эргэлзээд нааштай хариу өгөхгүй байсан юм. Тэгтэл эхнэрээ Хятадын Элчин сайдын яамны ажилтан, тиймээс ямар ч буруу санаа байхгүй гэдэг байгаа. Өөрийгөө Улаанбаатарын уугуул оршин суугч гэж танилцуулаад гэртээ хүртэл зочлуулсан юм. Тэр үед түүний эхнэр нь болох Ван Дун Мэн гэгч эмэгтэй байлаа. Тэрээр өөрийгөө Хятадын Элчин сайдын яамны визний тасагт нарийн бичиг гэхээр нь итгэсэн. Энэ бүгдэд нөгөө монгол залуу зуучилдаг байлаа.
-Таныг залилахдаа юу гэж худлаа ярьсан юм бэ?
-Хоёр тал 2004 оны гуравдугаар сарын 27-нд гэрээ хийсэн юм. Тэгээд дөрөвдүгээр сард “Бичигт” боомт түр хугацаагаар нээгдэхийг хүлээж байлаа. Боомт ч 20 хоногийн хугацаатайгаар нээгдэж, бид ган хоолой, хар төмрөө урагш нь ачуулсан. Хил хаагдах өдөр Ли Жей миний паспортын хугацаа дуусчихсан байна. Хоёулаа эргээд буцъя, танай эхнэр манай дүү Ян Ганийг дагаж очоод мөнгөө авчих гэсэн. Тухайн үед ч би эхнэрээ төрсөн дүүтэй нь Ян Ганийг дагуулаад явуулчихлаа. Харин Ли Жей надтай манайд үлдсэн юм. Гэтэл тэр тав хоногийн дараа “Дүү утсаар ярьж байна. Тооцоо зөрөөд байна гэнэ. Би очиж зохицуулъя” гэж намайг аргалаад явчихлаа. Би ч эхнэр рүүгээ ярьж, юу болж байна гэж асуухад мөнгө хараахан ирээгүй байна, хүлээж бай гэнэ” гэсэн. Гэтэл эхнэр маань над руу утасдаад нөгөө хужаа нар чинь дүү бид хоёрыг буудлын мөнгөний барьцаанд тавиад зугтчихлаа гэдэг байна. Би арайхийн мөнгө цуглуулаад тэднийг очиж авсан.
-Таныг очиход тэд ямар байдалтай байсан бэ?
-Бүр царай алдчихсан, буудлын жижүүрээс бэлэн гоймон зээлээр авч иддэг байсан гэнэ. Нөгөө хужаа “Одоо мөнгө ирж байгаа, хэдүүлээ хоол идье” гээд суусан байдаг. Тэгснээ тамхи татаадахъя гэж гараад зугтчихсан байна лээ. Эхнэр дүү хоёрын бичиг баримтыг 350 мянган төгрөгийн барьцаанд тавиад зугтчихсан байсан. Би тэр хоёрыг нутаг руу нь явуулчихаад өнөөх хужаа нарыг харж буудалд сар гаруй хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд зургадугаар сард Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн юм. Гэтэл өнөөх хужаа олдохгүй, зугтаад байсан л даа.
-Гэрт нь очоод эхнэртэй нь уулзаад ч нэмэр болоогүй юу?
-Гэтэл дараа жилийнх нь цагаан сараар Монголд нууцаар орж ирсэн байсан. Надтай гэрээ хийхэд хамт байсан монгол залуутай уулзаад түүний утсыг үзэж байгаад мэдсэн. Тэгээд цагдаад хэлээд баривчлуулсан юм. Гэтэл тав хоноод л гарчихсан. Есдүгээр сард нь шүүх хурал болсон.
-Шүүх хурлын шийдвэр юу гэж гарсан юм бэ?
-Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон шүүх хурлын шийдвэр “Ли Жейг Эрээнд очиход нь залилсан хятад хүнээс байцаалт авах хэрэгтэй. Түүнийг интерполоор хайж байна” гэж гарсан. Учир нь тэрээр шүүх хурлын үеэр “Би Эрээнд очоод Ян Ганьд залилуулсан юм” гэж хэлсэн л дээ. Гэтэл би Эрээнд очтол нөгөө хайгаад олдохгүй байгаа хүн нь гэртээ хэвтэж байсан. Тэгээд би нийслэлийн прокурорт хандсан юм. Харин өөдөөс Ян Ганийн мэдүүлэг ирвэл хэрэг шийдэгдэнэ гэсэн хариу өгдөг байна. Өнгөрсөн оны зургадугаар сард түүний мэдүүлгийг Хятадын дээд прокурорын газар манай прокурорын гадаад харилцааны хэлтэс рүү факсаар ирүүлсэн. Уг мэдүүлэг ирчихээд байхад Нийслэлийн прокурорын газар хэргийг түдгэлзүүлчихээд байна. Учир нь энэ мэдүүлэг эх хувиараа ирсэн цагт хүчинтэй гээд байгаа юм. Аливаа орны прокурорын газар мэдүүлгийнхээ эх хувийг өөр улс руу явуулах журам хаана ч байдаггүй байтал манайхан үүнийг нь хүлээсээр, өнөөх хятад хугацаа хожсоор л байна.
-Тэр хятадын эхнэртэй нь уулзаж үзэв үү. Ер нь мөнгийг чинь өгөх сураг байна уу?
-Эхнэр нь гэрээ хийгээгүй болохоор энэ хэрэгт хамаагүй болчихож байгаа юм. Тэрээр ЭСЯ-нд ажилладгаараа нэр барьж мөнгө төлөхгүй санаатай байгаа. Хэд хоногийн өмнө Ли Жей би чиний мөнгийг өгье. Хуваарь гаргах хэрэгтэй байна гээд “Зуун айл”-д байрлах гэр рүүгээ дагуулаад очсон. Би ч мөнгөө салгаж авч байвал хуваарь нь ямар хамаатай юм гээд баярлалаа. Харин нөгөөх чинь хятадаар цаанаа утсаар шулганаад байсан юм. Би ч ямар ойлгох биш. Удалгүй тус дүүргийн баахан цагдаа нар орж ирээд хятад иргэний гэрт ирчихээд дарамтлаад байна гэсэн дуудлагаар ирлээ гэдэг байгаа. Энэ мэтчилэн хоёр гурван удаа намайг дөнгөсөн. Зүгээр байж байгаад би өөрөө хэрэгтэн болчих гээд байх юм.
-Та түүнийг ямар нэг байдлаар дарамталсан юм биш биз?
-Би түүнд нэг ч удаа гар хүрч байгаагүй. Уг нь их л тэвчээртэй хандаж байгаа юм. Саяхан Улсын мөрдөн байцаах газарт Батзориг байцаагч дээр байцаагдаж байтал Эрүүгийн цагдаагийн газраас Бэхбат гэгч энгийн хувцастай хүн орж ирээд “Хятадын элчингээс утасдаад байна. Би энэ хүнийг аваад явлаа. Та нар мөнгө авсан хүнээ дарамтлаад байвал өөрсдөө буруудна” гээд түүнийг аваад явсан. Манай шүүх, цагдаагийнхан түүнийг дэндүү эрхлүүлж байна.
-Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Би угаасаа төмрийн наймаа хийдэг байсан. Банкнаас банкны хоорондох зээлээр амьдарч байна. Хүүнд нь шатаад өрөнд ч орж гүйцлээ. Өмгөөлөгчийнхөө ч мөнгийг өгөөгүй явж байна.
Түүнтэй ийн ярилцчихаад Ли Жейтэй уулзсан юм. Тэрбээр “Эхнэр маань Хятадын элчинд ажилладаг нь үнэн. Наймаа хийсэн нь ч үнэн. Би цаанаа өөр хүнд залилуулчихсан” гэв. Харин түүний өмгөөлөгч Алтанцэцэгээс энэ хэргийн талаар тодруулахад “Хууль зүйн хувьд үйлчлүүлэгчийнхээ талаархи ямар нэг мэдээлэл өгөх ёсгүй” хэмээн эрс татгалзлаа.
М.МӨНХЦЭЦЭГ
Өдрийн сонин
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: doogi,
Цаг: 2008-03-06 13:53:29,
IP: 116.116.34.30,
Улс: China
hi
iimerhv yumnuudiig neg gazar awaachaad nvdiig n booj hend balbuulj bgagaa medehgvi bolgoj baigaad munguu ugtul n shees aldtal n banbachih heregteishd.bvr hulhi n buugaad yum oilgood irheer n munguu awahgvi yu.
Бичигч: azaa_www ,
Цаг: 2008-03-20 18:32:39,
IP: 222.39.167.53,
Улс: China
manai huuliinh niig bvr 5 n huruu shigee medsewn b.na
mash ih uur hvrch b.na vneheer manai huuliinhan bolood deedchvvd ene muu omhii hujaag dawruulj b.na bas hahuul awsan baij magadgvi sh dee!!!!ooriin nutagt b.gaa yumiig hergiig n shiidej chadahgvi daanch dee mongolchuudaa!!!! neg hodlood oloood ogii gewel bolohgvi yum haach vgvi shvv dee mash ih haramsaj b.na huuliinhandaa!!!!!!!!!!!
Бичигч: mariya,
Цаг: 2008-05-28 03:25:02,
IP: 222.104.136.18,
Улс: Korea, Republic of
hi
manai huulinhand huuli bish mongo nudend ni haragdaad, ajlaa, ulsa, hunee mongoor solij baigaa yum bish biz uunig ulsin ih hurlinhan mini yu gej bodoj baina