|
Сар шинийн барилдаан сайхан болох болов уу?
Шинэчлэгдсэн: 2008-02-04 11:08:05 УБ Наадам ч дөхөж дээ гэдэг сэн. Цагаан сар харин дөхжээ. Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан хэзээнээс нааш хамгийн үзүүштэй, ирэх наадмын өнгийг лавтайяа илтгэдэг билээ.
Харин сүүлийн жилүүдэд манай алив бөхийн барилдаан үзүүш харуушаар базаахаа байгаа юу даа. Энэ нь даян аварга А.Сүхбатыг зодог тайлснаас хойш гээд хэлчихэд баахан буруудахааргүй юм. Яагаав тэр жил Б.Ганбат аймгийн арслан байхдаа үзүүрлээгүй юү, үгүй ээ тэр чинь хэдэн он билээ, Ц.Магалжав аймгийн арслан байхдаа нэг сайн барилдсан даа гээд аман дээр гарч ирээд байдаг дурсамж сануулах барилдаан үнэхээр алга болж дээ. Уржнан гэхэд Б.Бат-Эрдэнэ аварга маань улсын хоёр аваргыг дараалан давж түрүүлээд, сайнаар хэлүүлээгүй. Аргагүй л ноохойтой юм болсон л доо, ямартаа хамаг үзэгчид ус ундааны сав нүүлгээд сүйд хийх шахсан. Өнөө жил харин цагаан сарын барилдаан урьдын сайхнаараа болох болов уу гэж тандлаа. Ямартай ч, дархан аварга Б. Бат-Эрдэнэ барилдах төлөвтэй.
Далай аварга А.Сүхбат мэдээж барилдахгүй, бас Г.Өсөхбаяр аварга хөлийн гэмтлээс үүдээд зодоглож амжихгүй гэдгээ зарласан. Д.Сумъяабазар аварга харин бэлтгэл хийгээд л байгаа гэнэ, барилдаж магадгүй бололтой. Өдгөө цагийн бөхийн дэвжээнд байж байвал чимэгтэй хэдэн сайхан бөх уг нь байх. Гэвч үндэсний их баяр наадмаас өөр үед зодог шуудгандаа салхи оруулахгүй нь их болсон нь илэрхий. Ухаандаа өнгөрсөн наадмаас хойш улсын гарьд Б.Гантогтох, заан Ч.Батзориг нар ер барилдаж үзэгдсэнгүй. Одоо цагаан сарын барилдаанд гарах эсэх нь ч тодорхойгүй аж. Ц.Цэрэнпунцаг гарьдын хувьд бол албан ёсоор зодог тайллаа гэж зарлаагүй л болохоос, зодог тайлж дээ.
Бөхийн шинэ хорхойтнууд “Тийм бөх байдаг билүү” гэх янзтай. Амархан л мартагддаг юм байна л даа. Гэвч чухам барилдаасай, “Пунцаг аа, Пунцаг аа…” гэх нь ч зөндөө. Д.Мөнх-Эрдэнэ арслан, Б.Ганбат заан нар ч тоотойхон барилдах болжээ. Ер нь манай бөхчүүдийн энэ үеийн том цолтнууд нэг тийм хойргодуу л байдалтай. Энэ цагаан сарын барилдаанд маргаангүй барилдах том цолтнууд бол арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, гарьд И.Доржсамбуу, заан Ц.Мягмарсүрэн, Д.Амгаланбаатар нар л байх бололтой. Ер нь барилдааны өнгө энэ хэд байх юм шиг байна даа.
Өнөө жилийн цагаан сарын барилдаанд харцага Н.Ганбаатар, аймгийн арслан А.Бямбажав, Ш.Жаргалсайхан, Б.Соронзонболд, Р.Түвшинбаатар нарыг бөхийн хорхойтнууд нэлээд харж, сонирхох болов уу. Илтэд идэвхтэй, барилдааныг сонирхолтой болгож байгаа залуус бол эд юм. Түүнчлэн Ө.Даваабаатар, Ч.Чулуунбат зэрэг аймгийн арслангууд ч бас сайн барилдаж байгаа билээ. Өнөө жилийн сар шинийн өдрийг угтаж маргаашнаас буюу тавны өдрийн арван цагаас эхлээд хэд хэдэн барилдаан болох нь. Өсвөрийн 128 бөхийн барилдаанаар эхлээд, мөн өдрийн 14 цагаас нийт бөхчүүдийн шандастны барилдаан, 17 цагаас аймаг цэргийн цолтнуудын өргөтгөсөн барилдаан тус тус болох аж. Маргааш нь 15 цагаас мөн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн, долооны өдрийн 14 цагаас улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болох юм байна. Сар шинийн өмнөх барилдаанууд сайхан болоосой, сайхан болгох бөхчүүд барилдаасай.
Өдрийн сонин
|