|
Р.Амаржаргал: Оросууд банк хувьчилж аваагүй
Шинэчлэгдсэн: 2008-02-19 11:56:34 УБ Монголын Ардчилсан холбооны анхдугаар их хурлын 18 жилийн ой өчигдөр тохиож “Монголын түүхэнд ардчилсан хувьсгалын гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт бага хурал болов.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Банк санхүү, эдийн засгийн харилцааны шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан нь анхаарал татсан. Түүнтэй уулзлаа.
-Монголын банк санхүүгийн тогтолцоог 18 жилийн дараа эргэн харахад ямар дүр зураг ажиглагдах юм?
-Өөрчлөгдсөн, гэхдээ дэлхийн чиг хандлагатай харьцуулахад ирээдүйд хийх зүйл их байгаа. Шинэ хандлагуудыг соргогоор ажиглаж тодорхой алхам, зөв шийдлээ олох ёстой.
-1990-ээд онд олон банк дампуурч эдийн засгийн эрсдэлд орсон. Өнөөдөр ч энэ алдааг давтахгүй гэх баталгаа алга?
-Тэр алдааг давтахгүй байхыг зорилго болгохоос илүү санхүүгийн зах зээлийг Монголын эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр болгоход анхаарах ёстой.
-Банкууд дараалан дампуурахад ямар хүчин зүйл нөлөөлсөн бол?
-Олон хүчин зүйл нөлөөлсөн. 1990-ээд оны банк санхүүгийн салбарт туршлага дутаж байсан. Yнэхээр мэдэхгүй болохоор нэг алдааг давтаж байсан нь өнөөдрийн өндөрлөгөөс харагддаг юм. Мөнгөний нийлүүлэлт ямар үед нэмэгдэж, багасч байгааг гадарладаг хүмүүс тухайн үед ховор байлаа. 1989 онд хууль нь гараагүй байхад арилжааны банк байгуулаад баруун, солгойгүй зээл өгсөн. Тэгээд дараа нь хуулиа баталсан. Тэр хооронд олон банк дампуурсан.
-Энэ үед үүссэн их өрийг одоо болтол барагдуулж дуусаагүй байх аа?
-Арилжааны банкууд дампуурч татан буулгаснаар тухайн үед 53 тэрбум төгрөгийн өр үүссэн. Энэ мөнгийг үндсэнд нь бичилтээр шийдсэн. Өнөөдөр ямар ч асуудал байхгүй.
-Банк санхүүгийн салбар хөл дээрээ босч байна гэдэг. Гэтэл “Хадгаламж” банкнаас 14.3 тэрбум төгрөг дутчихаад байдаг?
-Банкуудын дампуурлаас сургамж авч чадаагүй. “Хадгаламж” банкнаас мөнгө дутсан нь хяналтгүй байсантай холбоотой.
-Тэгвэл хяналтыг яаж чангатгах вэ?
-Эрх зүйн орчныг нь тодорхой болгож, бодлогоо чанаржуулах хэрэгтэй.
-Монголын банк санхүүгийн салбар гадныхны гарт орсон юм биш үү?
-Оросууд хувьчилж аваагүй. Банк худалдан авах, үүсгэн байгуулах, хувьцаа гаргаж арилжаалах гээд бүх ажиллагаа Монголбанкны хяналтад байгаа.
-Монголбанк хянаж чадахгүй байгаа биш үү?
-Монголбанк удирдаж зохион байгуулах ёстой. Мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин банк санхүүгийн салбарт дутагдалтай хэвээр байна.
Зууны мэдээ /2008.02.19/
|