|
О.Чулуунбат: Манай арилжааны банкууд дэлхийн зах зээлд дангаараа өрсөлдөхөд л
Шинэчлэгдсэн: 2008-02-21 12:06:36 УБ -Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж, хямрал газар авах төлөвтэй байна. Монголд ч энэ нь нөлөөлнө гэж судлаачид үзэж байна.
-Ер нь ихэнх орнууд зөвхөн дотоодын хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээнд тулгуурлаж эдийн засгаа хөгжүүлж ирсэн. Өөр хоорондоо хамгийн их хоршиж хөгжсөн нь Европын орнууд.
Дэлхийн улсууд эрт үеэс наймаалцаж худалдааг хөгжүүлж ирсэн. Валют арилжаа ч өнөөдөр өндөр төвшинд хөгжөөд байна. Америкийн эдийн засаг голдуу өөрийн хэрэглээндээ дөрөөлж хөгжсөн орон. Харин Япон экспортынхоо хүчээр өөд гарсан. Хятад экспортод дөрөөлсөн хэдий ч өнөөдөр дэлхийн эдийн засаг хямраад ирэхээр өөрсдийнхөө хэрэглээнд түших болсон.
Өнөөдөр дэлхий нэг зах болж, гүйлгээ хийдэг мөнгө ч нэг болох нь. Тухайлбал, Европын орнууд өмнө нь фунт, франк гээд олон мөнгөн дэвсгэрттэй байсан бол одоо зөвхөн еврогоор гүйлгээ хийж байна. Дэлхийн нийт худалдааны 60 хувийг ам.доллараар хийж байгаа. Удахгүй энэ бөмбөрцөг дээр оршдог орнууд бүгд ганц, хоёрхон валютаар санхүүгийн бүх харилцаагаа зохицуулдаг болох нь. Тэгэхээр энэ том зах зээл дээр Монгол Улс эртхэн, аль болох хурдан хугацаанд байраа эзлэх хэрэгтэй.
КОМПАНИ БАЙГУУЛАХАД ГУРВАН ЦАГ ХАНГАЛТТАЙ
-Өнөөдөр бид дэлхийн зах зээлийн аль хавьцаа явж байгаа бол?
-Yнэндээ бид дэлхийн зах зээлд үйлдвэрлэлээр хөл тавьж чадаагүй байна шүү дээ. Манайхан Ази, Номхон далайн орнуудтай илүү сайн харилцаатай болох шаардлагатай байна. Донор байгууллагуудыг хэтэрхий их шүтэн амьдарч болохгүй. 1991 оны хүнд үеэс доноруудаас хөнгөлттэй зээл авч байсан. Yнэндээ хөнгөлттэй зээл эсрэгээрээ үнэтэй байдаг. Бид хөнгөлттэй хүү гэхээр баярлаад зээл авчихдаг. Yлгэрлэвэл, нэг долларын үнэтэй барааг донорууд манайд 5-10 доллараар өгчихдөг байхгүй юу. Энэ өрийг 30-40 жилийн дараа бидний хүүхдүүд төлнө. Бид өөрсдөө мөнгөө олоод, түүгээрээ юм бүтээж, улсаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Гэтэл бид өнөөдөр өөрсдөө тоглохгүй, харин бусдаар тоглуулаад сууж байгаа. Бид тэр хөнгөлттэй гээд байгаа зээлийг дэлхийн зах зээлээс авбал илүү хямдхан байхгүй юу. Нэг үгээр дэлхийн зах зээл дээр Монгол Улс өөрөө байр сууриа олоогүй юм.
-Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлөх болов уу. Зарим нь ч тойроод өнгөрнө гэх юм?
-Манайд одоогоор шууд нөлөөлөх нь мэдэгдэхгүй. Тэгэхдээ эдийн засгийн хямрал урд, хойд хөршид нөлөөлбөл Монголд мэдрэгдэх нь мэдээж. Хятад, Оросоос ихэнх бараагаа авч байгаа хойно.
-Эдийн засагчид Монгол Улс доноргүйгээр хөл дээрээ босохгүй гээд байдаг шүү дээ?
-Yгүй ээ. Манай эдийн засаг харьцангуй сайжирчихсан байгаа. Донорт итгээд, түшээд боссон эдийн засаг байхгүй дээ. Зарим улс дээд тал нь таван жилийн хугацаанд донор түшсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа баруун Европ маш хүнд байдалд орсон. АНУ тэр үед олон үйлдвэр, дэд бүтцийг нь тэдэнд зээлээр барьж өгсөн. Yүнээс 3-4 жилийн дараа Европын улсууд тусламжаас татгалзсан юм. Өөрсдийн хүчээр дэлхийн зах зээл дээр байраа эзэлсэн. Өмнөд Солонгос ч бас АНУ, Японы дэмжлэгийг 3-4 жил л авсан. Дараа нь бусдаас гар харахааргүй хэмжээнд хүрсэн шүү дээ.
Манай улс одоог болтол 17-18 жил донороос авах хөнгөлттэй зээлийг эдийн засгийн хөгжлийн гол стратеги болгоод байгаад л хамаг буруу байна. Бид өөрсдийн хүчээр баян амьдрах бололцоотой. Наад зах нь газрын баялаг ихтэй монгол хүмүүс боловсролтой.
-Тэгээд баялагтай улсын иргэд яагаад ядуураад байна аа?
-Миний таньдаг банкирууд надад “Танай монголчууд ядуу амьдрах гээд оролдоод л байх юм. Та бүхэн бүх ухаанаа яаж ядуу амьдрах вэ гэдэгт л зарцуулж байна. Танай төр бизнес, хүмүүсийн амьдралд хэтэрхий их оролцсоор байгаа нь ийм байдалд хүргэж байна. Төр бизнес, амьдралаас оролцоогоо багасгавал танай иргэд баяжина” гэж хэлж байсан. Тэгэхээр бид төрөөс явуулж байгаа бодлогод анхаарах хэрэгтэй. Халамж нь ихэсчихсэн. Хүмүүс хөдөлмөрлөх сонирхолгүй болж эхэлж байна. Мөн манай улсад хүнд суртал маш их байна. Дээр хэлсэн төрийн оролцоо гэдэг чинь энэ шүү дээ. Наад зах нь нэг барилга барихад 150 гарын үсэг зуруулж байна. Тэгэхээр барилга барих гэсэн бизнесмэн шантрана биз дээ. Гарын үсэг бүрийг тодорхой хэмжээний авлига, мөнгө дагалдаж байна. Нэг жишээ хэлье.
Намайг Нью-Йоркт байхад манай дүү Сан-Францискоос “Та надад нэг компани нээгээд өгөөч” гэж хүссэн юм. Тэгэхээр нь би “Удах болов уу яах бол” гэтэл дүү минь “Та ирээд гурван цагийн дотор компани байгуулчихаж болно” гэсэн. Би Нью-Йоркоос Сан-Францискод очиж өргөдөл бөглөн, зургаа авахуулж, гарын хээгээ өгөхөд нэг цаг зарцуулсан байх. Харин тэндээс надад хоёр цагийн дараа ирж компанийн гэрчилгээгээ аваарай гэсэн юм. Тэнд хүнд суртал гэж бараг алга. Гэтэл манай улсад огт эсрэгээрээ байгаа биз дээ. Энэ авлига Монгол Улсын хөгжлөөс маш ихээр зулгааж байна.
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ
-Энэ жил манай төсөв хоёр триллион төгрөг давахаар байгаа биз дээ?
-Төсөвт их мөнгө цуглуулах нь сайн, муу хоёр талтай. Манай улсад муу тал нь өсөөд байгаа юм. Олсон жаахан мөнгөө халамжийн мөнгөнд тараачихдаг. Хатуухан хэлэхэд энэ нь хэрэглээг хэтэрхий хөөргөдсөнөөр үнэ нэмэгдэх шалтгаан болоод байна. Төсөв гэдэг бидний татварын мөнгө. Тэгэхээр энэ мөнгийг халамжид зарцуулчихаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс урамгүй болж эхэлнэ. Би юм хийгээд л байдаг, ихэнхийг нь татвар авчих юм гэж тэд хэлдэг. Гэтэл өнөөдөр нэг кг мах, сүү сааль бэлдэггүй, дандаа конторт суудаг төсвийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд төр хэтэрхий их анхаараад байна. Бусад улсад төсвийн ажилтнуудын тоог аль болох багасгах, хахуульд автахааргүй хэмжээний цалин өгөх бодлого барьдаг. Төсвийн байгууллагын ажилчдын цалин бага байх тусам хувийн секторт ажиллах хүний тоо ихэсдэг. Хувийн үйлдвэрлэл хөгжих нэг хөшүүрэг.
Жижигхэн Монгол Улсад өнөөдөр 130 мянган хүн төсөвт байгууллагад ажиллаж, хишгийг нь хүртэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүний 10 хувь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10 хүний нэг нь дарга. Жижиг бизнес эрхэлж байсан миний хоёр, гурван танил бизнесээ болиод төрийн байгууллагад манаач хийе гэж байна. Энэ бүхний улбаагаар манайд гараа хөдөлгөдөг хүмүүсийн тоо улам цөөрнө. Төсвийн байгууллагын ажилчдын цалинг байнга нэмээд байх нь оновчтой шийдэл биш.
Энэ жил төсөв хоёр триллион төгрөг давна гэж байна. Гэтэл өнгөрсөн 17 жилд манай улсад дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэн юм нэг ч байхгүй. Том цахилгаан станц, сургууль, театр, эмнэлэг баригдав уу. Баригдаагүй. Төрийн мөнгө хий дэмий зарцуулагдаад байна. Аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нар дандаа л том том жийп унаад, бөөн зарлага дээр амьдарч байна. Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байна. Сая УИХ-ын гишүүн Л.Гантөмөр төрийн байгууллагын дарга нарын унааг цөөлөх санаачилга гаргасан. Их сайхан санаа. Төсвийн байгууллагын дарга нар заавал унаажих шаардлагагүй. Автобусаар л явах хэрэгтэй байхгүй юу. Унах бол өөрсдийн хувийн тэргээ унахгүй юу даа.
-Хувийн секторыг хөгжүүлэхийн тулд төрийн байгууллагын хүнд суртлыг арилгахаас гадна банкны зээлийн хүүг бууруулах ёстой байх?
-Банкуудаас зээл авъя гэвэл хүү нь үнэхээр өндөр байгаа нь үнэн л дээ. Яагаад гэвэл манай банкууд жижиг, чадвар муутай. Манай дотоодын хадгаламж их бага байдаг юм. Монголчууд нийт мөнгөнийхөө 10 хувийг нь ч хадгалж чадалгүй идээд, уучихдаг. Ихэнх нь дарга болчихсон болохоор бүтээж байгаа юм ч цөөн. Банкуудын зээлийн хүүг бууруулахын тулд гадаад зах зээлээс хямдхан мөнгийг ихээр оруулах хэрэгтэй. Yүнийг төр л хийж чадна. Гадаад зах зээлд тааламжтай орчин бүрдчихээд байна. Энэ боломжоо алдчихгүй юм сан гэхээс санаа зовох юм.
-Яагаад. Засгийн газраас 1.2 тэрбум ам.долларын бонд гаргаж гадаад зах зээлээс мөнгө босгох гэж байгаа шүү дээ?
-Намайг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад “Танай олон жижиг банкинд хөрөнгө босгож байхын оронд Засгийн газарт чинь миллярд долларын бонд босгоод өгье” гэж дэлхийн 3-4 томоохон банк саналаа өгч байсан. Засгийн газар энэ хөрөнгөөр орон сууц барих уу, хувийн сектортоо өгөх үү гэдэг нь өөрсдийнх нь шийдэх асуудал. Манай Засгийн газар 2004 онд л бонд гаргаад зах зээлд гаргасан бол ихийг хожих байлаа. Бид цаг алдчихсан.
-Энэ бондыг юунд зарцуулвал ашигтай гэж бодож байна?
-Бонд гаргадаг том банкууд түүнийг юунд зарцуулах гэж байгааг заавал асуудаг. Цалин тэтгэвэрт зориулна гэвэл тэд босгож өгөхгүй юм. Харин энэ бондыг дэд бүтэц, төмөр зам, бизнесийн төслүүдэд ашиглана гэвэл бонд босгож өгнө. Одоо Засгийн газар энэ тухай ярьж эхэлж байгаа болохоор амжилтад хүрэх байх гэж хүлээж байна.
БИ ЭРСДЭЛД ДУРТАЙ
-Таныг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Монголын эдийн засаг ямар байсан гэж та боддог вэ?
-Монголын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд нэлээд сайн хөгжсөн. Манай эдийн засгийн сул тал нь уул уурхайг хэтэрхий түшсэн байдал. Бид эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй. Хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээ сайжруулах хэрэгтэй байна.
-Монголын банкуудын хувьд?
-Миний хамгийн гол зорилго бол Монголын арилжааны банкуудад мөнгө хадгалах таатай орчныг сайжруулах явдал байсан юм. Өнөөдөр яагаад Хонгконг, Люксембург зэрэг хот дэлхийн хамгийн баянд тооцогдоод байна вэ. Банк, санхүүгийн байгууллагад мөнгө эргэлдэх таатай орчин тэнд байгаад л хамаг учир байна. Эдгээр хот хүний мөнгөөр өөрсдийгөө хөгжүүлээд, баяжуулаад болоод байна шүү дээ. Манай улс ийм болох ёстой гэж бодож ажиллаж байсан. Намайг анх Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллахаар ирж байхад арилжааны банкуудад 250 сая ам.доллар хүрэхгүй мөнгө хадгалагдаж байсан. Харин ажлаа өгөхөд 2.5 миллярд ам.доллар болчихсон байсан юм. Монголын банк, санхүүгийн орчин бага боловч сайжирсан. Арилжааны банкууд их эрсдэл хийж байгаа эсэхийг Монголбанкнаас сайн хянадаг болсон. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкууд нийгэмд их эрсдэл хийхээргүй нөхцөлд очсон. 1998-1999 онд арилжааны банкууд авсан хадгаламжийнхаа ихэнхийг зээлд өгчихдөг байлаа. Харилцагч мөнгөө авъя гэхээр мөнгийг нь өөр хүнд зээлдчихсэн байдаг. Ингэснээр бие биенээ эрсдэлд оруулчихсан шүү дээ. Одоо Монголбанкнаас арилжааны банкуудад тавих хяналт сайжирч, эрсдлээс сэргийлж чаддаг болсон.
-Тэгвэл таны хувьд алдаа юу байв?
-Мэдээж алдаа олон байлгүй яахав. Юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй. Харин юм бүтээж байгаа нь л алддаг шүү дээ. Би өөрөө эрсдлийн бизнесийн хүн. Би энэ зах зээл дээр 20 гаруй, банкинд 28 жил ажиллалаа. Би дандаа эрсдэл хийдэг. Эрсдлүүд алдаатай, оноотой. Тэгэхдээ ихэнхдээ онодог байсан. Би эрсдэл хийж байгаа ч ашиг олно гэдгээ урьдчилж мэддэг байлаа. Бид дэлхийн зах зээл дээрээс их мөнгө босгоё гэж байна. Энэ бол эрсдэл. Тэгэхдээ энэ эрсдэл Монголд сайнаар эргэнэ гэдгийг би бас мэдэрч байна. Тэгэхээр алдахаас айгаад суугаад байж болохгүй. Ямар ч гэсэн эрсдэл хийгээд улсаа хөгжүүлэх гээд оролдоод үзэх хэрэгтэй.
-Таныг Монголбанкинд ажиллаж байхад нэлээд хэдэн сая ам.долларыг Оросын банкинд хадгалуулаад алдсан тухай шуугиан одоо хэр нь тасраагүй л байна. Энэ ч бас зүгээр л эрсдэл байсан гэсэн үг үү?
-Оросын “Кредит транс” банкинд 10 сая ам.доллар байршуулсан. Дараа нь тэр банк нь дотоод улс төрийн шалтгаанаар дампуурсан. Бид Оросын бүх арбитрын шүүхэд ялж мөнгөө авахаар болсон. Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг энд хээл хахууль орсон бол Оросын тэр олон шүүх хурал дээр Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат тэдэн төгрөг авсан гээд гараад ирнэ биз дээ. Бид мөнгөө буцааж авахаар болсон. Зарим төлбөр нь орж ирж байгаа гэж сонссон.
-Монголбанкны ерөнхийлөгч байсан, одоо жирийн бизнесмэн болчихоод байгаа О.Чулуунбат хоёрын хооронд ялгаа байна уу?
-Байлгүй яахав. Өмнө нь төрийн албан тушаалтан байлаа, харин одоо хувь хүн болчихож. Одоо бизнесээр их мөнгө хийх гэж амьдарна. Мөн найз нарынхаа бизнест туслах гэж оролдож байна. Монголбанкны ерөнхийлөгч байхад би өөрийнхөө хувийн ажлыг амжуулж чаддаггүй байжээ. Өнөөдөр хувийн ажлаа хөөцөлдөж байна, харин ч завгүй болчихсон юм шиг санагдах юм. Төвбанкинд байхдаа нөхөдтэйгөө уулзах цаг бас байж л дээ. Монголын уул уурхайн компаниудыг аль болохоор хурдхан гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах санаатай ажиллаж байна.
-Дэлхийн бирж дээр гарна гэхээр эерэг, сөрөг олон мэдээлэл цацагдах юм. Ялангуяа Хөшөөтийн ил уурхайн талаар сүүлийн үед сөрөг мэдээлэл их гарсан. Монголын уул уурхайн компаниуд гадаадын зах зээл дээр гарах боломж бүрдэж үү?
-Гадаадын зах зээл дээрээс мөнгө босгох тусам бидэнд ашигтай. Хүмүүс үүнийг буруугаар ойлгоод байна. Гэтэл өнөөдөр Хонконг, Нью-Йорк, Лондоны зах зээл дээр компаниуд их хэмжээний хөрөнгө босгож улам сайн ажиллаад байна. Мөнгөө босгоод муудсан компани байхгүй байх. Yүнийг мэдэхгүй хүмүүс л худал юм яриад байгаа. Харин манай улсын хөрөнгийн бирж дэлхийн хэмжээнд хүрсэн зохицуулалтгүй болохоор гадаадын компаниуд орж ирэхээсээ зүрхшээгээд байна. Хэрэв дотоод, гадаадын компаниудын хувьцааг сайн арилжаад эхэлбэл манай хөгжилд их эергээр нөлөөлөх учиртай.
-Монголын арилжааны банкууд олон улсын зах зээлд хэзээнээс өрсөлдөх бол?
-Өнөөдөр маш олон банк, санхүүгийн байгууллага Монголын жижиг эдийн засагт ажил¬лаж байна шүү дээ. Ийм болохоор бага мөнгөний төлөө олон банк өрсөлдөхөөр зээлийн хүү их байгаа юм. Арилжааны банкууд ядаж нэг тэрбум ам.долларын активтай байж дэлхийн зах зээлд өрсөлдөнө шүү дээ. Тиймээс арилжааны банкууд хоорондоо нэгдэж томрох ёстой.
-Энэ жил бүх нийтийг орон сууцжуулахаар Засгийн газраас 60 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Энэ бондын арилжаа, орон сууцжилтыг санхүүжүүлэх хэмжээнд хүрч чадаж байна уу?
-Одоогоор Засгийн газрын бондын арилжаа муу байна. Yнэхээр иргэдээ орон сууцжуулах гээд байгаа бол 60 биш 600 сая долларын бонд гаргах хэрэгтэй. Тэгж байж гэр хороолол арилж утаагүй болно. Японы нэгэн бизнесмэн “Улаанбаатарт 20 жилийн дараа хамгийн ашигтай бизнес уушигны эмнэлэг байх нь” гэсэн байсан. 20 жилийн дараа уушигны эмнэлгийн том бизнестэй болмооргүй байна. Хямд, бололцооны орон сууц барьж байж гэр хорооллынхныг оруулах замаар яг одоо шийдэх хэрэгтэй байна. Тийм учраас Засгийн газар, Монголбанк дорвитой эрсдэл хийх ёстой.
Зууны мэдээ /2008.02.21/
|