|
Т.Билэгт: УИХ-ын сонгуулиар нийслэлд нэр дэвших хүмүүсийг тодорхой болгоно
Шинэчлэгдсэн: 2008-02-29 12:15:42 УБ -Танд нийслэлийн МАХН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе. Таныг удирдах зөвлөлийн шийдвэр сонгогдлоо гэж хэлж болох уу?
-Удирдах зөвлөл аймаг, нийслэлийн намын хорооны даргыг сонгохдоо юун түрүүнд чиглэл болгодог. Тэр чиглэлийн дагуу МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр өчигдөр/ уржигдар/ намын удирдах зөвлөлийн шийдвэрийг намын хорооны гишүүдэд танилцуулсан.
Тэр удирдах зөвлөлийн шийдвэрийг манай намын гишүүд 100 хувь дэмжлээ. Энэ бол их итгэл найдвар юм. Нөгөө талаар их хариуцлага юм.
-Таны өмнө УИХ-ын болон орон нутгийн сонгуульд бэлтгэх гэсэн маш том ажлууд хүлээгдэж байна. Та ажлаа юунаас эхлэе гэж бодож байна вэ?
-Манай энэ удаагийн бага хурлын үндсэн зорилт бол намын 25-р их хурлаас тавьсан зорилтыг хэрэгжүүлэх явдал байгаа. Тухайлбал намын шинэчлэлийн бодлогыг орон нутгийн нам байгууллагад гүнзгийрүүлэх зорилт байгаа юм. Тэгэхээр миний хувьд намын анхан шатны байгууллагуудыг идэвхжүүлэх, олон гишүүдтэй том намын ажлыг идэвхжүүлэх нь чухал гэж үзэж байна. Мөн дараагийн нэг зорилт бол эхний ээлжинд хаяанд ирчихээд байгаа УИХ-ын сонгуульд энэ том намыг амжилттай бэлтгэх, гишүүд дэмжигчдийнхээ идэвх дээшлүүлэх, зорилтоо тодорхойлох гээд олон ажлууд байна.
-Тантай хамтарч нийслэлийн МАХН-ыг удирдах тэргүүлэгчдийн сонгууль боллоо. Та өөрийн нэр дэвшүүлсэн 11 хүнээ ямар шалгуураар гаргаж ирсэн бэ?
-Нийслэлийн намын хороонд 11 төлөөлөгчийг сонгохоор намын дүрмэнд заачихсан байдаг. Түүний дагуу би өөрийн зүгээс 11 хүн нэр дэвшүүлсэн юм. Намын хорооны гишүүдэд тэргүүлэгчид нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар ч нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан. Тэдгээрт нийслэлийн АСЗХ, АСЭХ,АСОХ гээд энэ их массаас эхлээд янз бүрийн төлөөллүүдийг оруулсан. Тэдгээр байгууллагуудын тэргүүн болох төлөөлөлийг нь оруулъя гэсэн. Мөн дүүргийн засаг дарга, дүүргийн намын байгууллагын удирдагч, анхан шатанд ажиллаж байгаа намын ажилтан зэрэг олон төлөөлөлийг бодож автоматаар оруулсан юм. Түүнээс биш би өөрийнхөө үзэмжээр хандаагүй. Дүүргийн намын хорооны тэргүүлэгчдээс нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид орох болзол хангасан чадалтай маш олон гишүүн байгаа. Мөн заалнаас 10-аад хүний нэрийг дэвшүүлсэн. Тэдгээрээс чөлөөт ардчилсан сонгуулийн дагуу нууц санал хураалтаар 11 хүн нийслэлийн МАХН-ын тэргүүлэгч болсон байгаа.
-Та сая тэргүүлэгчид нэр дэвшсэн хүмүүст “Ирэх сонгуулиар намаа нийслэлд ялуулахгүй бол хариуцлага тооцно, шууд огцруулна гэсэн. Тэгэхээр танд сонгуулиар ийм тактикийг гол болгож ажиллана гэсэн зүйл байгаа юу?
-МАХН мөрийн хөтөлбөрийн зорилт, арга тактикаа тодорхойлж, боловсруулж байна. Олон түмнээс санал авч байна. Бид ч бас нийслэлийн хэмжээнд олон нийтээс санал авах зэрэг ажил явуулна. Тэргүүлэгчдийн хувьд үүрэг хүлээж, хариуцлагаа ч хүлээсэн шиг хүлээнэ гэж бодож байна.
-УИХ-ын сонгуульд нийслэлийн зургаан тойрогт нэр дэвших хүмүүсийг хэзээ нийслэлийн намын хурлаар ярьж эхлэх вэ?
-Ер нь бол ойрын үед ярилцана гэж төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол хоцорчих гээд байна. Намын анхан шатны байгууллагаас гишүүдийн санал асуулгаар олон хүний нэр дэвшсэн байгаа. Тэрийг нарийсгаж хүнийг нь цөөлөөд ирүүл гэсэн шаардлагыг ч удирдах зөвлөлөөс өгөөд байгаа. Тиймээс ойрын хугацаанд тодорхой болгое гэсэн бодол байгаа.
-Нийслэлийн намын хорооны тэргүүлэгч болж байгаа хүмүүсийн дунд төр захиргааны байгууллагын удирдах хүмүүс байна. Энэ нь сонгуулийн хуультай зөрчилдөх юм биш үү?
-Төр захиргааны байгууллагын ажилтнууд улс төрийн үүрэг хүлээж болно шүү дээ. Түүнийг хуулиар хориглоогүй.
Нийслэлийн МАХН-ын анхдугаар хуралдаан үдээс хойш нийслэлийн намын хорооны байранд хуралдаж, нийслэлийннамын хорооны тэргүүлэгчдийг сонгосон. Нийслэлийн намын шинэ дарга Т.Билэгт “өөрийн багт” ажиллах 11 хүнийг тэргүүлэгчээр сонгуулахаар санал болсон. Түүний нэр дэвшүүлсэн хүмүүс нь голдуу нийслэлийн намын аппратад харьяалагддаг АСЗХ, АСЭХ, АСОХ-ны дарга зэрэг хүмүүс байсан юм. Мөн дүүргийн засаг дарга нараас Д.Загджав, М.Очирбат нарыг ч нэр дэвшүүлсэн байсан юм. Харин гишүүд нь заалнаас нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаяр, БГД-ийн засаг дарга Д.Цогтбаатар, ИНЕГ-ын дарга С.Батмөнх, Сэрүүлэг сонины С.Баярмөнх, Д.Нинжжамц зэрэг арав гаруй хүний нэрийг дэвшүүлсэн юм. Дугаар шилжих мөчид тэргүүлэгчдийг сонгох санал хураалт ид үргэлжилж байсан. Бид дараагийн дугаартаа нийслэлийн МАХН-ын хорооны тэргүүлэгчдээр хэн хэн сонгогдсоныг хүргэх болно.
Хүний эрх хөгжил төв 2006-2007 онд АНУ-ын Азийн Сангийн санхүүжилтээр “Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулах” төслийг хэрэгжүүлсэн байна.
Төслийн гол зорилтуудын нэг нь Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 113-р зүйлд олон улсын гэрээ конвенцид нийцсэн нэмэлт өөрчлөлт оруулахад оршиж байсан. Энэ ажлын хүрээнд Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Д.Батсайханаар ахлуулсан Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Гадаад Хэргийн Яам, Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн Цагдаагийн Газрын холбогдох албан тушаалтнууд, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн эрдэмтэн багш нар болон Хүний эрх хөгжил төвийн ажилтнуудаас бүрдсэн төслийн баг ажиллаж үндэсний болон олон улсын гэрээ конвенциудыг судалсны үндсэн дээр Эрүүгийн хуулийн 113-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж УИХ-ийн Хууль Зүйн Байнгын Хороонд оруулсан байна. Үүний үр дүнд УИХ-аас Эрүүгийн Хуулийн 113-р зүйлд холбогдох нэмэлт өөрчлөлтийг хийж баталжээ.
Мөн түүнчлэн шинээр батлагдсан зүйлтэй холбоотой албан ёсны тайлбарыг Улсын Дээд Шүүхээс энэ жилдээ багтааж гаргуулах зорилготой ажиллаж байгаа аж.
2002 оны Эрүүгийн Хуулийн 113 дугаар зүйлийн Хүн худалдах, худалдан авахыг хориглосон заалтад “Хүн худалдсан буюу худалдан авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг “Ашиг олох буюу мөлжих зорилгоор хүн худалдаалахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, түүнчлэн бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн өөрчилжээ.
Түүнчлэн “Энэ хэргийг хүний цус, эд, эрхтэнг ашиглах зорилгоор, биеийг нь үнэлүүлэх зорилгоор, давтан, хоёр буюу түүнээс олон хүн, насанд хүрээгүй хүнийг, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг “Энэ хэргийг насанд хүрээгүй хүнийг, хоёр ба түүнээс олон хүнийг, хулгайлах, эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ байгаа хүнийг, давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж өөрчилсөн бол “Энэ хэргийг байнга үйлдсэн, хүнийг хил давуулан худалдсан, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг “Хүнийг хил давуулан худалдаалсан, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчилжээ.
Өглөө орой /2008.02.29/
|