|
Орон нутгийн их, дээд сургуулиуд руу шагайгаад үзээч, түшээд ээ
Шинэчлэгдсэн: 2008-03-05 12:14:44 УБ Төрийн ордны Их танхимд өчигдөр “Эрдмийн эзэд-III” чуулга уулзалт болов. 850 гаруй оюутан залуу оролцсон эл уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголын оюутны холбоотой /МОХ/ хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй аж.
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын талаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэт гэмээр энгийн үгээр, хэдэн талаас нь тайлбарласан тул илтгэл нь бүтэн цаг сунжрав. 1990 оноос хойш 800 мянга орчим хүүхэд төрсөн гэсэн тооцоо бий, энд цугларсан оюутнуудын олонх нь 18-20 насныхан учир тэрбээр улсынхаа түүхийг тодорхой ойлгуулахыг хүссэн гэлтэй. “Монголчууд нэг санамжтай, түүхээ мэддэг байх ёстой” гэж тэрбээр онцлоод, Үндэсний хөгжлийн цогц бодлогыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн огтолцол дээр боловсруулсан баримт бичиг хэмээн тодорхойлов.
1990 онд манай улс дарангуйллын тогтолцооноос ардчилсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн системд шилжсэн, үүнийгээ богино хугацаанд харьцангуй амжилттай хийснийг дурдав. “Гэхдээ аливаа улсын хөгжлийг ДНБ-ий өсөлтөөр хэмждэг. Ардчилсан тогтолцоо бий болсон 17 жилийн хугацаанд манай ДНБ жилд 2.5 хувиар өсөж байхад Хятадад 6.1 хувь байна. Өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэж түрүүлэхийн тулд манай ДНБ-ий өсөлт жилд 10-аас доошгүй хувь байх ёстой. Үүнийг биелүүлж чадаагүй Засгийн газарт хариуцлага тооцдог байх учиртай. Бидэнд эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтмол хөгжлийн бодлого, “жор” хэрэгтэй байгаа. Энэ нь уг баримт бичиг байх болно” гэсэн.
Үүний дараа оюутнууд илтгэлтэй холбогдуулан асуулт тавьж, саналаа хэлэв. Бүтэн цаг гаруйн турш Төрийн тэргүүний хичээнгүйлэн тайлбарласан зүйлээс нэгэн оюутан “нэг л зүйлийг” ойлгожээ. Ерөнхийлөгч “Би санаачилсан ч цогц бодлого бол монголчуудынх” хэмээн онцолсон юм. Нөгөө оюутан “Боловсролын тогтолцоо, иргэний боловсрол, бие даан суралцах боломжийн талаар таны энэ бодлогод хөндсөн үү” хэмээн лавлав. Мөн “Би энэ уулзалтад гурав дахь жилдээ оролцож байна. Одоо үүнээс үр дүн гаргадаг болох хэрэгтэй” гэв.
Барилгын коллежийн оюутнууд сүүлийн үед удирдлага, албан тушаалтнуудтайгаа холбогдох хоёр том асуудалтай байгаа гэнэ. Тэд эл боломжийг ашиглан бүх асуудлаа дэлгэрэнгүй бичсэн албан бичгийг Ерөнхийлөгчид гардууллаа. Сургалтын чанарт анхаарах, гадаадад сурч буй оюутнуудын эрх ашгийг хамгаалах, дотоодын их, дээд сургуулийн үйл ажиллагаанд оролцох боломжийг нь нээх байгууллагатай болоход нь дэмжихийг тэд хүссэн.
Мөн орон нутгийн их, дээд сургуулиудад компьютер, техник тоног төхөөрөмж дутагдалтай байгааг аймгуудын оюутны холбооны тэргүүн Хосбаяр анхааруулав. Төрийн түшээдийг сонгууль дөхөхөөр ажил хийсэн болж дэмий “шуурахын” оронд орон нутаг дахь их, дээд сургуулиуд руу нэг шагайж үзээд сурах нөхцөл нь ямар байгааг харахыг тэд сануулж байлаа.
Өнөөдөр
|