|
МУИС-ийн захирлаар хэнийг сонгох бол?
Шинэчлэгдсэн: 2008-03-07 12:06:23 УБ Монгол Улсын их сургуулийн захирал Ц.Ганцог ирэх тавдугаар сард ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тэрбээр тус сургуулийг 1996 оноос хойш удирдаж байгаа юм.
Монгол Улсад дээд боловсролтой анхны мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ууган их сургуулийг хэн удирдах нь удахгүй болох УИХ-ын сонгуулийн дуулианаас дутахааргүй сонирхолтой сэдвийн нэг болов. Учир нь боловсролоос ангид гэр бүл, хувь хүн байдаггүй билээ. Тус сургуулийн Удирдах зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хариуцан сургуулийн захирлыг томилох аж.
Үүний тулд МУИС-ийн дүрмийг энэ сарын 15-ны дотор шинэчлэн батлахаар болжээ. МУИС-ийн дүрмийг 2003 онд сүүлийн удаа шинэчилсэн байна. Уг дүрэмд сургуулийн захирлыг дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд хоёр удаа дөрвөн жилээр улируулж болно гэсэн заалт бий.
Захирлаар ажиллах хүн ямар шаардлага хангасан байхыг тодорхойлсны дараа, нээлттэй, ил тод, шударга сонгон шалгаруулалтаар удирдлагаа сонгохыг багш нар нь санал болгож байгаа гэнэ. Өөрийгөө тус сургуулийг удирдах чадвартай гэж үзсэн хүн нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. Одоогоор БСШУЯ-ны дэд сайд С.Төмөр-Очир, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Х.Цоохүү, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Рэгдэл болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, академич С.Нарангэрэл нарын нэр сонсогдож байгаа сурагтай. Захирлыг сонгон шалгаруулах комисс байгуулагдсаны дараа эцсийн шийд гарах юм.
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад 1990-ээд оноос хойш докторын зэрэг хамгаалсан 50 гаруй багш МУИС-д ажиллаж байна. Энэ багш нарын төлөөлөл уржигдар салбарын сайдтайгаа уулзаж, сургуулийнхаа захирлыг томилох асуудлаар саналаа танилцуулжээ. Тэд сайддаа МУИС-ийн бие даасан байдлыг хүндэтгэн үзэж, захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод хийхээс гадна сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд багш нарын оролцоог 50 хувиас доошгүй байлгана уу гэсэн хүсэлт тавьжээ.
Төрийн байгууллагын удирдлагыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу томилдог. Хуулиараа тус сургуулийн захирлыг дээрээс томилж болох нь. Гэтэл энэ нь улс төрийн шийдвэр болох магадлалтай гэж багш нар нь болгоомжилж байна. Тиймээс хэн мэдлэг, чадвартай нь МУИС-ийг удирдах ардчилсан шийдлийг хамт олон нь хүсэж буй гэнэ.
Өнөөдөр /2008.03.07/
|