|
Ц.Сүхбаатар: МАХН-ын мөрийн хөтөлбөр хүн төвтэй, нийгмийн захиалгаар хийгдсэн
Шинэчлэгдсэн: 2008-05-23 18:03:11 УБ
MAXN.mn
|
Н.СYРЭН
МАХН 2008 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийнхөө талаар намын сонгуульт ажилтнуудынхаа дунд чөлөөт хэлэлцүүлэг, уулзалт ярилцлага зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр идэвхтэн, сонгуультнуудаас МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатарт тавьсан асуулт, хариултыг багцлан хүргэж байна.
-УИХ-ын сонгуульд МАХН-аас ард түмэндээ санал болгож дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр батлагдсан ч гэсэн иргэд, сонгогчидтой уулзаж ярилцаж байх үед олон тооны санал хүсэлтүүд гарч байна. Энэ талаар намаас ямар арга хэмжээ авах вэ?
-УИХ-ын сонгуульд МАХН-аас оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулж, МАХН-ын Бага хурлын III хуралдаанаар хэлэлцэн баталж, СЕХ-нд бүртгүүлсэн. Гэхдээ МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Бага хурлын болон намын гишүүдийн саналаар дэлгэрүүлж тайлбарлах талаар саналууд ирж байгаа. Тиймээс сонгогч олондоо хүргэх үүднээс дэлгэрүүлж тайлбарлана. МАХН-ын хувьд мөрийн хөтөлбөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарын асуудлыг хөндөх учиртай. Ирэх дөрвөн жилд Монгол Улсын хөгжилд ямар ахиц дэвшил гарах вэ, ямар ямар асуудал шийдэгдсэн байх вэ гэдгийг МАХН-ын мөрийн хөтөлбөрөөс олон нийт харах сонирхолтой байдаг.
Мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа олон хүчин зүйлийг судалсан. Мөрийн хөтөлбөрийг хэн нэгэн хүний автор дагалддаггүй. Нийгэм, сонгогч олны захиалгаар хийгддэг зүйл. Мөн намын гишүүдийн санал бодлыг сонсож боловсруулдаг онцлогтой. Мөрийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаа 2004 оноос эхэлсэн. Энэ үеэс МАХН-ын шинэчлэл болон мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, нам нийгмийн өмнө ямар хариуцлага үүрэх вэ зэрэг асуудлыг намын гишүүд, дэмжигчид хөндөн тавьсан. Энэ дагуу намын шинэ удирдлагууд 2004 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарахын зэрэгцээ ирэх УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг нэн хариуцлагатай боловсруулж, нийгмийн эрэлт захиалгын дагуу судалгаа, тооцоотой хандах зорилт тавьж ажилласан.
Мэдээж энэ удаагийн мөрийн хөтөлбөрт маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, олон ч саналууд ирсэн. Мөрийн хөтөлбөрийг Бага хурлаар баталснаас хойш хүртэл өдөрт иргэдээс хэдэн арваараа саналууд ирж байна. Байгууллагуудаас ч их санал ирж байна. Энэ саналуудыг цаашид бүгдийг нь мөрийн хөтөлбөрт харгалзаж үзнэ. 12 зорилт бүхий төгөлдөршлийн асуудлаар намын гишүүдийн дунд ярилцлага, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ. Бид мөрийн хөтөлбөрт ирж байгаа санал бүхэнд хариу өгч байгаа. Санал бүхэн үнэ цэнэтэй.
Мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааг сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх үеэр ард иргэддээ ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж таниулна. Мөрийн хөтөлбөрөө бид англи хэл дээр орчуулж байгаа.
-МАХН-аас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол онцлогууд юу вэ?
-Энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөр агуулга, бүтцийн хувьд эрс өөр. Хуучин бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр шиг 40-50 хуудастай мөрийн хөтөлбөр гаргадаг байсан нь хүмүүст тэгтлээ сонирхолтой санагддаггүй байсан. Иймээс энэ удаагийн мөрийн хөтөлбөрт төгөлдөршлийн хүрээнд 12 зорилтыг авч үзсэн. Нэгдүгээрт, монгол хүнээ мөрийн хөтөлбөрийн төвд тавьж, монгол хүнд 12 төгөлдөршил ямар хамаатай вэ, ингэснээр монгол хүндээ ямар үр өгөөж бий болгох юм гэдгийг цогцоор нь гаргаж тавьснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хүн төвтэй мөрийн хөтөлбөрийг МАХН анх удаа гаргаж ирсэн.
Мөрийн хөтөлбөрийн эхний хэсэгт монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх болон монгол хүний амьдралын чанарыг сайжруулах зорилтыг тавьсан. МАХН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтуудаа нэлээд өвөрмөц байдлаар хийсэн байна гэж хүмүүс нэлээн сайшаах хандлагатай байгаа. Тухайлбал, хүний амьдралын чанарыг дээшлүүлэхтэй холбоотой асуудлын төвд хүүхэд, эмэгтэйчүүд, эхчүүдийг тавьсан.
Хоёр дахь онцлог бол өрх айлыг мөрийн хөтөлбөрийн төвд тавьж байна. Монгол Улс 650 мянга орчим өрхтэй. Хөгжил, дэвшлийн эх үүсвэр бол өрх. Тиймээс өрх айлаа дэмжих асуудлыг иж бүрнээр мөрийн хөтөлбөртөө авч үзсэн. Хүн төвтэй мөрийн хөтөлбөрийн 12 зорилт эргээд монгол хүндээ үйлчлэх хэлбэрээр хийгдсэн нь гурав дахь онцлог болж байна. Жишээ нь, эрх зүйт төрийн төгөлдөршилд монголын төрийг иргэндээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага болгон шинэчлэх зорилтыг тавьсан. Дэд бүтцийн хувьд бүх аймгийн төвийг 2010 он гэхэд засмал замаар холбосноор монголчуудыг богино хугацаанд өөр хооронд нь холбож, орлого нэмэгдүүлэх, цаг хэмнэх ач холбогдолтой юм. Нөгөө талаар мөрийн хөтөлбөрт монголчууд бид хамтраад юу хийх чадвартай юм гэдгийг тодорхой тусгасан.
Монгол хүн, монгол өрх айл, цаашлаад Монгол Улсын нөөц боломж юу байна вэ гэдгээ тодорхойлсон. Монгол хүнд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Yүний тулд нэгдүгээрт, хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг гаднаас бус дотооддоо хангах боломжийг бий болгох ёстой. Мал аж ахуйн бүтээгдэхүүнээрээ зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах, газар тариалангийн хөгжлийг эрчимжүүлэх боломж байна. Газар тариалангийн бүс нутагт экологид халгүй тариалалт хийх боломжтой 100-гаад сум бий. “Атрын III аян”-ыг өрнүүлж эхэлмэгц газар тариалан эрхлэх бололцоогүй газарт хүртэл олон нийт санаачлага гаргаж, эрвийх дэрвийхээрээ тусалъя, дэмжье гэлцэж байна. Саяхан Говь-Алтай аймгаар явж байхад тэндхийн иргэд хүнс, буудай, гурилынхаа асуудлыг өөрсдөө хангая, бидэнд ийм боломж бий гээд ярьж байна. Энэ бүх асуудал мөрийн хөтөлбөрт шингэсэн.
-Yйлдвэржилтийн асуудал сүүлийн үед нэлээд яригдах боллоо. Энэ талаар болон стратегийн ордуудын талаар мөрийн хөтөлбөрт ямар дорвитой ажлууд орж байгаа вэ?
-Yйлдвэржүүлэхийн тулд үйлдвэржүүлэх тухай биш. Yйлдвэржүүлэлтийг бид шинэ өнцгөөр харж байгаа. Бидэнд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж амжилтад хүрсэн арвин нөөц туршлага бий. Энэ туршлага, нөөц дээр тулгуурлаж үйлдвэржилтийн тухайд ямар бодлого хэрэгжүүлэхээ судалж үзлээ. Ард түмэн маань энэ талаар маш их туршлага хуримтлуулсан. Наад зах нь Нарантуул захаар яваад үз л дээ. Тэндхийн гуталчид дэлхийн ямар ч гутлаас дутахгүй гутал хийчихэж байна. Yйлдвэржилтийн талаар дэвшүүлсэн манай зорилтыг манай үйлдвэрлэгчид, иргэд уншсан байна лээ. Их дэмжиж байгаа. Энэ сонгуульд МАХН амжилттай оролцвол дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлнэ. Yйлдвэржилттэй холбоотойгоор олон түмний анхаарал татаж буй нэг асуудал бол томоохон ордуудыг ашиглах явдал.
Ордуудын хувьд МАХН-ын баримталж байгаа бодлого тодорхой. Ордуудыг монгол хүн, монгол компани ашиглана. Монголчууд хөрөнгө оруулж болно. Ордуудыг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар монголчууд орлогын тогтвортой эх үүсвэртэй болох боломжийг бүрдүүлнэ. Гадны хөрөнгө оруулагчидтай хамтарна. Дэлхийн орчин үеийн эдийн засгийн хамтын ажиллагааны түгээмэл хэлбэрийг ашиглана. Байгалийн хишгээс иргэддээ хуваарилах бодлого баримталж байгааг олон нийт дэмжиж байна.
-Зарим хүн тэр яамны бодлого, үйл ажиллагаа учир дутагдалтай орсон байна, ийм бодлогын баримт бичгийн гол зорилтууд ороогүй байна гэх мэтээр санал хэлж байна. Бүгдийг багцлан тусгах боломж байгаа юу. Мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа хэр судалгаа тооцоотой хандсан бэ?
-Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг дотор судалгааны дэд ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт Монгол Улсын хөгжлийн томоохон баримт бичгийг боловсруулсан хүмүүсийг оролцуулж, бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрийг онцгой анхаарч судалсан. Тэр яамны зорилго, бодлого алга байна, ямар нэг хөтөлбөрт туссан санаа оноо алга гэж болохгүй юм. Ийм салбар, тэр яамны хийх ажлыг илүү түлхүү оруулъя гэх мэтээр өмнө нь захиалга ирдэг байсан. Салбарын шинжтэй ийм асуудлыг тэртэй тэргүй сонгуульд ялсан улстөрийн хүчин хэрэгжүүлэх нь тодорхой. Салбар, яам газруудын хүрээнд хэрэгжиж байгаа мастер төлөвлөгөө, хөтөлбөр зэрэг 150 гаруй баримт бичгийг судалж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Тэр бүх баримт бичгүүдтэй зарчмын хувьд уялдсан.
Мөн бид мөрийн хөтөлбөр боловсруулж байхдаа яамдад ажиллаж байгаа намын гишүүдийнхээ санал бодлыг сонссон. Нийтдээ санал бодлоо солилцсон уулзалт, хэлэлцүүлгүүд 30 гаруй удаа болсон. Тооцоог хийхдээ дотоод нөөц боломжоо илүү түлхүү судалсан болохоор судалгаан дээр маргах зүйлгүй. Жишээ нь, 2012 он гэхэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлсний үр дүнд жилд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт бий. Нэг сая гэдэг үгний цаана асар том хөгжлийн түүчээ агуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тоог дагаад аялал жуулчлал, дэд бүтэц шинэ шатанд гарах боломж бүрдэнэ гэсэн үг. Бид газар тариалангийн талаар бодлого боловсруулахдаа газар тариаланчидтай биечлэн уулзсан. Мөрийн хөтөлбөрийн гол цөм нь хүн учраас иргэдийн санал бодол манай сонгуулийн мөрийн хөтөлбөрт илүү зонхилж байгаа. Тиймээс бид асар их судалгааны материалыг өнгөрсөн дөрвөн жилд цуглуулж, түүндээ тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа.
-Эрүүл мэнд, байгаль орчны асуудал өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэ талаар ирэх дөрвөн жилд ямар дорвитой өөрчлөлтүүд гарах вэ?
-Хүн амын эрүүл мэндийн асуудал эн тэргүүний асуудал. Монголчууд сүүлийн үед гадаадад явж эмчлүүлэх нь элбэгшиж байна. Yүнд асар их цаг зав, мөнгөө алдаж байна. Иймээс орчин үеийн шаардлагад нийцсэн техник технологи бүхий төрөлжсөн эмнэлгийг эх орондоо байгуулж тоноглох, сумын эмнэлэгт хоёроос доошгүй эмчтэй болгох асуудлыг мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн. Эрүүл монгол хүний төлөө МАХН-ын явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа ирэх дөрвөн жилд улам эрчимжинэ. Боловсролын салбарын талаар нарийвчилсан судалгаа хийсэн. Өнөөдөр боловсролын үр өгөөж, чанарын асуудал ихээхэн чухал. Нийгмийн бүтээн байгуулалтын чиглэл, нефть, уул уурхайн салбарт ажиллах боловсон хүчин шаардлагатай байна. Тиймээс манай намын мөрийн хөтөлбөрт хүнээ дахин мэргэшүүлэх, шинээр бэлтгэгдэж байгаа хүмүүсээ байнгын ажлын байртай болгох, сургалтын боловсролын тогтолцоог сайжруулах арга хэмжээг дэвшүүлсэн.
Байгаль орчныг хамгаалах асуудлыг бид ирэх дөрвөн жилд шинэ шатанд гаргана. Экологи бол иж бүрэн асуудал. Yүнтэй уялдаад байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлогод ирэх дөрвөн жилд дорвитой өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэгч, хамгаалагчийн эрхийг нь ард түмэн, орон нутагт нь өгөхөөр мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Өнөөдөр ойн цагдаа, нэг яамаар байгаль орчноо хамгаалуулаад олигтой үр дүнд хүрэхгүй байна. Байгалийн баялаг бол ард түмний өмч. Тэнд хэн ойр байна, ард түмэн л ойр байна. Тиймээс байгалиа өөрсдөө хамтарч хамгаалаад баялгийг нь хамтдаа хуваалцдаг, өсгөж үржүүлэхэд ч хамтдаа мөр зэрэгцэн зүтгэдэг байх ийм зорилтыг бид дэвшүүлж байгаа.
-МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн таван төгөлдөршилтэй МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэр уялдсан бэ?
-МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын дэвшүүлсэн таван төгөлдөршил энэ мөрийн хөтөлбөрт агуулгаараа суусан. Саяхан би телевизээр таван төгөлдөршилтэй холбогдуулж аль нэг намынх нь захиалгат нэвтрүүлэг цацагдахыг үзлээ. Бид улс орноо хөгжүүлэхийн тулд бие биедээ урам хайрлаж л ажиллах хэрэгтэй. Гэтэл захиалгат нэвтрүүлэг гэгчээрээ бодит байдлыг гуйвуулж байна. Yнэн юмыг үгүйсгэж болохгүй. Манай намын даргын дэвшүүлсэн, шинэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа таван төгөлдөршлийн бодлого алхам тутам ахицаа олж яваа. Аливаа зүйл өргөс авсан мэт нүд ирмэхийн зуур өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Аажим аажмаар ахиц дэвшил олно. Тэр нэвтрүүлэгт “иргэний бүртгэлийн төгөлдөршил дампуурлаа” гэх мэтээр шал өрөөсгөл мэдээллийг дамжуулж байсан. Гэтэл иргэний бүртгэл мэдээлэл харин ч зүгширч байгаа юм биш үү. Иргэний бүртгэлийн асуудлыг энэ сонгуулийн өмнө цэгцлэхээр төрийн олон мянган албан хаагчид шат шатандаа өдөр шөнөгүй ажиллаж байхад ингэж үгүйсгээд байх хэрэг байна уу даа. Юмыг дандаа үгүйсгэж, бурхан дээрээс заларч ирээд хийчих юм шиг аашилж болохгүй шүү дээ. Ер нь бие биеэ гутаан доромжилсноор ажил урагшлахгүй.
-Хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудынхаа талаар ирэх дөрвөн жилд МАХН юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Гадаад бодлогын хувьд Монгол Улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг уламжлалт харилцаагаа үргэлжлүүлнэ. Гадаадад амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талд анхаарч ажиллана. Монгол иргэд маань аагаа багтааж ядсандаа бус амьдрахын эрхээр л хилийн чанадыг зорьж байна. Тиймээс гадаадад амьдраад олж буй орлогоо эх орондоо ажиллаад авах орчин нөхцөлийг бий болгоход идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Солонгост олон монгол иргэн гэрээгээр ажиллаж байна. Гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн ажиллаж буй салбар, үйлдвэрүүдийг Солонгосын талтай хамтарч Монголд байгуулах боломж бий. Иргэд маань хилийн чанадад сурсан мэдсэнээ эх орондоо ирээд үргэлжлүүлэх боломжоор хангах талаар бид Солонгосын талтай ярилцсан. Гадаадад ажиллаж буй иргэд маань нутагтаа жижиг, дунд үйлдвэр байгуулан ажиллахад ирэх дөрвөн жилд төрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ.
Бүх аймгийн төвийг нийслэлтэй засмалаар холбох, Азийн гол сүлжээний замуудтай холбогдох, газрын тосны дотоодын хэрэгцээг 2012 он гэхэд шийдэх боломжийг бүрдүүлэхэд Засгийн газар санал санаачлага гарган ажиллаж байгаа. Мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлыг оруулсан. Газрын тосны хайгуул хийх, олборлох ажлыг эн тэргүүнд хийхээр болж байна. Мөн нүүрсийг нэрэх маягаар газрын тос боловсруулах асуудал ч багтсан. Эрчим хүчний хувьд найдвартай эх үүсвэрээр хангах атомын цахилгаан станц чухал. Сум суурин газар хөгжиж байна, томоохон үйлдвэрүүд хөгжих боломж бүрдэж байгаа ийм үед ирэх дөрвөн жилд атомын цахилгаан станц бий болгоно.
-Сонгогчид улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрүүдээс бодит орлогын хэмжээг илүү сонирхдог. МАХН 2012 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 5000 ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Энэ хэр тооцоо судалгаатай вэ?
-2012 он гэхэд монголчуудын амьдралын төвшин, улс орны хөгжлийн хурдац нэлээд өснө гэсэн тооцоо бий. Бид энэ тооцоог эрдэмтэд судлаачдаар хийлгэсэн. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлого, бусад хөтөлбөрүүдийг нэлээд судалсан. Ингэхдээ бид эдгээр хөтөлбөрүүдэд гар бие оролцсон эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, санаа оноог авч боловсрууллаа. Ирэх дөрвөн жилд эдийн засгийн хөгжлийг 10-аас доошгүй хувьтай байлгах зорилт тавьж байгаа. Аль аль талын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд ийм төвшинд хүрэх нь ойлгомжтой. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2012 он гэхэд 5000 ам.долларт хүргэх зорилт тавилаа. 5000 ам.доллар гэдэг том тоо.
Өнөөдөр дэлхийн улс орнуудыг хөгжлийн төвшнөөр нь НYБ-аас ангилахдаа нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ 10 мянган ам.доллараас дээш бол хөгжингүй орон, 3000-10000 ам.доллар ногдож байгаа орныг хөгжиж буй, боломжийн оронд тооцдог. Тэгэхээр бид ийм төвшинд хүрэх бололцоотой. Худлаа, хоосон амлаж болохгүй. “Нэг удаа сонгуульд ялъя, сонгогчдын анхаарал татсан ганц хоёрхон асуудал тавъя” гэж гоомой хандаж болохгүй. Мөрийн хөтөлбөр боловсруулна гэдэг хариуцлагатай ажил. Хэрвээ монголчууд бултаараа эвлэлдэн нэгдэж хамтарч ажиллавал бидэнд оюун сэтгэхүй, ажил мэргэжлийн асар их нөөц байна. Нэг түүх ярья. Дэлхийн II дайны дараа Европ тив үнс нурам болтлоо доройтсон шүү дээ. Гэсэн хэдий ч тэд арваад жилийн дотор өндийж хөл дээрээ боссон. Яагаад гэвэл Европын тэр том үйлдвэр, хөгжлийн цөм нь хүмүүсийнх нь тархинд байсантай холбоотой. Бидэнд ийм боломж байна. Ирээдүй бидний гарт байна. Гагцхүү бид эвлэлдэж нэгдэж хамтран ажиллах нь чухал. Бид өөр намын мөрийн хөтөлбөрийг шүүмжлэхгүй.
Амлалт руу нь дайрч давшлахгүй. Хамгийн гол нь өөр өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулах нь чухал. МАХН “Шударга ёс-хариуцлагатай төр, дэвших хөгжил, дэвжих амьдрал” гэсэн уриатай оролцож байна. Шударга ёс өнөөдөр нийгэмд их үгүйлэгдэж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил энэ талаар дээр дооргүй ярилаа. Шударга ёсыг тогтоох, хариуцлага, сахилгыг дээшлүүлэх талаар Засгийн газрын хийж байгаа ажлыг олон түмэн нааштай хүлээн авч байгаа. Гэхдээ ганцхан МАХН бус бусад улстөрийн намууд бүгдээрээ үүнд идэвхтэй оролцож байж үр дүнд хүрэх учиртай. Энэ завшааныг ашиглаад мөрийн хөтөлбөрт гар бие оролцсон, санал бодлоо харамгүй илгээсэн бүх хүнд талархаж байна.
|