|
АН-д мөрийн хөтөлбөр байхгүй
Шинэчлэгдсэн: 2008-06-18 17:05:52 УБ АН өмнөх сонгуулиар бид мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт 10000 төгрөг өгнө гэж тусгаад түүнийгээ биелүүлсэн, бид нар шиг хэлсэн, амалсандаа хүрдэг улстөрийн хүчин алга гэж амаа олохгүй магтаж, зай завсаргүй мэдээллээр бөмбөгдөж байна. Гэвч 2004 оны сонгуулиар АН бие дааж дангаараа оролцоогүй, Эх орон -Ардчилал эвсэлийн дор нэгдэж, ИЗН,Эх орон намтай хамтарч хүчээ сорьсон билээ. Тиймээс энэ эвсэл нэг л мөрийн хөтөлбөртэй байсан.
Гэвч эвсэл дор нэгдсэн намуудын удирдлагууд хөнжил дотроо хөлөө жийлцэж тарч бутарсан юм. Тэр түүхээс нь сөхвөл, Эх орон -Ардчилал эвсэл ялалт байгуулсан хэдий ч Засгийн газраа эмхлэн байгуулах явцад сайдын суудлаа булаалдан зөрчил үүсч, тараах шийдвэрийг АН-ын дарга Энхсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат гаргаж байлаа.
Үндсэн Хууль болон УИХ-ын тухай хуулиар УИХ-ын сонгуульд эвсэл болж орсныхоо дараа тарсан улс төрийн нам бүлэг байгуулах эрхгүй болдог. Тиймээс АН Засгийн газраа дангаараа байгуулах хөг нь өнгөрөхөөс гадна УИХ-д бие даасан бүлэг ч байгуулах боломжгүй болсон юм. Нөгөө айхтар лоозогноод байдаг АН-ын 25 гишүүн зүүний үзэл баримтлалтай МАХН-ын бүлэгт элсч албан тушаалтай хоцрохын тулд яахаас буцахгүй байлаа. Харин ганц дайчин ганцаардалгүй Э.Бат-Үүл л үзэл бодолдоо үнэнч байж эсэргүүцэж байсан юм даг.
Ц.Элбэгдорж хамгийн түрүүнд хурдхан “ ху” намын эгнээнд элсэхийг толгой дохин зөвшөөрч, өөрөө Ерөнхий сайд болж байлаа.
Тэгэхлээр АН-ын мөрийн хөтөлбөр гэж ямар зүйл байна гэж хайгаад ч олохгүй. Тухайн улстөрийн хүчин,эвсэл сонгуульд оролцохын тулд мөрийн хөтөлбөрөө СЕХ-д хүргүүлж бүртгүүлэн албан ёсных болдог юм. Тиймээс Эх орон-Ардчилал эвсэл нь сонгуулийн дараахан тарсан учир мөрийн хөтөлбөр нь ч бут үсэрсэн гэсэн үг. Нэгэнт л эвсэл болж орсон юм чинь нам тус бүр бие даасан мөрийн хөтөлбөртэй байж болохгүй учраас гол зүйлүүдээ тусгаад нэг болгосон гэдэг.
Мөрийн хөтөлбөр нь аль хэдийн бутарч салбараад “хүчингүй” болсон гэдгийг АН-ынхан мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгэн шоудаж байна. Түүн дотроосоо хүүхдийн 10000 төгрөгийг сугалж аваад гудамж болгонд самбар гарган, телевиз болгоноор зай завсаргүй сурталчилах болов.
Гэвч энэ мөнгийг монгол улсын хүүхэд бүрт олгох шийдвэрийг хэн гаргасныг дурсахыг ч хүсэхгүй бид л гэж өмчилжээ.
Уг нь албан тушаалын төлөө “алалдах” нь холгүй байж арай гэж Засгийн газраа байгуулж Ерөнхий сайд болсон Ц.Элбэгдорж хүүхэд бүрт мөнгө олгох шийдвэрийг гаргалгүй суусаар жил гаруй болоод зайгаа тавьж өгсөн юм даг. Гэвч энэ эрхэм үүнээсээ санаа зовинох байтугай бид л 10000 төгрөг олгосон юм гэж орой олгон шахуу айлуудын хойморт урилгагүй заларч суучихаад уяртал хүүрнэдэг болов.
Үнэндээ АН-ын дарга Гүйцэтгэх засаглалыг атгаж суухдаа улсын сан хөмрөг нимгэн, боломж алга гээд зөвхөн ядуу айлын хүүхдүүдэд 3000 төгрөг олгож байсан билээ.
Тэр ангилалд нь багтан нэн ядуу гэсэн тодорхойлолт авахын тулд олон хүмүүс хорооныоо засаг даргыг тойгдон, царай алдаж байсан юмдаг. Үнэхээр хүүхэд бүрт 10000 төгрөг олгох чин хүсэл байсан бол АН-ын дарга Ц.Элбэгдорж Засгийн газрыг тэргүүлж байхдаа идэвхи зүтгэл гарган шийдвэрлүүлж болох л байсан. Гэвч зүтгэл гаргаагүй гэдгийг олон түмэн мартаагүй байгаа.
Харин М.Энхболд Ерөнхий сайд болоод АН-ын амлалтыг биелүүлэх бололцоо олгосон юм.Тэрбээр тэтгэврийн зөрүүг арилгах, төсвийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүр сард 3000, улирал бүрт 25 мянган төгрөгийн тэтгэмжийг авдаг болсон юм.
Олон эцэг, эхчүүд ядуу харагдах гэж үйл тамаа цайж, ёсөн шидийн арга сүвэгчлэхгүй амар болж сар бүр хүүхдийнхээ 3000,улирал бүр 25 мянган төгрөгийг авдаг болж зарим нь хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээгээд хадгалдаг болжээ.
Гэтэл АН-ынхан ичих булчирхайгүй болж, барин тавин залах юмдаа.
|