|
САНЖААГИЙН БАЯРААС СҮНСЭЭ ЗАЙЛТАЛ АЙГСАД ХЭН БЭ?
Шинэчлэгдсэн: 2008-06-24 13:35:53 УБ
Ерөнхий сайд С.Баяр
|
2008 оны зургадугаар сарын 17-нд БСШУЯ-ны гадаа “Орос хэлний” гэсэн овогтой болсон эрдэмтэн, доктор, профессор МУ-ын гавьяат багш С.Галсан гуайтай таарав.
Га багштай уулзаагүй долоон жил гаруй хугацаа улирчээ. МоАХ бий болсныг монголын ард түмэн, сэхээтнүүд талархан хүлээж авсан бөгөөд АН-ын одоогийн удирдлагын харааж зүхээд, устгана, сөнөөнө гэж занаад буй МАХН-ын гишүүд, энэ намын удирдлагын ихэнх хүмүүс бүх талаар дэмжиж Соёлын яамны байрыг үнэгүй шилжүүлэн өгөхөд МоАХ-ны төв хэвлэл “Ардчилал” сонины эрхлэгчээр томилогдон С.Зоригийн гараас үнэмлэх хүлээн авсан сэтгүүлч надтай олон хүн ирж уулздаг байсны нэг нь Га багш юм. Монгол орон, монголын ард түмний олон мянга, олон зууны турш хуримтлуулсан зүйлээс даян дэлхийд ярьж танилцуулах юмсан хэмээн боддог, олон эх оронч багшийн шавь байх аз тохиосон надад Монголын ардчиллыг хийлцэж, нийгмийг өөрчлөх нандин үйлсэд хувь нэмрээ оруулахаас илүү нандин хүсэл байгаагүй тул МАХН-ыг, намынх нь дунд, дээд шатны дарга нарыг баруун зүүнгүй шүүмжилж байв. Ийм үедээ л би МоАХ-ны төв байранд Га багштай танилцсан билээ. Га багш ардчилсан хүчний үйл ажиллагааг хуурамчаар шүтдэг бус бодитойгоор дүгнэдэг эрүүл ухаантан гэдэг нь танилцсан өдрөөс л мэдрэгдсэн юм. Харин сая уулзаад сонгуульд хэнийг дэмжиж байна даа? гэж надаас асуухад нь би
-Баярыг дэмжинэ гэлээ. Га багш
-Би АН-ыг дэмжихээ больсоон гэж цөхөрсөн өнгөөр хэлнэ билээ. Өдөр би том ачтай минь нэг ангид сурч, найзалдаг охины аавтай ХАҮТ-ын байранд тааралдаад
-Сонгуульд аль нам ялах болоо? гэж яриа өдөхөд мань эр,
-АН ялах юм шиг байнаа гэсэн санаанд оров.
Монголчууд яг одоо сонгуулийн өмнөх халууралд автан улстөрийн хийрхэлтэй байна. “Битлз” хамтлагийн Жон Ленноныг шүтэн бишрэгч нь гэх нэгэн хийрхэгч гэрийнх нь гадаа буудаж алсан цуст хэрэг миний санаанд үе үе орж ирдэг юм. Заримдаа хийрхэгчид хүний ёсноос гажсан гэмт хэрэг үйлддэг ч удаа бий. Намайг оюутан байхад Францад нэг хийрхэгч япон оюутан дурласан охиноо хөнөөгөөд хөлдөөгчид махыг нь эвдэж хийгээд хооллосны учир бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн тохиолдол бий. 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөх өдрүүдэд АН-аас хийрхлийн арай даруухан жишээ олныг харж блохоор байна.
Ц.Элбэгдоржийн АН-ын удирдлагад сонгуулиар олонхи болж С.Баяр даргатай МАХН-ыг Засгийн газраас холдуулах хүсэл их байна. АН-ын мафийд гүнзгий автсан хэсэг Баяраас сүнсээ зайлтал айж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэж баяжсан, монголын ард түмний хөрөнгөөр туйлсан, олон банкны авдрыг цөлмөсөн, өмч хувьчлал нэрээр луйвар хийсэн гэмтнүүд УИХ-ын гишүүн болж халдашгүй дархан эрх хэмээх баг зүүж нуугдахыг үнэхээр мэрийж байна. Мах, талх, гурил будаа, түлш шатахууны үнийг зохиомлоор нэмсэн мөнгө хүүлэгчид АН гэдэг баг өмсөөд сонгуульд олонхи болж МАХН, Баярын зоримог арга хэмжээнээс амь зулбахыг хүсч байна. Түүндээ Г.Баасан, САПУ-гийн хохирогчид хэмээх зүгээр суугаад баяжих шуналаасаа болж “ядарсан” хүмүүсийг ашиглан турхирч байна. Иргэний хөдөлгөөний намын Ж.Батзандан, О.Магнай гэгч үймээн самуунд гаршиж, төрийг үймүүлж, ард иргэдийг замбараагүй явдалд уриалан дуудаж амнаасаа цагаан хөөс сагуулж яваа этгээдүүдийг ч Элбэгдоржийн нам өөш болгон ашиглаж УИХ-д амь болох олон суудал авахын төлөөх улангассан дайралтандаа ашиглаж байна.
Ардчилсан нам 2008 оны сонгуульд ялна гэж учиргүй хөөрцөглөн алаагүй үнэгний арьсаар лоовууз хийж толгойдоо углаад чамайг сайд, дарга болгоно гэж сонгуульд нэр дэвшсэн болон дэвшээгүй журмын нөхөддөө худал амалж чухам л алийгаа алдаж буй нь инээдтэй бөгөөд ичгүүртэй. Сонгогчдын сэтгэл зүйг ойлгох мэдрэмжээр нэг их шалихгүй ойворгон хэсэг нь АН энэ сонгуульд наад зах нь 50 суудал авна гэж ярьж байна. Ард түмний амьдралыг доройтуулсны гол буруутан нь “хүчтэй сөрөг хүчин” гэдгээ “харуулж” парламентын үйл ажиллагааг дөрвөн жил зогсоож, чөдөрлөсөн буруутан нь АН биш МАХН юм шиг аяглацгаана.
2008 оны УИХ-ын сонгуулиар хэнийг төрийн түшээгээр сонгох нь үнэндээ сонгогчийн бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын иргэн дөрвөн жилд ганцхан өдөр эрхээ эдэлнэ. Тэр эрхийг өөртөө ашигтай болгох эсэх нь сонгогчоос л хамаарна. Төрийг хямралаас гаргаж амьдрах аргаа өөрчилье гэвэл хэлдэг гурав, хийдэг ганцыг биш хийдэг гурав хэлдэг ганцыг зөв олж сонгох ёстой.
1990 онд Ази тивийн цээжинд Ардчилал гэж өндөр дуугаар хашгирсан газар нутаг нь уужим боловч хүн ам нь дэндүү цөөн, хүн төрөлхтөний түүхнээс мартагдан арилах дээрээ тулж байснаа 1911 болон 1921 онд дахин сэргэсэн Монгол Улс эртний түүхээ дахин сэргээсэн юм. Хүн улс, Сүнэ улс, Монгол Улс хэмээн дэлхийн буурал түүхийг бичилцэж, аугаа их Чингэс хааныг төрүүлж дэлхийн талыг морин дээрээс эзлэн хоёр зуун жил Ази, Европын олон улс үндэстэнд ноёрхлоо тогтоосон, дэлхийн долоон гайхамшгийн нэг Хятадын их цагаан хэрмийг бариулсан гавьяа бидэнд бий. Их Монгол Улсын 800 жилийн ой Азийн Монголыг Дэлхий хэмээх цэнхэр гариг дээрх улс гүрнүүд Чингэсийн Монголыг дахин ярихад хүргэсэн билээ.
2008 онд УИХ-ын тав дахь сонгуулиа хийж байгаа нь Монгол Улсад онцгой үйл явдал юм. Монгол Улс байж, Монгол Улсад төр, засгийн эрх барихын төлөө тайван тэмцэл өрнөж, дөрвөн зуу гаруй хүн өндөр эрх мэдлийн төлөө үзэлцэж байгаа нь чухамдаа дэлхий даяар мартагдахад хүрсэн Монгол Улсаа аварсан МАХН-ын ач гэдгийг монгол хүн гэж өөрийгөө бодож буй болгон мартах ёсгүй. 1920 онд нийслэл хүрээнд хоёр дугуйлан байгуулагдаагүй бол, Сүхбаатар, Чойбалсан нар тэднийг удирдаагүй бол, хоёр дугуйлан нэгдэж 1920 онд “Үнэн” сонин бий болоогүй бол хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэсэн эрх чөлөөг санагалзсан дуу ч үгүй, монгол үндэстнийг хоёр хөрш хуваан залгих байсаан. Монголын радио гэдэг их айлд хамт ажиллаж, Г.Донидын утга зохиолын нэгдэлд шүлэг зохиолоо уншиж явсан яруу найрагч Ч.Мягмарсүрэн “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч Францын дайтай” гэсэн халуун эх оронч шүлэг туурвисан билээ. Энэ улсын иргэн болж төрсөн хэн боловч Монголоо авч үлдсэн МАХН-ыг үзэн ядах нь утгагүй явдал. Энэ намыг шүүмжилж болноо, алдвал хэлж засах ёстой. Оноход нь баярлаж урам хайрлах хэрэгтэй.
МАХН-ын дарга Санжаагийн Баяр бол Монголын ардчиллыг зүрх сэтгэлээрээ мэдэрч анхнаас нь дэмжиж өдий хүрсэн ухаантай сэхээтэн. Ерөнхиийлөгч Нацагийн Багабанди ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайдаар томилж Орост тавьсан Монголын их өрийг яриа хэлэлцээрээр зохицуулах тусгай үүрэг даалгавар өгснийг нэр төртэй биелүүлж, эх орон, ард түмнээ өрийн гай гамшгаас аварсан том дипломат элч мөн. Н.Багабанди, Н.Энхбаяр гэсэн ардчилсан Монгол Улсын хоёр ерөнхиийлөгчөө бид бишрэн хүндлэх учиртай. Тэр утгаар МАХН-ыг харааж зүхэх биш гүн хүндэтгэлтэй хандах ёстой билээ. МАХН монголын ард түмнийг сайн сайхан амьдруулахын тулд намынхаа эгнээнээс төрүүлсэн ерөнхийлөгч нараа ичих нүүрээ барсан гуйлгачин болгож байна. Ардчилсан намын төрүүлсэн анхны ерөнхийлөгч “Бид танайд тавьсан өрөө төлчихье?” гэж хэлүүлснийг нь би тухайн үедээ хатуу шүүмжилсэн удаатай. “Ардчилал”, “Ардчилал таймс” сонины шарласан хуудсууд үүнийг нотолно. МАХН төрийн эрхийг барьсан далан жилийн хугацаанд хоцрогдсон Монголыг юм юмтай болгосон. Энэ намын бүтээж бий болгосон бүхнийг ардчилал ярьсан АН-ын багтай нөхөд идэж уугаад, хувьдаа аваад үрэн таран хийсэн. Тэднийг амин хувийнхаа эрх ашгийг хамгийн сүүлд тавь! гэж хэлсэн С.Зоригийг хөнөөж нэг хэсэгтээ л санаа нь амарсан байлгүй. Гэхдээ алуурчин хэзээ ч амар тайван унтаж чаддаггүй.
МАХН ядуурч, зовж, өлөн зэлмүүн амьдарч буй ард түмнээ амар тайван, жаргалтай амьдруулахын тулд тухайн үед ажил үйлсийг нь сайн мэддэг хамт ажиллаж байсан эрдэмтэн багшийн яриагаар монголын шилдэг эрдэмтэд Санжаа, Дулмаа (ээж нь) хоёрын хүү Баярын хэрэгжүүлж байгаа ажлуудыг үргэлжлүүлэхийн тулд 2008 оны сонгуулиар парламентад олонхи болохыг чармайж байна. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ыг сонгогчид хүчний харьцааг тэнцүүлнэ гэж тэнэглэсний улмаас Ардчилсан намынхан монголчуудын амьдралыг доройтуулсан. АН-ын гишүүн “Женко” Х.Баттулга, ашигт малтмалын панзчин Лу.Болд, Үндэсний дэвшлийн гэж анх гарч ирсэн МҮДН-ын “Фортуна” хэмээх Н.Батбаяр, намаас нам дамжин гүйгч Р.Гончигдорж, хэрүүлийн “тулам” гэж ард олон ярих болсон Э.Бат-Үүл, төрийн асар их хөрөнгийг хувьдаа авчихсан З.Энхболд зэрэг этгээдүүдийн мөнгө хүүлдэг хомхойрлыг таслан зогсоохгүй бол үнийн хөөрөгдлийг бий болгосон явдлаа АН үргэлжлүүлсээр л байх бөгөөд Монголд өлсгөлөн бодитойгоор нүүрлэх болно. С.Баяр ийм байдалд хүргэсэн хүмүүстэй хариуцлага тооцно гэдгийг ойлгосон дамчид, мөнгө хүүлэгчид С.Баяраас сүнсээ зайлтал айж байгаа юмаа!!
Эх сурвалж: Зууны мэдээ
Нанж.ЛХАГВА (Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
|
|