|
ӨРТЭЙ КЁКҮШЮЗАН УИХ-Д НЭР ДЭВШЭЭД ЯВЖ БАЙНА
Шинэчлэгдсэн: 2008-06-26 16:59:54 УБ 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд явж буй кёкүшюзан Батбаяр улсад ихээхэн хэмжээний өртэй нь саяхан мэдэгджээ.
Үндэсний татварын Ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүхээс кёкүшюзан Даваагийн Батбаярт үүнийг маш тодорхой сануулсан мэдэгдэл хүргүүлж байсан байна.
Тэр мэдэгдэлд: -“Үндэсний татварын улсын байцаагчийн 2005 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 300591 тоот актыг хэвээр баталсан тул 711.531.0 мянган төгрөгийн татварын өрийг 2008 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор барагдуулахыг мэдэгдье” гэжээ.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “…27.4. Нэр дэвшигч нь … дараах шаардлагыг хангасан байна. …27.4.2. шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх…” гэж заасан тул иргэн Кёкүшюзан Батбаярын 1999 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулсан “Кезүшюзан-хөгжил сан” төрийн бус байгууллага, татварын улсын байцаагчийн 2005 оны 300591 тоот актаар тогтоосон татварын өр 711.531.0 мянган төгрөгийг 2008 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор барагдуулаагүй, шүүхийн удаа дараагийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Гэвч үүнийг кёкүшюзан Батбаяр юман чинээгээр тоолгүй АН-аас 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Өрөө цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.
Монгол Улсад хэрэв хууль хэрэгждэгсэн бол кёкүшюзан Д.Батбаяр УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшээд манаргаж явах эрхгүй нэгэн ажээ. Япон улсад 20.000 залуу гаргаж боолын хөдөлмөр эрхлүүлнэ. Сонгинохайрханыг үйлдвэрийн дүүрэг болгоно гээд л ам хамхилгүй бурж, өрөө төлөөгүй байж үлгэр яриад дөвчигнөж явна гэнэ.
Ер нь энэ оны УИХ-ын сонгуульд АН-аас гэмт үйлдэлтэн Ламжавын Гүндалай, өрийн тулам өгөр толгой кёкүшюзан Даваагийн Батбаяр зэрэг эргэлзээтэй хүмүүс өрсөлдөж байгаа нь олон хүний гайхлыг төрүүлж байна.
Уг нь монголчууд өртэй, ял эдлэх болзол хангасан хүмүүсээр төрийнхөө жолоог бариулаад байхдаа тулаагүй л байлтай.
Луйврын эзэн Лу.Болд бас Хан-Уул дүүргийн УИХ-ын Сонгуулийн 21 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшчихсэн таваргаж явааг бүгдээрээ мэднэ. АН-ынханд Монгол Улсын хууль үйлчилдэггүй бололтой.
МУГТ кёзүшюзан Д.Батбаяр ичих нүүрэндээ элэг наасан амьтан юмаа. Өртэй байж улстөрийн алтан босгоор алхан орох гэж яаж зориглов оо, яаж чадаж байнаа гэж хүмүүс гайхан ярьж байгаа сурагтай.
Татварын улсын байцаагчийн актад түүнийг өр барагдуулах үүрэгтэйг тов тодорхой дурджээ.
300591 тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нь: “…иргэн Д.Батбаяр нь 711.231.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсныг ҮТЕГ-ын 900000603 тоот дансанд төлүүлэхээр акт тогтоов” гэжээ.
Монгол Улсын Сонгуулийн хороо хуулиар олгогдсон эрхээ эдэлж, тус улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нэр бүхий дээрх хүмүүсийг эргүүлэн татах болоогүй юу?
Ч.ГАНГАР
|