|
АН-ААС АДАЛ БАЛМАД ЯВДЛАА НЭН ДАРУЙ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА
Шинэчлэгдсэн: 2008-06-26 17:03:27 УБ МАХН-ын дарга Санжаагийн Баярын тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын ажил үйлсийг ард түмэн дэмжиж, МАХН-аас 2008 оны УИХ-ын сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөрийн агуулга, “Эх орны хишиг” сангаас 1.5 сая төгрөгийг иргэн бүрт хүртээх зорилтыг иргэд сонгогчдын дийлэнх олонхи нь талархан хүлээж авсан нь зарим улс төрийн хүчин, тухайлбал АН-ынхныг айдас сандралд оруулж, тэдний зүгээс МАХН руу дайрч давшлах явдал улам бүр улангасан гаарч, цагаандаа гарч байгаагаар илрэн мэдрэгдэх боллоо.
МАХН “Эх орны хишиг”- 1.5 саяас доошгүй төгрөгийг иргэддээ хүртээнэ гэсэн мэдээллээс айж болгоомжилсон АН-ынхан зүсэн бүрийн башир арга хэрэглэж, иргэд, сонгогчдын толгойг эргүүлэхийг оролдож байгаад МАХН ихэд харамсаж байна.
Эхний үед АН-ынхан “Эх орны хишиг”-ийг МАХН зөвхөн насанд хүрэгчдэд л өгөх юм гэнэ. 16 нас хүрээгүй хүүхдүүдэд өгөхгүй юм байна. Тийм болохоор АН-ын эрдэнийн хувийн 1 сая хамаагүй илүү гэсэн цуурхал тараасан.
Энэ нь бүтэлгүйтэж хулгай нь баригдмагц сонгуулийн өмнө МАХН 10.4 тэрбум төгрөг тараах гэж байна. Иргэн бүрт 10 мянган төгрөг өгөх гэнэ. МАХН-ын сонгуулийн штабаас, эсвэл нэр дэвшигчдээс нь очиж аваарай гэсэн цуурхал дэгдээжээ. Бүр байчхаад “Хаан” банкнаас аваарай гэж хүртэл зар тарааж иргэд сонгогчдыг бухимдуулсан байна.
Түүгээр ч зогсохгүй 2008 оны 6 дугаар сарын 25-ны үдэш “Нийгмийн толь” сониныг хэвлэлд шилжиж байх мөчид АН-ын төв аппаратаас төлбөртэйгөөр нийт иргэд, сонгогчдыг энэ 6 дугаар сарын 26-27-ны өдөр “Хаан банк”-наас ирж 1.5 сая төгрөгийн “Эх орны хишиг”-ээ аваарай гэсэн хуурамч зар мэдээллийг нийтлүүлсэн байна.
Өчигдөр орой буюу 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 21.00 цагийн орчимд манай нам АН-ын шударга гишүүдээс “Шөнийн 24.00-00.02 цагийн хооронд МАХН-ын “Эх орны хишиг” - 1.5 саяын батламжийг төвийн нэг хэвлэх үйлдвэрт хуурамчаар олон мянган хувь хэвлүүлээд нийслэл хотын гудамж талбай, айлуудын үүдэнд, бас хашаа давуулж хаяхаар бэлтгэж байна. Ойрын аймгуудад ч хүргүүлэх аж. Энэ нь МАХН-ын “Батламж”-ийг үнэгүйдүүлэх зорилготой юм” гэсэн мэдээг хүлээн авч, энэ тухай товч мэдээг “Үнэн” сонинд нийтлүүлж, радио телевизүүдээр урьдчилан сэрэмжлүүлсэн билээ. Эл сэрэмжлүүлэгдээ бид “АН-ыг ингэтлээ дор орж нэр төрөө шавар шалбаагт арай хутгахгүй болов уу гэж найдаж байна. Гэхдээ хэрэв ийм юм болбол энэ бүхэн нь АН-ын дайсагнасан үйл ажиллагаа юм байна гэж ойлгоорой” гэдгийг нийт иргэд, сонгогчдод урьдчлан сэрэмжлүүлсэн болно.
Гэтэл энэ нь үнэн байв. Өнгөрөгч шөнө МАХН-аас иргэддээ тараасан “Эх орны хишиг” сангаас олгох 1.5 сая төгрөгийн батламжийг олон мянган хувь хуурамчаар дуурайлган хэвлүүлж, АН-ын “Сэрэмжлүүлэг” нэртэй нэг хуудас ятгалга бичгийн хамт нийслэлийн энд тэндгүй ил задгай хаясан байна. Энэ нь Монголын улс төрийн амьдралын түүхэнд тохиолдож байгаагүй бузар булай увайгүй жигшүүрт үйлдэл юм.
Ийм явуургүй, ичгүүр сонжуургүй гэмт үйлдлээ нэн даруй зогсоохыг бид АН-аас хатуу шаардаж байна. Биднээс, манай мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдээс айж эмээлгүйгээр 2008 оны УИХ-ын сонгуульд шударгаар өрсөлдөхийг АН, бусад бүх улс төрийн хүчинд дахин уриалж байна.
МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Улаанбаатар, 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
|