|
МАХН-ЫН НЯЦААЛТ
Шинэчлэгдсэн: 2008-06-26 22:44:16 УБ “Өдрийн сонин”-ны 2008 оны 6 дугаар сарын 26-ны дугаар 150-д сэтгүүлч Б.Хажидмаа, Д.Цогзолмаа нарын бичсэн “Ард түмнээ тэнэгт тооцсон МАХН том тэнэгтлээ” гэсэн гарчигтай гүтгэлэг нийтлэгдсэн байна. Мөн өдрийн “Ардын эрх” сонины дугаар 127-д “Тэнэгүүдэд зориулсан “Открытка” гэсэн гүтгэлгийн хар пиарыг сэтгүүлч Д.Оюунцэцэг давхцуулан бичжээ
. Утга нь МАХН ард иргэдээ P,R,F,O гэсэн 4 ангилалд хувааж “Эх орны хишиг”-ийн 1,5 сая төгрөгийн батламжаа гардуулахдаа зөвхөн “О” ангилалд хамруулсан “группа обманутых буюу мөнгөний элдэв шуугианд хууртах” гэнэн итгэмтгий, тэнэгүүдийн бүлэглэлд багтах 300.000 өрхөд л тарааж байна. МАХН-ын дарга С.Баярыг Орос руу айлчлахад тэндхийн уул уурхайн компанийхан сонгуульдаа ашиглаарай гэж ихээхэн хэмжээний мөнгө өгсөн. Түүнийгээ санал хураалтын өмнөх өдрүүдэд тараах юм гэх мэтээр МАХН-ын нэр төр, алдар хүндийг гутаах, намын рейтингийг унагах зорилгоор илт худал гүжирдлэг тараажээ. Олон нийтийг төөрөгдүүлсэн худал хуурмаг мэдээлэл тарааж байгааг МАХН эрс шийдвэртэй няцааж байна. Сэтгүүлч Б.Хажидмаа, Д.Цогзолмаа Д.Оюунцэцэг нар санаанаасаа сэдэв зохиомжлон сонгуулийн ээлжит гүжир гүтгэлэг, хар пиар хийж сэтгүүлчийнхээ ёс зүйг ноцтойгоор зөрчжээ.
Ардчилсан сонгуулийн жинхэнэ утга учрыг олон түмэнд үнэн үгээр хүргэн сурталчлах үүрэг хүлээсэн нэр бүхий дээрх сэтгүүлчид ийнхүү хуурмаг, бузар бусармаг үйлдэл хийж МАХН-ын нэр хүнд, үйл ажиллагаанд ноцтойгоор халдаж, хийгээгүй зүйлийг хийсэн болгож, олон түмнийг төөрөгдүүлэх хорт явуулга хийж байгаад МАХН туйлаас харамсч байна.
МАХН нь УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хуулийн дагуу тайлбар тодотгол хийж, мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эх орны хишиг” сангаас иргэн бүртээ 1,5 сая төгрөг хүртээх боломж байгааг эдийн засгийн нарийн тооцоо судалгаанд үндэслэж хийсэн болно. Иргэдээ ялгаварлан гадуурхаж анги бүлэгт хуваах ямар ч шаардлага МАХН-д байхгүй бөгөөд улс төрийн тийм ёс суртахуунгүй үйлдэл хийх нам биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөх өдрүүдэд “мөнгө өгнө, банканд данс нээж байршуулна, банкан дээр ир” гэсэн зар мэдээллийг манай нам, хот дүүргүүдийн намын байгууллагын ажилтнууд огт тараагаагүй. Хийгээгүй, зохион байгуулаагүй юмыг хийсэн болгож, бүр түүнийгээ хэт үнэмшилтэй болгохын тулд “Өдрийн сонин”, “Ардын эрх” сонинд нэг хүн бичсэн мэт агуулгатайгаар нийтэлж, “Нийгмийн толь” зэрэг сонинд худал зарыг гаргаж байгаа нь урьдаас сайтар бэлтгэгдсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа болохыг илтгэн харуулж байна.
МАХН-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
Улаанбаатар хот. 2008.06.26-ны өдөр
|