|
Гэрэл судлаач эрдэмтэн
Шинэчлэгдсэн: 2007-04-25 12:48:11 УБ Оросын физикч П.Н.Лебедев 1866 оны энэ өдөр Москва хотноо худалдаачны гэрт төржээ. 1887-1891 онд Германы Страсбург, Берлин хотын их сургуулиудад физик судалж байгаад эх орондоо эргэн ирж, Москвагийн их сургуульд багшлах болов.
Түүний лабораторид 30 хүний бүрэлдэхүүнтэй Оросын эрдэмтдийн анхны том баг судалгаа шинжилгээний ажил явуулж байлаа. Энэ үед сүүлт одны сүүл хэрхэн үүсдэг тухай асуудал түүний сонирхлыг ихэд татжээ. И.Келлер, И.Ньютон нар сүүлт одны сүүлийн нарны эсрэг чиглэл дэх хазайлт нь нарны гэрлийн механик даралтын нөлөөгөөр үүсдэг хэмээн таамагласан байлаа. Энэ даралтыг олж ажиглахыг оролдсон XүIII зуунаас эхтэй олон тооны туршлага амжилтад хүрээгүй юм. П.Н.Лебедев ер бусын хүнд нөхцөлд ажиллан, хатуу биеийн гадарга дээрх гэрлийн даралтыг анх удаа үнэмлэхүй магадлалтайгаар хэмжих туршилтын төхөөрөмжийг зохион бүтээжээ. Энэ даралт гэрлийн цахилгаан соронзон онолоор гэрлийн даралт нь үл ялих бага утгатай байна гэсэн Английн физикч Ж.Максвеллийн онолтой тохирч байв. 1900 онд П.Н.Лебедев Парис хотноо олон улсын физикчдийн конгресс дээр өөрийн туршилтын тухай илтгэл тавьжээ.
Гэрлийн даралтыг нээсэн нь түүнд даян дэлхийн алдар авчирсан юм. Энэ эрдэмтэн судалгааны дараагийн 10 жилээ хийн гадарга дээрх сул гэрлийн даралт байдгийг батлахад зориулж, 1910 онд зорьсондоо хүрч чадсан байна. Миллиметрийн радио долгион болон дэлхийн соронзон орны судалгаа нь түүний томоохон бүтээлийн тоонд зүй ёсоор тооцогдоно. 1911 онд П.Н.Лебедев бусад орны эрдэмтэдтэй нэгдэн хааны гэгээрлийн сайдын эсрэг тэмцжээ. Тэрбээр Стокгольм дахь Нобелийн институтэд ажиллахыг хүссэн Шведийн эрдэмтэн С.Аррениусын урилгаас татгалзаж өөрийн хөрөнгөөр Москвад шинэ физикийн лаборатори байгуулахаар шийдсэн байна. Түүний лабораторид Оросын анхны долоо хоног тутмын физикийн семинар зохиогдож эхэлсэн бөгөөд үүнд оролцогчид мөн физикчдийн анхны шинжлэх ухааны сургуулийг үндэслэсэн түүхтэй. Өдгөө ОХУ-ын ШУА-ийн физикийн хүрээлэн П.Н.Лебедевийн нэрээр овоглож байна.
өдрийн сонин /2007.04.25/
|