С.Баярын ганцаарчилсан, Ц.Элбэгдоржийн бөөндсөн уулзалт
2008-03-05 11:57:47 УБ
УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байна. Энэ жилийн сонгуулийн сурталчилгааны хугацаа богино атлаа томсгосон тойргоор явагдах болохоор нэр дэвшигчдэд өөрийгөө бүрэн таниулах боломж тун хомс.
Тиймээс намууд урьд өмнөх сонгуулийг бодвол хавьгүй эрт нэр дэвшигчээ тодруулж, тойрогтоо албан ёсоор ажиллаж эхлэх бололцоог нь нээж өгөх янзтай. Монголын улс төрийн хоёр голлох хүчин МАХН, АН-ын нэр дэвшигчид энэ сард ерөнхийдөө тодорчих төлөвтэй.
МАХН-аас нэр дэвших хүмүүс тодорч эхэллээ
Яг одоогийн байдлаар МАХН-ын чансаа 29.2, АН-ынх 25.1 хувьтай байгаа аж. Энэ бол “Сант марал” сангийн судалгааны дүн. Гэхдээ МАХН-ынхан ирэх сонгуульд ялна гэсэн бардамхан бодол тээж яваа. Яг л 2004 оны үеийн уур амьсгалыг санагдуулам өнгө аяс олон хүний хэлсэн, ярьсан үгнээс илэрч байна.
Ирэх сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулахын тулд МАХН хоёр ч удаа хэлэлцүүлэг явуулсан. Ерөнхий сайд С.Баяр намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа шилдэг боловсон хүчнийг хэлэлцүүлгээр тодруулахаар шийдсэн билээ. Эхний хэлэлцүүлэг нэлээн будилаантай болж, багагүй хэл ам араасаа дагуулсан. Харин хоёр дахь хэлэлцүүлгийг нэлээн өргөн хүрээнд, тэр тусмаа жирийн гишүүдийн санал илүү тусахаар зохион байгуулсан. Гэвч хоёр дахь хэлэлцүүлгээр ямар хүмүүс өндөр үнэлгээ авсныг МАХН-ынхан зарлаагүй. Сонгуульд өрсөлдөх боломжтой хүмүүсийнхээ нэрсийг хав дарчихаад байсан билээ. Энэ үүц одоо л задрах нь.
МАХН-ын аймаг, нийслэлийн хорооны дарга нар номын дуу сонсохоор Улаанбаатарт ирчихээд байгаа. Сонгуульд хэрхэн бэлтгэх, яаж оролцох талаар намынхаа удирдлагуудаас тэд өчигдөр үдээс хойш чиглэл авлаа. Ерөнхий сайд С.Баяр намынхаа цагаан байранд мөн өдөр ажиллаж, аймгийн хорооны дарга нартайгаа ганцаарчлан уулзаж эхэлжээ. Тухайн аймагт нэр дэвших боломжтой хүмүүсийг ерөнхийд нь тодруулж, энэ асуудлын хүрээг нэлээн хумих талаар илэн далангүй яриа тэдний хооронд өрнөсөн бололтой байна.
Бидэнд олдсон мэдээллээр С.Баяр өчигдөр Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн намын хорооны дарга Н.Уртнасан, Р.Цогтбаатар, Л.Цэрэнжав нартай ганцаарчлан уулзжээ. УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, УБХ-ын гишүүн асан, “Мандал” группийн ерөнхийлөгч Д.Балдан-Очир нар Завханд нэр дэвших нь тодорхой болсон аж. Харин гуравдагч нэр дэвшигч нь хэн байх талаар эцсийн шийд гараагүй бололтой. “Нарантуул” олон улсын худалдааны төвийн захирал Ш.Сайхансамбуу, аймгийн Засаг дарга П.Гансүх, ИТХТ-ийн дарга Д.Батмөнх, Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрэнпүрэв, УИХ-ын гишүүн Д.Туяа нарын нэр яригдаж байгаа.
Г.Цэрэнпүрэв нэр дэвших бодолгүй, Д.Туяа төрсөн нутаг Дорноговио зорих төлөвлөгөөтэй байгаа сураг бий. Ш.Сайхансамбуу татварын асуудалд холбогдож байсан, П.Гансүх, Д.Батмөнх нарын хоорондын харилцаа тааруу, намынхаа төлөө нэгдэж ажиллаж чаддаггүй зэрэг нь намын даргад тийм ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэж эх сурвалжууд өгүүлж байна.
Говь-Алтайд нэр дэвших эрхээ УИХ-ын гишүүн Т.Очирхүү бараг авчихсан гэхэд хилсдэхгүй бололтой. Хоёр дахь нэр дэвшигч хэн байх нь бас л маргаантай. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ц.Дашдорж, Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга Ж.Энхбаяр нар хүчтэй яригдаж байгаа. Өөр нэг мэдээллээр бол хашир туршлагатай парламентч Т.Очирхүүг нийслэл рүү татаж, хоёр залууд дөрөө харшуулан нутгаа зорих эрх олгож магадгүй нь.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон нар Хөвсгөлд нэр дэвших нь тодорхой болжээ. Хэрэв МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Амарсанаа Дарханыг зорих болбол ЗТАЖ-ын дэд сайд Д.Батхуяг, УИХ-ын гишүүн асан, аймгийн МАХН-ын хорооны дарга Л.Цэрэнжав нарт боломж олдох нигууртай.
Энэ мэтчилэн МАХН-аас аймгуудад нэр дэвших хүмүүс өнөөдөр гэхэд ерөнхийдөө тодорхой болчих сурагтай. Харин нийслэлд нэр дэвшигчдийн хувьд асуудал нэлээн ээдрээтэй байгаа гэсэн. Дугаар шилжих мөчид аймаг, нийслэлийн намын хорооны дарга нар хуралдсаар байлаа.
Хэнтийн намын хорооны хурал хүчин төгөлдөр бус
Өнгөрсөн сарын 27-нд Хэнтий аймгийн АН-ын хорооны хурал болж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх гурван нэр дэвшигчээ тодрууллаа гэж мэдээллийн бараг бүх хэрэгслээр цацсан билээ. Гэвч энэ хурал хүчин төгөлдөр бус гэж АН-ын удирдлагууд үзэж байна. Бусад аймгийн АН-ын хорооны хурал шил шилээ даран болж нэр дэвшигчдээ тодруулах нь уу гэтэл тэгээгүй нь ийм учиртай байсан ажээ.
УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах тусгай журам АН-д байдаг бөгөөд аймгуудын намын хороонд нэр дэвшигчдийг тодруулах ямар ч үүрэг, чиглэл өгөөгүй гэдгийг эх сурвалж онцолж байна. Харин баттай бус мэдээллээр бол АН-ын аймгийн хороод энэ сарын 17-21-нд хуралдаж нэр дэвших боломжтой хүмүүсийг тодруулах сурагтай.
Дахин нэр дэвших эрхийг УИХ-ын одоогийн 25 гишүүндээ АН-ын удирдлага олгосон. Гэвч бас зэрэгцүүлээд зарим нэгэн гишүүндээ тойргоо солих шахалтыг ил далдаар хийж эхэлсэн. Тиймээс ч Б.Мөнхтуяа Хэнтийг, Батж.Батбаяр Баянхонгорыг, Р.Эрдэнэбүрэн Дундговийг зорих гэнэ гэсэн “бор шувуу” нисч эхэлсэн билээ.
“Хэрвээ АН 25 гишүүнийхээ дөрвөн жилд хийсэн ажлыг үнэлж нэр дэвших эрх олгож байгаа бол тойргоо солих шахалт үзүүлэх нь утгагүй. Харин тухайн хүн өөрөө санал гаргаж буй бол өөр хэрэг” гэсэн яриа ч Төрийн ордон, намын байрнаас сонсогдож байсан юм.
Энэ асуудлыг нэг мөр болгохоор АН-ын дарга Ц.Элбэгдорж шийджээ. Тэрбээр намаасаа нэр дэвших виз авсан 25 гишүүнээ өчигдөр үдийн хоолонд урьсан байна.
Элбэгээ гишүүдтэйгээ хоёр асуудлаар зөвшилцөхөөр төлөвлөсөн байжээ. Эхлээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байгааг нь гишүүдээсээ сонирхсон байна.
Ийм эгзэгтэй асуудлыг энэ удаа хэлэлцэх шаардлагагүй. Учир нь сонгууль дөхсөн тул асуудлыг улстөржүүлээд аль ч үгүй юм болгочихно” гэж УИХ-ын гишүүдийн нэг хэсэг нь үзэж байхад нөгөө зарим нь “Аль нэг нам эз дийлээд өөрсдийн дураар хууль баталчихаж болохгүй, энэ парламентын алтан боломжийг ийм чухал хууль дээр заавал ашиглах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Харин нэр дэвших 25 гишүүнийхээ тойргийн асуудалд анхаарал тавьж, тодорхой зохицуулалт хийх болно гэдгээ намын дарга хэлсэн байна. Түүгээр ч үл барам Хэнтий аймгийн намын хорооны хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж буйгаа ч Элбэгээ ил тод илэрхийлжээ.
Дашрамд дурдахад, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг дөрөвдүгээр сарын 5-нд хийхээр товложээ гэсэн мэдээлэл ташаа аж. ҮЗХ-ны хуралдаанаар ойрын үед хэлэлцээд байх тулгамдсан асуудал үгүй тул ямар ч өдөр судар товлоогүй гэж АН-ын эх сурвалж өгүүлэв.
Өнөөдөр
Сэдэв:
Улс төр
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих