Банжиг.Нэтийн блог булангын " Монгол хүний мөрийг Африкт гаргахуй " блогоос " Харуудын тосгон руу " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.
Хөгшин найзынхаа зааснаар хурдны замаас салах нэгэн тосгоны шороон замаар орж, хэлсэн замын тэмдгийн ойролцоо замаас гарч зогслоо. Өдрийн халуунд бөгсөө хаялан залхуутайяа алхан зөрөх тосгоны хар хүмүүс, цаахна тийшээ төмөр хавтас, цаасан хайрцаг, тоосго, чулуу гээд олдож болох юу л байна тэдгээрээр хольж сольж, нөхөж босгосон оромжнууд харагдах нь дотор нь хүн амьдардаг гэхэд хэцүү хэдий ч дулаан орны, нам дор газрын хувьд өөрсдөд нь болоод л байдаг бололтой. Эдгээр оромжны зургийг би авч яваагүй тул одоохондоо тавьж чадахгүйдээ хүлцэл өчөөд, шинэ аялалдаа эргээд гарах гэж байгаа тул тэр үеэрээ эдгээр болон бас бус зүйлийн шинэ зургийг нэжгээдээр нь авч ирнэ гэдгээ та нартаа амлая.
Замын нөгөө талд хоёр хар залуу бага оврын ачааны машины тэвшийг хажуугаар нь тэр чигт нь буулгаж, тэвшин дээрээ дүүртэл нь мандарины төрлийн хэдэн шаргал жимсийг эгнүүлэн өрж, зарж зогсох нь надад тодорхой хэмжээгээр хань болж байв. Хааяа нэг гүйлдэн зөрөх хар хүүхдүүд намайг сониучирхан харах нь тосгоныхон бие биеэ мэддэг болохыг гэрчилнэ.
Сургуулийн дүрэмт хувцастай бүлэг эрэгтэй хүүхдүүд миний машины урдуур гарахдаа зарим нь гараараа далласан нь нозоорч суугаа намайг бага ч атугай сэргээж, хариу инээмсэглэн даллахдаа хөдөөний харуудын гэнэн, хиргүй цагаахан сэтгэлийг төв газрын хүмүүстэй харьцуулж бодлогошрон сууж байтал гар утас цангинаж бодол тасалдлаа. Хөгшин найз эрийг Диггс гэдэг, тэрбээр намайг эндээс тосч аван Тонго тосгон дахь хувийн, багахан эдлэндээ аваачиж байгаа талаар анхны бичлэгтээ дурдсаныг минь та бүхэн мартаагүй байхаа.
Утсаар хэлэхдээ маш ойрхон очиж байна, 20 минутын дараа уулзана хэмээсэн ч тэднийг би хоёр цаг гаруй хүлээж, сүүлдээ хань болж байсан харууд жимсээ хураагаад тосгоныхоо гүн рүү тоос татуулан одоход би л ганцаараа замын хажууд торойн үлдэв. Диггсийн хамт хоёр эмэгтэй, нэг эр ирсэн бөгөөд Диггс биднийг товчхон танилцуулаад цааш Эшави руу хөдөллөө. Би Диггсийн араас, харин Дигссийн найз эр миний араас даган явсан ба замд өнгөрөх газар нутгаас илүү тэдний машиныг харж явлаа.
Чихрийн мод ачсан ачааны том тэргүүд хөдөө газрын хурдны замд олонтаа таарах, заримдаа бидний дундуур орох, мөн замын хажууд гарч зогссон, зарим нь эвдэрсэн гээд холын толгод руу хараа бэлчээх завдал олдохгүй нилээн явсаар Эшавид ирж байгаагаа замын тэмдгээс мэдэж, тэднийг дагасаар жижиг хотын төвөөр дайрч, хойд зүг рүү л яваад байна уу гэмээр хойшилсоор замын хажуугаар байх хувийн хашаа байшинтай эдлэн газруудын нэгэнд хүрч ирлээ.
Машинаас буун хөлийн чилээ гарган тайван алхсаар тэднийг даган Диггсийн гэр лүү чиглэв.
Диггс 68 настай, яаж ургасан юм гэмээр эв хавгүй ургасан олон жижиг шүдтэй /би түүний шүдийг харах бүрдээ нэг нэгээр нь аваад буцаагаад байранд нь сайхан оруулаад өрөх юмсан гэж боддог юм/, нүүрний арьс нь хэдийн хөгширч өнгөө алдсан, наранд удаан байснаас үүсэх жижиг нөсөөт толбууд гар хөлөөр нь дүүрэн, үргэлж богино ханцуйтай урдуураа товчтой цамц, щорт, сандаал өмсдөг, нөхөрсөг хүн билээ.
Өөрийн гэсэн хураасан юмтай хөлжүү нэгэн байсан хэдий ч хэд хэдэн эхнэр сольсон, олон хүүхэдтэй, олсноо зөв зарцуулахаасаа илүү бусдад тарааж, нилээд зүйлээ өөрийн хайхрамжгүйн улмаас үрэн таран хийсэн, бэлэн амтай ч биелүүлж байгаа юмгүй, цаг гэж мэддэггүй, зэрлэг бутны амьдралтай жинхэнэ бутны хүн. Зарим хүмүүс түүнийг цагаан хар ч гэдэг. Цагаан хүн хэдий ч нутгийн харуудын хэлээр чөлөөтэй ярьдаг, амьдралын хэв маяг нь нутгийн харуудтай ойролцоо гэсэн үг л дээ. Түүнтэй уулзах тун хэцүү, 20 минутын дараа очлоо гэвэл 2 цаг, 30 минут гэвэл 3 цаг л хүлээнэ гэсэн үг.
Хашаан дотроо хоёр тусдаа байшингийн нэг нь нэг давхар /2 давхрыг 1 давхар, 3 давхрыг 2 давхар гэдэг/, дотроо олон өрөөтэй, гаднаа дээр доргүй мөн тусдаа олон хаалгатай, хүрэн тоосгон урт байрыг нутгийн хүмүүст түрээслэдэг, одоогоор есөн түрээсийн айл энэ байранд амьдардаг гэж байна.
Хажууханд нь ойр байх нөгөө нь давхар бус, цагаан шавран байшин түүний гэр аж. Хоёр унтлагын өрөөтэй, харин гал тогоо, хоолны өрөө, зочдын өрөө нь нэг дороо, хажууханд нь нэг угаалгын өрөө, тэдгээрийг өнгөрөөд ажил амралтын гэмээр өрөөгөөр дамжин арын хаалга руу очих ба тэр хаалганаас цааш саяхан зассан болов уу гэмээр шинэхэн ногооны үнэртэй зүлэг, ганц хоёр мод, харин түүнээс цааш элдэв янзын хамгаалалтын хашааны оронд огцом эрэг, эрэгнээс доош тэртээ дор асар том тогоо хэлбэртэй харагдах тэр чигтээ битүү, өтгөн ногоон мод бутаар хучигдсан нам дор газар байх ба газрын гүнд чухам юу байгааг олж харахын аргагүй, өвөрмөц, ширэнгэ лугаа адил лүглийх нь ганцхан хормын өмнөх соёлт ертөнцийг тэр даруй мартуулж тэртээх газрын гүн рүү намайг татаад авах шиг сонин мэдрэмж төрсөн нь Мадагаскартай арай ойрхон нэгэн бяцхан арлын эрэг дээр шөнө дунд орь ганцаараа зогсон, Энэтхэгийн хязгааргүй их далай, дээр нь бараантах бүрхэг тэнгэр, далайн салхи, далайн чимээ бүгдээрээ хоршин хэзээ ч илэрхийлж барахгүй тийм мэдрэхүйг надад бэлэглэснээс бас нэгэн өөр, ангид мэдрэмж байлаа. /Тэрхүү арлын талаар дараа тусад нь өгүүлэмз. Харин зэрлэг бутанд сар ганцаараа байсан маань биш шүү./
Ертөнцийн бүтээл юутай агуу, юутай гайхалтай. Байгал, эх дэлхийгээ хайрлан хамгаалж түүнээсээ таашаал авахаасаа илүү хүний гараар бүтсэн гайхамшгийг бишрэн шүтэж, хошууран тэмүүлсэн хүмүүн бид байгал дэлхийгээсээ арай л илүү холдоод байх шиг...
- Гайхалтай ертөнц гэх дуунаар бодол тасалдаж эргэн харвал хамт ирсэн Диггсийн найз эр миний адил тэртээ доош ширтээд зогсож байв. Түүнийг Скатт гэдэг, 50 гаруй насны, шонхор хамар, саарал нүдтэй, чихнээсээ эрүүгээ хүртэл битүү бүрхсэн сахалтай, нуруулаг, цэргийн хүнд л баймаар өргөн мөр, чилгэр сайхан бие зэрэг нь түүнийг залуудаа сайхан эр явсныг илтгэнэ. Ойр зуурын юм ярилцангаа түүний биеэ авч яваа байдал, амнаас нь урсах дээд зэрэглэлийн, язгууртны Англи хэл зэргээс нь түүнийг жинхэнэ жентельмен эр байна гэж би дүгнэв.
Диггсийн найз хүүхэн бид хоёр дээр ирж юу уухыг асуухад Hunter's Dry байгаа юу гэж би асуулаа. Скатт жолоо барьж яваа гээд жүржийн ундаа захиалахад би өөрөөсөө ичих шиг болов.
Диггсийн найз хүүхнийг Мелани гэдэг, 46 настай ч овор багатай, том нүд, өтгөн хар хөмсөг, монхор хамар, халимаг хар үс зэрэг нь анх миний нүдэнд тийм ч дулаахан харагдаагүй билээ. Меланий найз Сара, мөн л 50 гаруй насны, онцлоод хэлчих содон зүйлгүй, түгээмэл тааралддаг цагаан авгайчуулын нэгэн байв.
Энэ гүн, модот ширэнгэнээс хааяа сармагчингууд тэднийд зочилдог, байшин дээгүүр нь гүйлдэж цонхоор нь дотогш хардаг, үргээж айлгалгүй байгаад байвал заримдаа цонхоор гэрт нь орж толины өмнө үсний самаар нь үсээ самнаад суудаг гэх мэт сонирхолтой зүйлсийг Мелани бидэнд ярьсан юм.
Тэдний зочдын өрөөний ханан дахь нэгэн зурагны араас бяцхан гүрвэл гарч гүйснээ зог тусан, чимээ чагнаж байгаа бололтой байх нь энэ айл тэр чигээрээ бутны айл болохын бас нэгэн гэрч байлаа. Удалгүй банны өрөөнөөс үсэрсээр гарч ирэх жижигхэн мэлхийг Мелани зааж, өдөр бүр ингэж гарч салхилдаг гэж байх юм. Иймэрхүү зүйл хөдөө газраар нилээн элбэг байдаг талаар би ерөнхийдөө мэдээлэл авсан ч энэ нутаг миний хувьд хэзээд ч харийнх хэвээрээ байх биз ээ.
Бид цайлж дуусаад тосгон орохоор хөдлөхийн өмнө Диггс намайг машинаа тэдний задгай гараажид үлдээн, цааш Скаттын машинаар явахыг санал болгов. Юу гэхээ мэдэхгүй эргэлзэх зуур өндөр толгод дээгүүр, тойрч өгссөн, огцом тойрог ихтэй замаар явах тул намайг жолоо барихгүй байсан нь дээр, тэгээд ч бүрий болж байгаа тул ингэх нь зөв шийдвэр болно гэж Скатт нэмж хэллээ.
Скатт цагаан шаргал өнгийн Ланд Ровер-тэй, дотроо зай ихтэй, цэвэрхэн, харин гэрээ нүүлгэж яваа юмуу гэмээр ачаа ихтэй ч ачаагаа нэг бүрчлэн цэгцэлж янзлан тавьсан байсан ба миний солих хувцас, аппарат, дуран гэх мэт зүйлсийг өөрийн ачаан дээрээ их л нямбайлан эмхэлж тавиад, харин би машины урд түүний дэргэдэх суудал дээр тухалж, бүсээ бүслээд Мелани, Сара нарын суусан Диггсийн жижигхэн улаан машины араас даган харуудын нутгийн гүн рүү хүлгийн жолоо чиглүүллээ.
Тайлбар
Чихрийн мод - Sugar cane /Африкийн хамгийн түгээмэл тарьдаг чихрийн мод, замын хажуугаар зөрөх хар хүүхдүүд тасалж аваад идэж байгаатай хөдөө газраар зөндөө тааралддаг./
Бутны хүн - Bushman /Энэ нэрээр нэрлэсэн кино ший үзэж байсан байхаа/
Дээд зэрэглэлийн, язгууртны Англи хэл - The Queen's English /Эрт цагт хатан хаан, язгууртан хүмүүсийн хэрэглэж байсан Англи хэл. Одоо цагт өөрсдийгөө язгууртан гаралтай хэмээн үздэг зарим Англи хүмүүс ч энэ хэлээр ярьдаг ч чихнээ тун содон сонсогддог.
Бичсэн: Myrlin, Огноо: 2008-09-30
Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг:
http://africanmongol.blog.banjig.net
Сэтгэгдэлүүд
Өнөөдөр Монголын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад шударга ёсонд хэрхэн нийцэж байна, амьдралд бодиттой хэрэгжиж чадаж байна уу гэсэн шалгуур үзүүлэлт нэн чухал хэрэгтэй байгааг хууль цаазын хөгжлийн өнгөрсөн 16 жилийн түүх бэлхнээ харуулж байна-ХУУЛЬ бол хууль ёсны хамгаалалтанд багтах хувь хүмүүсийн эрхийн хамтын нийлбэр байгууламж мөн гэж Францын сэтгэгч Фредерик Бастиа тодорхойлж байжээ. Хуулийн эцсийн зорилго түүний оршин байхын мөн чанар нь шударга ёсыг нийгэмд хангах явдал гэдэгт үе үеийн сэтгэгчид судлаачдын үзэл санаа төвлөрсөн байдаг. Мөн хуулийн мөн чанар алдагдахад ямар хор үр дагаварт хүргэж шударга ёс гажууддагийг хүн төрөлхтөнд номлож сануулсан билээ. Өнөөдөр Монголын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад шударга ёсонд хэрхэн нийцэж байна, амьдралд бодиттой хэрэгжиж чадаж байна уу гэсэн шалгуур үзүүлэлт нэн чухал хэрэгтэй
байгааг хууль цаазын хөгжлийн өнгөрсөн 16 жилийн түүх бэлхнээ харуулж байна. Өнөөгийн нийгэмд үйлчилж байгаа зарим хуулиуд /1992 оны Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн гаргасан 380 гаруй хууль УИХ-аас батлан гаргажээ/ шилжилтийн үеийн нийгмийн харилцааг зохицуулан өмнө тавьсан зорилтоо биелүүлсэн хэдий ч эдүгээ цаг үетэйгээ тохирохгүй байдал бий болсон, тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан гадаадын орны хуулиудыг импортлон хуулбарлсан нь Монголын эрх зүйн харилцааны үндсэн хөрсөнд бууж наалдахгүй байгаа зэрэг нь хууль байдаг хэрнээ амьдралд хэрэгждэггүй, хуулийг хэрэгжүүлэх механизм дутмаг, хууль дахь хариуцлагын тогтолцоо зарим талаар бүрхэгдсэн, хууль сахиулан хэрэгжүүлдэг байгууллагуудын эрх зүйн орчин ядмагдуу байгаа байдлуудаар илэрч байна.Хууль амьдрал дээр хэрэгждэгүй, хуулинд заагдсан хариуцлага тооцогдохдоо нийгмийн дээд түвшинд үлбэгэр сул харин жирийн иргэдэд
хатуу, хуулиас зүйл заалт тодорхойгүй байдлаар орхигдон хаягддаг зэрэг зүй бус үзэгдлүүд нь хуулийн мөн чанарыг өөрчлөхөд нөлөөлдөг томоохон хүчин зүйл болж байгааг эрдэмтэд судлаачид төдийгүй иргэд хүртэл шүүн хэлэлцэж байна. Хуулийг улс төрийн луйвар болгон нийгэмд хэрэгжүүлэх шиг хор хөнөөлтэй зүйл үгүй гэж Ф.Бастиа, мөн "Хуулийг хэдхэн хүний ашиг сонирхолд нийцүүлэн тогтоовоос төрийн байгууллын тухай биш харин зөвхөн дотоод харгислалын тухай яригдах болно" гэж их сэтгэгч Платон нар олон зуун жилийн тэртээ хуулийн мөн чанар, амин сүнс алдагдвал ямар үр дагавар хор уршиг авч ирдэгийг өөрсдийн бүтээл туурвилдаа тод томруунаар тусгажээ. Монгол Улс шилжилтийн үеийн нийгмийн харилцаанаас идэвхтэй хөгжлийн харилцаанд ороход түүний тулгуур үндсийн нэг хуулийг сонгодог утгаар нь /шударга ёсыг хангах / эрх зүйн онол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон хэрэгжүүлэх нь нийгмийн өмнө тавигдсан тулгамдсан зорилтын
нэг болоод байна.Дэлхийн нийтийн хууль эрх зүйн түгээмэл тогтолцооны нэг эх газрын буюу хуулийг дээдлэх /rulе of law/ тогтолцоог үндсэн хуулиараа тунхаглан бэхжүүлж, түүний үзэл санаанд нийцүүлсэн чухал ач холбогдолтой хуулиудыг үе үеийн хууль тогтоох байгууллага баталж ирсэнийг энд үгүйсгээгүй, гагцхүү дээр дурдсан шалгуурт нийцэхүйц нийгмийн харилцааны хөгжлийг хурдасгагч, стратегийн шинжтэй жинхэнэ амьдралд зохицсон органик хуулиудыг шинээр сонгогдож эмхлэгдэн байгуулагдсан хууль тогтоох байгууллагаас шаардаж байгаа нь өнөөгийн нийгмийн иргэдийн бухимдал, түүнээс бий болсон эргэлзээ тээнэгзэл, улмаар төр засагдаа үл итгэх байдлаар нийгмийн сэтгэл зүй хүчтэй илэрч буйг хууль тогтоогч анзаарч хуулийн төсөл санаачлахдаа болон хууль тогтоох үйл ажиллагаандаа эрх зүйн шинжлэх ухаанд тулгуурлсан хуулийг батлах аваас нийгмийн шударга ёсонд нийцэх болов уу гэсэнд анхаарал хандуулсанд оршино,. Хууль тогтоох тогтоох үйл ажиллагааны
шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэх, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлдэг буюу нээлттэй байх нөхцөлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа талаар Монгол Улсын төрийн тэргүүн шинэ парламентын нээлтэн дээр хэлсэн үгэндээ дурьдсан нь шинжлэх ухаанд тулгуурласан хууль амьдралд жинхэнэ утгаар хэрэгжиж, шударга ёсыг хангах учиртай хуулийн мөн чанар гэдгийг манай өнөөгийн нийгмийн бүх шатанд хүлээн зөвшөөрсний тод илрэл юм.Дэлхийн хөгжингүй орнуудын /Герман, Франц Скандиновийн орнууд гэх мэт/хууль чухамхүү яагаад амьдралд бодиттойгоор хэрэгжиж, нийгмийн шударга ёсонд нийцэж байна вэ гэвэл хууль тогтоох үйл ажиллагаандаа эрх зүйн шинжлэх ухаанд тулгуурласан бодит туршилт судалгааг удирдлага болгодогт оршдог бөгөөд тэгж гэмээ нь олон улсын, эрх зүйн онол ,практикт сонгодог жишиг болдог төдийгүй хуулийн мөн чанараа олсон байдагт оршдог бололтой.Нөгөө талаар нийгэмд хууль шударга ёсыг бодитойгоор
хэрэгжүүлэхэд ёс зүйн тухай асуудалыг цогц байдлаар /нийгмийн бүхий л салбарт/ авч үзэхгүйгээр дээрхи зорилгод хүрэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нийгэм дэх сөрөг үзэгдэл болох /монголын нийгэмд зарим талаар нэгэнт бий болчихсон/ авилга, явцуу эрх ашигт хүлэгдсэн бүлэглэлүүдийн талцал, хуулийг үгүйсгэх үзэл, хариуцлагагүй ардчиллыг /дур зоргын нийгэм/ бий болгохоос урдчилан сэргийлж ,таслан зогсооход учир дутагдалтай юм. Аливаа нийгэм урагшлан хурдацтай хөгжихөд ёс зүй ямар чухал байдаг талаар эртний их сэтгэгчид номлон сургаал айлдаж, ёс зүй дутагдвал түүнээс үүдэн гарах хор аюулын талаар хойч үе бидэнд сануулан ирсэнийг түүхэн судар бичиг, ном бүтээлд тэмдэглэн үлдээжээ.Эртний Грекийн их сэтгэгч Аристотель "Ёс зүй" хэмээх алдарт бүтээлээрээ тэр үеийн хүн төрөлхтний анхны Төрт улсын нийгмийн харилцаанд ёс зүй ус агаар мэт хэрэгтэй байсныг анхаарал хандуулан дурьдахын сацуу хүмүүсийн ёс зүйн доройтол нь шударга ёс
улмаар төрийн зөв хэлбэрийг алдагдуулан хүчирхийлэлд автагдахыг нотолж байв. Мөн Германы сонгодог философич Г.Гегель ёс зүйн асуудлыг цогц байдлаар сургаал онол болгон авч үзэж хүний дотоод мөн чанартай холбон тайлбарлан нийгмийн сэтгэлгээ болгон хөгжүүлсэнийг хууль, шударга ёсыг дээдэлж, хариуцлагатай ардчиллыг цогцлоон хөгжүүлж буй дэлхийн олон орон үндэс суурь болгож чадсан ажээ.Ёс зүй хэмээх үзэгдэл нь өөрөө тухайн нийгмийн оюун санааны хөгжлийн үр дагавар байдаг тул түүнийг нийгмийн бүхий л салбарт хүмүүсийн ухамсрыг төлөвшүүлэх замаар нийт хүмүүсийн амьдралд хэвшүүлэх шаардлагатай байна.Дорно дахины их сэтгэгч Күнз Төрд ёс зүй хэрхэн яаж нөлөөлдөг талаар эртний судар бичигт "төрийн удирдлагад байгаа түшмэдүүд сайн сайханд тэмүүлж байвал ард түмэн мөн тийм л сэтгэлгээтэй байна гэж үзээд нийгэм дэх дээд түшмэдүүдийн ёс зүйг салхи, ард иргэдийг өвстэй зүйрлэж салхи аль зүгт өвс тэр зүгт" гэж онч мэргэнээр тодорхойлжээ.
Өнөөдөрийн нийгмийн бүхий л салбарт тэр дундаа төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэн үлгэрлэх нь нийт жирийн иргэдэд хэрхэн нөлөөлж болохыг Күнзийн дээрхи сургаалаар тайлбарлаж болох юм. Бидний өвөг дээдсэээс уламжлагдан ирсэн" дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй" гэж хэвшигдэн хэлэгддэг зүйрлэлийг бид санахад илүүдэхгүй бизээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын намарын чуулган дээр "Төрийн албан хаагчийн ёс зүйг чангатган мөрдүүлэх нь төрийн албаны шинэтгэлийн нэгэн чухал алхам байх болно"гэж нэлсэн үгэндээ дурдсан нь ёс зүй өнөө үед ямар хэрэгтэй байгааг мөн илтгэн харуулж буй хэрэг юм.Монгол Улс шилжилтийн үеэс гарч үсрэнгүй хөгжилд хүрч, түүнийг хурдасгахад дэлхийн нийтийн түгээмэл хандлагад суурилсан өөрийн орны өвөрмөц онцлогийг шингээсэн, эрх зүйн шинжлэх ухаанд тулгуурласан амьдралд бодитойгоор хэрэгждэг стандарт хуулийг тогтоон хэрэгжүүлэх нь том түлхэц хүчин зүйлийн нэг болох буй за.
Хуульч, докторант Д.Энхтөр
Сэтгэгдэл бичих