Монголын өдөр тутмын сонинуудын холбооны зүгээс вэб сайтуудад хандан мэдэгдэл гаргасантай холбогдуулан тайлбар мэдэгдлийг гаргаж байна.
Банжиг.Нээт нь анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш чухалчлан анхаарч ирсэн зүйлүүдийн нэг бол оюуны өмчийг дээдлэн хүндлэх, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан ажиллах, ёс зүйтэй байх зарчмууд билээ.
Бид 2005 онд Банжиг Медиа мэдээллийн буланг ажиллуулж эхлэх үедээ энэ тухайгаа
мэдээлж байсан бөгөөд тэр цагаас хойш дээр дурдсан зарчмаа хатуу баримталж ирсэн төдийгүй бусад төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй харилцан ашигтай ажиллах талаар байнга санаачлагатай байж, харилцан хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ.
Ийм байтал "Монголын өдөр тутмын сонинуудын холбоо"-ны зүгээс гаргасан мэдэгдэлд дурдсан сайтуудад манай сайтыг онцлон дурдаж, биднээс ямар ч тодруулга авалгүйгээр, ядаж нэг ч удаа утсаар ярилгүйгээр биднийг ичгүүр сонжуургүй, бусдын хөдөлмөрийг мөлжин шулагч мэтээр олон нийтэд шууд мэдээлсэн нь манай хэрэглэгчдэд тун таагүй сэтгэгдэл төрүүлсэн явдал боллоо.
Банжиг.Нээт нь Ди Эйч Технологи ХХК-ийн эрхлэн ажиллуулдаг портал сайт бөгөөд, манай байгууллагатай харилцах утас, ажлын хаяг болон бусад бүх мэдээллийг манай сайтнаас шууд авах боломжтой байтал биднийг хэн нэгнээс нуугдан хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг мэтээр бусдад ойлгуулж байгаа нь тун хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна.
Эрүүл, ардчилсан, ёс зүйтэй сэтгүүл зүйг дэмжих, оюуны өмчийг дээдлэн хүндлэх, мэдээллийн болон бизнесийн чиглэлд шударгаар өрсөлдөх боломжийг хөхүүлэн дэмжих, үлгэр дуурайл болох тал дээр бүх төрлийн байгууллага хувь хүмүүс нэн ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж байна.
Хүндэтгэсэн,
Ди Эйч Технологи ХХК-ийн Ерөнхий захирал
Л.Хүрэлбаатар
Сэтгэгдэлүүд