Дотоод хүч
|
Банжиг.Нэтийн блог булангын " Хүн мичнээс төрөөгүй " блогоос " Хүний далд нуугдах Дотоод Хүч Чадал " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.
Ихэнх хүмүүс тархиныхаа дөнгөж 10 хүрэхтэй үгүйтэй хувийг ашигладаг гэсэн тооцоо бий. Магадгүй үүнээс болж хүмүүс байгалиас заяагдсан олон авьяас, чадвараа ашиглах нь бүү хэл байдаг гэдгийг нь ч мэдэлгүй явцгаадаг биз. Харин аваар, осол, үхэл гэх мэтийн асар хүчтэй стрессийн үеэр болон дараа нь зарим хүн өөрийгөө үнэхээр хосгүй авьяастай гэдгийг олж мэддэг.
Раймонд Моуди зэрэг үхэл, түүнийг дагалдагч үзэгдлүүдийн талаарх судалгааны ажилд энэ талаар олон жишээ байдаг. Нохойноос айсандаа гурван метр өндөр хашаан дээгүүр харайгаад гарчихсан эмээ, өндөр хүчдэлд цохиулсныхаа дараа хүмүүсийн өвчнийг хараад оношилдог болсон эмэгтэй гээд зарим нь улиг болсон, зарим нь итгэхэд бэрх олон тохиолдлын талаар байсхийгээд л сонсогддог. Гэвч мундаг шинжлэх ухаанч үзлийн хурц хутгаар энэ бүх болсон болоогүй нь мэдэгдэхгүй гэгддэг тохиолдлуудыг хошин үзэгдэл дээр гардаг шиг "аан худлаа, худлаа" гэж үгүйсгэхийн өмнө арай өөр өнцгөөс авч үзэцгээе.
Амь насанд ноцтой аюул учирсан үед ашиглах ёстой нөөц эрч хүч, чадвар гэж хүн болгонд байдаг гэдэг. Наад захын жишээ нь нохойноос айгаад гурвана метр өндөр хашаан дээгүүр давж байгаа эмээ. Эмээ жирийн үед гурван метр өндөр хашаа байтугай өндөрхөн босгон дээгүүр арай гэж давдаг байсан биз. Гэвч нохойд уруулах, түүнээс үүдэн амь насанд нь учрах заналхийллийн өмнө дотоод ухамсар /дотор хүн ч гэсэн болно байх/ нь онц аюултай үед ашиглах нөөц эрч хүчийг дайчилснаар эмээ өөрөө ч мэдэлгүй тэр өндөр хашаан дээгүүр даваад гарчихсан хэрэг. Аминд тулсан богино хугацааны хүнд стресст орсон үедээ дийлдэггүй байсан хүндээ өргөж, давдаггүй байсан өндөр дээгүүр гарчихаад, дараа нь өөрөө ч итгэхгүй байх явдал хүн болгонд шахуу тохиолдож байсан биз. Хүнд заяагдсан ч тэр болон илрээд байдаггүй бас нэгэн чадвар буюу цаг хугацааг «сунгах» чадварын талаар энэ удаад өгүүлэх гэж байна.
Юуны өмнө хүний харааны онцлогийн өгүүлэх хэрэгтэй байх. Хүний нүд орчин тойрноо дуран шиг тасралтгүй ширтээд байдаггүй харин хэсэг хэсгээр буюу зургийн аппараат шиг асар богино хугацаанд хэд хэдэн кадр дараад, түүнийг нь тархин дахь хараа хариуцсан төвд тасралтгүй хөдөлгөөн болгон нийлүүлэн боловсруулж байдаг. Хүний нүд секунд 24 кадр гүйхийг тасралтгүй хөдөлгөөн гэж хардаг буюу нэг ёсондоо секундэд 24 кадр дардаг. Харин ялаа секундэд 260 кадрыг тасралтгүй хөдөлгөөн болгож хардаг. Тиймээс ялааны хувьд хүний хөдөлгөөн нь удаашруулсан кино шиг л харагдах нь. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэвэл....
Зарим тохиолдолд цаг хугацаа ер бусын байдлаар сунаж, нэг агшин нь минут түүнээс ч илүү удаан үргэлжилдэг. Ийм явдал маш хүчтэй айж цочрох, амь насан ноцтой аюул тохиолдох зэрэг хүнд стрессийн үед ажиглагдах бөгөөд хөндлөнгийн хүмүүст мэдрэгдэхгүй. Хүнд учирч болох хамгийн стресстэй нөхцөл байдал нь дайн, зэвсэгт мөргөлдөөн болохоор тэнд байсан хүмүүс цаг хугацаа резинэн мэт сунах үзэгдэлтэй хамгийн их таардаг.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Ил-2 нэртэй дайрагч онгоцны нисгэгч байсан Колыбины түүх үүний тод жишээ юм. Тэрээр гүүр устгах даалгавартайгаар нисчээ. Гэвч онгоц нь дайсны суманд оногдон унаж эхлэхэд даалгавраа биелүүлэхийн тулд шатаж байгаа онгоцоо гүүр рүү чиглүүлсэн байна. Гэхдээ гүүрийг мөргөхийн өмнөх агшинд онгоц нь хашлагыг нь далавчаараа шүргэж хөмрөхөд Колыбин онгоцноосоо унажээ. Яг тэр эгшинд түүний хувьд цаг хугацаа зогсож, секундын хэд хэд хуваасны дайтай үргэлжлэх ахар богино хугацаанд тэрээр гүүр хэрхэн дэлбэрч, германчууд яаж гүйлдэж байгааг нэг бүрчлэн нарийн харсан төдийгүй, заримынх нь нүүрний хувирал, хурууны хөдөлгөөнийг нь ч сайн харж чаджээ. Дашрамд дурдахад Колыбин нь дайны үед онгоцоороо газар дээрх объектийг таран /халз мөргөх/ хийгээд амьд үлдсэн цорын ганц нисгэгч юм.
Явган цэрэг байсан Филатов гэгч нь хэдхэн алхмын зайд унасан их бууны сум дэлбэрэхдээ хэрхэн эхлээд аажмаар цууран задарч, хэлтэрхийнүүд нь удаашруулсан кинон дээрх шиг аажмаар тал тал тийш бут үсэрч байгааг «хэдэн минутын» турш ажиглаж байсан тухайгаа дурссан байдаг. Yнэн хэрэг дээрээ газар унасан их бууны сум хэлтэрхий болон дэлбэрэх нь секундыг зуу хуваасын хэдтэй тэмцэх ахар богино хугацаанд болж өнгөрдөг болохоор «хэдэн минутын турш» гэсэн нь өөрийнх нь хувийн мэдрэмж юм.
1984 онд Афганистанд байлдаж байсан орос цэргийн яриа «...гэв гэнэт тавхан метрийн зайнаас эгц өөдөөс шүрших гар пулеметын гол төмөр надад том, бүр санаанд оромгүй том харагдах шиг болоод цаг зогсчихсон. Эргэн тойронд чив чимээгүй болж бууны гол төмрөөс сум хэрхэн гарч намайг чиглэн ирж явааг олж хараад, сандралгүй хажуу тийш бага зэрэг холдоход сум миний зүүн талаар гараад өнгөрсөн. Дараагийн агшинд хэн нэгэн нь товчлуур дарсан мэт бүх зүйл хэвийн хэмнэлдээ эргэн орж, дуу чимээ ч сонсогдож эхэлсэн». 1986 онд Афганд дайтаж явсан байлдагчийн яриа «душман эр миний толгой руу буудсан юм. Би буудах чимээг сонсоогүй ч гэлээ гол төмрөөс нь дарьны хий хэрхэн аажмаар түрэн гарч, задардаг сум миний хажуугаар шунгинан гарч, чулууг буталж байхыг харсан».
1992 онд нисэхийн шоуны үеэр Оросын МиГ-29 сөнөөгч онгоц үзүүлэх нислэг хийж байгаад унаж, дэлбэрснийг зарим нь санаж байж магадгүй. Тэгэхэд онгоц эхлээд элгээрээ газар шүргээд ойгоод ахин хэдэн метрийн цаана унадаг бөгөөд тэгэж унахаас хэдхэн агшины өмнө нисгэгч нь катапульт /ослын үед нисгэгчийн дарьны тийрэх хүчээр онгоцноос гаргаж шиддэг аврах төхөөрөмж/ ашиглан эсэн мэнд газардаж байгаа нь харагддаг. Харин ослын дараа тусгай комисс ирж дүн шинжилгээ хийгээд маш их гайхсан гэдэг. Учир нь сөнөхийн өмнөх тэрхэн агшинд нисгэгчийн хийсэн бүх үйлдлийг энгийн үед давтахад хамгийн багадаа минут гаруй хугацаа орж байсан бөгөөд амьд үлдсэн нисгэгч нь тэр хэдхэн агшинд хийсэн өөрийнхөө үйлдэл бүрийг нарийн тайбарлаж ярих гэж бүтэн цаг зарцуулж байжээ. Тэгтэл нисгэгч нь секундын хэд хуваасны дотор хийчихсэн гэдгийг хувь хүн өөрөө төдийгүй нислэгийн үед нисгэгчийн хийсэн, ярьсан бүхнийг тэмтэглэн авдаг хар хайрцаг нь батлаад байдаг. Энэ нь аюул тохиолдсон үед хувь хүний цаг хугацааны мэдрэмж асар нарийсдаг гэдгийг харуулж байгаа хэрэг.
«Yхлийн дараахь амьдрал» нэртэй номоороо сая сая уншигчдын танил болсон Раймонд Моуди ч гэсэн үүнтэй төстэй олон жишээг өгүүлсэн байдаг. Ачааны машин барьж яваад осолд орсон жолооч "Би гэв гэнэт аймшигтай муухай чахрах чимээ гарахыг сонсоод буруу талын дугуй буудчихлаа гэдгийг мэдсэн... Тэгээд би юу болж байгааг ойлгоод маш их айсан. ...машин бөрөөрөө эргэж гүүр рүү хар эрчээрээ гулсах тэр хэдэн хоромд би амьдралдаа болж өнгөрсөн бүхнийг эргэж хардаг юм байна. Миний өмнө кино шиг л өнгөрсөн. Дараа нь кино гарахаа байж, би машинаа ширтээд зогсож байсан. Машин маань юу ч үгүй болсон, харин би яагаа ч үгүй. Гүүр мөргөхийн өмнө нь би салхиныхаа шилний онгорхой зайгаар кабинаас гараад үсэрчихсэн юм. Одоо ч гэсэн би тэр үед харсан бүхнээ эргээд санаж чадна. Гэвч ингэж санахад доод тал нь 15 минут болно. Харин тэр үед бол секундээс бага хугацаанд болоод л дууссан" гэж дурссан байдаг.
Мөн хүний цаг хугацааны мэдрэмжийг нарийсгадаг тусгай бэлдмэлүүдийг том гүрнүүдийн тусгай албад хийчихсэн, төрийн тэргүүний хамгаалалт, тусгай ажиллагаа зэрэгт өргөн ашигладаг тухай зарим эх сурвалжууд дурддаг.
Хүмүүс өөрт заяагдсан асар их боломжийн өчүүхэн хэсгийг нээсэн, цаашид нээж, олж мэдэх, сайн сайхны төлөө ашиглах нууцлаг зүйл асар их байгаагийн нэг жишээ нь энэ. Эртний мэргэд хүний энэ бүх нууцлаг чадварыг сайн мэддэг байсан бөгөөд нээж, илрүүлэх тусгай аргачлал олныг сэдсэн байдгаас дорно дахины олон тооноы тулааны урлаг, йог, буддын бясалгал гээд олныг нь бид өнөөдөр ч гэсэн мэдэж, ашиглаж байгаа. Гэхдээ тэдгээр нь гол төлөв маш нууцлагдсан байдгаас гадна хувь хүнээс бие, ёс суртахуун, оюун ухаанаа асар их дайчилж, уйгагүй зүтгэхийг шаарддаг болохоор эзэмшсэн нь хуруу дарам цөөн гэдэг.
Нийтэлсэн: ЛооВ
Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг:
http://punkie.blog.banjig.net
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих