| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
-Шүүхийн эрх мэдлийн байгууллагад шударга ёс тогтоох, хуулийн өмнө хүн бүр тэгш эртэй байх ёстой гэж амласан шинэ Ерөнхийлөгч юуны өмнө энэ салбарын тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэхээс ажлаа эхлэх нь-
Телевизүүдээр гарч байгаа реклам сурталчилгааны роликууд хүртэл нэлээд өөрчлөгдчихөж. Бизнесийн шинэ санаа, шинэ бараа үйлчилгээгээ рекламдахдаа "Өөрчлөх үү", “Өөрчилье” хэмээн уриалж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаандаа ашигласан шинэчлэлтийн уриа хүрээгээ тэлж, хувийн хэвшлийнхэнд халдварлаад амжив. Өөрөөр хэлбэл, олон нийт шинэ Ерөнхийлөгчийн хэзээ мөдгүй хийх шинэчлэлт өөрчлөлтийг хүлээж байна. Ямар ч байсан Монгол Улсын дөрөв дэх, ардчилсан хүчнээс гарсан анхны Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолоо хүртэл нэлээд шинэлэг байдлаар эхэлсэн. Өмнөх Ерөнхийлөгчдөөс ялгаатай нь тэр Төрийн ордонд УИХ-ын нэгдсэн чуулган дээр тангараг өргөснийхөө дараа Сүхбаатарын талбайд нийт ард түмний өмнө үг хэлэв. Энэ удаад хэлсэн үгэндээ ч гэсэн сонгуулийн үеэр амласан амлалтуудаа биелүүлнэ гэдгээ нотолсон. Түүний хамгийн түрүүнд амласан зүйл нь шүүхийн байгууллагад шударга ёс тогтоох, хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх явдал. Сонгогчдын зүгээс хамгийн их “оноо” цуглуулсан зүйл нь. Нийгэмд шударга ёс тогтоохыг амласан түүний “Авлигачдын нурууг бөгтийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэдэг үг сөрөг намынханд нэлээд түгшүүр төрүүлж, “Ард түмнээ авлигачин, авлигачин бусаар нь хоёр хуваалаа” хэмээн зэмлэж байсан ч гэсэн тэр эхний алхмуудаа хийж эхлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт анхныхаа захирамжийг гаргасан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт гурван захирамж гаргажээ. Ерөнхийлөгч Үндсэн хууль, эрх чөлөө, хүний эрх, шударга ёсны үнэт зүйлсийг монголчууд хүүхэд наснаасаа ойлгож мэдэх ёстой гэж үзээд ерөнхий боловсролын дунд сургуулийн хөтөлбөрт Үндсэн хууль, эрх чөлөө, хүний эрхийн сэдвээр хичээл оруулахаар анхны захирамжаа гаргасан байна.
Үүнээс хойш тэрбээр Тамгын газрынхаа даргаар өөрийнх нь сонгуулийн кампанийг удирдаж ажилласан Д.Дорлигжавыг томилж, орон тооны зөвлөхөөрөө Ардчилсан намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, “Ganzorig consulting inc” компанийн захирал Г.Ганзориг, Сангийн сайд асан П.Цагаан, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Дашдорж, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч Батчимэг, “Эрх чөлөө” төвийн тэргүүн Ц.Оюунгэрэл, "NTV” телевизийн захирал асан А.Ганбаатар, Ч.Отгочулуу нарыг томилсон.
Харин өчигдөр хийсэн шинэхэн томилгоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газар дахин гурван хүнээр бүл нэмсэн нь Ногоон намын Э.Зоригт, ИЗН-ын Р.Болд, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр нар. Эхний өдрийн томилгоогоор гарч ирсэн зөвлөхүүдийн хувьд олонхи нь нийтэд танигдсан, хэвлэл мэдээллийнхний зүгээс ч албан тушаалд очих нь дамжиггүй гэж үнэлэгдсэн хүмүүс. Харин өчигдөр хийсэн томилгооны тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намтай хамтарч сонгуульд орсон Ногоон нам болоод Иргэний зориг намынхныг Тамгын газартаа багтаасан нь улс төрийн соёлын хувьд ч “Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” талаасаа ч зүй ёсны алхам гэж үзэгдэж байгаа.
Өнгөрсөн баасан гаригт гаргасан Ерөнхийлөгчийн удаах захирамжуудаар шүүх засаглалын эрх мэдлийг боловсронгуй болгох, өршөөл үзүүлэх тухай асуудлаар хоёр тусад нь ажлын хэсэг томилсон явдал байлаа. Шүүх эрх мэдлийн хуваарилалт болон томилгооны асуудал улс төрийн хүрээнийхний хувьд маргаантай сэдэв байсаар ирсний дээр Монгол Улсын гурав дахь засаглал гэж нэрлэгдсэн энэ салбарынхан зөвхөн нэг хүний, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилсээр ирсэн тухай шүүмжилдэг. Шүүхийн эрх мэдлийн байгууллагад шударга ёс тогтоох, хуулийн өмнө хүн бүр тэгш эртэй байх ёстой гэж амласан шинэ Ерөнхийлөгч юуны өмнө энэ салбарын тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэхээс ажлаа эхлэх бололтой.
Харин Өршөөл үзүүлэх асуудал бол өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон хэргээр хилсээр ял хүлээсэн залуусыг анхааралдаа авч буй эхний нэг алхам байх гэж олон нийт үзэж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бүрэн эрхээс дуусгахын өмнө энэ хэрэгт оролцсон хүүхэд эмэгтэйчүүдэд уучлал үзүүлсэн боловч, хэрэгт холбогдогчдын олонхи нь 3-7 жилийн ялтай хэвээрээ үлдсэн. Энэ нь цаагуураа долдугаар сарын 1-ний үйл явдал зохион байгуулалттай гэмт хэрэг байсан, төр ийм тохиолдолд төмөр нүүрээ харуулах ёстой гэсэн айдсыг ард түмэнд хэвээр үлдээх гэсэн МАХН-ын хонзогнол ч байж магадгүй. Харин шинэ Ерөнхийлөгчийн хувьд дээрх үйл явдлыг шударга бус сонгуулийн эсрэг ард түмний хийсэн шударга тэмцэл байсан гэдэг байр сууриа санал хураалтын өмнөх өдөр өрсөлдөгчтэйгээ мэтгэлзэх үедээ ч хатуу хамгаалсаар байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуулиар долдугаар сарын 1-ний үйл явдалд оролцож, “төрийн эсрэг гэмт хэрэг” хэмээн яллагдсан залуус суллагдах байх гэдэгт олон нийт болоод хоригдогсдын ар гэрийнхэн найдвар тавьж байна. Харин хуулийг Ерөнхийлөгч биш, УИХ баталдаг болохоор үүнд хэр хугацаа зарцуулахыг хэлэхэд хэцүү. Одоогоор сөрөг нам буюу УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдээс Ерөнхийлөгчийн шийдвэрийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй /тэгэх цаг нь ч болоогүй/ хэдий ч шинэ Ерөнхийлөгчийг асуудалд “хэт их сэтгэлийн хөдөлгөөнөөр” хандахгүй байхыг анхааруулсаар байгаа.
Б.АМАР
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих